| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 192/2025/00038/И |
| Дугаар | 210/МА2025/01178 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01178
****** ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03114 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ****** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 343,405,522.7 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч *******, ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 320,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ****** байр, ****** тоот орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч нар нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, банкны зүгээс мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр шаардаж байна.
Иймд, зээлдэгч буюу хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 315,351,102 төгрөг, зээлийн хүү 27,640,095 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,807 төгрөг, даатгалын хураамж 402,517 төрөг, нийт 343,405,522 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 343,405,522.70 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****** ХК-д олгуулахаар, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан ****** ХК нь *******, ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ****** дугаартай Хан-Уул дүүрэг, 11 хороо, 17029, зайсан гудамж, ****** байр, ****** тоот хаягт байршилтай 133.43 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс зээлийн үүргийг хангуулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,874,977.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нараас 1,874,977.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
8. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч ****** ХК-ийг зээлийн төлбөрөө шаардаж мэдэгдэл ирүүлэх үед санхүүгийн нөхцөл байдлаа тайлбарлаж зээлээ хэвийн төлөх боломжтой хугацаагаа хэлж ирсэн. ****** ХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед мөн холбогдож зээлээ нөхөн төлж, хэвийн төлөлтөнд ороход багахан хугацаа шаардлагатай байгаа тухайгаа хэлж байсан. Хариуцагч бид хувийн студи эрхлэн ажиллуулдаг ба гэрээт ажлынхаа хөлсийг авч чадалгүй явсаар зээлээ хожимдуулсан.
******ийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бид зээлээ нөхөн төлсөн. Тодруулбал: 2025 оны 03 дугаар сарын 20-нд 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-нд 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-нд 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-нд 4,999,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-нд 1,500,697 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-нд 57,210 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-нд 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 04-нд 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-нд 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 13-нд 4,000,000 төгрөг, нийт 29,556,907 төгрөг төлсөн байна. Одоо бид бизнесээ өргөжүүлж орлогоо нэмэгдүүлсэн. Цаашид зээлээ гүйцээн нөхөн төлж зээлээ хэвийн төлөх бүрэн боломжтой.
Мөн бид шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Бид тухайн өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд очиж чадаагүй. Биднийг оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэснийг үндэслэн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
9. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч нар нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаж анхан шатны шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж байсан. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан. Шүүх саналыг хүлээж авч хэргийг шийдвэрлэсэн. Гомдолд дурдсан төлбөрүүд төлөгдсөн. Төлбөрийг дансны хуулгаараа баталгаажуулж шалгасан. Хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 343,405,522.7 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч *******, ******* нартай 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ****** ХК нь 320,000,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч *******, ******* нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 8-11/
Мөн өдөр зохигч ипотекийн гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 17029, Зайсан гудамж ****** байр ******* тоот хаягт байрлах 133.43 м.кв талбай бүхий хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ. /хх-ийн 12-14/
5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.
5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасан бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 2.3, 2.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч ****** ХК нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
5.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч *******, ******* нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч 2024 оны 06 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Зээлдэгч нарт 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 315,351,102.54 төгрөг, хүү 27,640,095.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,807.15 төгрөг, нийт 343,003,005.14 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогджээ. /хх-ийн 15/
5.3. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн ба нэхэмжлэгч зээлийн төлбөрийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэн шүүхэд хандаж үүргийг шаардсан талаар тайлбарласан. Нэхэмжлэгч нь хариуцагч буюу зээлдэгч *******, ******* нарт гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мараагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах журмыг зөрчөөгүй гэж үзлээ. Анхан шатны шүүх хариуцагч нарт 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар гаргаагүй тул мөн хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.
6. Хариуцагч нар нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.
Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж, хариуцагч нарын хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулан мөн өдрөө талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст хариуцагч нар гарын үсэг зуржээ.
Хариуцагч *******, ******* нар нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх талуудад шүүх хуралдааны товыг хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн тул хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,875,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ