| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0310/Э |
| Дугаар | 322 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 322
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч С.М /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн 1818007590344 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.М 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 85 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.М нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг Хээтэй хорооллын 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 13 тоотоос Э.Т-ийн эзэмшлийн “Делл ай-3” маркийн нөүтбүүкийг шунахайн сэдэлтээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч С.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Орхончимэгийг таньдаг. Нөүтбүүк нь буйдан дээр нь байсан. Миний дэргэд хүн байгаагүй. Өглөө нь авсан. Хотод хувь хүнд зарсан.
…Хохирол төлөөгүй. Ажил хийж байгаад төлнө. Гэм буруу дээр маргаж байгаа зүйл байхгүй. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Орхоотой уулзаж уучлалт гуйсан.
...Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт иргэн Э.Т-аас гаргасан өргөдөл /хэргийн 7/,
-Хохирогч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 сарын 27-ны өглөө 07 цагт ажилдаа явах гээд өөрийн эзэмшлийн “Делл ай-3” маркийн нөүтбүүкээ авч явах гэтэл миний тавьсан газар байхгүй байсан. Тэгээд би гэрт байсан Орхончимэгээс “миний нөтбүүкийг харсан уу?” гэсэн чинь “би мэдэхгүй байна.” гэж хэлсэн.
...Миний нөүтбүүк жижиг өрөөний ширээн дээр залгууртайгаа хамт тавьсан байсан.
...Би нөүтбүүкээ олж авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/,
-Гэрч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэртээ ээж Өнөрцэцэг болон ажлынх нь дүү Тунгалаг нарын хамт амьдардаг юм. Өнөөдөр өглөө Тунгалаг эгч ажилдаа явах гэж байгаад гэнэт “өрөөнд байсан нөүтбүүк алга байна, Орхоо чи хаана байгааг нь мэдэж байна уу?” гэсэн. Тэгээд би гэнэт санаад өмнөх өдөр нь манай Чимка бас гэрт орж ирээд “нөүтбүүкээ өгч байгаач.” гэхэд нь би хайгаад олоогүй, Тунгалаг эгчийг ажил руугаа аваад явсан юм байна даа гэж бодсон. Тэгээд “та ажил руугаа авч яваагүй юм уу?” гэхэд Тунгалаг “өрөөнд байсан, алга байна” гээд бид нар хайгаад олоогүй. Тэгээд Тунгалаг эгч “гэрт өөр хүн орж ирсэн үү?” гэхээр нь би “өнгөрдөг бүтэн сайн өдөр манай найз С.М- надтай хамт хоносон.” гэхэд Тунгалаг эгч “тэр найзаа дуудчих” гэсэн. Тэгээд С.М-ийг ирэхээр нь асуутал “нөүтбүүк байсныг бол санаж байна, гэхдээ би ямар нэгэн юм авч гараагүй. Орхоо чи мэдэж байгаа биз дээ” гэсэн. Тэгээд Тунгалаг эгч цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч Х.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 23-нд Би Дархан сумын 14 дүгээр багт байрлах Үйлчилгээний төв орчимд өөрийн найз С С.М-тэй таарсан. Тэгээд С.М- бид 2 Дархан сумын 9 дүгээр багт байрлах 4/3 байранд С.М-ийн найз нэг охины гэрт очоод бид 3 юм ярьж суусан. Тэгээд цай уучихаад би гараад явсан. С.М-, Орхончимэг нар гэртээ үлдсэн. С.М- бид хоёрыг Орхончимэгийн гэр лүү ороход Орхончимэг ганцаараа байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны байдлаар 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/,
-С.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 41-43/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч С.М нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 3 дугаар байрны 13 тоотоос Э.Т-ийн эзэмшлийн “Делл ай-3” маркийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч С.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Т-т 650000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 22-23/ нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 650000 төгрөгийг шүүгдэгч С.М-ээс гаргуулж, хохирогч Э.Т-т олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.М нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг Хээтэй хорооллын 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 13 тоотоос Э.Т-ийн “Делл ай-3” маркийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 650000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч С.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч С.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 650000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.М-т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.М-т анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.М-ээс 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4/3 дугаар байрны 13 тоотод оршин суух хохирогч Э.Т-д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ