Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01179

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/03990 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ХК-ийг оролцуулж,

 

НШШГГын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, албан бичиг явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар *******, *******, ******* болон ****** ХХК-иас 17,873,513,666 төгрөг гаргуулж, *******ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-д зааснаар буюу талууд эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болсон.

Гэтэл НШШГГаас *******ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийн дагуу хуульд заагаагүй эрхийг хэрэгжүүлж, өөрт олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлж, нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх агуулга бүхий албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр явуулсан нь хууль бус байна.

Дээрх албан бичгийг явуулсны улмаас бидний зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхийг *******ХК-д шилжүүлж, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Иймд НШШГГын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, уг албан бичгийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12051 м.кв талбайтай үйлвэрлэлийн зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

*******ХХК-аас 2023.10.06-ны өдөр ******* ХХК-ийн 12051 м.Кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай дээрх газрын эзэмших эрх шилжээгүй тус газар нь Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон газар тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж эзэмших эрх шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд эзэмших эрх шилжүүлэхээр 2023.10.13-ны өдөр 02-156/20718 дугаар албан бичиг хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа нэмж ажиллагаа явуулсан гэдэг. Гэтэл нэмж ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Сонгинохайрхан дүүргийн газрын албаны харьяалан шийдвэрлэх асуудал биш буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх шилждэг учраас толгойг нь албан бичгийг өөрчилж явуулсан. Өмнөх 2020 онд хүргүүлсэн албан бичгийн зөвхөн толгой нь солигдсон байгаа. Тухайн үедээ нэхэмжлэгч тал газрын төлбөр, татвараа төлөөгүй учраас шилжүүлж авч чадахгүй байсан учраас 2023 онд гуравдагч этгээдийн зүгээс тухайн газрын төлбөр, татварыг нь шилжүүлээд авсан.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдуулан гаргасан НШШГГын 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Япон улс руу албан ажлын шугамаар явах болсонтой холбогдуулан 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн онгоцны тийзийг хавсарган шүүх хуралдааны өмнөх өдөр шүүхэд хүргүүлсэн.

Шүүх дээрх хүсэлтийг хэлэлцэн хангахаас татгалзах тухай 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/20427 дугааргай захирамжийг гаргасан. Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үидлслэлээ ямар ажлаар Япон улс руу зорчиж байгаа нь тодорхойгүй гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Хэргийн оролцогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадахгүй буюу шүүх хуралдааны өмнөх өдөр Япон улс руу явсан. Монгол улсад байхгүй нөхцөл байдал баримтаар тогтоогдож байхад шүүх хуралдааныг үргэлжүүлэх шалтаг гаргаж ямар ажил гэх үндэслэл гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5, 44.2.12 дахь хэсэгт заасныг баримталж дүгнэлт өгсөн бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэггэх газар нь өөрийн татгалзалтай холбоотой баримтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн. Гэвч төлбөр авагч Голомт банк, төлбөр төлөгч ****** ХХК нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт хариуцагч талаас шүүхэд гарган өгсөн баримтууд нь эх хувь байхгүй, мөн нотариатаар гэрчлүүлсэн хувь байхгүй атал хариуцагч байгууллага хуулбар буюу нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хуулбарлан нотариатаар гэрчлүүлэн хэрэгт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд улмаар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга: Хуулийн этгээд гэдэг бол нэг этгээд биш. Өөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байсан. Мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлох бүрт шүүгч талуудын боломжтой цагт шүүх хуралдааныг товлодог байсан. Өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас биеийн байдал хүндрэлтэй гэх үед өөр төлөөлөгч томилж оролцуулах талаар хэлж байсан. Анхан шатны шүүх үндэслэл хэсэгт дурдаагүй хуулийн заалтыг тогтоох хэсэгт дурдсан зүйл байхгүй. Тогтоох хэсэгт заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг нь гомдол гаргах хугацааг тоолох зохицуулалт байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх хэмжээ олгосон заалтыг хууль хэрэглээний алдаатай гэж үзэхгүй. Хуулбар баримтыг нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Уг маргаанд дурдагдаж буй үйл баримтууд нь өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгдсэн баримтууд учраас нийтэд илэрхий болсон. Талуудын хувьд энэ талаар маргаангүй. Шүүхээс шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явах болсон шүүхийн шийдвэр дээр тухайн баримтуудыг эх хувиар нь авсан. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудсууд гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан баримтуудыг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй. Баримтуудыг анх удаа гаргаж ирээгүй. Өмнө нь шүүхийн шийдвэрээр үндэслэлтэй дүгнэгдсэн баримт байгаа учраас нотариатаар батлуулж хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2023 онд гарсан албан бичигтэй холбоотой маргаан үүссэн. Өмнөх гэрээтэй болон маргаж буй газрыг шилжүүлэхтэй холбоотой маргаан үүсээгүй. 2023 оны албан бичиг ямар үндэслэлээр гарсан талаарх баримт байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан НШШГГын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, албан бичиг явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх агуулга бүхий албан бичиг хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр тодорхойлсныг хариуцагч нь төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон газар нь Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон газар тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж татгалзсан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоогджээ. Үүнд:

 

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32018/08476 дугаар захирамжаар ****** ХХК, *******, *******, *******, ******* нараас 17,873,513,666 төгрөгийг гаргуулж *******ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, /хх-ийн 36-39/

 

-Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32019/02852 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2018/00205 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, /хх-ийн 47/

 

- Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгүүдийг Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-уудаар битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Эд хөрөнгө хураах тухай тогтоол-уудаар барьцаа хөрөнгүүдийг хурааж, албадан дуудлага худалдаагаар худалдан боруулахаар үнийн саналыг авсан, /хх-ийн 57-131/

 

-2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төлбөр авагч *******ХХК нь төлбөр төлөгч ****** ХХК, *******, *******, *******, ******* нар болон ******* ХХК-тай харилцан тохиролцож Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч нийт 17,875,013,666 төгрөгийн төлбөрт тооцож, ****** ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034463 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 сонсголонгийн зам гудамж, 62/2 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ******* дугаартай газар, *******" ХХК-ийн нэгж талбарын ******* дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12051 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дундгол гудамж ******* дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, 4660 м.кв талбайтай ноолуур боловсруулах туршилтын үйлвэрлэлийн барилга, мөн хаягт байрлах ******** дугаартай газар, ****** ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэгж талбарын ******* дугаартай, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Дундгол гудамж ******** тоотод байрлах 12159 м.кв талбайтай газар зэргийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон, /хх-ийн 132-134/

 

-Дээрх гэрээний дагуу НШШГГаас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанд болон Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд дээрх эд хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг *******ХК-д шилжүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлсэн, /хр-ийн 135-146/

 

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эвлэрсэн үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20/5-431 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна. /хх-ийн 152/

 

6. *******ХК-аас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр НШШГГт хандаж талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд заасан газар эзмших эрхийг шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд албан бичиг хүргүүлсэн боловч уг газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон учир шилжилт хийх боломжгүй гэсэн тул албан бичгийн хаяглалтад өөрчлөлт оруулах агуулга бүхий хүсэлтийг гаргасан. /хх-ийн 153/

 

Хариуцагч НШШГГаас дээрх хүсэлтийг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ. /хх-ийн 157/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээгээр зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцсон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам, ******** тоот хаягт байрлах 12051 м.кв талбайтай газар эзэмших эрхийг *******ХК-д шилжүүлэх албан бичгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн боловч уг албан бичгийн дагуу шилжилт хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын байгуулсан гэрээний биелэлтийг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам, ******* тоот хаягт байрлах 12051 м.кв талбайтай, ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхээр 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж албан бичиг хүргүүлсэн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч талаас гаргасан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн, ажил явдал гарсан тухай хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн, эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй талаарх хүсэлтээр 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн, мөн эрүүл мэндийн шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн буюу нийт 5 удаагийн шүүх хуралдааныг тус тус нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшлуулсан байна.

2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч ******* ХХК-д 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу хангалттай хугацааны өмнө хүргүүлсэн байх бөгөөд өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Япон Улсад зорчсонд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байх тул түүний хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн хуулийн заалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй. Нөгөө талаар, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэрт нөлөөлөөгүй, өөрчлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ... гэж заасан. Хариуцагч талаас гаргаж хэрэгт хавсаргасан нотлох баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн байх тул хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэхгүй. Түүнчлэн, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон үйл баримт тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/03990 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 122 дугаар зүйлийн 122.3 дахь ... гэснийг ... 122 дугаар зүйлийн 122.1 дэх гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ