Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 325

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Хохирогч Д.М-,

Иргэний хариуцагч “Зэлтэрийн зам” ХХК-ны захирал Д.Л,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн 1918003220279 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.М1978 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зэлтэрийн зам” ХХК-нд жолооч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхитын 1 дүгээр гудамжны 137 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын тал” гэх газарт төв асфальтан зам дээр улс, хот хоорондын зорчигч тээврийн “Зэлтэрийн зам” ХХК-ны өмчлөлийн 0079 СЭҮ улсын дугаартай “ KIA GRANBIRD” маркын ногоон алаг өнгийн автобусыг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 18.3-т “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын тал” гэх газарт төв асфальтан зам дээр улс, хот хоорондын зорчигч тээврийн “Зэлтэрийн зам” ХХК-ны өмчлөлийн 0079 СЭҮ улсын дугаартай “ KIA GRANBIRD” маркын ногоон алаг өнгийн автобусыг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 18.3-т “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н-г мөргөж, амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

-Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 18:00 цагт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор 12 зорчигчтой гарсан. Замд явж байхдаа би цаг тутам мэдээгээ өгч явсан юм. Гэтэл Хустайн даваанаас уруудаж явахад 2 машин зөрж өнгөрсөн, нэг машин нь зөрж дуусахад нэг хүн гараад ирсэн. Би түүнийг хүн гэж хараагүй, зөрсөн машинаас юм уначихлаа гэж бодтол түг гэж дуугарсан. Би юу юм бол гэж бодоод, бууж харахад хүн байсан. Би тэр хүний гүрээний судсыг нь дарж үзэхэд нас барсан байсан.

...миний буруу, би дайраад нас барсан. 3 хүүхэдтэй, эхнэр жирэмсэн зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би талийгаачийн том хүү нь байгаа юм. Талийгаач амьд байхдаа утсаар ярьсан. Тухайн өдрийн 12:00 цагийн үед над руу залгаж “группт орох гээд эмнэлэгт үзүүлж байна.” гэж хэлсэн. Манай ээжийн чих нь сонсгол муутай хүн байсан. 16:00 цагийн үед дахиад ярихад “Хонгор сум руу явлаа.” гэж хэлэхдээ нилээн согтуу байх шиг байсан. Дахиад залгахад ээжийн утас нь холбогдохгүй байсан учир би дүү рүүгээ залгаад “ээж ирсэн үү?” гэж асуухад манай дүү “ирээгүй” гэж хэлсэн. Тухайн үед 20:00 цаг болж байсан. Осол болсноос хойш, ойролцоогоор 22:00 цагийн үед Хонгор сумын эмч Энхцэцэг гэдэг хүн над руу утсаар ярьж мэдэгдсэний дараа би найзынхаа хамт хэргийн газарт очсон.

...Ээжийгээ алдсан болохоор хэцүү байна. Шүүгдэгчийн ар гэрийн талаар мэдэж байгаа, нэгэнт болсон хэргийг яалтай билээ гээд сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилж байгаа. Оршуулгын зардлаа бүрэн авсан.

...Ял шийтгэл өгөөд ээж минь босоод ирэх биш дээ. Энэ асуудлыг хурдан дуусгамаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Иргэний хариуцагч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...жолоочид самбаачлах хугацаа үнэхээр байх боломжгүй байсан, камерын бичлэг дээрээс харахад 3 секундэд мөргөсөн байдаг. Тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй. Энэ хэрэг дээр туршилт хийж үзэх ёстой, хохирогчийг жолооч хараад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй байгаа.  

...Оршуулгын зардлаас зөрүү гарвал төлье.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хэргийн 7-8/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-12/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 15/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 16/,

-Нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 20/,

 

-Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг явахаар 18 цагийн автобусанд сууж явсан. Би 1 номерын суудалд сууж явсан. Миний хажууд автобусны туслах жолооч хамт сууж явсан. 21 цаг 30 минутын үед явж байтал автобусны зүүн урд гэнэт шил хагарах чимээ гарсан. Тэгээд автобус зогсоод жолооч буугаад буцаж орж ирсэн. Тэгээд жолооч автобусандаа суугаад байж байтал цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

 

-Гэрч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 4 дүгээр сарын 30-ны орой Улаанбаатар хотоос Дархан руу 18 цагийн автобусанд сууж явсан. Тэгээд Хонгор сум руу дөхөж явж байсан. Тэгсэн гэнэт автобусны урд талд “түс” гээд дуугараад явсан. Тэгээд жолооч автобусаа зогсоогоод бууж яваад буцаж орж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 22/,

 

-Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэнэт автобусны урд хэсэгт түс хийх чимээ гарсан. Би зөрж өнгөрөх машинаас юм шидэгдсэн юм болов уу?, эсвэл машины дугуй хагарсан юм болов уу? гэж бодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,

 

-Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэнэт түс хийгээд явсан. Би тухайн үед автобусны зурагт үзээд явж байсан юм. Шил хагараад унаж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,

 

-Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймаг явах гээд 0079 СЭҮ дугаартай автобусны 11 дүгээр суудалд суусан. Замдаа 22 цагийн үед миний сууж явсан автобус юм мөргөх шиг болохоор нь би дугуй нь хагарсан гэж мэдсэн. Тэрнээс хүн мөргүүлсэн талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26/,

 

-Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...автобусны зурагтаар хошин шог үзээд явж байтал шил хагарах хүчтэй чимээ гарсан.

...удалгүй цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 35-36/,

 

-Талийгаачийн биед дээрхи үндсэн оношинд бичигдсэн хавсарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд болно. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12, 3.1.13, 3.3.3-т зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй боловч ходоодны агууламжид 2.3 промилли спирт илэрсэн нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсныг харуулна. Талийгаачийн цусны бүлэг ВIII байна.” гэх 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 50-52/,

 

-“Шинжилгээнд авсан Д.Н-ийн цусанд спирт илрээгүй, ходоодны агууламжид 2.3 промилли спирт илэрсэн.” гэх 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 53-54/,

 

-“Шинжилгээнд авсан Д.Н-ийн цусны бүлэг нь ВIII, резус фактор Rh-/-/ байна.” гэх 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 55-56/,

 

-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 57-59,

 

-“М.М нь “KIA GRANDBIRD” маркын 0079 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 18 дугаар бүлгийн 18.3-т “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн.

Явган зорчигч Д.Н нь явганаар замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан.” гэх 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 63/,

 

-“...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хэргийн 72/,

 

-“Шинжилгээнд авсан М.М-ын цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 76/,

 

-“...шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зэм тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техникийн хувьд автомашины эд анги бүрэн бүтэн, эд анги эвдрэл гэмтэлгүй байсан байна. 0079 СЭҮ дугаартай “Kia Granbird” маркын автомашин нь  бүрэн бүтэн эвдрэлгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. М.М-ын жолоодож явсан 0079 СЭҮ дугаартай “Kia Granbird” маркын автомашины урд талын гупер зүүн урд талын урд хэсгээр цуурсан, нэмэгдэл урд гэрэл хагарсан, зүүн гар талын урд шил цуурсан зэрэг нь ослын дараах гэмтэл байна. Бүхээгний урд талын зүүн гар талын багана хэсгээр булан хонхорхой байгаа нь ослын өмнөх гэмтэл байна. “ гэх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 78-82/,

 

-0079 СЭҮ дугаартай “Kia Granbird” маркын автомашинд ослын улмаас үүссэн эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 87-88/,

 

-Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 121-128/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч М.М нь 0079 СЭҮ улсын дугаартай “Kia Granbird” маркын автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 18 дугаар бүлгийн 18.3-т “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч Д.Н-г мөргөж, амь насыг нь хохироосон байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч М.М-ыг жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Д.М нь шүүгдэгч М.М, иргэний хариуцагч “Зэлтэрийн зам” ХХК-иас оршуулгын зардлаа бүрэн авсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “оршуулгын зардлаа бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг өгч байна.

 

Харин сэтгэл санааны хохиролд 5000000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж тооцож гаргах талаар тодорхойгүй байх тул сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 5000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Түүнчлэн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Д.Нармандахад 18 нас хүртэл нь гэм хор учруулсны төлбөр нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын тал” гэх газарт төв асфальтан зам дээр улс, хот хоорондын зорчигч тээврийн “Зэлтэрийн зам” ХХК-ны өмчлөлийн 0079 СЭҮ улсын дугаартай “ KIA GRANBIRD” маркын ногоон алаг өнгийн автобусыг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 18.3-т “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н-г мөргөж, амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч М.М нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь М.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх тул шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М-ын 140715 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.М-ыг жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М-ын 140715 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар сэтгэл санааны хохиролд 5000000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ