Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1706

 

 

Т.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Солонгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 5 578 432 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Солонго миний бие тус байгууллагад 2015 оны 12 дугаар сард хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтнаар хөдөлмөрийн нэг сарын хугацаатай гэрээ байгуулан туршилтаар ажилд ороод 2016 оны 1 дүгээр сараас үндсэн ажилтнаар ажиллах болсон. Ингээд ажлаа хийж байтал Хүний нөөцийн ажилтан Хатантуул, Саруул нар уулзаад, туршилтын хугацаа дууссан, мөн манай шаардлагад та нийцээгүй гэсэн тайлбар хэлсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн тушаал өгсөн. Миний бие туршилтын хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Гэтэл ажлаас халсан тушаал шийдвэрээ буцааж авсан боловч эргүүлж өгөөгүй. Нэхэхээр манайх тушаалаа буруу гаргасан байна, ажлаа хий гэсэн боловч ажиллах нөхцөл боломжоор хангахгүй зөвхөн амаар хэлээд байгаагаас гадна ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг өгөхгүй гэж байна. Энэ байдлаас үзэхэд амаараа ингэж хэлж байгаад хуулийн хугацаа өнгөрөхөөр шүүхэд ханд гэх болов уу гэж миний бие үзэж байгаа тул шүүхэд хандаж гомдлоо гаргасан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэлх 5 578 432 төгрөг гаргуулна. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Солонготой манай компани 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилтны албан тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ерөнхий захирлын GIP-0-16-044 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан. Улмаар Т.Солонготой Хүний нөөцийн менежер Саруул, С.Болортунгалаг, Т.Пунцагхорлоо нар 2 удаа уулзаж тус тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн авах тушаал 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр танилцуулсан боловч эргэж ажилдаа орохгүй гэж Т.Солонго амаар мэдэгдсэн. Ажил олгогч ажилд эгүүлэн авч ажил үүргээр хангасаар атал ажил үүргээ гүйцэтгээгүй. Тус компани түүнийг ажил үүргээр хангасан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тавдахь өдөр байсан учраас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ороорой гэсэн. 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан ба техникийн алдаанаас болж 3 cap хүртэлх хугацаагаар туршилтаар гэж буруу бичсэн. Ажилдаа ирэхгүй байгаа, түүний оронд хүн аваагүй, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд дуудсан тул түүнд одоогоор цалин олгоогүй тул ажлаас халсан гэж үзэхгүй. Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосныг уулзалтын үед танилцуулсан, энэ тухай бичлэг хийж байгааг түүнд хэлсэн, энэ баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Захирал хууль бусаар халсан бол ажилд нь ав гэж хэлэхээр нь тушаалыг хүчингүй болсон. Тиймээс Т.Солонготой дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, манай компани сар бүрийн 5, 25-ны өдөр цалингаа тавьдаг учраас дараа сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Говь инфрастракчер партнерс" ХХК-иас нийт 2 070 917 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Солонгод олгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин олговорын 3 507 515 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “Говь инфрастракчер партнерс” ХХК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 48 085 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн нөхцөл байдалд буруу үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо илэрхий алдаатай бичигдэж, тооцоо гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Т.Солонгыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар хүчингүй болгож, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажилд авсан тушаал гарсан байх тул түүний ажилгүй байсан хугацаа 1 cap 16 хоног байна." гэжээ. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 16 хоног байх бөгөөд шүүхийн шийдвэрт 1 cap гэж алдаатай тоолон ажилгүй байсан хугацааны цалинг 2 070 917 төгрөгөөр тооцож илт техникийн алдаа гаргасан байна. Ажилгүй байсан хугацаа 16 хоног бөгөөд түүнд ногдох цалин 883 721 төгрөг болж байгаа болно. Иймд дээрх алдааг залруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Т.Солонго нь хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 5 578 432 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Хариуцагч татгалзлаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Ерөнхий захирлын GIP-O-16-044 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Т.Солонгыг ажлаас чөлөөлсөн, уг тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн авах тушаалыг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж танилцуулсан боловч эргэж ажилдаа орохгүй гэж амаар мэдэгдсэн, ажил олгогч ажилд эгүүлэн авч ажил үүргээр хангасаар байхад ажил үүргээ гүйцэтгээгүй гэж мэтгэлцсэн байна.

 

Хэргийн 45-46 дугаар талд Т.Солонготой хийсэн уулзалтын тэмдэглэл авагдсан бөгөөд уг тэмдэглэлд Т.Солонго цаашдаа ажиллах бодолгүй, тушаалтай танилцаж гарын үсэг зурахаас татгалзсан талаар дурджээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага ажилд эгүүлэн авсан тушаал гаргасан гэх боловч ажиллах нөхцлөөр хангаагүй, ажил гэсэн өдөр хүртэлх цалин хөлс олгоогүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч байгууллага шүүхэд нотлох баримтаар “сиди” бичлэг гаргаж өгснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу үзлэг хийж бэхжүүлэлгүй үнэлснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн аливаа дуу, дүрс бичлэгийг үзлэг хийх, уг нотлох баримт нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулах, хэрэв нотлох баримтын шаардлага хангахгүй нөхцөлд хэргийн оролцогчид зохих журмын дагуу буцааж өгөх, эсхүл хасах, энэ тохиолдолд хэргийн оролцогч гомдол гаргах болон дахин нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхээр хангахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, татгалзсан эсэх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу “урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг мөн хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон ажилтанд олгох журамтай бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон атлаа олговор гаргуулсан нь зөрчилтэй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд түүнийг хэрэгсэхгүй болгох бус, татгалзсаныг нь баталдаг. Өөрөөр хэлбэл, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох, уг шаардлагаас татгалзсан тохиолдолд түүнийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгохоос үүсэх үр дагавар өөр болно.

 

Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн атал ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ