Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01678

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00605 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1933 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ш.О-ийн хүү Б.Эрхэсийг төрсөн цагаас нь буюу 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үрчлэн авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтүлхүүр, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай охин Б.Цэрэнням нь 10 дугаар ангид байхдаа жирэмсэн болсон тул би охиныхоо ирээдүйн амьдралыг бодож, хүүхдийг нь үрчлэн авахаар шийдсэн. Тухайн үед охин маань өөрөө төрүүлэх дургүй байсан ч бид ярилцаж байгаад хүүхдийг нь төрүүлэхээр болж өөрсдөө үрчилж аваад өсгөсөн. Тэр үедээ охин төрөөд 14 хоноод л сургуульдаа явсан, албан ёсоор бүртгүүлж авахаа мэдэхгүйгээс зээ хүүгээ 5 настайд нь бүртгүүлсэн. Би өөрөө төрүүлсэн болон үрчлэн авсан 4 хүүхэдтэй эхийн хувьд 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох гэтэл зээ хүүг 3 наснаас нь өмнө бүртгүүлэх байсан шаардлага тавьж байна.

Иймд зээ хүүг төрсөн цагаас нь буюу 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үрчлэн авсныг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цэрэнням шүүхэд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцоно. Би хүүхдээ анх ээждээ өгөхдөө үрчлэлтийн талаар мэдлэг байхгүй байсан. Миний оролцоогүйгээр болдог байх гэж бодсон. Гэтэл 5 нас хүрсэн хойно нь бүртгэл хийхэд заавал миний оролцоо хэрэгтэй гэдгийг мэдсэн. Миний тухайд хүүхдээ төрүүлснээс хойш өөрөө асарч байгаагүй, манай ээж асарсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай зүгээс анх бүртгэл хийсэн өдрөөс эхэлж хүүхдийг үрчилсэнд тооцдог. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хүүхдийн эрх ашгийн үүднээс бус Ш.О- нь өндөр насны тэтгэврээ тогтоолгохын тулд хүүхдийг үрчилсэн байдлыг ашиглах гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ хүүхдийг төрсөн цагаас нь эхэлж үрчилж авсан гэдгийг төрийн байгууллага мэдэх боломжгүй. Өөрсдөө хүсэлт гаргаад үрчлэлт хийгдсэн байгаа, бидний зүгээс хүүхдийг эмээ, өвөө нь авч өсгөх боломжтой гэж тухайн үед нь үзсэн байна. Холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Одоо өвөө нь байхгүй нас барсан бол өөр асуудал яригдана гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00605 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар хүү Б.Эрхэсийг төрсөн цагаас нь буюу 2006.04.12-ны өдөр үрчлэн авсан болохыг тогтоолгохыг хүссэн Ш.О-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1933 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

...Гуравдагч этгээд Б.Цэрэнням нь өөрийн хүү Б.Эрхэсийг анхнаасаа төрүүлж өсгөх боломжгүй байсан нь хүү төрөх үед Б.Цэрэнням нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжгүй болох нь 10 жилийн сургуульд сурч байсан мөн тээж буй хүүхдийн эцэгтэй хамт амьдрах боломжгүй өөр хүнтэй уулзаж болзож байсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараар тогтоогдож байдаг. Мөн шүүх Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад хүүгээ төрсөн цагаас нь эхлэн үрчлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Ш.Отгонбипэг нь 4 хүүхэдтэй эхийн хувьд тэтгэвэрт гарах талаар дурдаж нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хүүхдийг үрчлүүлэх талаар биш нэгэнт өнгөрсөн цаг хугацаа буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох нь хуулийн дээрх заалттай хамааралгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.О- нь өөрийн зээ Б.Эрхэсийг 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үрчилж авсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн охин Б.Цэрэнням нь 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б.Эрхэсийг төрүүлсэн ба тэрээр дунд сургуулийн сурагч байсан тул түүний эх Ш.О-, эцэг Г.Болдбаатар нар зээ хүүгээ өсгөн хүмүүжүүлсэн боловч үрчлэлтийг 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч Б.Цэрэнням нь 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлсний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өндөр насны тэтгэврээ 50 настай тогтоолгох гэтэл Б.Эрхэсийг 5 настайд нь үрчилж авсан тул хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.3.-т зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг онцгой ажиллагааны журмаар тогтоодог бөгөөд үрчлэлт бүртгүүлсэн байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт мөн болно. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох зорилгоо нэхэмжлэгч хүсэлтдээ тодорхой заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3.-т заасан шаардлагад нийцжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6., 55.7., 55.8.-д зааснаар үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргах, сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргах, хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэх ёстой байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ш.О- болон түүний нөхөр Г.Болдбаатар нь хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт бүхий өргөдлөө Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн албанд 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус тус гаргасан байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 113 дугаар захирамжаар хүүхэд үрчлүүлэх хүсэлт гаргасан иргэний хүсэлтийн дагуу үрчлэгдсэн хүүхдийн нэрсийг хавсралтаар баталж, үрчлэлтийн бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгохыг бүртгэлийн байгууллагад үүрэг болгожээ.

Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн байгууллага 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үрчлэлтийн гэрчилгээ олгосон байна.

Хүүхдийн эрхийн 1989 оны конвенцын 21 дүгээр зүйлд “үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ” гэж  зааснаас үзвэл үрчлэлт нь энэ талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан үеэс бий болдог эрх зүйн ойлголт байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаар үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ш.О- нь нөхөр Г.Болдбаатарын хамт зээ хүү Б.Эрхэсийг төрснөөс нь эхлэн асран хамгаалж, өсгөж хүмүүжүүлсэн нь үнэн боловч үрчилж авсан үйл баримт нь зөвхөн төрийн захиргааны эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэр буюу дүүргийн Засаг даргын захирамж гарснаар үүсч, бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн үеэс хүчин төгөлдөр болдог учир нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1933 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН