Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0415/З |
Дугаар | 221/МА2020/0155 |
Огноо | 2020-02-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2020/0155
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О, өмгөөлөгч Д.Э, Ө.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 922 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 922 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “... “Б” ХХК нь Компанийн тухай хуульд зааснаар үүсгэн байгуулагдсан хувийн өмчийн компани байхад төсөвт байгууллага гэж үзээд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан төсөвт байгууллага болох “Б” ХХК-д зайлшгүй хэрэгцээтэй газрыг нь Засаг олгосон нь зөв гэж дүгнээд байгаа нь огт үндэслэлгүй.
Эндээс шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болон хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас 8500 м.кв газрыг “Баян констракшн” ХХК руу шилжүүлж, газар эзэмших эрхэд халдах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүйг илэрхийлнэ.
Шүүх шийдвэрийнхээ 11 дэх талд илт хууль бус болохыг тогтоолгох захиргааны актыш эерэг нөлөөлөл бүхий акт гэж дүгнэсэн. Хэрэгт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон, газар эзэмших эрхээ хуульд заасан хугацаанд нь сунгаагүй тухай ямар ч нотлох браимт байхгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон байсан, сунгуулаагүй талаар тайлбар хэлээгүй, энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч маргаагүй.
Мөн шүүх хэрэгт ямар ч хамаагүй асуудлаар буюу “... “Ө” ХХК-ийн 27400 м.кв газрыг 12780 м.кв болгон багасгахад маргаж байгаагүй нь ...” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч 27400 м.кв газрыг 12780 м.кв болгочихлоо гэж маргаагүй, харин 12780 м.кв газрыг 4280 м.кв болгон багасгачихлаа гэж маргасан байдаг.
Шүүх өмнө нь газраа багасгуулж байсан юм чинь 2 дахь удаагаа багасгуулах ёстой гэж дүгнээд байгаа нь ямар ч логикгүй дүгнэлт юм.
Шүүхийн дээрх дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан хэлэлцэгдээгүй нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргаж болохгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэснийг тус тус зөрчсөн.
Нэхэмжлэгчийг өмнө захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргахад хууль зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байсан болон шийдвэр үндэслэлгүй тухай бусад асуудлын талаар шүүх хуралдаан дээр тайлбар гаргана.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжаар “Ө” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар эзэмшиж байсан 12,780 м.кв газраас 8500 м.кв газрыг хасч, “Баян констракшн” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч “Ө” ХХК нь дээрх захирамжийг эс зөвшөөрч, “...газрын хэмжээгээ багасгуулах, гэрчилгээгээ хүчингүй болгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргасан байна.
Анхан шатны шүүх “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” бус улмаар “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэл байсан эсэхээс үл хамааран шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянах учиртай.
Захиргааны акт илт хууль бус байх эсхүл хууль зөрчсөн байх ойлголтууд нь ялгаатай бөгөөд захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь тухайн актыг ямар ч хүн харсан эрх зүйн илэрхий алдаатай байхыг ойлгоно.
Дээрх маргаан бүхий захирамжийн хувьд хариуцагч нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-д заасныг үндэслэсэн байх бөгөөд уг заалт нь нийслэлийн Засаг даргын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах эрхийг олгосон хуульд заасан үндэслэл байх тул “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон бөгөөд 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт энэхүү маргаан бүхий Засаг даргын захирамж үл хамаарч байна.
Өөрөөр хэлбэл илт хууль бус актын бусад шинжүүд болох утга агуулгын хувьд илэрхий алдаатай, баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн байх тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж болох боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...” гэсэн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/14 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх буюу хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуй нэгжийн эзэмшил газрын хэмжээг өөрчилсөн энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус захирамж гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар төсөвт байгууллага болох “Б” ХХК-д зайлшгүй хэрэгцээний газрыг нь Засаг дарга олгосон нь зөв гэж дүгнэж байгаа нь огт үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь хариуцагч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д нийцүүлэн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн эсэхийг тогтооход буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахад “...газрын хэмжээгээ багасгуулах хүсэлт гаргасан, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн, тайлбар гаргах боломжоор хангасан эсэх, Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн эсэх” гэх асуудлыг шалгаж, дүгнэх бөгөөд энэ нь актын хууль бус байх шинжид хамаарахаас биш “илт хууль бус алдаа”-нд тооцогдохгүй.
Тодруулбал, “илт хууль бус захиргааны акт”-ын шинж нь тухайн актын алдаа нь ноцтой бөгөөд энэ нь нийтэд илэрхий байх юм. Харин энэ тохиолдолд Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх Засаг даргад олгогдсон тул маргаан бүхий захирамжийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ