Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2025/0086

 

 

Д*****” ХХК-ийн гомдолтой,

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын

 улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Г.Банзрагч

Шүүгчид:               Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа       

                                  Д.Батбаатар                            

                                  Ц.Цогт

Илтгэгч шүүгч:      Х.Батсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 114/ШШ2025/0024 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0440 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/0358 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З****, хариуцагч улсын байцаагч Г.Б**** (цахимаар), түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***** (цахимаар), гуравдагч этгээд Б.О**** нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдлын шаардлага:

1.Д*****” ХХК-аас Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчид холбогдуулан “... тус газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар “... ажилтан Б.О*****-ын 2019 оны 12 сар, 2021 оны 05 сараас 2024 оны 4 сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, шимтгэл ногдох орлогыг нуусан” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Д*****” ХХК-ийг 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгож, 5,503,320 (таван сая таван зуун гурван мянга гурван зуун хорин) төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэжээ.

2.1.“Д*****” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... Зөрчлийн тухай хуульд ... хуулийн этгээдэд 1,000,000-5,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн, үйлдсэн цагаас хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ...” гэж тодорхойлон маргажээ.

3.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 3, 10.17 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 25 дугаар зүйлийн 25.2.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Д*****” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 114/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 , 1.5 дугаар зүйлийн 3, 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч “Д*****” ХХК-ийн гаргасан “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалт, улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Г.Б*****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М**** нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

5.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/0358 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З***** шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:

6.1.“Д****” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчилд буруутган Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсаар 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 5,503,320 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад баримтлах хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийжээ.

6.2.Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний тухайд, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, мөн хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийг этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус зааснаар хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг арав дахин нэмж дүйцүүлэн үзэхэд, хуулийн этгээдэд зуугаас таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар өнгөрсөн  бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулж болохгүй байхаар зохицуулсан. Гэтэл зөрчил тодорхой хугацаанд үргэлжилж дууссан буюу 2024 оны 04 дүгээр сараас хойш зургаан сарын хугацааг тоолоход 2024 оны 10 дугаар сард хариуцагч шийтгэл оногдуулах байтал анх 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******  дугаартай шийтгэлийн хуудсаар “Д*****” ХХК-ийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцээгүй төдийгүй уг алдааг засахгүйгээр дахин маргаж буй 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудас гаргасан нь хууль бус юм гэж дүгнэсэн.

6.3.Давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний тухайд, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, тус хэсгийн 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн гэх заалттай хамаарна гэх давж заалдах гомдол үндэслэлтэй гэж дүгнэжээ. Гомдол гаргагчийн тухайд давж заалдах шатны шүүхийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлт үндэслэлгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргасан.

6.4.Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн анх гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******  дугаартай шийтгэлийн хуудас, сүүлийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудаснууд тус тус “Д*****” ХХК буюу хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулж, төлбөр тогтоосон болохоос хүнд холбогдуулж ногдуулаагүй юм.

6.5.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус зааснаар хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг арав дахин нэмж дүйцүүлэхэд хуулийн этгээдэд таван мянгаас нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулж болохгүй байхаар зохицуулсан.

6.6.Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч нь “Д*****” ХХК-д анх гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******  дугаартай шийтгэлийн хуудас, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудаснуудаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр мянган нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байсан. Энэ нь давж заалдах шатны шүүхийн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсгүүдэд заасан торгох шийтгэл буюу 5,000,000-100,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн интервалаас бага буюу хамааралгүй юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 221/МА2025/0440 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 114/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Хариуцагч болон гуравдагч этгээдээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

9.Энэ хэргийн тухайд, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “Д*****” ХХК нь тус компанийн ажилтан Б.О*****-ын 2019 оны 12 дугаар сар, 2021 оны 05 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь тогтоогдсон, хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэн, 2025 оны ****** дугаар шийтгэлийн хуудсаар “Д*****” ХХК-ийг 2,000,000 төгрөгөөр торгож, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд 5,503,320 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

10.Гомдол гаргагч хуулийн этгээдээс “нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчил үйлдсэн” талаараа маргаагүй, харин уг зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй талаар маргасан байх тул хяналтын шатны шүүхээс гомдол гаргагчийн маргасан хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт болон мөн зүйлийн 3 дахь хэсгийн алийг нь тайлбарлан хэрэглэх талаар дараах дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэв.

11.Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол; 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан.  

12.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тусгайлан зохицуулжээ. Үүний дагуу 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 10-500 нэгжийг 10 дахин нэмж дүйцүүлэн тооцвол 100-5000 нэгж буюу 100,000-5,000,000 төгрөгийн торгууль оногдуулахаар зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хувьд “зургаан сар”-ын хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхээр байна. Харин 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөс дээш торгууль оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн тухайд зөрчил шалгах шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа нь зөрчил үйлдсэнээс хойш 1 жил байна.

13.Энэ маргааны тухайд, хариуцагчаас “Д*****” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж буруутгасан, уг хэсэгт “Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, үүний дагуу тус компанид маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 2,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан.

14.Энэхүү торгуулийн хэмжээ нь (2000 нэгж буюу 2,000,000 төгрөг) 100–5,000 нэгжийн хүрээнд хамаарч байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх хугацаа нь зөрчил үйлдсэнээс нь хойш “зургаан сар” байна, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

15.Хэргийн үйл баримтаас үзвэл, “Д*****” ХХК нь 2024 оны 04 сард зөрчил үйлдэж дууссан байх тул үүнээс хойш 6 сар буюу 2024 оны 10 сар хүртэлх хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой. Гэтэл хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2025 оны ****** дугаартай шийтгэлийн хуудсаар 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь буруу, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх агуулгаар гаргасан хяналтын гомдол үндэслэлтэй.

16.Харин маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж буй хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зургаан сар”-ын хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй. Учир нь, нийгмийн даатгалын харилцааг тухайлан зохицуулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Дараах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаагүй байна”, 31.1.1-д “энэ хуулийн 24.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй гэсэн байна.

17.Иймд “Д*****” ХХК нь “нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй” зөрчил гаргасан нь тогтоогдсон энэ тохиолдолд зөрчлийн улмаас учирсан нөхөн төлбөрийг гаргуулж, гуравдагч этгээдийн хохирлыг барагдуулахаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 5,503,320 (таван сая таван зуун гурван мянга гурван зуун хорин) төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1. болон Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

18.Анхан  шатны шүүх “торгох шийтгэл оногдуулах”-тай холбоотой зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “зургаан сар” гэж зөв тайлбарласан боловч “нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй гэсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, шийтгэлийн хуудсаар хохирол барагдуулсан хэсэгт “заавал даатгалын улсын байцаагчийн акт гаргуулах” агуулгаар дүгнэлт хийж, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу байна.

19.Давж заалдах шатны шүүх гомдол гаргагч хуулийн этгээдийн үйлдсэн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо хэрэглэх ёсгүй Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тайлбарлан хөөн хэлэлцэх хугацааг “нэг жил” гэж дүгнэсэн нь буруу.

20.Иймээс маргаан бүхий шийтгэлийн хуудасны “Д*****” ХХК-ийг 2,000,000 төгрөгөөр торгосон хэсгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хүчингүй болгож, харин үлдэх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрийг гаргуулахаар тогтоосон хэсгийг хэвээр үлдээсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 114/ШШ2025/0024 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0440 дүгээр магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудасны “Д*****” ХХК-ийг 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгосон хэсгийг хүчингүй болгож, үлдэх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 5,503,320 (таван сая таван зуун гурван мянга гурван зуун хорин) төгрөгийг гаргуулахаар тогтоосон хэсгийг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, ТОГТООХ хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БАНЗРАГЧ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧИД                                                           Д.БАТБААТАР

                                                                                                          Ц.ЦОГТ

                                                                                                         Х.БАТСҮРЭН