Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 667

 

 

                                                                                Д.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1943 оны 05 дугаар сарын 29-ний 43 дугаар тогтоолтой, Д.Л-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1943 оны байдлаар Хэнтий аймгийн Норовлин сумын 8 дугаар баг, эрэгтэй, 41 настай, халх, лам, унзад тушаалтай явсан, ам 2, бод 31, ямар нэгэн цэрэгт яваагүй, ял шийтгэлгүй, баригдахын өмнө “Хүйтэн” гэх газар нутаглаж байсан Д-н Л нь “хувьсгалт нам засгийг элдвээр эсэргүүцсэн, Зөвлөлт улс ба түүний ард түмнийг элдвээр гүтгэн доромжлох зэргээр эсэргүү хорт цуурхлыг тараасан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1943 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Д.Л-г хувьсгалт нам засгийг элдвээр эсэргүүцсэн, Зөвлөлт улс ба түүний ард түмнийг элдвээр гүтгэн доромжлох зэргээр эсэргүү хорт цуурхлыг тарааж байсан нь баримттайгаар илэрсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 жил хорих ял шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газраас 1943 оны 5 дугаар сарын 29-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 43 дугаар тогтоолоор Д.Л-г улс төрийн хэрэгт хилсээр 10 жил хорих ялыг шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд

1. Д.Л-г эхний 15 удаа байцааж, мэдүүлэг гаргуулахад “миний бие засаг төрдөө буруу санаж ярьж, цуурсан, үйлдсэн хэрэг байхгүй, би өөрөө тийм хэрэг хийсэн хэмээн мэдэхгүй байна. Энэ учир тус газрын мөрдөн байцаалтад мэдүүлэх зүйл олдохгүй байна” гэж мэдүүлж байжээ. Үүнээс хойших 2 удаагийн байцаалтад “хүүхэн хутагтын хойд дүр тодорсон гэнэ гэх буюу мөн Дамдин бишрэлт тодорч байна. Иймд тэд л одоо шашин бурхныг дэлгэрүүлэх болов уу, урьдын манай багш нар энэ засаг төрийг үхэр жил үймж, бар жил буруудах, туулай жил тойврох түүхтэй хэмээн хэлдгээс үндэслэн энэ засаг төр өөр болж магадгүй гэж нутгийн ардуудад л ярьсан, СССР, Герман 2-ын дунд хүчтэй дайн болж байна, хэрэв Зөвлөлтийг Герман дийлэх аваас энэ төр өөрчлөгдөж, бурхан шашин дэлгэрэх цаг ирнэ гэж ярьж байсан гэж мэдүүлэх боловч, эцэст нь мэдүүлэхдээ: миний бие Япон улсын талаар болон өөр ямар нэгэн улсын талаар ямар нэгэн үг хэлж, цуурхаж явсан удаагүй билээ” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд түүнээс хүч хэрэглэж дарамтлан мэдүүлэг авсан гэх үндэслэлтэй, мөн түүний ярьсан дээрх ярианууд нь тухайн үед болсон үйл явдал, ард олны дунд түгээмэл яригдаж байсан бодит байдлаас үүссэн яриа байна.

2. Д.Л нь ардын хувьсгалт нам засгийг элдвээр эсэргүүцсэн, Зөвлөлтийн ард түмнийг элдвээр гүтгэн доромжлох зэргээр эсэргүү хорт цуурхлыг тарааж байсан болох нь баримтаар тогтоогдоогүй, өөрөө мэдүүлгээрээ хүлээгээгүй ба энэ хэргийн улмаас улс нийгэмд учирсан хор хохирол байхгүй.

3. Хэрэгт авагдсан С.Г, Б.Б нарын гэрчийн мэдүүлэг баримтад Д.Л-г хувьсгалт засгийг эсэргүүцсэн, Зөвлөлтийн ард түмнийг гүтгэн доромжилсон, цуурхал тараасныг гэрчилсэн зүйл байхгүй байна.

Иймд Д.Л-г цуурхал тараасан гэж зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэвэл Д.Л-г Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1943 оны 05 дугаар сарын 29-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 43 дугаар тогтоолоор тус улсын 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 7659 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Д-н Л-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн бөгөөд дүгнэлтээ дэмжиж байна” гэсэн байна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг цаг хугацаанаас үл хамааран хэзээд хэлбэрэлтгүй тогтоож байх чухал баталгаа болж өгдөг.

Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болох учиртай.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл нь энэ хуулиар тухайн үеийн Эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, Эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх, тусгай болон онцгой бүрэн эрхт комисс, түүнчлэн болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсан явдал юм.

Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар тодорхой заажээ.

            “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан уг нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг шинээр хянан шийдвэрлэнэ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.

            Ийнхүү Д.Л-д холбогдох хэргийг цагаатгал хариуцсан прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтээ бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

            Д.Л нь хувьсгалт нам засгийг элдвээр эсэргүүцсэн, Зөвлөлт улс ба түүний ард түмнийг элдвээр гүтгэн доромжлох зэргээр эсэргүү хорт цуурхлыг тарааж байсан гэх гэмт хэрэг болон үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1943 оны 05 дугаар сарын 29-ний 43 дугаар тогтоолд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад хүчээр хэрэг хүлээлгэж, гэм бурууг тогтоосноос гадна ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Хэдийгээр энэхүү үйл явдал гарснаас хойш 77 жил өнгөрсөн хэдий ч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэх явдал нь ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байвал хугацаагаар хязгаарлахгүйгээр хянан хэлэлцэх боломжтой билээ.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1943 оны 05 дугаар сарын 29-ний 43 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1943 оны 05 дугаар сарын 29-ний 43 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Д.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д-н Л-г цагаатгасугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                  Б.БАТЦЭРЭН

                  С.БАТДЭЛГЭР

                   Ч.ХОСБАЯР