| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2024/03604/И |
| Дугаар | 210/МА2025/01180 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01180
********ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03850 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ********ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******** СӨХ-нд холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******** СӨХ-той 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Голомт хотхоны В-1 давхарт байрлах 108 тоот авто зогсоолыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний үнэ болох 20,000,000 төгрөгийг ******** СӨХ-ны дансанд шилжүүлсэн боловч одоог хүртэл гэрчилгээг гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу зогсоолын гэрчилгээг гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгэнт гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй тул зогсоолын төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******** СӨХ нь иргэн ********тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу ******** СӨХ нь ямар нэгэн дангаар өмчлөх орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган өгөх эрх бүхий этгээд биш юм. Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Голомт хотхонд худалдан авсан гэх зогсоол нь эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, зөвхөн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хэсэг тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.
Аливаа гэрээг байгуулахад заавал нотариатаар орж, гэрчлүүлэх ёстой байдаг. Сууц өмчлөгчдийн холбоо нь төрийн бус байгууллага, ямар нэг хөрөнгө эзэмших эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ******** Сууц өмчлөгчдийн холбооноос 20.000.000 /Хорин сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********т олгуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6С дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ******** СӨХ нь Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Голомт хотхоны нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбооны үйл ажиллагааг хариуцан явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу ******** СӨХ нь Голомт хотхоны нийт оршин суугчдын эд хөрөнгийн засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан явуулдаг бөгөөд дундын дансанд төвлөрүүлж, орлого зарлагыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь нэг оршин суугчын эд хөрөнгийг дундын данснаас гаргаж оруулах боломжгүй байдаг.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Сууц өмчлөгчдийн холбоо нь ямар нэгэн хөрөнгө эзэмшдэггүй болно. Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь Сууц өмчлөгчдийн холбоо нь ямар хөрөнгөтэй эсэх, хөрөнгө байгаа эсэх ямар нэгэн лавлагаа аваагүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасан нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж үзэж байна.
Мөн шүүх хуралдааны явцад шүүгч нэг талыг хэт барьсан хувийн харилцаатай байсан, шүүх хөндлөнгийн байх байр сууриа алдсан, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх талаар хуулийн зөвлөгөө шүүх хуралдааны үед өгсөн. Энэ талаар би шүүгчээс татгалзан гаргах талаар хүсэлт өгсөн хэдий ч шүүхээс шийдвэрлээгүй.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэн ********ийн гэрээ байгуулсан иргэн ******* нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, залилангийн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн хувьд хэлсэн хэдий ч шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гарган цагдаагийн байгууллагаас тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн заалтыг зөрчсөн процессын алдаа гэж үзэж байна.
Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Мөнгийг ******** СӨХ-ны дансанд шилүүлсэн учраас хариуцагч байгууллагаас шаардана. Хариуцагчийг хохирсон олон хүмүүстэй учраа олоосой гэж хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** СӨХ-нд холбогдуулан гэрээнээс татгалзаж 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** СӨХ-той 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******** СӨХ нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолборын D байрны В1 давхарт байрлах 108 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 28,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч ******** нь үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, улмаар тэрээр 20,000,000 төгрөгийг хариуцагч ******** СӨХ-ны дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 33-34, 83/
5. Нэхэмжлэгч ******** нь гэрээний дагуу авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч ******** СӨХ-ноос авто зогсоолын үнэд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч ******** СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний зүйл болох авто зогсоол нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хэсэг тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь ******** СӨХ-той гэрээ байгуулаагүй, СӨХ-ны байнгын ашигладаг дансанд төлбөр шилжүүлээгүй тул хариуцахгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.
6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч ******** СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор *******ыг гүйцэтгэх захирлаар томилж, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. ******* нь ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус СӨХ-г төлөөлөн нэхэмжлэгч ********тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгч нь СӨХ-ны дансанд 20,000,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчэй гэрээ байгуулаагүй, СӨХ төлбөрийг хүлээн аваагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** СӨХ-ны эрх бүхий этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулсан байна.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/21938 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ... Голомт хотхон цогцолбор D байрны В1 давхар 108 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна гэх лавлагааг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний дагуу өмчлөх эрх шилжих боломжгүй тул гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэг үүсчээ.
Иймд, нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** СӨХ-ноос Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу төлсөн 20,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгч нэхэмжлэгч талд давуу байдал олгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул татгалзан гаргах хүсэлтийг шүүхээс шийдвэрлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн, гомдолдоо шүүхээс ******* нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар тодруулаагүй гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд *******ыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа эсэх талаар лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/19964 дугаар захирамжаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ