| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0311/Э |
| Дугаар | 326 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 326
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд,
Хохирогч Д.А,
Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д холбогдох эрүүгийн 1918004360347 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Д 1979 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 3-105 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 9 дүгээр хэсгийн 4-22 тоот хашааны гадна Д.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн язрал, нүдний торлог бүрхүүлийн доорх болон дунд хэсгийн цус хуралт, тархи доргилт, нүүрний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Л.Д-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аавынх нь гэрт байхад л маргалдаж эхэлсэн. Согтуу янз бүрийн юм яриад байсан юм. Тэгээд маргалдаж байгаад аавынх нь гэрээс гараад явсан. Тэгээд би машинаа бариад хажууд Болороо гэх хүүхнийг би Атарсайханы гэр лүү хүргэж өгөх гэж Батдэлгэр, Д.А нарын хамт явсан. Тэгээд Атарсайханы гэрийн гадаа очоод би Атарсайханыг дуудаад Болороо гэх хүүхнийг өгөөд оруулсан. Атарсайханы гэрийн гаднаас машинтайгаа хөдлөөд гэрийнхээ тийшээ явж байгаад Д.Атай дахиад маргалдаад машинаас бууж байгаад зууралдсан. Тэр үед Д.А намайг аваад хашаа руу шидэхээр нь би босож ирээд нүүр, нүд хэсэг рүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Тэгээд Батдэлгэр болиулаад бид 2 машиндаа суугаад яваад өгсөн юм.
...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 11 өнгөрөөгөөд халамцуу ирсэн. Тэгтэл шүүгдэгч ахтайгаа халамцуу байсан. Тухайн үед бид 3 маргалдсан. Тэгээд тэндээс гараад явж байхдаа дахиж маргалдаад ийм зүйл болсон. Надтай маргалдахаар нь би Л.Д-ныг түлхээд аваад шидсэн. Тэгтэл ах нь намайг салгахад шүүгдэгч намайг нүд рүү өшиглөсөн.
...төд удалгүй нүд харахаа байсан. Нүдний хавдар буусан боловч нүд юм харах нь маш их багассан. Тэгээд хот руу явж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Тариа хийлгэсэн. Тарианыхаа төлбөрийг шүүгдэгчээс гаргуулчихвал өөр нэхэмжлээд байх зүйл байхгүй. Өөрт байгаа бүх л баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
...Өмнө нь 340000 төгрөгийг өгөөд шүүх хуралдаанд 150000 төгрөгийг өгсөн. Үүнээс үлдсэн мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хохирогч Д.А-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 3-4/,
-Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.А бид 3 гэр лүүгээ машинтай явж байсан. Тэр үед тэр 2 хэрэлдээд л яваад байсан. Тэгснээ “Ану” дэлгүүрийн тэнд зогсоод тэр 2 буугаад барилцаад авсан. Д.А дүүг маань хашаа руу аваад шидчихсэн. Тэгэхээр нь би машинаас сандраад буусан чинь манай дүү ухасхийж босож ирээд Д.Аыг газар сууж байхад нүүр хэсэг рүү нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би дүүгээ болиулаад машинд суулгаад аваад явсан. Тэгээд оруулж унтуулчихаад би гэр лүүгээ яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,
-Гэрч Н.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг гарахад л маргалдаад байсан. Дэлгэрсайхан, Д.Аыг дугуй руу шээлээ гээд л хоёулаа согтуу маргалдаад байсан. Тэрнээс яг хажууд зодолдож цохилцсон асуудал байхгүй ээ. Гэрт орсны дараа хашааны хаалга түжигнээд байсан. Тэр үед зодолдсон юм байлгүй дээ. Тэр өндөр хүний нүүрэнд ил харагдах ямар нэг гэмтэл шарх байгаагүй ээ, зүгээр байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18/,
-Гэрч Ж.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны орой манай гудамжинд байдаг зүс таних Баагий, Дээгий нар манай гэрт орж ирсэн. Хааяа манай гэрт орж ирдэг. Тэгээд тэр 2-той би архи уугаад сууж байсан чинь Д.А орж ирсэн нилээн муудчихсан нилээн халамцуу байсан. Тэгээд Д.А нь Баагий, Дээгий нарт хандаж “та нар манай аавын гэрт байнга орж ирж архи уух юм аа, юм нь алга болсон шүү.” гэж хэлсэн. Тэгээд гэрт бол тэд нар сүйдтэй маргалдаж муудалцсан асуудал байхгүй ээ, тэгээд л архи ч дууссан гараад л явцгаасан. Би тэгээд унтаад өгсөн.
...орой хүүгийнхээ гэрт орсон чинь “Дээгийтэй маргалдаад зодуулчихлаа.” гээд нүд нь хавдчихсан байсан. Тухайн өдөр ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,
-“Д.А-ын биед зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн язрал, нүдний торлог бүрхүүлийн доорх болон дунд хэсгийн цус хуралт, тархи доргилт, нүүрний зулгаралтын сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21-22/,
-Эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хэргийн 62-63/,
-Эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтууд /хэргийн 64-70/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 9 дүгээр хэсгийн 4-22 тоот хашааны гадна Д.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн язрал, нүдний торлог бүрхүүлийн доорх болон дунд хэсгийн цус хуралт, тархи доргилт, нүүрний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ын биед “зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн язрал, нүдний торлог бүрхүүлийн доорх болон дунд хэсгийн цус хуралт, тархи доргилт, нүүрний зулгаралтын сорви” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 21-22/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Л.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д.А нь “..эмчилгээний зардал 540714 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Өмнө нь 340000 төгрөгийг өгөөд шүүх хуралдаанд 150000 төгрөгийг өгсөн. Үүнээс үлдсэн мөнгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлж байх бөгөөд шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу завсарлага авч, энэ хугацаанд хохирогч Д.А-д 51000 төгрөг төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч Д.А нь цаашид дахин 2 удаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 9 дүгээр хэсгийн 4-22 тоот хашааны гадна Д.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн язрал, нүдний торлог бүрхүүлийн доорх болон дунд хэсгийн цус хуралт, тархи доргилт, нүүрний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Л.Д нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь 3 хүүхдийн хамт амьдардаг /хэргийн 43-44/, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг ар гэрийн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Л.Д-д анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Л.Д-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Л.Д-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ