| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00524/и |
| Дугаар | 989 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00524/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар баг, *** дугаар хэсэг, *** тоотод оршин суух, Б*** овогт Ц*** Х*** /РД: МЮ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, “Д***” ХК-д холбогдох,
"*** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, мөн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, Ч.Ч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тушаал гарч *** ХК-д борлуулалтын нягтлангаар ажилд орсон. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** тоот тушаалаар нэг сарын цалинг 20 хувиар бууруулан сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ямар шалтгаанаар сахилгын шийтгэл оногдуулсныг тухайн үед нь мэдээгүй. Харин дараа нь цалингаас 20 хувийн суутгал хийгдсэний дараа мэдсэн. Уг тушаалын үндэслэл нь ажилдаа хариуцлагагүй хандсан гэж байгаа. Мөн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот тушаалаар 2015 оны жилийн эцсийн тайлан хамгаалалтыг хангалтгүй хамгаалсан, эрхэлсэн ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 02 сарын 20-ны өдөр Сэлэнгийн салбар дээр удирдлагууд тайлан хамгаалуулахаар очсон. Энэ үед би Улаанбаатар хотод клиникийн 2 дугаар эмнэлэгт хэвтсэн, Мөн тэр үеэр Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн листээ аваачиж өгсөн. Өвтэй байсан тул тайлангаа хамгаалж чадаагүй, харин бичиж өгсөн. Урьдчилсан хамгаалалтын үед миний ажлын талаар ямар нэгэн алдаа дутагдал яригдаагүй. 2016 оны 02 сарын 22-ны өдөр Сэлэнгэ салбар дээр орой 22 цагийн үед салбарын даргын үүрэг гүйцэтгэгч В.Болормаа тайлан хамгаалуулна гэж хэлээд өрөөнд ороод асуусан асуултанд нь хариулсан. Тэр үед ажилдаа тэнцээгүй тухай яригдаагүй. 2016 оны 02 сарын 23-ны өглөө 8 цагт захирлын зөвлөлийн хурлаар оруулна гэж би Дарханд ирсэн. Ингээд хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Уг тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би борлуулалтын нягтлан бодогчийн ажилтай бөгөөд өр авлага нь миний ажлын дутагдлаас болж өсдөггүй юм. Өдөр тутамд хийх ёстой санхүү, тайлан тооцооны ажлаа хийж байсан. Тайлан хангалтгүй хамгаалсан гэж юуг хэлээд байгааг ойлгохгүй байна. Иймд дээрх 2 тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч “***” ХК шүүхэд гаргасан тайлбартаа: “*** салбарын борлуулалтын нягтлан бодогч Ц.Х*** нь 2015 оны жилийн эцсийн тайлан хамгаалалтыг хангалтгүй хамгаалсан, эрхэлсэн ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ц.Х*** нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй тул хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4 е, 8.2.4.ж, холбогдох бусад хууль тогтоомжуудын хүрээнд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд Ц.Х***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, Ч.Ч***нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч болон ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар уг хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу эрх, үүрэг буюу хөдөлмөрийн харилцаа үүсч байгаа. Хөдөлмөрийн харилцаа үүсч байгаа учраас бид ажилтныг ажлын байр, хувцас, тоног төхөөрөмж, цалин хөлсөөр хангах үүрэгтэй. Ажилтанг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хийж гүйцэтгэхийг бид шаардах эрхтэй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журамд тусгасан. Компанийн дотоод журамтай уншиж танилцсан гээд Ц.Х*** нь хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгаа. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Хөдөлмөрийн маргаантай холбоотой тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129, 126 дугаар зүйлд заасны дагуу *** ХК нь үйлдвэрчний эвлэлийн хороотой, хөдөлмөрийн маргаан таслах комисстой. Хэрэв Ц.Х*** нь тухайн үед сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Хэрэв хууль, журамд заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, хөдөлмөрийн маргаан таслах комисс тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн бол санал гаргаж асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан учраас нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Сахилгын шийтгэл авснаа Ц.Х*** мэдэж байсан. Учир нь нэг сарын цалинг хорин хувиар бууруулсан. Ц.Х*** нь өөрөө борлуулалтын нягтлан бодогчийн ажилтай тул цалингийн бичилт хийдэг. Манай байгууллага сар бүр шагналт цалинг хурлаар хэлэлцдэг. Ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэсэн. Ц.Х*** сахилгын шийтгэлийг давтан авсан. 2015 оны 09 дүгээр сарын 25 сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халагдсан тушаалыг Ц.Х*** авсан. Бид шат дараатай арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халах тушаал гарахад нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа. Ц.Х*** нь нэг сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах боломжтой байсан. Гэвч гурван сарын хугацаа нь өнгөрсөн. Энэ талаар хөдөлмөрийн тухай хуульд заасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х*** нь “***” ХК-д холбогдуулан, тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, мөн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлагыг гаргажээ.
Ц.Х*** нь тус компанийн *** салбарын борлуулалтын нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд ажиллаж байхдаа “***” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр тушаалаар ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр сарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан, мөн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан компанийн гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 53, 86, 137 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, Ч.Ч***нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар манай байгууллага дээр ч үйлдвэрчний эвлэлийн хороо ажилладаг, мөн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах боломжтой байсан боловч хандаагүй байгаа тул тус тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхгүй. Ц.Х*** нь борлуулалт, орлого, авлага, цэгийн бичилтийн гүйцэтгэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд ажиллах ёстой байтал борлуулалт дутуу хийгдэж, 99.3%-ийн гүйцэтгэлтэй, 23.000.000 төгрөгийн алдагдалтай. Орлого 78.777.560 төгрөгийг огт хийгээгүй. Өмнөх оны авлага 211,426,989 төгрөгөөс 78,772,560 төгрөг бууруулах төлөвлөгөөг биелүүлээгүй, бууруулаагүй, Энэ талаараа өөрөө тайландаа тусгасан. Цэгийн бичилт хийсэн нь 77.1 хувьтай байгаагаас нь дөрвөн үндсэн чиглэлээ хангаж ажлаагүй нь харагдаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг хангаж ажлаагүй, өмнө нь сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдсаныхаа дараа 1 жилийн дотор дахин зөрчил гаргасан...Иймээс салбарын даргын үүрэг гүйцэтгэгчийн тодорхойлолтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарладаг болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан байх тул хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардлага байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцласан тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байна.
Хариуцагч “***” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, Компанийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт, Захирлын зөвлөлийн 2015 оны 09 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэл болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, компанийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтууд нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхойлсон заалт байх бөгөөд тушаалд 131.1.1-131.1.3-т заасан сахилгын шийтгэлийн хэлбэрийг заагаагүй, мөн Захирлын зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байх боловч энэхүү хурлын шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан “***” ХК-ийн хяналтын албаны хяналт шалгалтын 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 01-09/2015 дугаартай тайлангаар *** салбарын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулгын дүгнэлтээр Урьд онд хийсэн шалгалтаас хойш ажил сайжраагүй, зөрчил арилаагүй байгаа нь Эрчим хүчний салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартын талаарх мэдлэг дутмаг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг ажилтан бүр шаардлагын хэмжээнд хийгээгүй, багаар ажиллах чадваргүй, 2-р шатны үзлэгийг графикийн дагуу хийдэггүй, хийсэн ажлын гүйцэтгэлд газар дээр нь үзлэг шалгалтыг чанартай удирдан зохион байгуулаагүй, чадвар сэтгэл дутуу, удирдах ажилтан нь давхар сонгуульт ажил хийдэгтэй холбоотой гэж дүгнээд, 2014 оны шалгалтын мөрөөр ажил зохион байгуулаагүй салбарын дарга Г.Г***, мастер Б.Э***, борлуулалтын менежер Т.М***, ахлах ня-бо Б.Г** нарыг 3 сарын 20 хувиар, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан борлуулалтын ня-бо Хуланг 1 сарын 20 хувиар ....цалинг хасах саналыг оруулжээ. /хх-102-107 дугаар тал/
Тус тайлангаар ямар зөрчил нь борлуулалтын нягтлан бодогч Ц.Х***д хамааралтай болох, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг хэрхэн зөрчсөн зэрэг нь тодорхойгүй байна.
Мөн тус компанийн захирлын 2015 оны 02 сарын 16-ны өдрийн 47 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 14.3-т: “Сахилгын шийтгэлийг хэлтэс, алба, салбар, төвийн саналыг авч, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гарган, гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулна” гэж заасан байх бөгөөд Ц.Х***д сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг энэхүү журамд заасны дагуу шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр *** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Тус компанийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4.е, 8.2.4.ж, Захирлын зөвлөлийн хурлын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн, 2015 оны жилийн эцсийн тайлан хамгаалалтыг хангалтгүй хамгаалсан, эрхэлсэн ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан гэж үзэж *** салбарын борлуулалтын нягтлан бодогч Ц.Х***гийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн цуцлахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг болно.
Дээрх тушаалд Компанийн дотоод журмын 8.2.4.е-д заасан “Сахилгын зөрчил удаа дараа гаргасан”, 8.2.4.ж-д заасан “хариуцсан ажлаа гүйцэтгэх чадваргүй, ажил цалгардуулсан, багаар ажиллах чадваргүй нь тогтоогдсон, ажлын хариуцлага алдсан ажилтныг хэлтэс, алба, салбар, төв, хэсгийн дарга нарын тодорхойлолтыг үндэслэн” тус тус хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус журмын 8.2-т заасан байна.
Мөн тушаалд 2015 оны жилийн эцсийн тайлан хамгаалалтыг хангалтгүй хамгаалсан, эрхэлсэн ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан гэж тодорхойлжээ.
“***” ХК-ийн *** салбарын борлуулалтын нягтлан бодогч Ц.Х***гийн 2015 оны ажлын тайлан хэрэгт авагдсан байгаа боловч тайланг хэрхэн хамгаалсан талаарх баримт авагдаагүй байна. /хх-87-91 дүгээр тал/
“***” ХК-ийн захирал С.Н*** нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус компанийн 2015 оны жилийн эцсийн тайлан хамгаалах удирдамжийг баталсан байгаа бөгөөд тус удирдамжийн 5.1-т: “тайлан хамгаалалтыг салбар, нэгж бүрээр батлагдсан жилийн эцсийн тайлан хамгаалах үзүүлэлтийн хүснэгтийн дагуу Гүйцэтгэх захирал, дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, техник бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, борлуулалтын хэлтсийн дарга, ХАБЭААИ нар дүгнэнэ”, 5.2-т: “дээрх албан тушаалтнууд чиглэл бүрээр жилийн эцсийн тайланг дүгнээд, нэгтгэж, нэгтгэсэн үнэлгээг Захиргаа удирдлагын хэлтэс, Санхүү эдийн засгийн хэлтэс нэгтгэж, нэгдсэн дүнг захирлын зөвлөлийн хуралд танилцуулж, гүйцэтгэх захирлаар батлуулан, ТУЗ-аар шийдвэр гаргуулна” гэж тус тус заажээ. /хх-11-113 дугаар тал/
Ц.Х***гийн 2015 оны жилийн эцсийн тайланг дээрх удирдамжид заасан журмаар дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, дээрх журмаар дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байх тул хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалд заасан 2015 оны жилийн эцсийн тайлан хамгаалалтыг хангалтгүй хамгаалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн тушаалд заасан эрхэлсэн ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг зөрчил нь ямар үйлдлээр илэрч байгаа болох нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд “...борлуулалт 99.3%-ийн гүйцэтгэлтэй, 23.000.000 төгрөгийн алдагдалтай, Орлого 78.777.560 төгрөгийг огт хийгээгүй, Өмнөх оны авлага 211,426,989 төгрөгөөс 78,772,560 төгрөг бууруулах төлөвлөгөөг биелүүлээгүй, бууруулаагүй, цэгийн бичилт хийсэн нь 77.1 хувьтай байгаагаас нь дөрвөн үндсэн чиглэлээ хангаж ажлаагүй нь харагдаж байна..” гэж тайлбарлаж байгаа боловч борлуулалтын нягтлан бодогчийн дээрх 4 үндсэн чиглэлийн үүргийг хэдэн хувьтай гүйцэтгэсэн тохиолдолд хангалтгүй гэж үзэх, үүнийг хэрхэн дүгнэх зэрэг нь тодорхойгүй байхад түүнийг дээрх үзүүлэлтээр ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Захирлын зөвлөлийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байх боловч энэхүү шийдвэр нь хэрэгт авагдаагүй бөгөөд харин 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Эндээс үзэхэд тушаалд бичигдсэн захирлын зөвлөлийн шийдвэрийн огноо, хурлын тэмдэглэлийн огноо зөрүүтэй байна.
*** салбарын үйл ажиллагаанд 2016 оны 2 сарын 2-ны өдрөөс 5, 15-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл тус тус хяналт шалгалт хийсэн байгаа бөгөөд тус шалгалтын тайлангийн дүгнэлт хэсгийн 8 дахь заалтад ажлын байрны эмх цэгц сайжруулж, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар танхимын өрөөний цахилгаан хэрэгслүүдийн утаснуудыг далдлагчаар далдлах даалгавар борлуулалтын ня-бо Ц.Х***д өгсөн биелүүлээгүй байна гэж дүгнэсэн байгаа бөгөөд үндсэн ажил үүрэгтэй нь холбоотой зөрчил гарсан талаар тус тайланд тусгагдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх бөгөөд эдгээр зөрчил нь тус тусдаа тогтоогдсон байх нь хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад нийцнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр “***” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, мөн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, Ц.Х***г тус компанийн *** салбарын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.
Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Ц.Х***гийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 29,963 төгрөг / 589,440+589,440+753,765=1,932,645/3=644.215 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 644.215/21,5=29,963 төгрөг/ гэж тооцож, нийт 87 хоногийн хугацааны цалин 2.606.781 төгрөгийг хариуцагч *** ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Х***д олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчид нэхэмжлэгч Ц.Х***гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйт эй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч***, Б.У**** нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр В.Болормааг оролцуулах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх дараах үндэслэлээр дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт В.Б*** олгосон итгэмжлэл авагдсан боловч тус итгэмжлэлд огноо, дугаар бичигдээгүй байна. /хх-135 дугаар тал/
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т итгэмжлэлд олгосон он, сар, өдрийг заасан байх шаардлагыг хуульчилсан бөгөөд дээрх итгэмжлэл нь энэхүү шаардлагыг хангаагүй байх тул В.Б***итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй байна.
Харин тус компанийн захирлын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 389 дугаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичгээр Ч.Ч***, Б.У***нарт олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан тул шүүх хуралдаанд тэдгээрийг оролцуулж, хэргийг шийдвэрлэсэн болно.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан бөгөөд 2016 оны 04 сарын 29-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, өмгөөлөгч Ж.У*** байгуулсан бөгөөд үүний дагуу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрх, үүрэг, хэргийн материалтай танилцжээ.
2016 оны 05 дугаар сарын 06, 2016 оны 05 сарын 25, 2016 оны 06 сарын 08, 2016 оны 06 сарын 14-ний өдрүүдэд шүүх хурал товлож, шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Ж.У*** хуульд заасан журмын дагуу мэдэгдэж байсан боловч товлосон шүүх хуралдаануудад ирж байгаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-т зааснаар *** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, Ц.Х***г тус компанийн *** салбарын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч *** ХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,606,781 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Х***д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “***” ХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х*** тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 126,858 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ