| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0315/Э |
| Дугаар | 327 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 327
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт А.Цад холбогдох эрүүгийн 1918004430346 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт А.Ц /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “.........” ХХК-нд дамжлагын ажилтан ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч А.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэртээ эхнэр С.Чг бусадтай хардаж, хэл амаар доромжилж улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Цын өгсөн: Урд өдөр нь буюу 6 дугаар сарын 15-нд манай эхнэрийн төрсөн өдөр нь болсон. Би гэртээ юм бэлдсэн байсан боловч утсаа авахгүй байсан. Шөнө 2 цагт ирэхэд нь юм хэлээгүй. Маргааш нь эхнэр хоол хийж байхад нь толгой руу нь цохисон гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч С.Чгийн өгсөн: Манай нөхөр А.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өглөө намайг унтаж байхад миний ар нуруу хэсэг рүү өшиглөөд “пизда минь ажилдаа яваач” гэж хэлсэн. Урд өдөр нь би төрсөн өдрөө тэмдэглээд шөнө 01 цаг болж байхад гэртээ ирсэн учраас тийм үйлдэл гаргасан юм болов уу гэж бодсон. Тэгээд би босоод ажилдаа яваад орой гэртээ ирээд хоол хийх гээд гурил хэрчиж байхад манай нөхөр 19 цаг өнгөрч байхад согтуу ирээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. А.Ц нь “янхан, гичий, төрсөн өдрөө тэмдэглэх гэж яваад буудалд хэвтэж байгаад ирсэн үү? Гуанзныхаа үүдэнд зогсдог залуутай явдаг уу чи?” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан, би дуугүй л байсан. Тэгсэн гэнэт миний толгойн ар хэсэг дагз руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ?” гэхэд “чи муу угаасаа тархины өвчтэй, сэтгэцийн өвчтэй биз дээ?” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч С.Эгийн өгсөн: ...сүүлд 2019 оны 6 дугаар сарын 16-ны орой “урьд өдөр нь төрсөн өдрөө тэмдэглээд янхандаж, банзалдаж яваад ирсэн” гээд толгой тархи руу нь цохиод шөнөжин чимхээд базаад унтуулаагүй гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Шинжээч Д.Туяагийн өгсөн: ...С.Чг би өөрийн биеэр нь үзсэн. Үзлэгийн үед тархи доргилтын шинж илэрсэн. Уналт таталт өвчтэй хүн байнга тархи доргилттой байна гэсэн ойлголт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Шүүгдэгч А.Цын яллагдагчаар өгсөн: ...тэгээд эхнэр 21 цаг болж байхад гэртээ ирсэн. Би унтаж сэрээд архи уучихсан байсан болохоор төрсөн өдрөөрөө оройтож ирснийг нь хэлж эхнэртэй маргалдсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орох гээд гарахдаа эхнэр гурил хэрчиж байхад нь толгой руу нь нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаартай “С.Чгийн биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,
Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэрэг 5 оноо буюу бага гэх үнэлгээ /хх-ийн 30-31/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.Цын согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 2 дугаар гудамжны 31 тоот гэртээ эхнэр С.Чг бусадтай хардаж, хэл амаар доромжилж улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Чгийн биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч А.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч А.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, “Мах сервис” ХХК-нд дамжлагын ажилтнаар ажилладаг болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, “Мах сервис” ХХК-ийн 19 дугаартай албан бичиг /хх-ийн 37/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.
Шүүгдэгч А.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Ц нь эрхэлсэн тодорхой ажилтай боловч ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, түүний эхнэр С.Ч нь хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай зэрэг нөхцөл байдал, бусад орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Аийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Цад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР