Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01181

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 79,163,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч ******** (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 онд бартерын байр зарна гэх зарын дагуу ******** гэх хүнтэй уулзсан. ******** нь ******** ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан. ******** ХХК, ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Бартераар барилгын материал худалдах, худалдан авах тухай нийт тэрбум гаруй төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу бартерын бараа материалыг ******* ХХК-д нийлүүлэх, зөрүүлээд 400 гаруй метр квадрат байрыг Тэнүүн хотхонд баригдаж буй барилгаас авах, цааш худалдан борлуулах эрхийг ******* гэдэг хүнээс ******** авсан гэдэг. ********тэй тохиролцсоны дагуу 2 удаагийн гүйлгээгээр нийт 54,533,000 төгрөгийг түүний дансруу шилжүүлсэн.

Хариуцагч ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Гэрээний 1.3-т төлбөр төлөх нөхцөл хэсэгт гадна фасадны хэсгийг 100 хувийн бартераар тооцож, ******** ХХК-аас шилжүүлж байгаа гэдэг заалтыг тусгасан.

Гэвч тухайн байр нь 2019 онд гэрээ байгуулагдаад *******гэдэг хүнд зарагдсан бөгөөд гэрээний дагуу байраа авч чадахгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээнээс татгалзаж, гэрээний 1.3-т заасан нийт үнэ болох 76,015,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн уг орон сууцны төлбөрийг бүрдүүлэхийн тул бусдаас зээлсэн 25,000,000 төгрөгийн зээлийн хүү 3,148,420 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцон нэхэмжилж байна.

Иймд хариуцагч ******* ХХК-аас гэрээний үнэ 76,015,000 төгрөг, хохирол 3,148,420 төгрөг, нийт 79,163,420 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Орон cууц захиалгын гэрээ давхацсан ба өмнө байгуулсан гэрээ хучин төгөлдөр байгаа. ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оноос орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэж, тус компанийн гүйцэтгэх захирал ******* нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орон *******тэй №086 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, тус гэрээний дагуу 607 тоот 32,6 м.кв талбайтай орон сууцыг 32,600,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан 607 тоот орон сууц нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн *******тэй гэрээ байгуулагдаж, төлбөр нь 100 хувь төлөгдсөн захиалгын гэрээтэй давхацсан байна.

******* миний бие 2019 онд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч байх үедээ барилга угсралтын үйл ажиллагаа эхлүүлж, захиалагч нартай гэрээ байгуулж байсан боловч 2021 онд компанийн хувьцаа эззмшигч өөрчлөгдөж, компанийн гүйцэтгэх захирлаар хувьцаа эзэмшигч ******* ажиллаж эхэлсэн. ******* нь компанийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж, туслан гүйцэтгэгч нар болон орон сууц захиалагч нартай гэрээ байгуулах ажлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөх, компанийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэх үйл ажиллагаанаас шалтгаалан зарим захиалагчийн мэдээллийг дутуу хүлээн авсан нь энэхүү орон сууцыг ******** ХХК-д бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон олгох гэрээ байгуулах, цаашлаад бартерын ажил гүйцэтгэгчийн хүсэлтээр иргэн *******той гэрээ байгуулах шалтгаан нөхцөл болсон байна. Захиалагч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу хамгийн анх захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг 100 хувь төлж, одоогоор орон сууцыг бодитоор өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул тус орон сууцыг *******од олгох боломжгүй болно.

Нэхэмжлэгч *******той байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №90 дугаартай орон cууц захиалан бариулах гэрээний төлбөр төлөгдөөгүй.

******* ХХК нь ******** ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, ерөнхий менежер ******** нартай харилцан тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ******** ХХК нь 600,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр, 200,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг, 200,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтанг буюу нийт 1,000,000,000 төгрөгийн барилгын материалыг худалдах, ******* ХХК нь нийт 434.78 м.кв орон сууцны талбайг захиалгын гэрээгээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Ингээд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцуулах агуулга бүхий орон сууц захиалгын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******** ХХК-тай байгуулахад 606 тоот орон сууц тус гэрээнд тусгагдсан байдаг.

Талуудын хооронд бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээ, бартерын төлбөрт тооцуулах орон сууц захиалгын гэрээ байгуулагдсанаас хойш худалдагч ******** ХХК нь орон сууцны захиалгын гэрээнийхээ эрхийг бусдад шилжүүлж өгнө үү гэх албан бичгүүдийг ирүүлж, гэрээнд заасны дагуу худалдах барилгын материалуудаа одоо нийлүүлэх гэж байна, захиалгын гэрээний эрхээ бусдад худалдаад тухайн санхүүжилтээрээ бараагаа нийлүүлнэ гэх тайлбарыг гаргаж байсан тул ******* ХХК-ийн зүгээс тус компанийн хүсэлтийн дагуу 607 тоот орон сууцанд нэхэмжлэгч *******той орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч тус орон сууц захиалгын гэрээний дагуу манай компанид нэг ч төгрөгийн төлбөр төлөгдөөгүй, бартераар бараа материал худалдана гэсэн боловч орон сууцны үнийн дүнд нийцэх бараа материал бэлтгэн нийлүүлээгүй болно.

******* ХХК нь бартерын орон сууцыг тухайн туслан гүйцэтгэх, барилгын материал бартераар худалдагч компаниас худалдан авч байгаа иргэдэд тус мэдээллийг нээлттэй мэдэгдэж, энэ орон сууцыг ийм гэрээний дагуу ******** ХХК нь бартераар авсан, манай компани бол бартерын төлбөрт орон сууц шилжүүлж байгаа, бартерын ажил хийгдсэн, бараа материалыг манай компанид нийлүүлснээр төлбөр төлөгдсөн тооцогдоно гэх талаар гэрээ байгуулагч иргэдэд байнга мэдэгдэж байсан. Тийм ч учраас орон сууц захиалгын гэрээний 1.3 дахь хэсэгт төлбөр төлөх нөхцөлийг тусгахдаа гадна фасадны хөөсний 100 хувь бартераар тооцож, ******** ХХК-аас шилжүүлж байгаа гэх талаар тодорхой тусгасан байдаг.

Гэтэл орон сууц захиалгын гэрээний төлбөрийг бартерын барилгын материалаар төлөх ёстой ******** ХХК нь гэрээний дагуу бараа материалаа нийлүүлээгүй байж, орон сууцыг бусдад зарж, тус иргэн *******оос нэхэмжлэлд заасан 54,000,000 төгрөгийг нь компанийнхаа менежер ********ийн дансаар хүлээн авсан байгаа бөгөөд иргэн *******той байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу ******* ХХК-д нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй болно.

Мөн нэхэмжлэгч ******* нь анхнаасаа шууд ******* ХХК-тай харилцаагүй, бартерын байрыг ******** ХХК-аас худалдан авах гэж байсан, тус компани нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд захиалгын гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй талаар мэдэж байсан болох нь нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой тусгагдсан байна. Түүнчлэн ******** ХХК-ийн захирал *******, менежер ******** нар нь бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээний дагуу бараа материал нийлүүлээгүй мөртлөө хэд хэдэн этгээдэд орон сууц худалдан авахаар тохиролцсон, төлбөр тооцоогүй гэх байдлаар хуурч, иргэдээс төлбөрийг нь авсан байсныг тухайн төлбөрөө төлсөн гэх хүмүүсийг ирж уулзах үед нь мэдсэн байдаг. Үүний дагуу ******** ХХК-аас бартерын орон сууц худалдан авсан гэх захиалагч нарын хамтаар ******** ХХК-ийн захирал, менежер нарыг дуудаж уулзахад, манай компанид нэг ч орон сууцны төлбөрт дүйцэхүйц бараа материал нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, тухайн захиалагч гэх хүмүүсийнхээ хохирлыг өөрсдөө төлж барагдуулахаа илэрхийлж, өөрсдийн гараар бичиг хийж өгсөн ба тухайн уулзалтанд нэхэмжлэгч ******* нь ахынхаа хамтаар байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 32,720,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21,813,000 төгрөгийг тус тус ******** гэх этгээдийн дансанд шилжүүлсэн үйлдэл нь бусдад залилуулж, залилах гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй байх ба гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдлээ гүйцэтгэхдээ ******* ХХК-ийг хуурч мэхлэн, их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой гэх байдлаар хуурч итгүүлэн, захиалгын гэрээ байгуулуулан авсан гэж үзэхээр байна.

******* ХХК нь өөр захиалагчтай захиалгын гэрээ байгуулагдсан, төлбөр 100 хувь төлөгдөж, тухайн захиалагч нь орон сууцаа хүлээн авсан үндэслэлээр, нэхэмжлэгч *******той байгуулсан бартерын бараа материалыг төлбөрт тооцох зохицуулалт агуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу ******* ХХК-д орон сууцны төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу ******* ХХК-иас 54,533,000 төгрөгийг гаргуулан *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,630,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 430,615 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 20,917 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 624,267 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэлгүйгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 болон 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 54,533,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 24,630,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4.1. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар дүгнэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээг ямар гэрээ болохыг тодорхойлж, хууль хэрэглээний хувьд дүгнэж авч үзээгүй бөгөөд хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглээгүй байна. Талууд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах, Тайна 0 гудамж, 16 давхар орон сууцны 607 тоот, 33,05 м.кв, нэг өрөө, 76,015,000 төгрөгийн нэрлэсэн нийт үнийн дүн бүхий орон сууцыг бартерын хэлбэрээр шилжүүлэх, хариуцагч нь орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, ашиглалтад орсон үед нь орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг болон орон сууцыг шилжүүлэн өгөх хэлбэрээр худалдах үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан бөгөөд нэгэн зэрэг, давхар гэрээ байгуулсан нөхцөлд давуу эрхийн асуудал зөвхөн худалдан авагч нарын хооронд л байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн эсэх нь чухал асуудал болно. Хавтаст хэрэгт тус маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх шилжсэн эсэх ямар нэгэн баримт авагдаагүй бөгөөд шүүхээс ямар нэгэн тодруулах ажиллагаа хийгдээгүй.

Түүнчлэн, ******* ХХК болон ******** ХХК нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байсан. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэлд ... ******* ХХК болон ******** ХХК нарын хооронд бартерын гэрээтэй байсан. ******* ХХК нь захиалан бариулж байгаа төсөл хэрэгжүүлэгч компани. Харин ******** ХХК нь туслан гүйцэтгэгч бараа нийлүүлэгч юм. ******* ******** ХХК-д бэлэн мөнгө өгсөн тул *******ын өмнөөс төлж байгаа. 1 тэрбум төгрөгийн бартерын гэрээ хийгээд үүнээс нэг байрыг миний бие *******од, н.******* надад зарж борлуулах эрх өгсөн байсан гэв., даргалагчаас Төлбөрөө 100 хувь төлсөн үү гэхэд, гэрчээс Тийм гэж хариулсан.

Тиймээс ******* ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан 76,015,000 төгрөгийг буцаан авах үндэслэлтэй байна. Учир нь шүүхээс талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг салгаж авч үзэлгүйгээр шууд дүгнэлт хийсэн. Анх дээр дурдсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа ******* ХХК болон ******** ХХК нарын хооронд үүссэн, тус гэрээгээр хүлээх үүрэг гагцхүү талуудын хооронд үүссэн. Харин нэхэмжлэгч нь ******** ХХК-д гадна фасадны хөөс нийлүүлэх үүргээ гүйцэтгэсний хариуд маргаан бүхий орон сууцыг шилжүүлж авахаар тохиролцож, орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий ******* ХХК-тай гэрээг байгуулсан. Иймээс гэрээний үүргийн зөрчил илэрсэн учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа.

Гэрээнээс татгалзсаны үр дүнд өгсөн, авснаа буцаах үүрэг үүсч байгаа бөгөөд Бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээ гүйцэтгэсэн ******** ХХК нь маргаан бүхий орон сууцны үнийг 100 хувь төлсөн бөгөөд түүний шаардах эрхийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дүнг шаардах эрхтэй байна.

4.2. Хохирол буюу зээлийн хүүнд төлсөн 3,148,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч талаас хохиролд буюу зээлийн хүүнд төлсөн 3,148,420 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд тухайн учирсан гэх хохирлыг баримтаар нотлоогүй, тухайн шаардлагыг нотлохоор хэрэгт гаргаж өгсөн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгч нь тухайн зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг эх хувиар нь, банкнаас гаргасан хувилбараар нь тамга тэмдэг бүхий баримтуудыг өгснийг шүүхээс үндэслэлгүйгээр үнэлээгүй байна.

Тухайн нотлох баримтад орон сууцыг авахад нэхэмжлэгчийн эцэг, эх нь Хас банк-наас зээл авсныг нотлох бөгөөд, дансны хуулга нь зээл авсан даруйдаа нэхэмжлэгчид илгээсэн нь орон сууцны үнийг шилжүүлэх үетэй давхацна. Тиймээс тухайн зээлийн хүү нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч талуудын хооронд хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан. Мөн гэрээ хэрэгжих боломжгүй болсон учраас өгсөн, авсан зүйлээ буцаах харилцаа үүссэн гэх байдлаар тайлбарласан. Анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт гаргасан. Шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Нэг үл хөдлөх эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдан борлуулсан тохиолдолд эзэмшил болон өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэний хуульд тодорхой зохицуулсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан. Нэг эд хөрөнгийг хоёр этгээдэд зэрэг шилжүүлэх боломжгүй учраас үр дагаврыг хэрхэн арилгах талаар зохицуулсан болохоос зэрэг худалдан борлуулна гэсэн ойлголт биш. Үл хөдлөх эд хөрөнгийг 2019 онд бусдад худалдан борлуулж төлбөр нь төлөгдсөн нөхцөл байдлыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримт нь шаардлага хангаагүй учраас шүүх дүгнэлт хийх боломжгүй гэх агуулгаар дурдсан. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ёстой. Гэтэл хуулийн этгээдийн буюу гэрээ байгуулсан хуулбар үнэн тэмдэгтэй гэрээг хэрэгт гаргаж өгсөн. Хуулийн этгээдийн хуулбар үнэн тэмдэгтэй гэрээг нотариат давхар баталгаажуулах ёстой. Энэ журмыг өөрөөр тайлбарлаж байгаа нь буруу байна. Хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учраас баримтыг үнэлээгүй талаарх шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагаас 54,533,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг хангаагүй гэж үзэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан, тухайн бичгээр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгах талаар шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******оос болон өөрийн гэрээ байгуулсан харилцагч ******** ХХК-аас нэг ч төгрөгийн, нэг ч бараа материалын төлбөр аваагүй атлаа *******оос ********д шилжүүлсэн 54,533,000 төгрөгийн төлбөрийг хариуцах шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

*******оос шилжүүлсэн 54,533,000 төгрөгийг өөрийн дансанд хүлээн авсан ******** нь тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мөнгийг өөрийн дансанд хүлээн авсан талаараа, юунд хэрхэн зарцуулсан талаараа огт мэдүүлэхгүйгээр: ...******** ХХК нь 120,000,000 төгрөгийн бараа нийлүүлсэн, ... 33.05 м.кв 1 өрөө байрыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлж *******од өгөхөөр акт үйлдсэн гэж мэдүүлгийг өгч, үүнийг шүүх нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс 4 ширхэг бараа бүтээгдэхүүний зарлагын баримтыг нотлох баримтаар гарган өгсөн ба тухайн баримтууд нь Санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн этгээд нь тодорхойгүй, хүлээн авагч нь ******* компанийг гэж тодорхойлсон боловч тус баримтад ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, компанийн болон санхүүгийн тэмдэг дарагдаагүй, Бараа, эд зүйл хүлээн авагч гэх хэсэгт мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан ********ийн гарын үсэгтэй байхад шүүх дээрх хууль бус нотлох баримтыг үнэлж 61,600,000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн гэх дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нар нь ******* ХХК болон ******** ХХК-ийн хооронд байгуулагдсан бартерын гэрээний эрх үүргээс хамаарч, ******** ХХК-ийн хүсэлтээр иргэн *******той гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд бодитоор нэхэмжлэгч *******оос нэг ч төгрөгийн төлбөрийг хүлээн аваагүй.

Нэгэнт нэхэмжлэгч ******* нь бартерын орон сууцыг худалдан авч байгаа талаараа мэдэж, бартерын ажил хийж буй ******** ХХК-тай харилцан тохиролцож, орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэн авах, өөрөөр хэлбэл тус компанийн эрхийг авч байгаа учраас тухайн этгээдийн хүлээх үүрэг нь биелэгдэх боломжтой эсэх, биелэгдсэн эсэх, хэзээ бартерын үүрэг биелэгдэх талаар тодруулах, тухайн бартерын үүрэг гүйцэтгэсэн этгээдийг үүргээ гүйцэтгэхийг шаардах, үүнээс үүсэн гарах эрсдлийг тооцоолох, үр дагаврыг хариуцах нь нэхэмжлэгч *******ын эрх, үүрэгт хамаарч байна. Харин захиалагчийн төлбөрт төлөх энэ үүрэг огт биелэгдээгүй болох нь ******** ХХК-ийн захирал *******ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн компанийн тамга тэмдгийг дарж, өөрийн гарын үсгээр баталгаажуулсан талуудын хооронд төлбөр тооцоо байхгүй, асуудал гарвал миний бие өөрөө хариуцна гэх, мөн өдрийн компанийн тамга тэмдгийг дарж, өөрийн гарын үсгээр баталгаажуулсан ... ******* ХХК-тай тооцоо нийлж авлагагүй гарсан учир өөр этгээдтэй байгуулсан захиалгын тооцоог өөрөө хийх, ... ******* ХХК ямар ч байрны өглөггүй болно гэх баримтууд болон ******* ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******** ХХК-д хүргүүлсэн гэрээ цуцлах, дуусгавар болгох мэдэгдэл зэрэг нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ бол хоёр оролцогчтой, ажил гүйцэтгэгч, захиалагч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулж, зөвхөн тухайн гэрээний оролцогч нарт л эрх, үүрэг хүлээлгэсэн гэрээ байдаг. Гэрээний 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөрийг 100 хувь бартераар төлөх, 1.3 дугаар зүйлийн 8 дахь мөрөнд бартерыг ******** ХХК-аас хүлээн авах талаар тусгагдсан байгаа боловч энэхүү гэрээ нь ******** ХХК-д үүрэг хүлээлгэсэн гэрээ биш, тухайн компани нь үүргээ гүйцэтгэж байж л, захиалагчийн төлбөр төлөх үүрэг төлөгдсөнд тооцогдох талаар нэхэмжлэгч бүрэн ойлгож, мэдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* нь төлбөр гэх 54,533,000 төгрөгийг ******* ХХК-д өгөөгүй, ******* ХХК-ийн бартерын гэрээ байгуулсан харилцагч ******** ХХК-д төлөөгүй байна. ******** нь ч тухайн мөнгийг ******** ХХК-д шилжүүлсэн, эсхүл эд зүйл өгсөн гэх баримт хэрэгт байхгүй байна. Хэрэв гэрч ********ийн хэлсэн шиг талууд харилцан тохиролцож, тооцоо нийлж, *******ын гэрээ байгуулсан орон сууцны захиалгын төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзсэн бол Орон сууцны захиалгын гэрээний төлбөр тооцоо дууссан албан тоот, эсхүл баримт үйлдсэн байх шаардлагатай. Мөн гэрч ******** мэдүүлдэг тооцоо нийлсэн акт үйлдсэн гэдэг, *******од байр өгөхөөр болсон гэдэг. Гэтэл энэ хэрэгт орон сууц захиалгын гэрээний төлбөр төлөгдсөн гэх нэг ч баримт байдаггүй, тооцоо нийлсэн акт байдаггүй, төлбөр тооцоо дуусгавар болсон гэх албан тоот байдаггүй. ******* ХХК нь анхнаасаа нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй гэдгээ тайлбарладаг. Үүнийгээ нотолж, өөрийн харилцагч байгууллага болох ******** ХХК-ийн захирал *******ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн баримтуудыг гарган өгсөн байхад эдгээр баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч компани мөнгийг аваагүй, энэ талаар зөвхөн гэрчийн мэдүүлэг төдий зүйл байгаа гэж дурдсан. Уг хэргийг өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж анхан шатны шүүхэд буцаахдаа ******* ХХК болон ******** ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сард байгуулагдсан 1,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй бартерын гэрээний нөхцөл хийгдсэн, шууд 70,000,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байгаа учраас энэ талаарх тайлбар, нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэх үндэслэлийг заасан. Хариуцагчийн зүгээс татгалзалтай холбоотой 3 гол баримтыг хэргийн 75, 76, 77 дугаар талд гаргаж өгсөн. ******** ХХК-ийн захирал ******* нь өөрөө гараар бичсэн, төлбөр тооцооны харилцаа дууссан, н.******** гэх хүнтэй холбоотой 76 дугаар талд авагдсан баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан бартерын гэрээний төлбөр тооцооны асуудлыг би өөрөө хариуцаж барагдуулна гэсэн нь төлбөр тооцооны харилцаа дууссан болохыг харуулна. Мөн хэргийн 77 дугаар талд ******* ХХК-аас ******** ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл авагдсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний хөөсөнцрийг нийлүүлж манай талбай дээр бууснаар гэрээний харилцааг дуусгавар болгож 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгосон үйл баримтаас үзэхэд 1,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй хийсэн 200,000,000 төгрөгийн хөөсөнцрийг ******* ХХК нь хүлээж авсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдаж, 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ******* нь бартерын төлбөрийг төлж орон сууцыг шилжүүлж авсан. 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 2 бартерын гэрээний харилцаа дуусгавар болсон. Өмнө нь гаргаж өгсөн баримтууд нь тухайн гэрээнээс хойшхи гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр төлөхгүй болохыг илэрхийлсэн. Бараа авсан, барааны бартерт орон сууц өгөхөөр тохиролцсон. Бартерын гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх хангасан боловч ******* ХХК байж боломгүй хариу тайлбарыг ирүүлж гэрээний хуулбарыг өгсөн. Гэрээ цуцлагдсаны дараа өөрт байсан 1 эх хувийг нөгөө талдаа өгсөн гэх байдлаар тайлбарлаж хуулбар гаргасан. Гэрээнд зааснаар 1,000,000,000 төгрөгийн бараа материал хүлээлгэж өгнө, орон сууцыг урьдчилан хүлээлгэж өгөөд дараа нь бараа материалууд нийлүүлэгдэнэ. Өөрөөр хэлбэл хөөсөнцөр нийлүүлэгдсэн байх магадлалтай, нийлүүлэгдсэн хугацаанд бартерын орон сууцыг авсан. 2021 оны 11 сараас хойш өөр этгээдүүд худалдсан бол гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудал яригдах ёстой. Мөн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй. Тухайн үед 100,000,000 гаруй төгрөгийн бараа нийлүүлсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч *******ын орон сууцны гэрээ хийгдсэн гэж мэдүүлсэн учраас *******ын байртай холбоотой төлбөр төлөгдсөн болохыг тодорхой дурдсан. Манайх нэг ч төгрөг аваагүй, талуудын хооронд ямар ч баримт байхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 79,163,420 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч уг орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсан буюу гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ болох 76,015,000 төгрөгийг гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 3,148,420 төгрөгийн хамт гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч компанийн удирдлага солигдсонтой холбоотойгоор тухайн орон сууцыг өөр этгээдэд худалдсан байсныг мэдэлгүйгээр нэхэмжлэгч *******той давхар гэрээ байгуулсан тул орон сууцыг олгох боломжгүй, ******** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу барилгын материал нийлүүлснээр орон сууцны үнийг төлсөнд тооцохоор тохиролцсон боловч тус компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, тухайн орон сууцны төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.

 

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч, талуудын хооронд үүссэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, зохигчийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, хариуцагчийг нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, ******* тоот, 33.05 м.кв орон сууцыг барьж захиалагч буюу нэхэмжлэгч *******ын эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний төлбөр төлөх нөхцөлийг гадна фасадны хөөсний 100 хувь бартераар тооцож ******** ХХК-аас шилжүүлж байгаа бөгөөд нийт 76,015,000 төгрөг төлсөн талаар дурджээ. /хх-ийн 8-14/

 

5. Гэрээний агуулга, зорилгоос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5.2. Хариуцагч ******* ХХК нь ******** ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******** ХХК нь барилгын материал нийлүүлэх, хариуцагч ******* ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулсан орон сууцнаас төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон талаар талууд тайлбарласан.

Дээрх тохиролцооны дагуу ******** ХХК нь хариуцагч ******* ХХК-аас төлбөрт тооцон авах орон сууцыг нэхэмжлэгч *******од худалдахаар тохиролцсоны дагуу зохигч 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь орон сууцны үнэд нийт 54,533,000 төгрөгийг ******** ХХК-ийн ажилтан ********ийн дансаар шилжүүлсэн байна. /хх-ийн 17, 18/

 

5.3. Хэргийн 77 дугаар талд авагдсан хариуцагч ******* ХХК-аас ******** ХХК болон ******* ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд ... манай компани нь танай компанитай хийсэн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн гэрээ нь хөөс манай барилгын талбайд бууснаар дуусгавар болж 2021 оны 11 сарын 31-р тасалбар болж гэрээ цуцлагдсан болно. ... гэж дурдсан,

 

гэрч ******** нь ... 1,000,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 120,000,000 төгрөгийн бараа нийлүүлсэн байдаг. *******од 33.05 м.кв 1 өрөө байрыг ******* ХХК-тай захиалгын гэрээ байгуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлж *******од байрыг өгөхөөр акт үйлдсэн. ..., 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдлээс өмнө *******од байрыг өгөх талаар ярилцаж тохирсон зүйл байсан уу гэхэд байсан гээд, Тухайн өдөр тооцоо хийгээд бараа материал нийлүүлээд 100,000,000 гаруй төгрөгийн хөөсөнцөр нийлүүлсэн. *******ын байранд 76,015,000 төгрөг болж, байрыг нь өгнө гээд тухайн үед байсан захирал нар зөвшөөрсөн гэж мэдүүлсэн,

 

хариуцагч ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариу тайлбартаа ... компанийн эрхийг шилжүүлэх үйл ажиллагаанаас шалтгаалан зарим захиалагчийн мэдээллийг дутуу хүлээн авсан нь энэхүү орон сууцыг ******** ХХК-д бартераар барилгын материал худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон олгох гэрээ байгуулах, цаашлаад бартерын ажил гүйцэтгэгчийн хүсэлтээр иргэн *******той гэрээ байгуулах шалтгаан нөхцөл болсон ..., ******** ХХК нь орон сууцны захиалгын гэрээнийхээ эрхийг бусдад шилжүүлж өгнө үү гэх албан бичгүүдийг ирүүлж, гэрээнд заасны дагуу бараагаа нийлүүлнэ гэх тайлбарыг гаргаж байсан тул хүсэлтийн дагуу 607 тоот орон сууцанд нэхэмжлэгч *******той захиалгын гэрээ байгуулсан ... гэх тайлбарыг гаргасан,

 

талуудын байгуулсан гэрээний 2.2-т нийт төлсөн дүн 76,015,000 гэж тусгасан зэргийг харьцуулан дүгнэхэд, хариуцагч ******* ХХК болон ******** ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын материал худалдах, худалдан авах гэрээ тодорхой хэмжээнд хэрэгжсэн, үүнийг хариуцагч компани хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч *******той захиалгын гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ******** ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцны төлбөр төлөгдөөгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй.

 

5.4. Маргаан бүхий Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, 607 тоот орон сууц нь иргэн *******ийн өмчлөлд шилжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 76,015,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг буцаан өгөх буюу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг үүсдэг.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа орон сууцны үнийг гэрээнд 76,015,000 төгрөг гэж тусгасан тул энэ хэмжээнд шаардана гэх боловч нэхэмжлэгчийн төлсөн үнийн дүнгийн хэмжээ 54,533,000 төгрөг байх тул уг үнийн дүнг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

5.5. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг бүрдүүлэхийн тулд бусдаас зээл авч, зээлийн хүүнд 3,148,420 төгрөг төлж хохирсон, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол гаргуулна гэж шаардсан. Гэвч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор *******, ******* нарын Хас банк ХК-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, *******гийн мөн Хас банк ХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, дансны хуулга зэргийг хэрэгт хавсаргасан байх боловч зарим баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна нэхэмжлэгч *******ыг 3,148,420 төгрөгийн зээлийн хүү төлж, хохирсон гэж үзэх үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. Иймд, нэхэмжлэлийн үнийн дүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг мөн хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 54,533,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,630,420 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 281,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 432,768 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ