Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 328

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч О.Уь,

Шүүгдэгч Н.Мэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Нийн Мэд холбогдох эрүүгийн 1918004900357 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Нийн Мэ /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “...........” ХХК-нд гэрээт жүжигчнээр ажиллаж байгаа гэх, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Мэ нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Уийг “чи намайг унтаж байхад сэрээх гэж хүүхэд уйлууллаа” гэж маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын шуу, зүүн гуя, шилбэн дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Мийн өгсөн: Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Хохирогч О.Уийн өгсөн: Шүүгдэгч нь миний хүүхдийн эцэг. Ямар нэгэн санал гомдол байхгүй. Шүүгдэгчийн өшиглөсөн талд нь өвчтэй байгаа. Ямар ч гэсэн бариачид бариулсан. Цаашид шүүгдэгчид нэг удаа боломж олгоно гэж бодож байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч О.Уийн өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Мэ унтаж байхад би хүүхдээ усанд оруулаад биеийг нь тослоод хөлд оруулагч дээр нь суулгачхаад гараа угааж байтал манай хүү уйлсан. Тэгтэл Мэ босож ирээд хүүхдээ аваад “яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм бэ?” гэхээр нь би “гараа угаачхаад усанд оруулсан юмнуудаа хураачхаад авах гэж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Мэ “чи намайг унтаж байхад сэрээх гэж уйлуулсан юм уу?” гээд бид 2 маргалдсан. Тэгээд Мэ ээжтэйгээ утсаар ярьснаа явна гэхээр нь би “юу гэж явдаг юм бэ?” гэхэд Мэ уурлаад миний хөл рүү 2 удаа өшиглөөд намайг түлхээд толгой руу нэг удаа алгадахад манай дүү Гь гарч ирээд салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Гэрч М.Цийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажил дээр байхад манай бага охин Гь утсаар залгаад “Уь эгчийг нөхөр Мэ нь зодоод байна” гэхээр нь би гэртээ яваад очиход манай охин Уь уйлаад ширээний ард сандал дээр суучихсан, Мэ хүүхдээ тэврээд зогсож байсан. Тэгээд би Уийн толгойг барьж үзэхэд ар талаараа хавдсан, хөл гар нь хөхөрсөн байсан. Тэгээд би Мээс юу болсон талаар асуухад “хүүхэд уйлуулаад маргалдсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч О.Гийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Уь эгч гадаа чангаар “чи яагаад байгаа юм бэ хөөе?” гэж хэлэхээр нь би цонхоор харахад Мэ нь Уь эгчийн нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би гадаа гарахад Уь эгчийн хөл, нүүр шанаа хавьцаа улайчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч О.Нийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дүү Гь утсаар залгаад “Уь эгчийг Мэ зодоод байна. Та ээжийг дагуулаад ир” гэж хэлэхээр нь гэртээ очиход Уь эгч уйлчихсан зүүн хөлийнх нь шилбэ, гуя нь хөхөрчихсөн байсан. Мээс юу болсон талаар асуухад “би цохичихсон юм” гэхээс өөр үг хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Шүүгдэгч Н.Мийн яллагдагчаар өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Уь хүүгээ усанд оруулчхаад миний хажууд тавихад хүү уйлаад байхаар нь би босоод “хүүхдээ уйлуулаад байхдаа яадаг юм бэ?” гээд уурласан. Тэгтэл Уь хүүгээ хамт усанд оруулсангүй гээд уурлаад байсан. Тэгээд бид 2 маргалдаад би “хүүгээ дандаа уйлуулах юм. Хүүгээ ав л даа” гээд Уийн шилбэ рүү 2 удаа өшиглөөд, баруун талын мөр лүү нь гараараа нэг удаа цохиход Гь ирээд салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэрэг 2 оноо буюу бага гэх үнэлгээ  /хх-ийн 9-10/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 571 дугаартай “О.Уийн биед тархи доргилт, баруун гарын шуу, зүүн гуя, шилбэ дэх цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. О.Уийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж, бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа байнгын шинжтэй үйлдлийг ойлгоно.

Хэдийгээр шүүгдэгч Н.Мэ, хохирогч О.Уь нар нь хамтран амьдардаг, өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байгаа боловч шүүгдэгч Н.Мийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Уьтай “чи намайг унтаж байхад сэрээх гэж хүүхэд уйлууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын шуу, зүүн гуя, шилбэн дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн гишүүдийн үл ойлголцол, ахуйн шинжтэй маргаанаас үүдэлтэй нэг удаагийн үйлдэл байна.

Иймд шүүгдэгч Н.Мийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Уийн биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Н.Мэ нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Мэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.Мэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч Н.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Мийн ажил эрхлэлттэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б овогт Нийн Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР