| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00849/и |
| Дугаар | 993 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00849/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, ** тоотод оршин суух Ц.С***/РД: ****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг, ** /нийтийн байр/ тоотод оршин суух Н.Г*** /РД: ****/-д холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С***, хариуцагч Н.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Г***тэй 2005 онд танилцан, гэр бүл болсон. 2007 оны 10 сарын 15-ны өдөр охин С.Н*** төрсөн. Гэрлэлтийн бүртгэлээ 2008 онд албан ёсоор хийлгэсэн. Н.Г*** нь танилцсан үеэс л архи уудаг байсан. Архи уусан үедээ агсам тавьж, зоддог байсан. Иймээс 2012 оноос би охиноо аваад Улаанбаатар хотруу явсан. Түүнээс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Охин маань надаар овоглодог боловч эцэг нь Н.Г*** мөн. Би одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин С.Н***ийг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2005 онд танилцан, 2007 онд охин С.Н*** төрж, 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн нь үнэн. Хардалтаас болж хэрүүл маргаан гардаг байсан боловч би Ц.С***д гар хүрдэггүй байсан. Бид 2012 оноос тусдаа амьдрах болсон. Охин маань ээжтэйгээ явсан. Би 2014 оноос өөр хүнтэй хамтран амьдарч байгаад энэ оны 3 сараас салсан. Одоо нэгэнт энэ хүн өөр хүнтэй болсон болохоор гэрлэлтээ цуцлуулахгүй гэх зүйл байхгүй. Иймээс гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо өөр дээрээ авах хүсэлттэй байгаа боловч охин маань над дээр нэг их удаан байгаагүй болохоор ээжийнхээ талд байсан нь дээр байх. Охин маань ээжээрээ овоглож гэрчилгээ авсан. Гэхдээ миний хүүхэд мөн тул маргаан байхгүй. Миний бие саяхан ажилд орсон, 2017 он хүртэл зээлтэй байгаа бөгөөд одоогоор хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна. Зээлээ дууссаны дараагаас хүүхэддээ тэтгэлэг төлмөөр байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С*** нь хариуцагч Н.Г***ээс гэрлэлтээ цуцлуулж, 1 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Ц.С***, Н.Г*** нар нь 2006 оны 05 сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 12 сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2007 оны 10 сарын 15-ны өдөр охин С.Н***ийг төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 04 сарын 24-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г-1225 дугаартай С.Н***ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Ц.С***, Н.Г*** нар нь 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон, гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Мөн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд талууд хандаж, эвлэрүүлэх ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэх боломжгүй үндэслэлээр тус ажиллагааг дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан 2015 оны 04 сарын 24-ний өдрийн ****** дугаартай эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ дахин авах шаардлагагүй гэж үзлээ.
Охин С.Н*** нь эх Ц.С***ор овоглон төрсний бүртгэлийн гэрчилгээ авсан байгаа боловч тухайн үед зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байсан хүүхдийн төрсөн эцэг мөн гэдгээ хариуцагч Н.Г*** хүлээн зөвшөөрч байх тул гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар С.Н***ийн эцэг Н.Г*** мөн болохыг тогтоож, зохигчид охин С.Н***ийг эх Ц.С***асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин С.Н***ийг эх Ц.С***асрамжид үлдээж, эцэг Н.Г***ээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Г*** нь одоогоор зээлийн төлбөртэй байгаа учир тэтгэлэг төлөх боломж муу байгаа гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн энэхүү тайлбарыг үндэслэн түүнийг хуулиар тогтоосон хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч Н.Г***ээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, охин С.Н***д олгох нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ц.С***/РД: ***/, Н.Г*** /РД: ***/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин С.Н***ийн төрсөн эцэг Н.Г*** мөн болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин С.Н***ийг эх Ц.С*** асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин С.Н***ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тус тус эцэг Н.Г***ээс тэтгэлэг гаргуулсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Бурмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г***ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С***д олгож, улсын тэмдэгтийн хураамжид 23,123 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ