| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2025/00170/И |
| Дугаар | 210/МА2025/01197 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01197
*******.-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04060 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******.-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ****** ХХК-д холбогдох,
299,459,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж ******* ХХК-ийн захирал ******* 2021 оны 08 дугаар сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нүүрс нийлүүлэх манай компанийн талаас урьдчилгаа төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Тухайн үед хил хаалттай байсан тул 2 тал цахимаар гэрээний төслийг танилцаж тохиролцсоны дагуу гарын үсэг зурж эхний ээлжид ******* нэг цуваа буюу 3,400 тонн нүүрсийг Эрээн хот руу илгээх, манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 680,000 юанийг 2 хувааж 2021 оны 08 дугаар сарын 06-нд 500,000 юанийг, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 180,000 юанийг тус тус ******* ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны ******* дугаар дансанд шилжүүлсэн. Манай компанийн зүгээс гэрээний үүргийн дагуу урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч ****** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор нүүрс нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул шилжүүлсэн нийт 680,000 юань буюу 299,459,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч ******* ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардсан 299,459,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх нэхэмжлэгч ******* ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж буй 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нүүрс худалдан авах гэрээ нь дээрх хамтран ажиллах гэрээтэй эрх зүйн үр дагаврын хувьд салшгүй холбоотой. Учир нь, гэрээний зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр авто тээврийн хэрэгслээр нүүрсний тээвэрлэлтийг төмөр замын Чойр өртөө хүртэл зөөвөрлөж гаалийн хяналтын нүүрсний талбайн түрээс, төмөр замаар нүүрсийг Эрээн хот хүртэл илгээх үйлчилгээний баримт бичгийн бүрдүүлэлт зэргийг хамтран гүйцэтгэх зорилготой байсан. Уг гэрээнд Өмнөговь аймгийн *******ХХК-ийн ******* нүүрс угаах үйлдвэрээс коксжсон 10,000 тонн нүүрсийг Чойр төмөр замын өртөө хүрэх зардлыг нэхэмжлэгч компани 100 хувь хариуцахаар тохирсон.
Хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 166,630,000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Гэрээнд Эрээн хот хүртэлх төмөр замын тээврийн үйлчилгээний төлбөр гаалийн татварыг тонн тутамд 260 юань байхаар тохирсон боловч худалдагчаас төмөр замын өртөө хүртэлх зардалд 630 юань болж өссөн. Энэхүү мөнгөөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах *******ХХК-ийн ******* нүүрс угаах үйлдвэрээс татахад 3 компанид нийт 480,000,000 төгрөг төлсөн ба нэхэмжлэгчийн шаардаж буй 299,459,800 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү 180,540,260 төгрөг болж байгаа.
Энэ хугацаанд манай компанийн зүгээс талбайн түрээсийн төлбөр төлөхөд хүндрэл учирч байсан бөгөөд Би Зэт Би ХХК-аас удаа дараа төлбөр хийхийг шаардаж манай вагоны ачилтыг хийлгэхгүй гэж албан бичиг ирүүлж байсан. Улмаар талбайн эзэмшигч компани дахин солигдож ******* ХХК-тай талбайн гэрээг хийж гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хийж дахиж сунгахгүйгээр тохирсон. Энэ хугацаанд нүүрс талбайд ачигдаагүй байсан. 2022 оны 07 дугаар сард ******* ХХК-ийн захирал ******* гэж хүн ирж н.******* гэх хүнтэй тохирч уг нүүрсийг ачуулах болсон гэсэн тул бид гэрээ хийж нүүрсийг ачуулах болсон. Талбайн түрээсийн төлбөрийг дараа тооцоо хийнэ гэсэн тул манай компани ******* ХХК-ийн захирал *******ыг ******* ХХК-тай холбож өгч нүүрсийг ачуулах зөвшөөрөл авсан. Энэ төлбөрийг нэхэмжлэгч компанийн захирал гэх н.*******д тооцоо нийлэх талаар удаа дараа шаардаж 2021 онд 34/22 дугаар тоотоор албан бичгийг хүргүүлж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн. Хариуцагч компанийн захирал миний бие БНХАУ-ын иргэн ******* гэх хүнийг огт танихгүй нэхэмжлэгч компанийн захирал н.******* гэх Өвөрмонгол хүн гэж өдийг хүртэл итгэж ирсэн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Хятад хүн нэхэмжлэгчийн захирал байсныг ойлголоо.
Мөн *******ХХК-ийн захирал удаа дараа ярьж нүүрсний төлбөр төлөөгүй гэж ярьж байхад миний бие н.*******тай холбогдож ийм асуудал яригдаж байна гэхэд надад хариу хэлэхдээ наад нүүрсний төлбөрийн асуудлыг би ганцаараа мэдэхгүй Хятад талдаа асуудалтай байгаа олон хүн төлбөрийн асуудалтай, удахгүй шийдэгдэнэ гэж хариулж байсан. Тэдний хооронд мөнгө төгрөгийн тооцоо гарч нэхэмжлэл гаргах шалтгаан болж гэж ойлгогдож байна. Түүнээс н.******* дээрх зардлууд манай компаниас гарсан талаар сайн мэдэж байгаа. Би, уг 3,400 тонн нүүрсийг Эрээн рүү гаргахаар вагон хөөцөлдөж Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албанд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хандахад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/008 тоотоор хариу ирүүлсэн болно. Энэ талаар н.*******д мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****** ХХК-иас 299,459,800 төгрөг гаргуулан нэхэмжпэгч ******* /91152501 MAoQUQBH4U/-д олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 192/ШШ2025/04060 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1.1. Анх БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.******* гэх хүн 2021 оны эхээр өөрийгөө Эрээн хот дахь Менгма Инпорт энд Экспорт трейд ХХК-ийн захирал гэж танилцаад манай компани Өмнөговь аймгийн *******ХХК-ийн ******* нүүрс угаах үйлдвэрээс 10 000 тн коксжсон нүүрсний гэрээ хийсэн, танай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулъя гэсэн санал тавьсаны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулснаар бидний хооронд эрх зүйн харилцаа үүссэн.
Энэхүү гэрээний 1.2-д ... А тал *******ХХК-ийн ******* нүүрс угаах үйлдвэрээс төмөр замын Чойр өртөөний гаалийн хяналтын талбайд буулгах ... тонн авто тээврийн зардлыг бүрэн хариуцана. Мөн гаалийн хяналтын талбайд буулгасан нүүрсийг хадгалах, пүүлэх, Чойр өртөөнөөс Эрээн хот хүртэл төмөр замаар тээвэрлэх болон гаалийн бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой бүх зардлыг 100 хувь санхүүжүүлнэ. А тал 10,000 тонн ... нүүрсний зардлыг тонн тутамд 260 юанаар бодож 2,600,000 юань Б талын банкны дансанд шилжүүлнэ. гэж тохирч гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулсан н.******* ковид-19 гарсан шалтгаанаар нутаг буцсан.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай компанийн дансанд 166,630 юань шилжиж ирсэн. Иймд, 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдраас эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг байрлах *******ХХК-ийн ******* нүүрс угаах үйлдвэрээс Чойр өртөө хүртэл тээвэрлэж эхэлсэн бөгөөд уг нүүрс нь коксжсон нүүрс биш угаасан нүүрс байсан.
Нийт 5 удаагийн тээвэрлэлтээр 3400 тонн нүүрсийг татаж Чойр дахь нүүрс хадгалах талбайг түрээсэлж хадгалж хамгаалж байсан. Тээвлэлтийн зардлын зарцуулалтыг компанийн дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд 74,723,575 төгрөг нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүн 440.66 юань =169,572 юань- шилжүүлсэн 166,630 юань =2,942 юань дутуу шилжүүлсэн. /2 942 юань х 440.66 нэхэмжпэгчийн ханш = 1,296,421 төгрөг / Шүүхэд гаргасан хариу тайлбарт тодорхой тусгасан болно.
Хамтран ажиллах гэрээгээр тонн тутамд 260 юань байхаар тохирсон боловч 3400 тонн х 260 юань = 884,000 юань байхаар байгаа. Эндээс гэрээнд зааснаар 884,000 юань 166,630 юань = 71,370 юань дутуу шилжүүлсэн. /Нийт зардал/
1.2Нүүрс хадгалах талбайн түрээсэлсэн зардалд 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд 480,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. Энэхүү тооцоог хариуцагч ******* ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байгаа.
2 . 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний талаар:
2.1. Энэхүү гэрээ нь дээр дурьдсан зохигчдын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээт-тэй салшгүй холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн *******ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 10,000 тн нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах *******ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрээс Говь сүмбэр аймгийн Чойр төмөр замын өртөө хүртэлх авто замын тээвэр, хадгалалт, БНХАУ-ын Эрээн хот хүртэлх төмөр замын тээвэрлэлт бусад үйл ажиллагааг зохицуулахаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Учир нь, тухайн үед ковид-19 өвчний улмаас хил хаагдаж, иргэд улс хооронд зорчих боломжгүй болсон тул нэхэмжлэгч компанийн захирал н.******* надтай ви чатаар холбогдож танай компанитай гэрээ байгуулъя, хил хаасан болохоор би очиж чадахгүй нь, танай компани хамтран ажиллах гэрээний дагуу *******компаниас манай явуулсан төлбөрөөр худалдан авалт хийгээд Эрээн рүү ачуул гэж хэлэхээр нь 3400 тн нүүрс тээвэрлээд Чойр өртөөнд нүүрс хадгалах талбайд буулгасан болохоор зөвшөөрсөн, гэрээний төсөл явуулаад л хоёр тал гарын үсэг зурсан. Учир нь, гэрээний нөхцөлд: Нүүрс худалдах, худалдан авах гэрээний Нэг Нүүрсний төрөл тоо хэмжээ болон чанар гэсэн заалтын 1.1-д Эрчим хүчний нүүрс, 1.2-т Байршил Монгол улс Өмнөговь аймаг, 1.4-т 10,000 тн, 2.1-д Гэрээний үнэ- 450 юань /тн/ Гэрээний Тав-д Төлбөр тооцоо гэсэн заалтын 5.1-д А тал Б талд нүүрс ачилт хийх захиалга өгөхөөс өмнө 3400 тн тутамд нэг удаа урьдчилан төлбөр тооцоог хийнэ.5.2 Нүүрсийг юаньд тооцдог. Эхний урьдчилгаа төлбөр юань /эхний баганад байгаа 3400 тн-ын нэг хэсгийг хоёр дахь урьдчилгаа төлбөрт оруулсан болно./ гэж тусгасан нь Хамтран ажиллах гэрээний дагуу тээвэрлэлт хийж Чойрт буулгасан нүүрсний үнийн талаар дурьдаж байна.
Гэрээний дээрх нөхцлүүдээс харахад нүүрс худалдан авах нэг удаагийн төлбөрт 3400 тн нүүрс х 450 юань = 1,530,000 юань болж байна. Гэтэл нэхэмжпэгч Худалдах худалдан авах гэрээ байгуулсаны дараа 2021 оны 08 дугаар capд 2 удаагийн гүйлгээгээр 680,000 юань манай компанийн дансан??? шилжсэн нь дансны хуулгаар тогтоогдоно.
Дээрх гэрээнүүдийн нөхцлөөс харахад гэрээний зүйл болох нүүрсний хэмжээ, худалдан авах газар, ачилт болон хүргүүлэх газар, урьдчилгаа төлбөрийн нөхцөл зэрэг нь харилцан хамааралтай эрх зүйн нэг үр дагаварт хүрэх хүсэл зоригийг талууд илэрхийлж гэрээ байгуулсан нь тодорхой байна.
Гэрээний 5.3-т заасны дагуу н.*******тай удаа дараа ви чатаар харьцаж, төмөр замаар тээвэрлэлт хаагдсаны улмаас нүүрсний талбайн түрээс төлөгдөж байгаа талаар н.*******д мэдэгдэж байсан. Мөн түүнд албан бичиг хүргүүлэх, төмөр замтай холбогдож албан бичгээр хариуг манай компанид ирүүлж байсаныг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
3 . Анхан шатны шүүхийн нотлох баримтыг үнэлсэн талаар:
3.1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх заалтыг, мөн хуулийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ...талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний нэг хэсэг нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ, энэхүү гэрээний дагуу нүүрсийг хадгалсан талбайн түрээсэнд мөнгийг зарцуулсан гэж маргасан ч дараах байдлаар үндэслэлээр үгүйсгэгдэж байна. гээд Хамтран ажиллах гэрээгээр талууд коксжсон нүүрсийг *******ХХК-ийн повер нүүс угаах үйлдвэрээс Чойр хүртэл тээвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон ... гэж дүгнэжээ.
Энэхүү дүгнэлт хамтран ажиллах гэрээгээр *******ХХК-иас 10,000 тн нүүрс тээвэрлэж Чойр хүргээд цааш нь төмөр замаар Эрээн хүртэлх бүх зардлыг 100 хувь А тал болох нэхэмжлэгч хариуцахаар гэрээнд тусгасан байгааг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй.
Мөн ... гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа нүүрс худалдах, худалдан авах гэрээнээс өөр байгаа болно. гэж дүгнэжээ. Гэтэл худалдах, худалдан авах гэрээний нөхцөлд тусгасан нүүрс худалдан авахаар захиалга болгон шилжүүлсэн төлбөрийн үнийн дүн гэрээний 5.2- т ... эхний баганад байгаа 3400 тоннын нэг хэсгийг хоёр дахь урьдчилгаа төлбөрт оруулсан болно/ гэж тусгасан нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсанаас өмнөх хамтран ажиллах гэрээний дагууу тээвэрлэлт хийсэн нүүрсний талаар яригдаж байгаа бөгөөд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш анх удаагийн урьдчилгаа төлбөр болно гэхдээ 3400 тн нүүрс худалдан авах боломжгүй.
Шүүхийн дээрх дүгнэлт нь шүүхэд гаргасан нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь харьцуулан үзээгүй зөвхөн явцуу хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн хийсэн дүгнэлт гэж үзэхээр байна.
Мөн дүгнэлтэнд: Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, маргаан байхгүй ... гэжээ. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчээс 166,630 юань шилжиж ирсэн бөгөөд *******ХХК-иас 3400 тн нүүрс тээвэрлэж Чойрт нүүрс хадгалах талбайд буулгасныг шүүх хэрхэн үйгүйсгэсэн нь тодорхойгүй бөгөөд уг дүгнэлт маргааны бодит байдалтай нийцээгүй. Хамтран ажиллах гэрэээний дагуу нүүрсний тээвэрлэлт , хадгалалт, талбайн түрээс төлсөн талаар баримтаар маргаж байхад маргаангүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хамтран ажиллах гэрээг арбитраар шийдвэрлүүлэхээр, харин нүүрс худалдах, худалдан авах гэрээг шүүхээр шийдвэрлүүлэхээр талууд гэрээнд тусгасан талаар дурджээ. Энэ нь Хамтран ажиллах гэрээг хэрэгт ач холбогдолтой байх хууль зүйн үндэслэлийг хангахгүй гэж шүүх дүгнэх үндэслэлгүй юм. Учир нь, дээрх хоёр гэрээ нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс байгуулагдсан, иргэний эрх зүйн харилцааг үүсгэж байгаа тул Иргэний хуульд нийцүүлэх маргааныг шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний талууд нь шүүхэд зохигчид болсон бөгөөд маргааны зүйл нь нүүрстэй холбоотой байгаа болно.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр ****** ХХК-ийн захирал ******* мэдүүлэхдээ: *******" ХХК-д урьд татан авалт хийсэн нүүрсний үнэнд тодорхой төлбөр хийсэн гэж мэдүүлдэг, энэ нь Нүүрс худалдах худалдан авах гэрээний 5.2 дахь заалтыг харьцуулахад нэхэмжлэгч Монг ма импорт,экспорт худалдаа ХХК нь төлбөрийг бүрэн төлөөгүй байсан тогтоогдож байгаа. Мөн *******ХХК-ийн захирал надруу утаар ярьж төлбөр хийгдээгүй тул вагонд ачуулахгүй гэж хэлж байсан болно.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгч ****** ХХК-ийн захирал ******* гэх хүнийг огт танихгүй, нэхэмжлэгч компаний захирлыг н.******* гэх хүнээс өөр хүн байдаг гэдгийг шүүхэд нэхэмлэл гаргасан үед мэдсэн.
*******ХХК-тай 10,000 тн нүүрс худалдан авах гэрээг нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд болох Монг ма экспорт импорт худалдаа ХХК-тай байгуулсан эсэхийг тодруулахгүйгээр уг маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхийг хүсч давж заалдах гомдол гаргаж байна.
5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй бөгөөд давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******. нь хариуцагч ****** ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж 299,459,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч******. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь гэрээний дагуу нүүрс нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 680,000 юань буюу 299,459,800 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч ****** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь талуудын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний салшгүй хэсэг бөгөөд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 680,000 юань буюу 299,459,800 төрөг нь энэхүү хамтран ажиллах гэрээний дагуу нүүрс тээврийн хөлс, талбайн түрээс зэрэгт зарцуулагдсан гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч******. нь хариуцагч ****** ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ****** ХХК нь гэрээнд заасан чанар бүхий нийт 10,000 тн нүүрс нийлүүлэх, нэхэмжлэгч******. нь нүүрсний үнийг 1 тонныг 450 юаниар тооцож, 3,400 тн тутамд урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, улмаар 680,000 юанийг хариуцагч ****** ХХК-ийн дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9-24/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 680,000 юанийг талуудын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу нүүрс тээвэрлэлтийн хөлс, нүүрсний талбайн түрээс зэрэгт зарцуулсан, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь дээрх хамтран ажиллах гэрээний нэг хэсэг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Талууд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замаар нүүрсний ачаа тээврийг илгээх болон гаалийн бичиг баримт бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах бөгөөд нэхэмжлэгч******. нь 10,000 тн коксжих нүүрсний авто тээврийн болон Чойр өртөөнөөс Эрээн хот хүртэлх төмөр замын тээврийн үйлчилгээний төлбөр, гаалийн татвартай холбоотой зардлыг тонн тутмыг 260 юаниар бодож, нийт 2,600,000 юанийг хариуцагч ****** ХХК-ийн дансанд шилжүүлэх, хариуцагч нь *******ХХК-ийн ******* нүүрс угаах үйлдвэрээс төмөр замын Чойр өртөө хүргэх нүүрсний авто тээврийн бүх үйл ажиллагаа, гаалийн хяналтын талбайд буулгасан нүүрсний хадгалалт, пүүлэлт, хамгаалалтын үйл ажиллагаа, Чойр өртөөнөөс Эрээн хот хүртэл төмөр замаар тээвэрлэх тээврийн болон гаалийн бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой бүх үйл ажиллагаанд хяналт тавих ажил үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна.
Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Гэрээнд талууд хамтын ажиллагааны зорилгыг тодорхойлж, уг зорилгод хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой заах бөгөөд гэрээний зорилго нь эдийн засгийн ашиг олоход чиглэсэн байдгаараа онцлогтой.
Талууд нүүрс тээврийн үйл ажиллагаанд харилцан ашигтай хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээр 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байж болох хэдий ч уг хамтран ажиллах гэрээний зорилго, талуудын хүлээх үүрэг зэргээс үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь дээрх гэрээтэй харилцан хамааралтай, уг гэрээ нь хамтран ажиллах гэрээний нэг хэсэг гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, зохигчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээнээс тусдаа гэрээ гэж үзэхээр байна. Иймд, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь талуудын өмнө байгуулсан хамтран ажиллах гэрээний нэг хэсэг гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
5.2. Нэхэмжлэгч******. нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 500,000 юань, 2021 оны 08 дугаар саэрын 10-ны өдөр 180,000 юань буюу нийт 680,000 юанийг хариуцагч ****** ХХК-ийн дансанд шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн нүүрс нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч ****** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байна.
Иймд, нэхэмжлэгч******. нь гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүргийн хүрээнд нүүрсний төлбөрт шилжүүлсэн 680,000 юань буюу тухайн үеийн ханшаар тооцож 299,459,800 төгрөгийг хариуцагч ****** ХХК-аас буцаан шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,655,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ