Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 334

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ч овогт Х.Бд холбогдох эрүүгийн 1918000000366 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч овогт Х.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” тоосгоны үйлдвэрт тусах ажилтан ажилтай гэх, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энержи” караоке баарны “вип өрөөнд” пивоны шил хагалан Ж.Гийн нуруу тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь бүсэлхийн ар хэсэгт шарх, цээжний баруун хажуу хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Бы өгсөн: ...Яг юунаас болж хохирогчтой маргалдах болсон талаар сайн санахгүй байгаа. Тухайн үед шил хагалаад хохирогчийн нуруун тус газарт зүсэж гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ж.Гийн өгсөн: ...Тэгж байтал Б гэх залуу нь шар айргийн шил ширээн дээр хагалаад “ална” гэж хэлээд над руу дөхөөд ирэхээр нь би хүзүүгээр нь тэвэрч аваад унагаагаад гараас нь шилийг авахаар ноцолдсон. Тэгэхэд нэг эмэгтэй “манай нөхрийг аллаа шүү дээ” гээд миний цамцнаас татсан. Манай найз Сүүгий Бы гараас шилийг салгаж авсан. Тэгтэл тэр залуугийн гараас цус гарч байхаар нь би “хоёулаа учраа олъё” гэж хэлээд гадагш гараад үүдэнд зогсож байтал миний нуруугаар цус урсаж байсан. Караокены өрөөнд Бтай ноцолдож байхад миний нурууг шилээр зүсчихсэн байсан. Удалгүй цагдаа ирээд би эмнэлэг орж нуруундаа 6 оёдол хийлгэсэн. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Гэрч А.Нийн өгсөн: ...манай найз залуу нь намайг цохисон залууг цохиод яг муудалцаж байхад цайвар өнгийн цамцтай залуу шар айргийн шил хагалаад гараа зүсчихсэн. Тэгээд гараа зүсдэг залуу нь хагалсан шилээрээ манай найз залуугийн нурууг зүсчихсэн юм шиг байсан. Манай найз залуу эмнэлэгт очоод 6 оёдол хийлгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

Гэрч М.Мийн өгсөн: ...манай хүргэн Б тэр залуучуудтай маргалдаад архины шил хагалаад нэг залуугийн нурууг зүссэн гэсэн. Тэгж байхдаа Б өөрийнхөө зүүн гарын алга хэсгээ шилээр зүсчихсэн байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч Д.Мын өгсөн: ...нэг мэдэхэд манай хүргэн 2-3 залуучуудтай маргалдаад байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч Н.Бын өгсөн: ...бармен гэх эмэгтэй орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би түүнийг заамдаад бариад авахад найз залуу нь гэх хүн намайг түлхээд орон дээр унагаасныг санаж байна. Нэг мэдэхэд Б ах гараа зүсчихсэн, нэг залуугийн нуруу нь зүсэгдчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Шүүгдэгч Х.Бы яллагдагчаар өгсөн: ...гаднаас 2-3 залуу орж ирээд бид нар луу хэрүүл маргаан хийгээд дайраад байхаар нь би ширээн дээр байсан шар айргийн шилийг аваад хагалсан. Тэгэхэд миний шил барьж байсан гар зүсэгдээд цус гарсан. Би шилээ бариад нэг залуу руу нь очиход миний хүзүүгээр тэврээд газар унагаасан. Тэгэхэд л тэр залуугийн ар нурууг нь гартаа барьж байсан шар айргийн хагархай шилээр зүсчихсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

...хэрэг учрал болсон гэх “Энержи лоунж” гэх үйлчилгээний газрын 2 дугаарын өрөөний шаланд дээр хагарч бутарсан шилний хэлтэрхий байх ба цус мэт улаан хүрэн өнгийн толбонууд дуссан байдалтай байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3/,

Ж.Гийн бүсэлхий ар нуруу хэсгээр 5 сантиметр орчим зүсэгдсэн өнгөц шархтай... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-31/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 649 дугаартай “Ж.Гийн биед бүсэлхийн ар хэсэгт шарх, цээжний баруун хажуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хагарсан шилээр зүсүүлэх үед үүсэх боломжтой. Ж.Гийн биед үүссэн шарх нь түүний тайлбарлаж байгаагаар шилэнд зүсүүлэх үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх бүсэлхийн ар хэсгийн шарх гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй бөгөөд эрүүл мэндийг сарниулах хугацаа нь 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулна. Бүсэлхийн ар хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүү мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний баруун хэсгийн зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Бы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энержи” караоке баарны “вип өрөөнд” пивоны шил хагалан Ж.Гийн нуруу тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь бүсэлхийн ар хэсэгт шарх, цээжний баруун хажуу хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Гийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Ж.Гийн “...Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Х.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч Х.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б нь “......” ХХК-д сарын 750.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР