Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1016

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00947/и

 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, ** дугаар баг, *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг, ** дүгээр хороолол, 1 байрны ** тоотод оршин суух, Б** овогт Д** Г** /РД: ТИ***/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг,** дүгээр хороолол, 1 байрны ** тоотод оршин суух, Б** овогт Ш** Б** /РД: Т***/ нарт холбогдох,

 

“Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 57,000,000 төгрөг, зээлийн хүү 3,434,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,486 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 60,446,150  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, хариуцагч Д.Г***д, Ш.**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д.Г***, Ш.Б***нар нь 2014 оны 11 сарын 13-ны өдөр ********* дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 57,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 36 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 60,446,150 төгрөгийн өртэй байна. Д.Г***, Ш.Б***нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд нийт 60,446,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Д.Г***, Ш.Б***нарын зээлийн барьцаанд буй Дархан сумын ****** дүгээр хороолол, ****** байрны ****** тоотод байрлалтаа ****** өрөө орон сууц, ******* ******* маркийн ачааны автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш 500,000 төгрөг төлсөн. ҮҮнийг нийт хүүгийн төлбөрөөс хасаж, үндсэн зээлийн төлбөр 57,000,000 төгрөг, үндсэн хүү 2,936,650 төгрөг, нотариатын зардалд 9,500 төгрөг нийт 59,946,150 төгрөгийг барьцаа хөрөнгө болох орон сууц, автомашиныг худалдан борлуулсан үнээс гаргуулж өгнө үү” гэв.

           

Хариуцагч Ш.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2014 оны 11 дүгээр сард 57,000,000 төгрөгийн зээлийг авч, хүүдээ “******* *******” маркийн ачааны автомашин авч өгсөн. Гэвч зээл аваад 2-3 сар болоод эдийн засгийн хямрал болж, ачаа тээврээр ашиг орлого олж байсан бидний орлого зогсонги байдалд орсон. Графикийн дагуу эхний үед зөвхөн хүүгээ төлж байсан бөгөөд 2016 оны 1 сараас үндсэн зээлээ төлж эхлэх үеэс хүндрэл гарч зээл, зээлийн хүү хуримтлагдаж, гэрээгээ зөрчиж эхэлсэн. Гэхдээ банкнаас дуудсан үед нь очиж учир байдлаа хэлж байсан. Нийт зөвхөн зээлийн хүүнд 20,000,000 гаруй  төгрөг төлсөн байна. Банкнаас үл хөдлөх эд хөрөнгөө зарж өрөө төл гэсэн. ҮҮнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сард дуусна. Иймээс Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн үндсэн төлбөрөөсөө төлөөгүй, хүүгийн үлдэгдэл байгаа нь үнэн боловч өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж, зээлийн гэрээний хугацаа дуустал нь бидэнд төлбөрөө төлөх боломж олгож өгнө үү” гэв.

Хариуцагч Д.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... *** банкнаас 57,000,000 төгрөгийн зээл аваад зээлийн гэрээний графикаа зөрчсөн нь үнэн. Иймээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. Харин гэрээнд заасан хугацаа болох 2017 оны 11 сар хүртэл хүүг зогсоож, өнөөдрийн нэхэмжилж байгаа нийт төлбөрийг төлөх боломж олгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь Салбар нь хариуцагч Д.Г***, Ш.Б***нараас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 57,000,000 төгрөг, зээлийн хүү 3,434,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,486 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 60,446,150  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.  

 

Нэхэмжлэгч *** банк нь хариуцагч Д.Г***, Ш.Б***нартай 2014 оны 11 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 57,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай байгуулсан, мөн өдрөө Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, *** дүгээр хороолол, ** дүгээр байрны *** тоот, Ү-200300**** дугаарт бүртгэгдсэн, 00*** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 29,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, “******* renger” маркийн 00-*** ДАХ улсын дугаартай, ачааны автомашиныг тус тус барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан “ хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн шаардлагуудыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй болно. 

 

            Хариуцагч Д.Г***, Ш.Б***нар нь зээлийн гэрээний 2.2-т заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд төлөх үүргээ 2015 оны 08 дугаар сараас хойш зөрчсөн, зээлийн үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***гийн шүүх хуралдаанд гаргасан “хариуцагч нар нь 2015 оны 08 дугаар сараас хойш графикт хугацаа зөрчсөн, мөн банк удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд зээлийн хугацааг сунгах тухай хүсэлт гаргасан. Гэрээний график зөрсөн зөрчлөө арилгавал гэрээний хугацааг сунгаж, графикт өөрчлөлт оруулахаар болсон ч хариуцагч нар гэрээний зөрчлөө арилгаагүй иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэсэн, хариуцагч Ш.Б***, Д.Г*** нарын шүүхэд гаргасан “... 2015 оны 08 дугаар сараас зээлийн график зөрчигдсөн нь үнэн. Үндсэн зээлийн төлбөр огт төлөгдөөгүй байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй байдал нөлөөлж байна. Биднийг банкнаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн хугацааны төлбөрийг орон сууцаа зарж төл гэснийг зөвшөөрөөгүй...” гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

            Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.3-т: “Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь ... зөрчсөн тохиолдолд банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлэхээр заажээ.

            Хариуцагч Ш.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь үнэн боловч хугацаанаас нь өмнө гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д.Г*** хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч байна. Харин 2017 оны 11 сар хүртэл одоо шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмжээний төлбөрийг хуваан төлөх хүсэлтэй байна гэж тус тус тайлбарладаг болно.

           

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

 

            Хариуцагч Д.Г***, Ш.Б***нар нь 2015 оны 08 дугаар сараас хойш зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үндсэн төлбөрөөс төлөлт хийгдээгүй,  банкны зүгээс хариуцагч нарт  үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан гэсэн тайлбарыг хариуцагч нар зөвшөөрч, “... эдийн засгийн хүндрэлээс болж, зээл, зээлийн хүү хуримтлагдаж, гэрээгээ зөрчсөн. Гэхдээ тус банкнаас дуудсан тухай бүрт нь очиж, уулзаж, үнэн учраа танилцуулж байсан...” гэсэн тайлбар, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан “...Биднийг банкнаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн хугацааны төлбөрийг орон сууцаа зарж төл гэснийг зөвшөөрөөгүй.Тэгээд гэрээний хугацаа сунгагдаагүй нь үнэн...” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан Ш.Б***гийн 2016 оны 02 сарын 08-ны өдөр *** банкны Дархан салбарт гаргасан “хуримтлагдсан хүүгийн төлбөр 2,410,000 төгрөгийг 2016 оны 02 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна, зээлийн гэрээний хугацааг нэг жилээр сунгаж өгнө үү” гэсэн өргөдөл, хариуцагч Д.Г***ын *** банкны Дархан салбарт 2016 оны 04 сарын 04-ний өдөр гаргасан “...2-3 сарын хугацаа өгнө үү. Энэ хугацаанд машинаа зарж, үндсэн зээлээсээ төлье, Зээлийн хүүг төлнө” гэсэн өргөдөл, зэргээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл өгч байсан болох нь тогтоогдож байна.

            Мөн хариуцагч нарын Банкинд гаргаж байсан өргөдөлд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй байдал, мөн хариуцагч Д.Г***ын шүүх хуралдаанд гаргасан: “гэрээний хугацаа энэ хэвээрээ хүү бодогдоод явбал нөхцөл байдал улам л хүндэрнэ. Иймээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. Харин 2017 оны 11 сар хүртэл одоогийн шүүхэд нэхэмжлэл гаргасан дүнгээр хувааж төлөх хүсэлтэй байна...” гэсэн тайлбар зэргээс үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч *** банкны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага үндэслэлтэй байна.

           

Хариуцагч нар нь зээлийн төлбөр, хүүгийн тооцооллын талаар маргаагүй болохыг дурдаж байна.

 

Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү төлбөрийг зээлийн нийт хүүгийн төлбөрөөс хасаж тооцож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн 500,000 төгрөгийг хасаж, хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 57,000,000 төгрөг, зээлийн хүү 2,936,650 төгрөг, нийт 59,936,650 төгрөгийг гаргуулж *** банкны Дархан-Уул аймаг дахь Салбарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал … -ыг хохиролд тооцно” гэж тус тус заасан байх тул хариуцагч нараас нотариатын зардалд 9,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Д.Г***, Ш.Б***нарын зээлийн барьцаанд тавьсан орон сууц, автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг  шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан *** банк, Д.Г***, Ш.Б***нарын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 14/*** дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Г***, Ш.Б***нараас зээлийн үндсэн төлбөр 57,000,000 төгрөг, зээлийн хүү 2,936,650 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 59,946,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, *** дүгээр хороолол, ** дүгээр байрны *** тоотод байрлах, Ү-200300**** дугаарт бүртгэгдсэн, 00*** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 29,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, “******* renger” маркийн 00-*** ДАХ улсын дугаартай, ачааны автомашиныг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,134 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагч Д.Г***, Ш.Б***нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,681 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь Салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ