Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01198

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03547 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******тай 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, ******* дугаар байрны, ******* тоот хаягт байрлах 169,061 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 369,600,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, түүний хүсэлтээр 2017 оны намраас орон сууцандаа оруулан амьдруулсан. Төлбөрийг гэрээний 2.2-т заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэхээр тохиролцсон. Тодруулбал, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 109,600,000 төгрөгийг тус тус төлж, төлбөр бүрэн барагдах учиртай байсан. ******* нь урьдчилгаа 100,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөрөө тогтоосон хугацаанд төлөхгүй байсан тул манай компанийн зүгээс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж байсан. Гэрээний төлбөр төлөх сүүлийн хугацаа болоход нэмж төлбөр огт төлөгдөөгүй тул утсаар гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байсан. Талуудын байгуулсан гэрээний 2.7-д Гэрээний төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр шилжүүлэн өгнө гэж заасан тул орон сууцны өмчлөх эрх *******д шилжээгүй, одоо ч манай компанийн нэр дээр хэвээрээ байгаа юм. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иймд, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх-ийн урьдчилсан нөхцөл нь орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байх явдал байдаг. Гэтэл ******* нь маргаан бүхий орон сууцыг ******* ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр эзэмшиж байгаа тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм. ******* ХХК нь гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, урьдчилсан тэмдэглэгээг хийлгээгүй, мөн орон сууцыг бусдад барьцаалж, зээл авсантай холбоотойгоор ******* нь гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно. Талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр тохиролцсон нэхэмжлэгч бүртгүүлээгүй, урьдчилсан тэмдэглэгээг хийлгээгүй байсан. Гэрээний 3.1-д Шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь... эрхийн зөрчилгүй, ... бусдад ... барьцаалагдаагүй, ... гэж тусгасан байдаг.

Гэтэл ******* ХХК нь орон сууцыг Төрийн банк ХК-аас авсан зээлийн барьцаанд тавьсан байсныг ******* хожим олж мэдсэн. Тэрээр гэрээг улсын бүртгэлд бүртгуүлж, урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн тохиолдолд, мөн орон сууцыг Төрийн банк ХК-ийн барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэл зоригоо ******* ХХК-д удаа дараа илэрхийлж байсан боловч тодорхой хариу өгөөгүй, энэ талаар арга хэмжээ аваагүй. Дээрх нөхцөл байдлыг ******* ХХК нь мэдэж байсан болох нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд *******гаас үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаагүй, ******* нь өнөөдрийг хүртэл уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтаар нотлогдоно. Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Мэдэгдэл-ийг ******* огт хүлээн авч байгаагүй, хэргийн материалаас анх харж байгаа болно. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан. ******* ХХК нь гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй, мөн *******гийн эзэмшилд байгаа орон сууцыг бусдад барьцаалж, орон сууцны өмчлөлийг *******д шилжүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тул ******* нь гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан болно. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд гэрээ хийх үед үл хөдлөх хөрөнгө нь барьцаалбаргүй байсан бөгөөд төлбөрийг хуваарийн дагуу төлж дуусгаснаар үл хөдлөх хөрөнгийг *******гийн нэр рүү шилжүүлэхээр тохирч, уг гэрээг улсын бүртгэлд тэмдэглүүлэхээр талууд тохирч нэхэмжлэгч нь урьдчилсан тэмдэглэгээг хийлгээгүй надад худалдсан орон сууцыг Төрийн банк ХК-ийн зээлийн барьцаанд тавьсан болохыг би 2020 оны эхээр мэдсэн. Яагаад зээлийн барьцаанд тавьсан талаар асуухад хариуцагчийн төлөөлөгч М.Саруул түр зээл авч хэрэглээд зээлээ дараад байрыг шилжүүлнэ. Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж аж ахуй нэгжийн үйл ажиллагаа доголдох гээд байна, эгч, дүүс шиг болсон хүмүүс болно санаа зоволтгүй гэх мэт зүйл хэлсэн учраас түүнд итгэж зээлээ дараад байрыг шилжүүлж өгөх хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй юм. Өнөөдөр ч үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн гол нь худалдаж авсан орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс би анхнаасаа засваргүй шавар ханатай /барилгын хэллэгээр хараар/ нь авсан байраа бүрэн засвар хийж тохижуулсан болохоор өөрийн өмчлөлд авах хүсэлтэй байна. Иймд, Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Махатма ганди гудамж, ****** байр ******* тоотод байрлах, 169,061 м.кв талбайтай, 4 өрөө, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч ******* болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх хөрөнгийг *******гийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцалж, орон сууцны эзэмшлийг авахаар шүүхэд хандсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ******* ХХК-ийг дэмжсэн байр суурьтай оролцож байгаа. Зээл болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.3,106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 169,061 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******г эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Махатма ганди гудамж, ****** байр ******* тоот хаягт байршилтай, 169,061 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 005 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 076 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2 076 150 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад илэрхий нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тус гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5-д ...2018 оны 02-р сарыи 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлэх хүсэлт бичиж, нотариатаар баталгаажуулсан байх боловч зохих газарт хүргэгдээгүй болох нь 2018 оны 02-р сарын 14-ний өдөр үйлдэгдсэн барьцаалбараар тогтоогдож байна гэж 5.6- д ... нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр тохирсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс нэг хоногийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банктай байгуулсан 1,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж, 5.7-д ... хариуцагч *******д мэдэгдэхгүйгээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсны улмаас ******* нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлэн гэж үзэхгүй гэж заасанд хамаарч байна гэжээ.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худадан авах гэрээ-ний 3.6-д Нэмэлт нөхцөл: Талууд харилцан тохиролцсоп тул энэхүү гэрээг талуудын ЭХЭБ-ийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлэн бүртгүүлсэн болно гэж заасан хэдий ч гэрээгээр тийнхүү бүртгүүлэх үүргийг ******* ХХК нь хүлээгээгүй. Цаашилбал гэрээний 3.3-д Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 110.1-д зааснаар өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно гэж бүртгэлтэй холбоотой өөр нэг зохицуулалтыг тусгасан. Эдгээр бүртгэлтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилт буюу бүртгүүлэх үүргийг тус компани хүлээгээгүй, харин гэрээний 3.4-д уг гэрээг гэрчлүүлэх, бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч тал, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын татварыг худалдагч тал хариуцан төлнө гэж зааснаас үзвэл бүртгүүлэх үүргийг худалдан авагч буюу хариуцагч ******* өөрөө хүлээсэн, эсхүл талуудын хэн аль нь бүртгүүлснээс үл хамааран бүртгэлийн зардлыг ******* гаргах байсан гэдэг нь маш тодорхой харагддаг. Гэтэл хариуцагч ******* нь өөрөө гэрээг бүртгүүлж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй, тэр талаар зардал гаргаагүй, мөн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхтэй холбоотой хүсэлтийг ч шүүхэд баримтаар гаргаж өгсөн болох нь талуудын тайлбар, нотлох баримтаар хангалттай тогтоогдож байхад шүүх энэ талаар илт буруу дүгнэлт хийсэн.

Мөн хариуцагч ******* нь шүүхэд тухайн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгсөн зэргээс үзвэл өөрөө бүртгүүлэх боломжтой байсан ч тийнхүү бүртгүүлээгүйг харуулдаг. Энэ нь талууд гэрээнд үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр тусгасан хэдий ч бодитоор хэрэгжүүлэх хүсэл зориггүй байсныг ч тодорхой харагдуулдаг.

Чухам яагаад талууд урьдчилсан тэмдэглэгээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бодит үндэслэл, нөхцөл байдлыг дурдвал:

1. Хариуцагч болох ******* нь үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдан авахаар тохиролцсон, тийнхүү худалдан авахдаа 2 жил 10 сарын хугацаанд хүүгүй зээлээр төлөхөөр тохиролцсон.

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс хүүгүй урт хугацаатай зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдаж байх тул *******г үл хөдлөх хөрөнгө худалдан авсан зээлээ төлж дуусах хүртэл хөрөнгийг барьцаалахаар амаар тохиролцсон.

Ийнхүү дээр дурдсан шалтгаануудын улмаас талуудын хэн аль нь үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлээгүй.

******* нь үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан тэмдэглэгээг хийлгээгүй, түүнтэй холбоотой зардал ч гаргаагүй зэргээс үзвэл талууд хөрөнгө барьцаалах талаар тохиролцсон болохыг тодорхой нотолж байна.

Мөн *******гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ орон сууцыг барьцаанд тавьсан болохыг 2020 оны эхээр мэдсэн гэдэг ба шүүх хуралдааны явцад 2020 оны эхээр Төрийн банкнаас хүмүүс орон сууцанд ирснээр мэдсэн гэж хэлдэг ч 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ******* ХХК-д энэ талаар шаардлага, мэдэгдэл хүргүүлээгүй. Энэ нь хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах үед төдийгүй 2020 онд ч аль ч цаг үед тухайн барьцаалбарыг хүлээн зөвшөөрсөн буюу үүнтэй холбоотой шаардлага гаргаж байгаагүй, барьцаалбарыг зөвшөөрсөн гэдгийг харуулдаг.

Цаашлаад талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй хөрөнгө худалдах үүрэг хүлээсэн төдийгүй гэрээ байгуулах үед тус орон сууц нь ямар ч эрхийн доголдолгүй байсныг хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг нотлон харуулдаг.

Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь эрхийн доголдолтой хөрөнгө худалдаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх ч үүрэг хүлээгээгүй юм.

Шүүхээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 болон 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь заалтыг илт буруу хэрэглэсэн. Тодруулбал, хариуцагч нь 2020 онд үл хөдлөх хөрөнгийг Төрийн банкинд барьцаалсан гэдгийг мэдсэн гэж сөрөг нэхэмжлэлд дурдаж, анхан шатны шүүх хуралдааны явцад ч энэ талаар хэлж байсныг өмнө дурдсан.

Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1, 2.2 болон 2.3 дахь заалтаар үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх хуваарийг тогтоосон. Ингэхдээ гэрээ хийгдэх өдөр 100,000,000 төгрөг гэж тохиролцсон ба мөн үнийг төлсөн талаар талууд маргаагүй. Харин гэрээний 2.2-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 25-нд 80,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-нд 80,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-нд 109,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролсон. Гэтэл хариуцагч *******гийн тайлбараар 2020 онд зээлийн барьцаанд тавьсан талаар мэдсэн гэх боловч барьцаатай холбоогүйгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх үүргээ зөрчсөн нь тодорхой харагдана. Тодруулбал, ******* нь 2018 болон 2019 онд төлбөл зохих нийт 160,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд 2020 онд барьцаатай талаар олж мэдсэн бол нэхэмжлэгч гэрээний үүргийг зөрчсөн болохыг мэдээгүй байх үедээ (хариуцагчийн тайлбараар) нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн гэж үлдэгдэл төлбөр төлөхгүй байх ямар ч бодит боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, 2018 болон 2019 онд төлбөл зохих төлбөрийг нэхэмжлэгчтэй үл хамаарах шалтгааны улмаас төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Үүнийг ердийн логикоор бодоод үзэхэд ч маш тодорхой ойлгомжтой юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.9-д Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Уг зохицуулалтын ундэслэл болгож шаардах эрх хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч нь эд хөрөнгийг эзэмшиж байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн байх учиртай гэж 5.10-д Дээр дүгнэсэнчлэн, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчид орон сууцны эзэмшил үүссэн тул нэхэмжлэгч орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхгүй болно гэжээ. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн төдийгүй өдгөө нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул үл хөдлөх хөрөнгийг суллан өгөхийг хариуцагчаас шаардсан ч өнөөдрийг хүртэл шаардлага биелүүлэхгүй байх тул үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөхгүйгээр эзэмшиж, ашиглаж буй хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх учиртай тул шүүхэд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн тийнхүү хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь туйлын гайхшруулж байна.

 

7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-д ******* нь ...анхнаасаа засваргүй шавар ханатай /барилгын хэллэгээр/ хараар нь авсан байраа бүрэн засвар хийж тохижуулсан болохоор өөрийн өмчлөлд авах хүсэлтэй байна. Өнөөдөр ч үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн байгаа тухай тайлбарлан дансны мэдээллээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна гэжээ.

Үл хөдлөх хөрөнгийг засвартай, засваргүй шилжүүлэн авсан нь худалдан авагчид өмчлөх эрх үүсгэх үндэслэл огтоос болохгүй. Хамгийн ноцтой нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн байгаа тухай тайлбарлан дансны мэдээллээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Чухамдаа хариуцагчийн дансандаа мөнгөтэй эсэх, төлбөрөө төлөхөд бэлэн эсэх нь хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримт болохгүй, энэ нь маргааны нөхцөл байдлыг тогтоохгүй хэргийг шийдвэрлэх үндэслэл ч болох учиргүйн дээр хамгийн чухал нь хариуцагчид өмчлөх эрх үүсгэх эрх олгох үндэслэл огтоос болохгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2-д Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хүсэл зоригийн дагуу орон сууцны төлбөрийг төлж, Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийп 15-р хороо, Стадиоп оргил, Махатма ганди гудамж, ******* байр ****** тоот хаягт байршилтай 169,061 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзнэ.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89 1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан атал шүүхээс хуулийн тус зохицуулалтын дагуу ******* нь өмчлөх эрхтэй гэх утгагүй, хуулийн үндэслэлгүй, бодит байдалд ч нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүхээс эзэмшил, өмчлөлөө ялгахгүй шийдвэр гаргахын зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д Гэрээний төлбөрийг 100% төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр шилжүүлэн өгнө гэж заасан ба үл хөдлөх хөрөнгийн үнэ төлөгдөөгүй байхад шүүх хуулийн буруу зохицуулалтыг ашиглаж, мөн *******г ******* нь хүсэл зоригийнхоо дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр төлж, .. орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд гэж дүгнэсэн.

Цаашлаад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-д ******* нь үлдэгдэл төлбөр болох 269,600,000 төгрөгийг ******* ХХК-д төлж барагдуулна гэснийг дурдаад, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******г ... өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэлээ гэжээ.

Шүүхийн шийдвэр нь бодит болон хуулийн үндэслэлтэй байх учиртай атал хариуцагчийн би төлнө гэх амлалт мэтийн зүйлд үндэслэн гарсан нь маш ноцтой зүйл болсныг энд онцлон дурдъя.

 

Ийнхүү шүүхийн шийдвэр маш алдаатай, эргэлзээтэй болсны дээр шүүх хуралдаан завсарлаад ердөө 4 минутын дотор шийдвэрээ гаргасан төдийгүй 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрийг гардан авахад шүүх хуралдааны тэмдэглэл гаргаагүй байсныг ч дурдахыг хүслээ. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ч хурлын тэмдэглэл гараагүй байна.

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03547 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх үүрэг нь хариуцагч *******д байсан учраас үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч барьцаалж болно гэх агуулгаар давж заалдах гомдлоо тайлбарласан. Банкны зээлийн гэрээнээс өмнө үүрэг үүссэн. Шүүх үүнийг анхаарч дүгнэх ёстой. Хариуцагч хэрэгт хугацаагүй хадгаламжид байршуулсан мөнгө буюу дансны хуулгыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Төрийн банк ХК-ийн хуулийн хэлтэс болон шүүхийн шийдвэрээр банкны зээл барагдуулах хэлтсийн ажилтантай хариуцагч ******* уулзсан. Төлбөр төлөгч зөвшөөрөөгүй учраас мөнгийг дансанд байршуулж болохгүй байна гэх тайлбар өгсөн учраас хариуцагч боломжит байдлаар дансны хуулгаа шүүхэд гаргаж өгсөн. 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ гарсан. Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь их хэмжээний зээлийг батлан даалтын сангаар баталгаажуулж гаргахад 45-60 хоног, цаашлаад 90 хоногийн хугацаа шаардлагатай гэх тайлбарыг гаргасан. Энэ талаар анхан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хариуцагчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасан эзэмших эрх үүсэж, орон сууцанд засвар хийж өнөөдрийг хүртэл ашиглалтын зардлыг төлж эзэмших эрхээ эдэлсэн. Барьцаанаас чөлөөлсний дараа нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан. Гэтэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Төрийн банк ХК-ийн ажилчид гэрт нь ирсэнээр хариуцагч мэдсэн. Мөнгийг төлье, орон сууцыг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан. Бүхий л газраар явсан. Маргаан бүхий уг хэргийг шүүх шийдвэрлэж шийдвэр гаргасан. *******г үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилан тэмдэглэгээ хийлгээгүй талаарх тайлбар болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.7, 5.8-т үндэслэлтэйгээр тайлбарласан. Эзэмшил үүсэж төлбөр төлөхөд бэлэн байгаа. Мөн ******* нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан үр дагаврыг ойлгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Төрийн банк ХК-тай очиж уулзахад шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг авч хөрөнгийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хэлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учраас тухайн асуудлыг дур мэдэн шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, урьдчилсан тэмдэглэгээг хийлгээгүй, орон сууцыг бусдад барьцаалж, орон сууцны өмчлөлийг шилжүүлэх боломжгүй нөхцөл бий болсон тул төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалсан, орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа тул хууль бус гэж үзэхгүй гэх агуулгаар татгалзаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг буруу тогтоож, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Тодруулбал, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг буцаах тухай шаардлага гаргасан байхад өмчлөгчийн шаардах эрхийн талаар дүгнэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулан, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тай 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма ганди гудамж ****** байр, ******* тоот, 169.061 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг нийт 369,600,000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу үнийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон. /хх-ийн 1, 7, 34/

 

5. Зохигч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

Талууд хоорондын байгуулсан гэрээг Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн байх боловч зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээг талууд бичгээр хийж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, эсвэл үнийг тодорхойлох журмыг заавал тусгахаар хуульчилсан. Талууд гэрээг бичгээр байгуулж, төлбөр төлөх нөхцөлийг тохирсон байгаа боловч хүү тооцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ердийн худалдах, худалдан авах гэрээ гэж үзнэ.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5.1. Хариуцагч ******* нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн бөгөөд, үлдэх төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 109,600,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар гэрээний 2.2-т заасан боловч хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч талаас хариуцагч *******д гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд заасан графикийн дагуу төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдсэн агуулга бүхий мэдэгдэл хэрэгт авагдсан боловч уг мэдэгдлийг хариуцагч хүлээн аваагүй гэж татгалздаг ба нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх баримтгүй байна. /хх-6/

 

Талуудын байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний 3.1-д шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагчийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, ... бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэг маргаангүй. байхаар тохиролцсон.

 

Гэвч нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг 72 сарын хугацаатай зээлдэн авч, уг зээлийн үүргийг баталгаажуулахаар мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсны дотор зохигчийн хооронд байгуулсан гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамж, 37 байр, 4 тоот, 169.061 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц багтжээ. /хх-71-76/

 

Хариуцагч ******* нь өөрийн худалдан авахаар тохиролцсон орон сууцыг Төрийн банкны зээлийн барьцаанд барьцаалсан талаар 2020 онд мэдсэн гэж тайлбарлан гэрээний дагуу үлдэх төлбөрийг төлөх үүргээ хойшлуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд эрхийн доголдолгүй гэдэгт худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй байхыг ойлгоно. Хэдийгээр талуудын гэрээ байгуулсан тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эрхийн доголдолгүй байсан боловч гэрээ байгуулснаас 1 өдрийн дараа зээлийн үүрэгт барьцаалсан үйл баримт тогтоогдсон тул үүнтэй холбоотойгоор төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй байгааг гэрээний үүргийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүргээ зөрчсөн явдалд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч өөрөө буруутай болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл бий болсон байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэг үүсэхгүй.

 

Иймд, талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худадан авах гэрээ хүчинтэй хэвээр байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагч *******г эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэдсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма ганди гудамж 37 байр, 4 тоот хаягт байрлах, 169.061 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэнэ.

 

Зохигчийн байгуулсан гэрээний 2.7-д гэрээний төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр шилжүүлэн өгөх-өөр талууд харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас үлдэгдэл төлбөр болох 269,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03547 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма ганди гудамж ****** байр, ******* тоот хаягт байрлах, 169.061 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж

2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 269,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******г эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма ганди гудамж ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 169,061 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,146,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ