| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 192/2025/01294/И |
| Дугаар | 210/МА2025/01200 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01200
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03728 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ********д холбогдох,
Сахиулаар хийж гүйцэтгэж буй ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* УБТЗ-ын Вагон ашиглалтын депод Багануур техник үйлчилгээний газарт 2015 оноос хойш сахиулаар ажиллаж байна. Надтай ажил олгогч хөлсөөр ажиллах гэрээг байгуулан 3 cap тутамд сунгаж ажиллуулсаар 9 жил тасралтгүй энэхүү ажил үүргийг хийж гүйцэтгэсэн байна. Би сахиулын ажил үүрэг нь бүхэлдээ хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй харилцаа үүсэн ажиллаж байгаа юм. Жил бүр хамтын гэрээ хэлэлцээр, орон тоог батлахдаа хөлсөөр ажиллаж байгаа ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээнд шилжүүлэх талаар ярьдаг боловч хөдөлмөр эрхлэлтийн байдал хөдөлмөрийн хуулиар тогтоосон нөхцлөөр хангахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нөхцөл маань хуулиар тогтоосон нөхцөлөөс дордсон байдалтайгаар өнөөдрийг хүрлээ. 2024-2025 оны хамтын гэрээний 3.1-д ... хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэсэн заалт тусгасан боловч хэрэгжсэнгүй. Энэ талаар гомдлоо Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргаж, талуудыг эвлэрүүлэн хэлэлцүүлэх бүх арга хэмжээг авах зорилгоор 2025 оны манай байгууллагын орон тоог батлахад анхаарч үзэхийг хүссэн зөвлөмж хүргүүлсэн. Гэвч орон тоо батлахдаа шийдвэрлээгүй орхисон тул Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024 оны 12 сарын 18-ны өдөр хуралдаж, 2024/40 дугаар тэмдэглэл гаргасныг 2025 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч энэхүү гомдлыг гаргаж байна. Би өөрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулах, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41,3-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцуулах эрхтэй бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийн зөрчил өнөөдрийг хүртэл арилаагүй үргэлжилсээр би хөлсөөр ажиллах гэрээтэйгээр ажил үүргээ хийж гүйцэтгэсээр байна. Ажил олгогч 9 жилийн хугацаанд хугацаатай гэрээ байгуулж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар надтай хуульд зааснаар гэрээг хугацаатай байгуулж байгаа нь хууль бус юм. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиилаж байгаа нь хөдөлмөрийн хууль, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоосон нөхцөлөөр хангагдахгүи Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ажилтны амрах эрхийг 9 жил хугацаанд эдлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах эрх, тэтгэмж, хөнгөлөлт авах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогчдын хангагддаг эрхээрээ хангагдаж чадахгүй байсаар байна. Иймд сахиулаар хийж гүйцэтгэж буй ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг ажил олгогчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Аливаа иргэнийг ажилд авахад түүний мэргэжил, мэргэшил чадварын дагуу хөдөлмөрийн тодорхой үүрэг гүйцэтгэхийн тулд ажил олгогчтой хөдөлмөрийн харилцан тохиролцоо хийснээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж улмаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хууль ёсны ажиллагааны дагуу үүсдэг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нэг талаас иргэн тодорхой үүрэг гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч иргэнийг хөдөлмөрлүүлэхийг зөвшөөрсөн зэрэг хоёр талын зүй ёсны хүсэл зоригийг илэрхийлсэн үйл ажиллагааны дагуу үүсдэг ба хөдөлмөрийн гэрээнээс ангид байдлаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх боломжгүй, нэхэмжлэгчийг ажилд авах тухай ажил олгогчийн тушаал, шийдвэр огт байхгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, ажилтныг ажилд авсан тушаал, шийдвэр нь гэрээний нөгөө тал болох ажилтанд ажил үүрэг гүйцэтгэх, албан тушаалын болон цалин, хөлс авах, ажил олгогчоос ажилтанд хууль зүйн хариуцлага тооцох зэрэг харилцаанууд үүсэх боломжтой болно. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажилтан, ажил олголч хоёр үүрэг, эдлэх эрх, гэрээний хугацаа, цалин, хөлс, ажиллах хөнгөлөлт, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл зэргийг урьдчилан харилцан тохиролцож, эрх зүйн хувьд тэгш байдлын үндсэн дээр гэрээг байгуулснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэхээр хуульчилсан. Иргэнтэй ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулахад тухайн ажил, албан тушаалын орон тоо нь эрх бүхий этгээдээр батлагдсан байх шаардлагатай ба түүнийг үндэслэн иргэнтэй хөдөлмөрийн харилцаа үүсэх естой. Иргэний гэрээ, хэлцлийн дагуу ажил гүйцэтгэж байгаа иргэн нь иргэний эрх зүйн гэрээгээр тусгайлан тохиролцоогүй бол эрх, үүрэг, хариуцлагын хэлбэрийг өөрсдөө сонгож тохиролцох ба нэхэмжлэгчтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд эрх, үүрэг, хариуцлагын арга хэмжээг хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, үүрэг, сахилгын хэлбэрүүдээс өөрөөр заасан. Иргэний эрх зүйн харилцааны журмаар ажил гүйцэтгэх үед хөлсийг гэрээний талууд хэн алиныхаа эрх ашигт нийцүүлэх замаар хэлэлцэн тогтоодог. Тэгвэл хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрлөгсдийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журам, үндэслэлийн дагуу тогтоодог. Иргэний эрх зүйд хөдөлмөрийн хөлсийг гэрээнд заасан ажил үүргийн гүйцэтгэлийг харгалзан олгодог байхад хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтын үед ажилтнуудад ажилласан cap, хоног, гүйцэтгэсэн ажлын хэмжээг харгалзан олгодог. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг талууд харилцан тохиролцож тогтоосон ба ажил үүрэг гүйцэтгэхдээ зөрчил гаргавал гэрээг цуцлахаар тохирсон. Иргэн хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, тогтоогдсон хугацаанд багтаан хандахыг хуулиар зохицуулсан. Энэ нь өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байхыг анхааруулсан хэм хэмжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарахаар байна. Нэхэмжлэгчтэй Хөлсөөр ажиллах гэрээг 2015 онд байгуулсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс эхлэн тоолох ба нэхэмжлэгч өөртэй нь байгуулсан гэрээний төрөл буруу гэж үзсэн бол Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар 2018 онд багтаан шаардлага гаргах байсан. Дээрх хөлсөөр ажиллах гэрээг хугацаа дуусах бүрт 1 жилээр сунгаж ирсэн. Хэрэв нэхэмжлэгч нь түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол 2015 онд байгуулсан тэрхүү хөлсөөр ажиллах гэрээний асуудлаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох нэхэмжлэгч *******ын Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын сахиулаар хийж гүйцэтгэж буй ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4.1. Шүүх хэргийн үйл баримтуудын талаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, мөн ажил олгогчийн заасан ажлын байранд чиг үүргийн дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг болох талаар үнэн зөв дүгнэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2-д Хэдий талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.15-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх боловч тухайн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.9-т заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу үүссэн харилцаа гэж үзэхээргүй байна... гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний илэрхий алдаатай болсон. Өөрөөр хэлбэл, шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийсэн атлаа үүний үр дагавар болох хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох талаар тодорхой зохицуулалтыг хэрэглэхгүйгээр алдаатай дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
4.2. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Монгол-Оросын хувь нийлүулсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 12 сарын 26-ны өдрийн А/909 дугаар тушаалаар орон тооны жагсаалтыг шинэчлэн баталсан баг уг тушаалын 30-р хавсралтаар Вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын албан тушаалын нэрсийг баталсан... гэсэн дүгнэлтийг хийхдээ ажил олгогч өөрөө баталж мөрдүүлж буй хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ байх бөгөөд үүнийг хуульд нийцүүлэн батлах үүрэгтэй төдийгүй өөрсдөө тогтоосон хэм хэмжээг шүүх үнэлэхдээ хууль тогтоомжийн адил үнэлсэн.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн ажилтны ажлын байрыг ажил мэргэжлийн жагсаалтад оруулан батлаагүйд ажилтан огт буруугүй бөгөөд үүнийг шүүхээс зөвтгөх боломжгүй юм.
Анхан шатны шүүх *******ын ажиллаж байгаа сахиулын ажлын байр нь ********ын орон тооны жагсаалтад ороогүй, байнгын ажлын байр биш байх тул шүүхээс талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж, сахиулын ажлын байрны орон тоог нэмэлтээр баталж, жагсаалтад оруулах эсэх асуудал нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал тул шүүхээс энэ хүрээнд дүгнэлт хийх боломжгүй гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэнгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т зааснаар гэрээ байгуулах ажилтан, ажил олгогч нарын харилцан тохиролцсон тохиролцоо байдаг. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд үүссэн харилцаа нь дээрх хуулийн заалтад заасан харилцаа биш. Хөлсөөр ажиллах гэрээнд хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцлүүд огт дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл, ажилтны ажлын байр, цалин хөлсний хэмжээ, ажил, амралтын цаг зэрэг хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрхэн хүлээх талаар анхнаасаа тохиролцоогүй учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар 2 жилээс дээш хугацаагаар ажилласан учраас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардах эрхтэй. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөлд хэрэглэгдэх зохицуулалт болно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажилтан, ажил олгогчтой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөлсөөр ажиллах гэрээ буюу иргэний эрх зүйн харилцаа үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэглэгдэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********д холбогдуулан Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын сахиулаар хийж гүйцэтгэж буй ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэсдлэлээ талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан боловч гүйцэтгэж буй ажил үүргийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэн ажиллаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ажилтны эрхийг эдэлж чадахгүй хохирч байна гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзахдаа талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоосон боловч хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлгээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байгаа ажлын байр нь ажил олгогчийн орон тооны жагсаалтад ороогүй тул талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэхгүй гэх дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4. Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
-Нэхэмжлэгч ******* нь ********ын Вагон ашиглалтын депод Багануур техник үйлчилгээний газарт сахиулаар 2015 оноос хойш ажиллаж байгаа талаар тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.
-Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч *******оор Багануур ТҮГ-т сахиулын ажил үүрэг гүйцэтгүүлэх, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны урьдчилсан болон өдөр тутмын зааварчилгаа өгөх, сард 1,180,500 төгрөгийн хөлс олгох, ажлын байранд архи уусан буюу ажилдаа согтуу ирсэн, хүндэтгэх шалтгаангүй 16 цагаас дээш ажил тасалсан, ... өгсөн үүрэг даалгаврыг хөсөрдүүлсэн, ажлыг чанаргүй хийсэн зэрэг зөрчил дутагдал гарсан тохиолдолд гэрээг цуцлах, ажиллагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хууль заасны дагуу төлөх, нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журам, холбогдох бусад тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах, Багануур ТҮГ-ын салгалттай засварын хашааны цэвэрлэгээ, гадна талбайн цэвэрлэгээ болон даргын даалгасан үүрэг даалгаврыг гүйцэтгэх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна.
-2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр дээрх 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээтэй адил үүргийг хүлээхээр тохиролцсон бөгөөд сарын хөлсний хэмжээг 1,287,850 төгрөгөөр тогтоожээ.
-Хэрэгт авагдсан Вагон ашиглалтын депогийн Багануур ТҮГ-ын сахиулын ажлын байрны тодорхойлолтоор ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага, бусад нөхцөлийг тогтоосон байна. Үүнд:
Ажлын байрны үндсэн зорилт 1. ТҮГ-ын ажлын байр, гадна тоног төхөөрөмж, сэлбэг материал болон бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах.
Ажлын байрны үндсэн зорилт 2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хангаж ажиллах.
1 дүгээр зорилтын хүрээнд ... ажил эхлэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй байдал, зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурах, ... сахиул нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, ... ажилд гарахаас өмнө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааг засварын газрын даргаас авч ажил гарна, ... ирцээ бүртгүүлнэ ... зэрэг,
2 дугаар зорилтын хүрээнд ... хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны холбогдох стандарт, дүрэм, журмыг чанд мөрдөх, ... хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад ХАБЭА-н стандарт, дүрэм, журам зөрчигдсөн тохиолдолд шууд харьяалагдах албан тушаалтанд мэдэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгөгдөөгүй тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэхгүй байх зэрэг үйл ажиллагааг тусгасан.
Ажлын байранд тавигдах тусгай шаардлагад удирдах, удирдуулах зарчмыг баримтлах, ёс зүйн хэм хэмжээг сахих, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй боловч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, шуурхай ажлын үед онцгой тохиолдолд илүү цагаар ажиллах гэж заасан.
Мөн албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлагыг Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу ажлын зөрчил дутагдал, гологдол гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон нийтлэг багц дүрэм, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн заавар зэрэг хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх-ээр тусгажээ.
-Нэхэмжлэгч ******* нь Багануур ТҮГ-ын ажилчин албан хаагчдын өдөр тутмын ирцийн бүртгэлд өглөө ирсэн болон орой тарсан цагийг бүртгүүлж байсан ба нэхэмжлэгчийн цалингийн картаас үзэхэд түүний цалин хөлсийг сард 2 удаа цагийн бүртгэлд үндэслэн олгосон болох нь тогтоогдож байна./хх-ийн 14, 47-58/
5. Дээр дурдсаныг харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн Багануур ТҮГ-т сахиулаар ажиллахдаа хариуцагч байгууллагын удирдлага, заавар, хяналтын дор, ажлын байранд ажил үүргийг биечлэн гүйцэтгэж, байгууллагаас түүнд цалин хөлс олгож, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангаж байсан тул талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж дүгнэхээр байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын дор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгохоор заасан.
Харин хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээх ба ажиллагч нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журмыг баримтлахгүйгээр ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэх, хөлс төлөх журам, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэл, журам зэрэг нь Иргэний хуулиар тодорхойлогддог зэрэг шинжээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас ялгаатай болно.
Хариуцагч нь ********ын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/909 тоот орон тооны жагсаалт батлах тухай тушаалын 30 дугаар хавсралтаар батлагдсан Вагон ашиглалтын депогийн 2025 оны орон тооны жагсаалтыг ирүүлсэн ба уг жагсаалтад сахиулын ажлын байр тусгагдаагүй нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу тодорхойлоход нөлөөлөхгүй юм. Иймээс сахиулын ажлын байр байгууллагын бүтэц, орон тооны жагсаалтад тусгагдаагүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх үүрэгтэй.
Иймд, хариуцагч ******* болон нэхэмжлэгч ******* нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болохыг тогтоож, нэхэмжлэгч *******той хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдөр тус тус байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хэрэгт хавсарган өгч, уг ажлын байранд 2015 оноос одоог хүртэл ажиллаж байгаа талаар тайлбарласан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон нэхэмжлэгч ******* нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болохыг тогтоож, нэхэмжлэгч *******той хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай. гэж,
2 дахь заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ