Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

             Шүүгдэгч: Л.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Лын Рт  холбогдох 1935001580088 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны  11 дүгээр сарын 24-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Т овогт Лын Р  /РД:......................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.Р нь 2019 оны 3 дугаар сарын 01-03-ны хооронд Увс амйгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Шургац” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4.835  метр куб нойтон бургас мод бэлтгэн тээвэрлэж экологи эдийн засагт 406.140 төгрөгийн  хохирлыг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Рийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

            Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Р нь 2019 оны 3 дугаар сарын 01-03-ны хооронд Увс амйгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Шургац” гэх газраас 4.835  метр куб нойтон бургас мод бэлтгэн тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-17-р тал тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-52-р тал/, модонд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-55-р тал/, эд мөрийн баримтаар модон иштэй төмөр сүх, УВА 021569 дугаартай, УВА 0108853 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг” хураан авсан тэмдэглэл /хх-ийн 56-58-р  тал/,  эд хөрөнгө /мод/ битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 59-р тал/, эд мөрийн баримт /мод/-аар” хураан авсан тэмдэглэл /хх-ийн 69-р  тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Л.Р нь Түргэн сумын 2 дугаар багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр бургас мод тайрч бэлдсэн. Л.Р нь зохих зөвшөөрөлгүйгээр нойтон бургас модыг тайрч бэлдэж байгаль экологид учирсан хохирол болох 406.140 төгрөгийг төлж барагдуулсан тул Л.Раас өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85, 86-р тал/,

Гэрч Т.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний нөхөр Л.Р нь гэрийн хана, унь хийхээр 2019 оны 3 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдийн хооронд Түргэн сумын 2 дугаар баг Шургац гэх газраас нойтон бургас мод ганцаараа тайрч бэлдсэн. Нийт 790-800 орчим ширхэг нойтон бургас сүхээр цавчиж бэлдсэн бөгөөд зөвшөөрөл аваагүй байсан. Бэлдсэн модоо Тэмээн дээр ачаад гэрийн гадна авч ирж буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р тал/,

Гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай аав Л.Р нь 2019 оны 3 дугаар сарын 01-нээс 03-ны  өдрүүдийн Түргэн сумын 2 дугаар баг Шургац гэх газраас ганцаараа өөрийнхөө мориор 1 тэмээ хөтөлж явж нойтон бургас цавчиж бэлдээд өдөр өдөрт нь тэмээндээ ачиж ирээд гэрийн ар талын модон дотор хурааж тавьсан.  Манай аав Л.Р нь бургас мод бэлтгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан. Би 2019 оны 4 дүгээр сарын эхээр аймгийн төв орж нагац эгч Цын гэрт 5 хоносон бөгөөд тухайн үед нагац эгч Ц нь ягаан өнгийн цаасан дээр бичсэн мод бэлдэх эрхийн бичиг өгч явуулсан бөгөөд аавдаа аваачаад өгчих модны бичиг байгаа юм гэж хэлж өгсөн. Тэгээд тэр бичгийг өөрийн аав Л.Рид аваачиж өгсөн юм. Манай аав Л.Р нь гэрийн хана, унь хийхээр бургас мод бэлдсэн бөгөөд нийт 790-800 орчим бургас модыг цавчиж бэлдсэн байсан юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 91-93, 109-110-р тал/,

 Гэрч Р.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай аав Л.Р нь 2019 оны 3 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд мориор явж Түргэн сум 2 дугаар баг Шургац гэх газраас ганцаараа нийт 700-800 орчим нойтон бургас модыг цавчиж бэлтгэж, тэмээгээр ачиж гэртээ авч ирж байсан. Аав Р нь бургас модыг бэлдэхдээ ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр бэлдсэн. Бэлдсэн модоо гэрийн ар талд 100 гаруй метрийн зайд байх модны ёроолд авч ирж тавьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р тал/,

Гэрч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Л.Р нь өнгөрсөн өвөл буюу 2019 оны 3 дугаар сард бургас мод бэлтгэж гэрийнхээ ард авч ирж хурааж байсан. Л.Рийг Шургацаас мод бэлтгэсэн байх гэж бодож байна. Манай ойролцоо айлынхан ихэвчлэн Шургацаас бургас мод бэлддэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р тал/,

Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Түргэн сумын 2 дугаар багийн нутагт  ахлагч Уын хамт эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Л.Рийн гэрийн хойд талын модонд 5 хэсэг болгож багцалж хураасан нойтон бургас мод байсныг илрүүлсэн. Л.Раас мод бэлтгэх зөвшөөрөл байгаа эсэхийг нь асуухад байгаагүй тул цагдаагийн газарт мэдэгдсэн. Модыг тоолоход 1604 ширхэг байсан бөгөөд 557 ширхэгийг зорж бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-р тал/,

Гэрч Т.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Түргэн сумын 2 дугаар багийн нутагт  дэд ахлагч Уын хамт эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Л.Рийн гэрийн хойд талын модонд 5 хэсэг болгож багцалж заримыг нь гэрийн хана хийхээр зорж бэлтгэн хураасан нойтон бургас мод байсныг илрүүлсэн. Л.Рийн гэрт орж Л.Раас мод бэлтгэх зөвшөөрөл байгаа эсэхийг нь асуухад байгаагүй тул цагдаагийн газарт мэдэгдсэн. Модыг тоолоход 1604 ширхэг байсан бөгөөд 557 ширхэгийг зорж бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 101-р тал/,

Гэрч М.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү Л.Р нь 3 гэрийн хана хийхээр өнгөрсөн өвөл буюу 2019 оны 3 дугаар сарын эхээр өөрийн амьдардаг Нарийн ус гэх газраас хойшоо 4-5 орчим километр зайтай байх Шургац гэх газраас ганцаараа 3-5 хоногт гэрийн мод хийх нойтон бургасыг тайрч бэлдсэн юм. Р нь өдөр өдөртөө бэлдсэн бургас модоо өөрийнхөө тэмээндээ ачаад, өөрөө морио унаад гэрийнхээ гадна авч ирж гэрийн ар талын харганы ёроолд буулгаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р тал /,

Гэрч Т.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2019 оны 3 дугаар сард хүргэн Л.Р нь над руу “Та надад гэрийн мод хийх гоожин /эрхийн бичиг/ аваад явуулах хэрэгтэй байна” гэж утсаар ярьж  хэлсэн. Би 2019 оны 4 дүгээр сарын 06-наас  07-ны үед Улаангом сумын байгаль хамгаалагчаас 2 метр куб мод бэлдэх эрхийн бичиг авч Л.Рт явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р тал/,

Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Түргэн сум дахь сум дундын ойн ангиас энэ жил Түргэн сумын 2 дугаар баг Шургац гэх газраас талбай тусгаарлалт хийгдээгүй учраас уг газраас 2019 онд бургас мод бэлдэж болохгүй юм. 2019 онд манай сумын хэрэглээ болон түлээний бургас модыг Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Овоон булаг” гэх газраас бэлтгэхээр заагдсан болно. Талбайн тусгаарлалт гэдэг нь сум орон нутгаас тухайн жилд батлагдсан лимитэд тааруулан мод бэлтгэх талбайг сонгож сумын Засаг даргатай ойн анги гэрээ хийсэн байдлыг хэлнэ. Уг гэрээнд заагдсан газраас л тухайн жилд зохих зөвшөөрлийн дагуу хэрэглээний болон түлшний бургас модыг бэлтгэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 107-р тал/,

Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би Увс аймгийн БОАЖГ-ын Улаангом сумын байгаль хамгаалагчаар ажилладаг бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ байтал Ц гэдэг хүн ирээд Л.Р гэдэг хүн дээр нойтон бургас модны бичгийг бичүүлж авмаар байна, Л.Р нялх хүүхэдтэй гэр нь хөдөө байдаг учраас намайг бичүүлээд явуулчих гэж байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр Л.Р гэдэг хүний нэр дээр Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Долоогийн тохой гэх газраас 2 метр куб нойтон бургас мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж Цд өгсөн. Мод бэлдэх эрхийн бичигт мод бэлтгэх хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 07-ноос 09-ний хооронд 2 хоног, тээвэрлэх хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 09-нээс 11-ний хооронд 2 хоногийн хугацаатай бичиж өгсөн юм. Би эрхийн бичиг өгөхдөө Улаангом сумын нутаг Долоогийн тохой гэх газраас мод бэлдэнэ шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р тал/,

Шүүгдэгч Л.Рийн мөрдөн байцаалтын шатанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би оюутан хүүхдийнхээ төлбөрийг хийх гэж 3 гэрийн хана хийхээр Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2019 оны 3 дугаар сарын 01-нээс  03-ны хооронд 3 хоногийн хугацаанд 789 ширхэг нойтон бургас модыг тайрч бэлдсэн. Шургац гэх газар нь манай гэрээс 5-8 орчим километр зайтай байдаг. Уг бургас модыг ганцаараа бэлдсэн бөгөөд мод бэлдэхдээ Шургац гэх газар луу өөрийн 10 настай аагт олом тамгатай, төөлтэй зээрд мориор өөрийн 10 настай шар зүсмийн 1 тэмээгээ хөтөлж явж мод бэлтгээд модоо орой нь тэмээндээ ачиж ирж гэрийн гадна буулгасан байсан. Манай нутгийн хүмүүс эхлээд модоо бэлтгээд дараа нь зөвшөөрлөө авдаг юм. Мод бэлтгэсний дараа 2019 оны 3 дугаар сарын сүүлээр хадам эгч Ц эгч рүү утсаар залгаад надад 2 гэрийн хана хийх мод бэлтгэх эрхийн бичиг аваад явуулаач гэж хэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 06, 07-ны үед хадам эгч Ц манай охин Бд Улаангом сумын Долоогийн тохой гэх газраас 2 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлдэх бичгийг өгч явуулсан байсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.  Би гэмт хэргийн улмаас байгаль экологит учирсан хохирол болох 406.140 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулсан. Надад торгох ял оногдуулж өгнө үү”  гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “...Уг мод бэлтгэсэн газар нь N 50 0 13 0 14.73, E 091 0  52 0 18.24  Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй.  Шургац гэх газраас бэлтгэсэн мод нь  4.835 метр куб бургас мод байна. Дээрх мод нь хэрэглээний бургас мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 406.140 /дөрвөн зуун зургаан мянга нэг зуун дөч/-н төгрөг болж байна” гэх 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 118 –р тал/-ээр мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд хамаарахгүй, зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 406.140 /дөрвөн зуун зургаан мянга нэг зуун дөч/ төгрөг болох нь тус тус тогтоогдсон байна.

Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэдэг газраас 4.835 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэж, Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “НарийнУс” гэх газар руу ердийн хөсөг буюу тэмээ ашиглаж зөөсөн байгаа тул үүнийг уг модыг тээвэрлэсэн гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Л.Р нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Шургац” гэх газрын ойгоос 2019 оны 3 дугаар сард нойтон бургас мод бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Л.Рийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр 406.140 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 406.140 төгрөг байна.

 Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.218.420 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэрийн гаднаас 1604 ширхэг нойтон бургас мод хурааж авсан боловч 815 ширхэг нь Л.Д бэлтгэсэн мод болох нь тогтоогдсон тул 1935001820105 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

            Шүүгдэгч Л.Р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Л.Рт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Л.Р зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх хууль  зүйн үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.218.420 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Л.Р нь байгаль экологид учруулсан хохирол гэж 406.140 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сийн мэдүүлэг, хэргийн 166-р талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 812.280 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 406.140 төгрөгийн үнэ бүхий 789 ширхэг бургас модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ уналга,  болгон ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн зүүн гуяндаа аагт олом тамгатай, 10 настай, 750.000 төгрөгийн үнэ бүхий зээрд морь, хууль бусаар бэлтгэсэн  модыг тээвэрлэсэн ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн баруун чихний араасаа цуулбар имтэй, 10 настай 800.000 төгрөгийн үнэ бүхий шар зүсмийн атан тэмээг тус тус хурааж, шүүгдэгч Л.Рийн ойн санд учруулсан үлдэх хохирол болох 812.280 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үдлэх хэсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

789 ширхэг бургас,  зүүн гуяндаа аагт олом тамгатай, 10 настай, 750.000 төгрөгийн үнэ бүхий зээрд морь, баруун чихний араасаа цуулбар имтэй, 10 настай 800.000 төгрөгийн үнэ бүхий шар зүсмийн атан тэмээг тус тус хурааж, хохирол барагдуулах, улсын орлого болгохтой холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхлэх хүртэл тэдгээрийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн УВА 021569 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн ашиглах хугацаа нь дууссан, цаашид ашиглах боломжгүй тул хэрэгт үлдээж, сүхийг шүүгдэгч зөвхөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бус ахуйн хэрэглээнд ашиглаж байсан, цаашид ахуйн хэрэгцээнд ашиглах боломжтой тул устгахгүйгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Рт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Рт ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн болон эрүүгийн хариуцлагын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх”  зорилго нийцүүлэн, шүүгдэгч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн  нөхцлийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн ажил хийж эдлүүлэх зүйтэй гэж үзээд Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газарт ногоон байгууламж, ургамал хамгаалах, арчлах ажил хийлгэн эдлүүлэхээр тогтоов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Л.Рид шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 Шүүгдэгч Л.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Лын Р-г Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р-д 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Л.Р-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газарт ногоон байгууламж, ургамал хамгаалах ажил хийлгэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Л.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шүүгдэгч Л.Р хохиролд 406.140 төгрөгийг түргэн сумын байгаль хамгаалах санд төлснийг дурдаж, Байгаль орчиныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар шүүгдэгч Л.Раас ойн санд учруулсан хохиролд 812.280 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Рийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 406.140 төгрөгийн үнэ бүхий 789 ширхэг бургасыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд уналга, ачилганд ашигласан 750.000 төгрөгийн үнэ бүхий 10 настай морь, 800.000 төгрөгийн үнэ бүхий 10 настай тэмээг тус тус хурааж ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгосугай.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн УВА 021569 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хэрэгт үлдээж, сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Рт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ