| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2024/04890/И |
| Дугаар | 210/МА2025/01222 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/01222
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03769 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* ХХК, *******нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 290,649,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани *******тай 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, *******ХХК-ийн эзэмшлийн 7 тээврийн хэрэгслийг нэг бүрийн үнийг 44,082,000 төгрөг буюу нийт 308,574,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 6 сарын хугацаанд тээвэр хийж үнийг төлөхөөр тохиролцож, уг автомашинуудыг ******* ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлж, хариуцагч *******д хүлээлгэн өгсөн. Хариуцагч ******* ХХК болон ******* нараас нийт 17,924,775 төгрөгийг төлсөн. Б.Бурмаа, ******* ХХК-ийг төлөөлж ****** нар харилцан тохиролцож 2 ширхэг ачааны автомашиныг *******т ашиглуулж, автомашины үнэд 88,164,000 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон тул *******ээс 88,164,000 төгрөг, ******* ХХК, ******* нараас 202,485,225 төгрөг, нийт 290,649,225 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 3.4-т зааснаар 65 ба түүнээс дээш рейсээр тээвэр хийн төлбөр тооцоог барагдуулахаар тохиролцсон боловч Бичигтийн боомтоор нүүрс гараагүй тул гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Гэрээгээр хүлээлгэн өгсөн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байгаагүй, тээвэр хийх боломжгүй байсан. Зээлээр худалдан авах боломжгүй байсан тул *******ХХК автомашинуудаа буцаан авахаар бичгээр мэдэгдсэнийг би хүлээн зөвшөөрсөн тул машинуудаа өөрсдөө авсан гэж ойлгож байсан. Машинуудаа өөрсдөө авчихаад зээлээр авах төлбөр төлөх боломжгүй байсныг хүлээн зөвшөөрсөн хирнээ одоо мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Бурмаа нь өөрт байгаа 7 ширхэг тээврийн хэрэгслээр улс хоорондын С зөвшөөрөл авч нүүрс тээвэр хийхээр ярилцсан. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 7 ширхэг машиныг чиргүүлийн хамт манай компанийн нэр дээр шилжүүлсэн. Манай компани эдгээр автомашинд улс хооронд тээвэр хийх С зөвшөөрөл гаргаж өгсөн. Хилээр орох гарах бүртгэлийг манай компани хариуцдаг, тээвэрт явах, жолоочоор хангах, засвар үйлчилгээ зэрэг машинтай холбоотой асуудлыг ******* хариуцдаг байсан. Манай компани *******ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Тээврийн хэрэгслээ буцаагаад авах боломжтой байхад элэгдэж муудсан хөрөнгөө зах зээлийн үнээс өндөр үнэлж нэхэмжилж байгааг буруу гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга: 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* гэдэг хүнээс ******* СҮЭ улсын дугаартай автомашиныг 60-65 рейсээр бодож худалдан авах гэрээ хийсэн. 08 сарын 30 хүртэл 8 рейс хийсэн. Дараа нь ****** СҮЭ улсын дугаартай автомашиныг мөн 60-65 рейсээр бодож худалдан авсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 12 сарын 04-ний өдрийг хүртэл 25 рейс хийсэн. Анх 2 автомашиныг худалдаж авснаас хойш 9,210,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. ******* ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Би жолоочгүй болсон тул 2 машиныг сайн явуулж чадаагүй. 10 рейсийн тооцоог одоо хүртэл аваагүй байгаа. Гэрээ хийгээд авсан учир аль аль талдаа хүндрэл учруулахгүй төлбөр тооцоог дуусгах хүсэлтэй байна.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 176,328,000 төгрөг, хариуцагч *******ээс 88,164,000 төгрөгийг тус тус гаргуулан *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44,082,000 төгрөгийг болон хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,611,197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 919,993 төгрөг, хариуцагч *******ээс 459,191 төгрөгийг тус тус гаргуулан *******ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийп 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03769 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ******* миний бие доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гож үзэж байна.
******* миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч *******ыг оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд өмгөөлөгчийн хувьд тухайн өдрийн шүүх хуралдаанд хуучнаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд 10:00 цагт товлогдсон Иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байгаа талаар хүсэлт болон шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтын хамт шүүхэд хүргүүлсэн ч уг хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэж үзэхээргүй гэж, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид шүүх хуралдаанд давхацсан гэх баримтгүй гэх байдлаар өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж намайг хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас надаас 176,328,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, миний бие нэг ч машин хүлээж аваагүй, худалдаж аваагүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага өөрсдөө Чинбери ХХК-д тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бөгөөд миний бие шилжүүлэн өгөх зөвшөөрөл өгөөгүй болно. Миний бие нэг ч машиныг хүлээн аваагүй, өмчлөөгүй атал мөнгө төлж байгаад гайхаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдол нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч *******г өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан. Анхан шатны шүүх хуралдаан эхлэх явцад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт цахимаар ирсэн. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргаагүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Хариуцагч ******* нь зөвшөөрөл авах эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн. Уг хэрэгт хамтран хариуцагчаар *******ийг татан оролцуулсан. Хариуцагч ******* нь 9 автомашиныг шилжүүлье, 2 автомашин нь манай дүүгийн автомашин гэж хэлээд ******* ХХК-д автомашиныг шилжүүлсэн. Тухайн үед автомашиныг хүлээж авсан. Доголдолтой 1 автомашины үнийг хассан. Иймд хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******, ******* ХХК, *******нараас гэрээний үүрэгт нийт 290,649,225 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч ******* 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаан давхцсан, хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг шүүхийн цахим хаягаар хүргүүлсэн байна. /хх-н 142-143-р тал/
Гэвч шүүх хуралдаан давхцсан болох нь хүсэлтдээ хавсаргасан баримтаар нотлогдохгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна.
Иймээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03769 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гийн урьдчилан төлсөн 1,039,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ