Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

             Шүүгдэгч: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Дд холбогдох эрүүгийн 1935001820105 тоот хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 18-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 18-01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Гийн Д /РД:........................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар баг Шургац гэх газарт зөвшөөрөлгүйгээр 815 ширхэг, 6.325 метр куб нойтон бургас мод бэлтгэн, тээвэрлэж экологи, эдийн засагт 531.300 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Дг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

            Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 3 дугаар сарын 12-15-ны хооронд Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Шургац” гэх газраас 6.325  метр куб нойтон бургас мод бэлтгэн тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10-р тал тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р тал/, эд мөрийн баримтаар модон иштэй төмөр сүх, УВА 0108853 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг” хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26-р  тал/,  эд хөрөнгө /мод/ битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 27-р тал/, эд мөрийн баримт /мод/-аар” хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24-р  тал/, эд хөрөнгө /тэмээ/ битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 28-31-р тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д нь Түргэн сумын 2 дугаар багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр бургас мод тайрч бэлдсэн. Би зохих зөвшөөрөлгүйгээр нойтон бургас модыг тайрч бэлдсэн хүнээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Г.Д нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр учирсан хохирол болох нийт 531.300 төгрөгнөөс 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийг манай сумын байгаль хамгаалах сангийн 100151455402 дугаартай дансанд хийсэн бөгөөд үлдэгдэл 131.300 төгрөгийг өөрийн боломжоороо төлөхөө илэрхийлсэн юм. Одоо Г.Даас байгаль экологид учирсан хохирлоос үлдсэн 131.300 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37, 38-р тал/,

Гэрч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дүү Д нь 2019 оны 3 дугаар сарын 24- ний үеэр байх / өдрийг нь сайн санахгүй байна / Улаангом сумын П гэгчид хөлсөөр гэрийн мод хийж өгөхөөр бургас мод бэлдэхээр явсан. Уг модыг дүү Д ганцаараа 3-4 хоног бэлдсэн. Түргэн сумын нутаг Шургац гэх газраас бэлдсэн талаар надад хэлсэн. Д 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр надад би П ахынд бэлдсэн бургас модыг “Овоон булан” гэх газраас бэлдэх байсныг тухайн газраас бэлдэхгүйгээр Түргэн сумын нутаг Шургац гэх газраас ойрхон болхоор бэлдчихсэн юм гэж хэлсэн. Д нь Шургац гэх газраас бэлдсэн бургас модыг сүүлд буюу 2019 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна Шургац гэх газраас айлын тэмээгээр зөөж Түргэн сумын нутагт байх Л.Рийн гэрийн гадна хүргэж буулгасан. Д нь нийт 800 гаруй ширхэг нойтон бургас модыг бэлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

Гэрч М.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна маанай хүү Рийн гэрт нутгийн танил хүн болох Д гэгч нь ирээд Шургац гэх газраас өөрийн бэлдсэн гэх нойтон бургас модыг манай хүү Огийн тэмээг гуйж аваад 2 тэмээгээр 2 удаа зөөж манай хүү Рийн гэрийн ар талын харганы ёроолд буулгаад унаа олж ирээд авна гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг / хх- ийн 41-42-р тал/,

 Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Л.Р нь гэрийнхээ гадна байсан 1604 ширхэг нойтон бургас модны тал модыг 2019 оны 3 дугаар сард өөрийнх нь танил Гийн Д гэгч нь Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэх газраас тайрч бэлдсэн, тэгээд уг бургас модыг 2019 оны 4 дүгээр сарын эхээр Шургацаас айлын тэмээгээр зөөж манай гэрийн гадна авч ирж буулгачихаад унаа олж ирж авна гэж хэлчихээд явсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/

Гэрч Т.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Д нь 2019 оны 4 дүгээр сарын эхээр манайд ирээд Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэх газарт бэлдэж тавьсан хана хийхэд бэлтгэсэн нойтон бургас модыг авч ирээд манай гэрийн гадна буулгасан. Д уг бургас модыг 2019 оны 3 дугаар сард Шургац гэх газраас ганцаараа тайрч бэлдсэн гэж хэлсэн. Шургацаас манай гэр хооронд манай хадам ах Л.Огийн 2 тэмээгээр 2 удаа зөөж авч ирсэн. Г.Ды авч ирсэн нойтон бургас мод нь 800-820 ширхэг байсан юм. Г.Д нь Шургацаас бэлдсэн бургас модоо манай гэрийн ар талын харганы ёроолд 3 багц болгож буулгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

Гэрч Р.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Д гэдэг хүн нь 2019 оны 4 дүгээр сарын эхээр манайд өөрийн Шургац гэх газраас бэлдсэн 800 гаруй ширхэг бургас модыг О ахын тэмээгээр 2 удаа зөөж манай гэрийн гадна талд буулгасан. Д нь манай гэрийн гадна авч ирж хадгалуулсан 800 гаруй ширхэг бургас модыг Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэх газраас 2019 оны 3 дугаар сард ганцаараа тайрч бэлдсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,

Гэрч Л.Рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдийн хооронд өдрийг нь сайн санахгүй байна манайд манай нутгийн танил Г.Д нь ганцаараа хүрч ирээд надад би Шургацаас гэрийн хана хийхээр хэдэн бургас мод тайрч бэлдсэн байгаа тэр бургас модыг танай гадна Шургацаас зөөж авч ирээд тавьчихья тэгээд унаа олж ирээд аймаг руу ачиж явья модны эрхийн бичиг байгаа гэсэн. Тэр өдөр Д нь манай төрсөн ах Оын 2 тооны тэмээг гуйж аваад ганцаараа манай гэрээс 5-8 километрийн цаана байх Шургац гэх газраас өөрийнхөө бэлдсэн бургас моднуудыг 2 удаа зөөж манай гэрийн ар талын харганд авч ирж буулгасан. Г.Д нь уг бургас моднуудыг буулгахдаа манай гэрийн гадна миний бэлдэж тавьсан моднуудын хажууд 3 хэсэг болгож буулгасан бөгөөд нийтдээ 800 орчим ширхэг нойтон бургас модыг зөөж авч ирж надад хадгалуулсан. Г.Д нь тухайн бургас модыг Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэх газраас ганцаараа 2019 оны 3 дугаар сарын сүүлээр бэлдсэн мод гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,

Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Түргэн сум дахь ойн ангиас энэ жил Түргэн сумын 2 дугаар баг Шургац гэх газраас талбай тусгаарлалт хийгдээгүй учраас уг газраас мод бэлдэж болохгүй юм. Харин 2019 онд манай сумын лимитэд заагдсан хэрэглээ болон түлээний бургас модыг Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Оюун булаг гэх газраас бэлтгэхээр заагдсан болно. Талбайн тусгаарлалт гэдэг нь сум орон нутгаас тухайн жилд батлагдсан лимитэд тааруулан мод бэлтгэх талбайг сонгож сумын Засаг даргатай ойн анги гэрээ хийсэн байдлыг хэлнэ. Уг гэрээнд заагдсан газраас л тухайн жилд зохих зөвшөөрлийн дагуу хэрэглээний болон түлшний бургас модыг бэлдэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,

Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Д нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд 3 хоногийн хугацаанд ганцаараа ирж хоносон бөгөөд Г.Д нь тухайн үед Түргэн сумын Шургац гэх газраас 3 гэрийн мод бэлдэж байгаа гэж хэлж байсан. Г.Д нь 3 хоногийн хугацаанд ганцаараа Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэх газраас нойтон бургас мод тайрч бэлдсэн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/,

Гэрч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 онд Түргэн сумын нутгаас түлш болон хэрэглээний бургас модыг бэлтгэх талбайг Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Овоон булаг гэх газраас бэлдэх ёстой бөгөөд тухайн газарт талбай тусгаарлалт хийгдсэн бөгөөд өөр газраас мод бэлдэж болохгүй юм. Д гэдэг хүн манай Түргэн сумын нутгаас мод бэлдэх эрхийн бичиг аваагүй юм гэх мэдүлэг /хх-ийн 57-58-р тал/,

Гэрч Г.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр над руу миний танил Д утсаар залгаад би Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэх газарт байна, би Шургацаас гэрийн хана хийх гэж 3 гэрийн мод бэлдсэн байна, би модны бичиг авалгүй мод бэлдсэн байгаа, аймаг руу оруулах гэтэл модны бичиг хэрэг болоод байна та модны бичиг аваад өг, би аймаг руу ороод таны модны бичгийг тань өгчихье гэж хэлсэн. 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Түргэн суманд очиж Х гэх хүнээс түлээний 8 м3 бургас мод бэлдэх эрхийн бичгийг 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 26-ны хооронд бэлдэх хугацаатай авсан юм. Уг бичгийг Д надтай утсаар ярьсанаас хойш 10 гаруй хоногийн дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д-д өгсөн. Д 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Шургац гэх газраас өөрийн бэлдсэн нойтон бургас моднуудаа Түргэн сумын иргэн Рийн гэрийн гадна зөөж аваачсан байгаад цагдаа нарт баригдахдаа надаар гуйж бичүүлж авсан түлшний модны бичгээр намайг мод бэлдүүлсэн гэж хэлсэн байна” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Л.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний танил Г.Д нь манайд ирээд надад би Шургацаас өөрийн бэлдсэн бургас модыг зөөх гэсэн юм, та тэмээгээ өгөөч гэж хэлж манай тэмээг гуйсан юм. Тэгээд би Г.Дд өөрийн тэмээнээс 7 настай, дугуй тамгатай, эр тэмээ 1 тооны, 8 настай, дугуй тамгатай, эр тэмээ 1 тооны нийт 2 тооны тэмээг өгч явуулсан юм. Тэгээд Г.Д нь миний 2 тооны тэмээгээр Шургацаас бэлдсэн бургас модыг ганцаараа зөөж авч ирж манай дүү Л.Рийн гэрийн гадна буулгачихаад манай тэмээг авч ирж өгсөн юм. Г.Д нь надад хэлэхдээ 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдийн хооронд Шургац гэх газраас бургас мод ганцаараа тайрч бэлдсэн гэж хэлж байсан. Г.Д нь миний 2 тооны эр тэмээгээр мод ачсан бөгөөд би тухайн үед Дыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаар мэдээгүй юм. Миний 2 тооны тэмээг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан учраас хураан авах юм бол би 2 тооны тэмээгээ Г.Д-аас нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,

Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаангом сумаас Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэх газраас мод бэлдэхээр гэрээсээ өөрийнхөө модон иштэй сүхээ аваад замын машинд дайгдаж тухайн газарт үдийн 12 цагийн үед очсон юм. 3 хоногийн хугацаанд ганцаараа нойтон бургас модыг авч очсон сүхээрээ цавчиж бэлдсэн. Бэлтгэсэн модоо О гэдэг хүнээс 2 тэмээг нь гуйж аваад тэр 2 тэмээгээр 2 удаа ачиж Рийн гадна авя очиж буулгасан. Ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “...Уг мод бэлтгэсэн газар нь N 50 0 14 0 40, E 091 0  53 0  20 Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй.  Шургац гэх газраас бэлтгэсэн мод нь  6.325 метр куб бургас мод байна. Дээрх мод нь хэрэглээний бургас мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 531300 /таван зуун гучин нэг мянга гурван зуу/-н төгрөг болж байна” гэх 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 –р тал/-ээр мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд хамаарахгүй, зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 531.300 /таван зуун гучин нэг мянга гурван зуу/ төгрөг болох нь тус тус тогтоогдсон байна.

Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Шургац гэдэг газраас 6.325 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэж, Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн Ус” гэх газар руу ердийн хөсөг буюу тэмээ ашиглаж зөөсөн байгаа тул үүнийг уг модыг тээвэрлэсэн гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Г.Д нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Шургац” гэх газрын ойгоос 2019 оны 3 дугаар сард нойтон бургас мод бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Г.Дг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтээр 531.300 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 531.300 төгрөг байна.

 Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.593.900 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Г.Д зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх хууль  зүйн үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.593.900 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Г.Д нь байгаль экологид учруулсан хохирол гэж 400.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сийн мэдүүлэг, хэргийн 122-р талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 1.139.900 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 531.300 төгрөгийн үнэ бүхий 815 ширхэг бургас модыг улсын орлого болгож, хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэхэд ашигласан нийтдээ 1.450.000 төгрөгийн үнэ бүхий хоёр тэмээ нь иргэний нэхэмжлэгч Л.Оын өмчлөлийнх болох нь тогтоогдож байгаа тул уг хоёр атан тэмээг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Л.От буцаан олгож, тэдгээрийн үнэ болох 1.450.000 төгрөгийг шүүгдэгч Г.Даас гаргуулан ойн санд учруулсан үлдэх хохирол болох 1.139.900 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж Байгаль орчин, уур амьсгалын санд орууж, үдлэх хэсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

815 ширхэг бургасыг улсын орлого болгохтой холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн УВА 0108853 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн ашиглах хугацаа нь дууссан, цаашид ашиглах боломжгүй тул хэрэгт үлдээж, сүхийг шүүгдэгч зөвхөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бус ахуйн хэрэглээнд ашиглаж байсан, цаашид ахуйн хэрэгцээнд ашиглах боломжтой тул устгахгүйгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Дд буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч Г.Дд ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн болон эрүүгийн хариуцлагын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх”  зорилго нийцүүлэн, шүүгдэгч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн  нөхцлийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн ажил хийж эдлүүлэх зүйтэй гэж үзээд Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газарт ногоон байгууламж, ургамал хамгаалах, арчлах ажил хийлгэн эдлүүлэхээр тогтоов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г.Дд шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Гийн Дг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Г.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газарт ногоон байгууламж, ургамал хамгаалах ажил хийлгэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шүүгдэгч Г.Д хохиролд 400.000 төгрөгийг Түргэн сумын байгаль хамгаалах санд төлснийг дурдаж, Байгаль орчиныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Даас ойн санд учруулсан хохиролд 1.139.900 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Дгийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 531.300 төгрөгийн үнэ бүхий 815 ширхэг бургасыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд уналга, ачилганд ашигласан 1.450.000 төгрөгийн үнэ бүхий хоёр тэмээг иргэний нэхэмжлэгч Л.От буцаан олгож, шүүгдэгчээс 1.450.000 төгрөг гаргуулан ойн санд учруулсан 1.139.900 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, үлдэх хэсгийг улсын орлого болгосугай.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн УВА 0108853 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хэрэгт үлдээж, сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Дд буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ