Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 880

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00799/И

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** аймаг *** сум *** баг *** хороолол *** тоотод оршин суух, Н.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж сургуульд  холбогдох ,

 “ажилгүй байсан хугацааын цалин 2,280,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Миний бие 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд энэ тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн

 

*** дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн.

Ингээд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Ж ******* сургуулийн бага боловсролын сургалтын менежер  ажилдаа эргэн орсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эргэж орох хүртэл хугацааны цалингаа нэхэмжилж байна. Би Ж ******* сургуульд ажиллаж байх үедээ дунджаар 1,142,711 төгрөгийн цалин авдаг байсан. 

Иймд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 2,285,422 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн Дархан сумын Ж ******* сургууль нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Н.Ц гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Н.Ц нь ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны  өдөр гаргаж шүүх 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Улмаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай тус шүүхийн шийдвэр гарч Н.Ц г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар  шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар 7 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр нь  бичгээр үйлдэж шүүгч гарын үсэг зурж баталгаажуулдаг. Үүнээс хойш 14 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг зохигч нарт гаргуулдаг. Гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй байдаг. ИХШХШТ хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-т зааснаар гардаж авсанаас хойш ИХШХШТ хуулийн 120.2-т заасан хугацаа дуусмагц шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог. Иймд Шүүхийн шийдвэр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гарсан бөгөөд хариуцагч талаас хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хуулийн хугацаанд давж заалдах гомдол гаргасан Давж заалдах гомдол гаргаснаар ИХШХШТ хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар гүйцэтгэлийн ажиллагаа явагдахгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол болон хяналтын гомдол гаргаагүй бол ийнхүү гомдол гаргах хугацаа дууссанаар шийдвэр хүчин төгөлдөр болдог. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг танилцуулсан яг тэр хэмжээгээр бичгийн хэлбэрт орж, уг шийдвэрийг зохигч нарт гардуулах, гардан авснаас хойш давж заалдах гомдол гаргах хугацаа тоолох, давж заалдах гомдол гаргаснаас гомдлыг хянан хэлэлцэх хугацаа зэрэг нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох цаг хугацаа юм.

Хариуцагч талаас 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж Д , Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 34 дугаартай давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон шүүгчийн захирамж гарснаар Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч талаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Н.Ц г 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. Иймд шүүхийн шийдвэрийг хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсны дараа сайн дураараа биелүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2,285,422 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Н.Ц гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц нь Ж ******* сургуульд холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх  тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Ц г Д аймаг Дархан сум Ж ******* сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 2,332,750 төгрөгийг хариуцагч Ж ******* сургуулиас гаргуулж...” шийдвэрлэсэн байна. /хх-4-5/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж зааснаар хариуцагч Ж ******* сургууль нь Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр биелүүлж, тус сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 тоот тушаалаар Н.Ц г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь авсан байна. /хх-3/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Ц нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй болно. 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын цалингийн дунджаас ажлын 21,5 өдөрт хуваан нэг өдрийн цалинг тооцон 2016 оны 03 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл 2 сарын хугацааны ажлын өдрөөр тооцоход 2,241,320 төгрөгийг /хх-5/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 2,285,422 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 2,241,320 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 44,102 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар 2016 оны 03 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт  2,241,320 төгрөгийг Ж ******* сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Н.Ц д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 03 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан сумын Ж ******* сургуульд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,516 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 50811 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА