Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01223

 

 

 

  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03602 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 261,464,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цементийг бөөний үнээр бэлэн мөнгөөр худалдаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2021/08-03 тоот Цемент нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлсэн барааны 60 хувьд бэлэн мөнгө, 40 хувьд бараа материал өгч авахаар тохиролцож хамтран ажилласан. 2021-2024 онуудад нийт 771,659,350 төгрөгийн цемент нийлүүлж, 430,194,600 төгрөгийг бэлнээр, мөн 80,000,000 төгрөгт тооцож 2 ширхэг миксер авч, үлдэгдэл 261,464,750 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй тул нэхэмжлэл гарган шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани нь ******* ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цемент худалдан авахаар харилцан тохирсон ба 60 хувийн төлбөрийг бэлнээр, 40 хувийн төлбөрийг бартерын хөрөнгөөр төлж барагдуулахаар аман байдлаар тохирон цемент худалдан авах бүрдээ тухайн цементний 60 хувийн төлбөрийг ******* ХХК руу шилжүүлж байсан. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 594,912,450 төгрөгийн цемент худалдан авч, 373,389,750 төгрөгийг бэлнээр өгч, 40 хувийн бартерын төлбөрт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Гималай апартмент төслийн A блокийн 57,5 м.кв орон сууцыг 115,000,000 төгрөгт, мөн блокийн 57,5 м.кв орон сууцыг 89,592,000 төгрөгт тооцон тус тус өгөхөөр болж 16,930,700 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Ингээд 2024 оны 08 дугаар сарьн 05-ны өдөр дахин аман байдлаар 80 хувь бэлнээр төлж, 20 хувийн бартерт В.Баяр-Эрдэнийн нэр дээрх цемент воз чиргүүлүүдийг 80,000,000 төгрөгт тооцон өгөхөөр харилцан тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгсөн ба энэ өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 693,747,350 төгрөгийн цемент авч, 510,194,600 төгрөгийг бэлнээр төлөн, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны байдлаар 55,530,500 төгрөгийн өр төлбөртэй байтал өмнө өгсөн 2 орон сууцнуудыг авахгүй гэж 260,122,500 төгрөгийг манай компаниас нэхэмжилсэн ба бидний зүгээс нэгэнт орон сууц захиалгын гэрээ хийгдсэн тул төлөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бидний зүгээс аман байдлаар тохирсны дагуу 80,4%-ийн төлбөрийг төлсөн ба уг тохирооны дагуу бартерын өр төлбөр 55,530,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Анхны тохирооны дагуу бартерт машин тооцон өгч, төлбөр тооцоо барагдуулахаа илэрхийлж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 261,464,750 /хоёр зуун жаран нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,465,273 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* ХХК-аас 1,146,273 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгаа бөгөөд шийдвэрийг дараах байдлаар бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.

4.1. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Уг хэргийн хувьд талуудын маргааны гол зүйл нь өмнө өгсөн бараа материал болон бартер хийсэн зүйлс дээр талууд огт маргаагүй байдаг. Хариуцагч миний зүгээс бараа нийлүүлэлтийн төлбөрийг бартер хэлбэрээр болон бэлэн төлбөрөөр төлж байсан тухай өгүүлэмжтэй, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх тухай баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Талууд үлдэгдэл төлбөрөө бартерын нөхцөлтэй төлж барагдуулахаар орон сууц захиалгын гэрээ хийсэн байдаг ба уг гэрээг мөн хэрэгт хавсаргасан. Гэтэл уг гэрээг харгалзан үзэлгүй бэлэн мөнгөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэл хянан шийвэрлэх тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн бодитойгоор бүрэн авч үзэхгүйгээр, нэхэмжлэгчийн мэдүүлэг, баримтад үндэслэн нэг талын эрх ашгийг хэт давуу байдалд оруулсан.

4.2. Шүүх хуралдаан хариуцагч эзгүй байх үед явагдсан. ******* миний бие шүүх хуралдаанд зайлшгүй шалтгааны улмаас оролцож чадаагүй. Ингэснээр нэг талыг шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд харшилж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих заалтыг зөрчин өөрийн талын үзэл баримтлалыг илэрхийлэх, хэргийн нотлох баримтуудыг үнэлүүлэх боломж олгоогүй.

4.3. Хохирол учраагүй байхад хохирол гаргуулах тухай үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 261,464,750 төгрөг нь бартерын гэрээнүүдийн дагуу биелэгдэх 2 орон сууцыг бартердах нөхцөлтэй ба уг бартерын гэрээг 2 тал хүлээн зөвшөөрөн гэрээлсэн байдаг. Гэтэл энэхүү нөхцөлөө хүлээн зөвшөөрөхгүй шууд бэлэн мөнгөөр төлөлт хийхийг шаардсан нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Миний зүгээс өмнө худалдан авсан барааны үнийг цаг тухайд болон хэлэлцээрийн хугацаанд тогтмол биелүүлж ирсэн. Гол асуудал болох одоог хэр нь өгөөгүй гэх шалтгаан нь миний зүгээс бус захиалгын байр одоог хүртэл ашиглалтад ороогүй байгааг удаа дараа нэхэмжлэгч талд тайлбарласан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан, шийдвэрийг нягталж зохигч тал миний эрх ашгийг хамгаалж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хэргийг анхан шатны шүүх хагас жилийн хугацаанд шийдвэрлээгүй. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг гардаж авахгүй зугтаж байсан. Хариуцагчийн төлөөлөгч нь бартерын 2 гэрээг авчирсан. Талууд эвлэрэх хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Орон сууцны барилгын ажил хэвийн явагдаж байгаа бол Басмаа констракшн ХХК-тай уулзан тохиролцохоор болсон. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан явагдсан боловч хариуцагчийн төлөөлөгч ирээгүй. Шүүх хуралдааны товыг мэдэж байсан. Өөрийн эрх, ашгийг хамгаалаагүй. Бартерын нөхцлийг талууд хэдийд ч тохиролцох боломжтой. Нэхэмжлэгч компанид 40 хувийн бартерын нөхцлөөр эд хөрөнгө авах хүсэл зориг одоог хүртэл байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөр хөрөнгө санал болгосон ч авахад татгалзах зүйлгүй. Өмнө нь 80,000,000 төгрөгийн үнийн дүнд 2 миксер авч байсан. Хариуцагч гэрээний үнийн дүнтэй холбогдуулан маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 261,464,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цемент нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 771,659,350 төгрөгийн цемент нийлүүлснээс 430,194,600 төгрөгийг бэлнээр, 80,000,000 төгрөгт тооцон 2 ширхэг миксер машин өгсөн ба гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул 261,464,750 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу цемент худалдан авч тухай бүр үнийг төлж байсан, одоо 55,530,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 115,000,000 төгрөгт тооцон 57.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 89,592,000 төгрөгт тооцон 37.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь гүйцэтгэгч компанитай захиалгын гэрээ байгуулсан тул 261,464,750 төгрөг төлөх үндэслэлгүй гэж татгалзсан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цемент нийлүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрт цемент нийлүүлэх, хариуцагч нь төлбөрөөс үнийн дүнгийн 60 хувийг бэлнээр, 40 хувийг эд хөрөнгө тооцон суутгах замаар төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д нийт 771,659,350 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж, үүнээс 430,194,600 төгрөгийг бэлнээр төлж, 80,000,000 төгрөгт тооцож 2 ширхэг миксер машин шилжүүлсэн талаар зохигч хэн аль тайлбарласан.

 

Харин үлдэх төлбөрт тооцон 57.5 м.кв болон 37.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг өгөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* ХХК нь гүйцэтгэгч компани болох Басмаа констракшн ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан боловч тухайн орон сууцнуудыг хүлээлгэж өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрийг мөнгөн хэлбэрээр шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, худалдах худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчаас гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг хуулиар хүлээдэг бөгөөд орон сууцны барилгын гүйцэтгэгч компанитай нэхэмжлэгч захиалгын гэрээ байгуулсан байгааг гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэхгүй.

 

Иймд, хариуцагчаас гэрээний дагуу нийлүүлсэн цементний үлдэгдэл төлбөр болох 261,464,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатын шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул төлбөрийн зарим хэсэгт тооцон орон сууц шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байхад мөнгөн хэлбэрээр гаргуулж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, ашгийг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

 

5. Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан.

 

Анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэж, тов мэдэгдэх хуудаст хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 1,465,274 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ