Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Гын Жид холбогдох эрүүгийн 1935001290090 тоот хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 18-10 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Гын Ж /РД:................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 3 дугаар сард улсын чанартай А-1701 кодтой Увс аймгийн сумаас Ховд аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто зам буюу Улаангом сум талаас 10 километрээс 12.7 километр хооронд нийт 2.7 километр нийтийн эзэмшлийн зам харилцааг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас зам тээврийн хөгжлийн яамны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 873.996 төгрөгний хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Жийг нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр А-1701 кодтой Увс аймгийн Улаангом сумаас Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замын Улаангом талаас 10-12.7 километрт дээр ан цав эвдрэл үүссэн байна.

Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 3 дугаар сард улсын чанартай А-1701 кодтой Увс аймгийн Улаангом сумаас Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замаар Норд бенз маркийн ачааны авто машинаар элс тээвэрлэж авахдаа   Улаангом талаас 10-12.7 километрт уг замын асфальт нь хучилтыг бүрэн бус /чиргүүлийн дугуй салж унасан/ тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцож болгоомжгүйгээр гэмтээсэн болох нь

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “манай Увс-Авто зам засвар, арчлалт төрийн өмчит хувьцаат компани нь улсын чанартай А-16, А-18, А- 1701, А-1702 гэсэн кодтой, 4 чиглэлийн автомашины хатуу хучилттай асфалтан замын бүрэн бүтэн байдал, засвар, арчлалтын ажпыг хариуцдаг. Улсын чанартай А-1701 кодтой зам нь Увс аймгийн Улаангом сумаас Ховд аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам юм. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай компаний ерөнхий инженер О.Э надад Улсын чанартай А-1701 кодтой замын Увс аймгийн Улаангом сум талаас 10 километрээс 12.7 километр хооронд тээврийн хэрэгсэл авто зам дээр обудаар явж эвдрэл, гэмтэл үүсгэсэн байна гэж хэлсэн. Тухайн гэмтэл хэзээ үүссэн гэдгийг би мэдэхгүй байна. Ерөнхий инженер О.Э болон уг замыг хариуцсан инженер О.Л нар мэдэж байгаа. Ерөнхий инженер О.Э надад танилцуулахдаа тээврийн хэрэгсэл авто зам дээр обудаар явж эвдрэл гэмтэл үүсгэсэн байна гэж танилцуулсан. ...Улсын чанартай А-1701 кодтой Увс аймгийн Улаангом сумаас Ховд аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто зас буюу Улаангом сум талаас 10 километрээс 12.7 километр хоорондох нийт 2.7 километр нийтийн эзэмшлийн зам харилцааг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас учирсан хохирлыг Г.Ж нь одоогоор төлж барагдуулаагүй байгаа. Тухайн авто замд учруулсан гэмтлийг өөрөө засаж, янзлах. эсхүл манай байгууллагаас нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулсан тохиолдолд гомдол, санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 41-42-р талд/,

гэрч О.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “Улсын чанартай А-1701 кодтой зам нь Увс аймгийн Улаангом сумаас Ховд аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто зам юм. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай компаний талбайн инженер О.Л надад Улсын чанартай А-1701 кодтой замын Улаангом талаас 10 километрээс 12.7 километр хооронд нийт 2.7 километр хэмжээтэй замд хүнд даацын тээврийн хэрэгсэл авто зам дээр обудаар явж ан цав, хагарал үүсгэж, эвдрэл гэмтэл гаргасан байна гэж танилцуулсан. ...Манай компаний Бэлийн булаг нэртэй шуурхай ажлын хэсгийн мастер О.С нь 2019 оны 3 дугаар сарын 19- ний өдөр А-1701 кодтой замыг шалгахад ямар нэгэн гэмтэл, эвдрэл байгаагүй гэж надад танилцуулж байсан. Уг гэмтэл нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үүссэн гэмтэл байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

гэрч О.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын чанартай А-1701 кодтой замд үзлэг шалгалт хийхэд уг замд Улаангом талаас 10 километрээс 12.7 километр хооронд, нийт 2.7 километр хэмжээтэй замд хүнд даацын тээврийн хэрэгсэл авто зам дээр обудаар явж ан цав, хагарал үүсгэж, эвдрэл гэмтэл гаргасан байсан. Зам дээр үүссэн эвдрэл, гэмтэл нь хүнд даацын тээврийн хэрэгсэл авто зам дээр обудаар явсан гэмээр ойролцоогоор 1-2 милометрийн гүнтэй, 1.5-2 сантиметрийн өргөнтэй, нийт 2.7 километр урттай замд эвдрэл үүссэн байсан. Манай компанийн Бэлийн булаг нэртэй шуурхай ажпын хэсгийн мастер О.С нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр А-1701 кодтой замыг шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй гэж өмнө нь хэлж байсан. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тэр замд үүссэн эвдрэл, гэмтэлд үзлэг шалгалт хийхэд шинээр үүссэн гэмтэл болох нь зам дээр үүссэн гэмтлийн байдлаар мэдэгдэж байсан. Улсын чанартай А-1701 кодтой, хатуу хучилттай авто замд Улаангом талаас 10 километрээс 12.7 километр хооронд үүссэн гэмтлийг би өөрөө үзээд ерөнхий инженерт танилцуулсан. Тухайн автозамын Улаангом сумаас Ховд аймгийн А1701 чиглэлд 10-12.7 километр зайд үүссэн эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг хийгээгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 47-р тал/,

гэрч Б.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 3 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь огт санахгүй байна манай АХХК нь Увс аймгийн Тэс сумын нутгаас элс ачсан. Тухайн үед Ж гэдэг хүн АХХК-ний 12-93 УВХ улсын дугаартай Норд бенз загварын автомашиныг жолоодож ирээд элс ачсан. Тэр автомашинд 16-81 ГЧ улсын дугаартай шар өнгийн тэвштэй чиргүүл чирсэн байсан. Би бусад ажилчдын хамт тэр машинд элс ачиж өгөөд Г.Ж ахтай хамт Увс аймгийн Улаангом сум руу явсан. Тухайн үед Г.Ж ах өөрөө А ХХК-ний 12-93 УВХ улсын дугаартай Норд бенз загварын автомашиныг жолоодоод, би хажууд нь суугаад явсан. Бид хоёр Тэс сумын нутгаас яваад Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг Тээлийн голын гүүрээр гараад зогссон. Бид хоёр машинаас буугаад машиныг тойрч шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй тул цаашаа явсан. Тухайн үед Г.Ж ах өөрөө машинаа жолоодож явсан. Бид хоёр цаашаа автомашины хатуу хучилттай, асфалтан замаар явж байтал гэнэт машины шатахуун тасалдаж, доголдож унтарсан. Г.Ж ах бид хоёр хамт машинаа зогсоогоод, машинаас буухад машиныг чиргүүлийн зүүн урд талын 2 дугуй тайларч гээгдсэн, байхгүй болсон байсан. Машины чиргүүл зүүн урд талынхаа барвааны хэсгээр замд тулж, чирэгдэж явсан мөр зам дээр үүссэн байсан. Бид хоёр зам дээр явж байхад машины чиргүүлийн дугуй тайларч гээгдсэнийг нь мэдэлгүй яваад байсан. Машины шатахуун тасалдаж унтрах үед машинаас буухад тийм зүйл болсныг мэдсэн. Бид хоёр автомашины зам дагаж буцаж яваад чиргүүлийн дугуйг хайсан боловч олдоогүй. Машины чиргүүлийн барваанаар явж гэмтээсэн зам нь ямар хэмжээтэй байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээд хол газар зам гэмтсэн байсан. ...Бид хоёр машины чиргүүлийн дугуй гээгдэж, зам гэмтээж байгааг мэдэлгүй яваад байсан. Тэгээд машины бензин тасалдаж, машин унтрах үед машинаас буугаад тийм зүйл болсныг мэдсэн. 16-81 ГЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн урд талын 2 дугуй нь машин явж байх зуур тайларч гээгдсэн байсан. Тэр дугуйны дотор талын барваан нь замыг зурж гэмтээсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

гэрч С.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 3 дугаар сард манай байгууллага элсний тээвэрлэлтийг Тэс сумын нутгаас авч байсан бөгөөд тухайн үед бенз загварын цагаан өнгийн автомашинаар тээвэрлэлт хийж байсан. Цагаан өнгийн бенз загварын автомашиныг жолооч Ж жолоодож элсний тээвэрлэлт хийж байсан. ...2019 оны 3 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг тодорхой санахгүй байна Ж ах чиргүүлийн дугуй салсан өдрөөс хойш 2 хоногийн дараа чиргүүлийн дугуй боосон шифилка төмөр хугарсан түүний улмаас нэг дугуй тайларч гээгдчихсэн. Бид нар тайларсан дугуй эргээд явсан замаараа хайхад олдоогүй, гээчихлээ гэж хэлсэн. Би Ж ахаас дугуй гээгдсэнээс болж замд ямар нэг гэмтэл гарсан уу гэхэд ямар нэг гэмтэл гараагүй, жоохон зураас гарсан байна лээ гэж хэлсэн. ...Дугуй төмөр обуданд боосон шифилка боолт хугарсан түүний улмаас нэг дугуй гээгдсэн, нэг дугуйг олсон гэж хэлсэн. Элсний тээвэрлэлт хийж байх үедээ хажуудаа туслах Ш гэх залуутай хамт явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,

гэрч Ж.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 3 дугаар сарын сүүлээр цаг хугацааг тодорхой санахгүй байна. Аав Г.Жийн хамтаар тус аймгийн Тариалан сумын нутагт байрлах Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас нүүрс авахаар яваад нүүрсээ ачаад буцаад тус аймгийн Тариалан сумын нутагт байрлах Тээлийн голын гүүр гараад хэсэг явж байхад аав Ж надад хандаж би Тэс сумаас элс ачаад явж байхад чиргүүлийн дугуй салаад зам дээр зураас гаргачихсан. Мэдэхгүйгээр яваад байсан байна гэж хэлсэн. Би тухайн засмал зам дээр үүссэн эвдрэл гэмтлийн харахад зураас хэлбэртэй эвдрэл гэмтэл харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 54-55-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22-р тал/, боолт төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25-р тал/,

Шүүгдэгч Г.Жийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 3 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг тодорхой санахгүй сайна. Би тухайн үед АХХК-нд жолоочоор ажиллаж байсан бөгөөд би тус аймгийн Тэс сум руу Ш гэгч туслах жолоочтойгоо элс ачихаар ойролцоогоор 12 цагийн үед яваад элсээ ачаад орой 20 цагийн үед Тэс сумаас Улаангом сум руу явсан. Тухаий үед хаврын улирал байсан бөгөөд шавартай учир орой явахгүй бол болохгүй байсан. Бид нар Тэс сумын нутаг "Бага Бөөрөг" гэх нэртэй газраас элс ачсан ба шөнө 23 цагийн үед гадна харанхуй байхад тээлийн гүүр гараад зогсоод би жолооч Шгийн хамтаар автомашины эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шалгахад автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй хэвийн байсан. Би тухайн үед "А" ХХК-ны эзэмшлийн Норд бенз загварын 12-93 УВХ улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг жолоодож явж байсан бөгөөд Улаангом сумаас 10 орчим километр газарт автомашины шатахуун тасалдаж автомашин унтрахаар нь буугаад харанхуй байсан учраас гэрэл тусгаж харахад чиргүүлийн зүүн урд талын хоёр дугуй байхгүй, обудтайгаа салчихсан байдалтай, дугуй боодог шифилка төмөр хугарсан, резва хэсэг нь элэгдсэн байдалтай, зүүн урд талын дугуй нь дугуй боодог төмөр обудаар зам дээгүүр явсан байсан. Ш бид хоёр алга болсон дугуйгаа хайгаад буцаад зам дагаад явахад замд нарийн зураасан эвдрэл гэмтэл үүссэн байсан бөгөөд тухайн зам нэлээн хол үргэлжилж байсан. Бид нар шөнө дугуйгаа хайсан боловч олоогүй, автомашинд хоноод өглөө эрт босоод явсан газраараа буцаж яваад ертөнцийн зүгээр замын зүүн талаас чиргүүлийн нэг ширхэг дугуйг олж авсан. Замын баруун талын хэсэгт нөгөө дугуйны мөр байсан бөгөөд тухайн дугуйг аваад явсан байсан. Ш бид хоёр аймаг руу ярьж тухайн үед хариуцаж ажиллаж байсан Т гэгч рүү яриад 2 ширхэг дугуй, 10 ширхэг шинэ шифилка төмөр авч ирээд чиргүүлийн дугуйг солиод хуучин шифилка төмрийг солисон газраа хаяаад явсан. Би эвдэрсэн замыг завсарлаж хүлээлгэж өгсөн. Би болгоомжгүйгээр улсын чанартай автозамд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай “1. Улсын чанартай А-1701 кодтой Улаангом-Ховд чиглэлийн авто зам нь асфальт хучилттай авто зам байна. 2. яллагдагч Г.Жийн эзэмшлийн автомашины чиргүүлийн 2 ширхэг дугуй нь шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр нь баруун гэж хаягласан автомашины дугуйны дардастай хэлбэр дүрс, хээн зураглал, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ, зүүн гэж хаягласан автомашины дугйны дардастай хээн зураглал, өргөний хэмжээ, зүүн талын эдэлгээний явцад үүссэн элэгдэлт зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт /хх-ийн 47-51-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг ойлгоно” гэж заасан байх бөгөөд Улаангом-Ховд чиглэлийн авто зам нь Увс аймгийн төв /Улаангом/-ийг Ховд аймгийн төвтэй холбох замын нэг хэсэг тул уг замыг улсын чанартай авто зам гэж үзнэ.

            Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна” гэж заасны дагуу улсын чанартай А-1701 кодтой Улаангом-Ховд чиглэлийн авто зам төрийн нийтийн өмч бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг улсын чанартай авто замыг нийтийн эзэмшлийн зам юм.

Улсын чанартай зам нь Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын өмчлөлд байдаг тул уг газрыг хохирогчоор тогтоож, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан тоотыг үндэслэн уг авто замын бүрэн бүтэн байдал, засвар арчлалтын ажлыг хариуцдаг “Увс-АЗЗА” ТӨХК-ий гүйцэтгэх захирал  Ц.Цыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Увс Финанс-Аудит ХХК-ны 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 114 дугаартай “Увс аймагт 2019 оны 3 дугаар сарын байдлаар 1 килограмм битумны зах зээлийн үнэ, цэнэ 1711 /Нэг мянга долоон зуун арван нэгэн/ төгрөг, 1 килограмм эрдэс нунтагний зах зээлийн үнэ, цэнэ 125 /Нэг зуун хорин таван/ төгрөг, 1м3 элсний зах зээлийн үнэ, цэнэ 10000 /арван мянган/ төгрөг, 1м3 түлшний модны зах зээлийн үнэ, цэнэ 180000 /Нэг зуун наян мянган/төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 69-р тал/-ээр Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 873.996 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Ж нь  том оврын авто машинаар элс тээвэрлэх явцад дугуй салах, дугуй салсан тохиолдолд авто зам гэмтээж болохыг  урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хатуу хучилттай авто замын  гадаргууг гэмтээсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Г.Жийг нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ж нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад торгох ял онодуулж өгнө үү” гэх мэдүүлж, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 

            2. Шүүгдэгч Г.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ж нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ж нь хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Увс-АЗЗА” ТӨХК-ий гүйцэтгэх захирал  Ц.Цын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай “Тус компаний хариуцдаг улсын чанартай А-1701 кодтой Улаангом Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замд Улаангом талаас 10-12,7 км-ийн хооронд үүссэн эвдрэл гэмтлийг 2019 оны 06-р сарын 09-нд иргэн Г.Ж нь засварлан хохиролгүй болгосон болно.” гэх тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Жийн хувийн байдлын талаар гэрч Ж.Оын: “Миний аав Г.Ж нь 1965 оны 3 дугаар сарын 15-нд Улаангом суманд мэндэлсэн. Миний аав төлөв даруу, тайван дөлгөөн зантай, шударга, өөрийн хэлье гэсэн үгээ шууд хэлдэг, ажилсаг тусархуу, хүмүүстэй эелдэг боловсон харьцаг, боловсон, нийтэч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 54-55-р тал/, гэрч Ж.Бий: “Миний аав Г.Ж нь  төлөв даруу, тайван дөлгөөн, даруухан зантай, шударга, өөрийн хэлье гэсэн үгээ шууд хэлдэг, ажилсаг, тусархуу, хүмүүстэй эелдэг боловсон харьцаг, боловсон, нийтэч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, хөдөлмөрч хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/, улсын бүртгэлийн хэлтсийн болон автотээврийн төвийн албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р тал/, лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Жд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй тул хохирол нөхөн төлөх зарцуулах зорилгоор шүүгдэгчийн 8 ханатай монгол гэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг боолтыг цаашид ашиглах боломжгүй болох нь шүүхийн хэлэцүүлэгт эд мөрийн баримтыг шинжлэн судлахад тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Г.Жид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч А овогт Гын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн зам болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д  600 /зургаан зуу/ нэгтэй тэнцүү хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Жийн 8 ханатай монгол гэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 /найм/ ширхэг төмөр боолтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Жид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ