| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2024/01190/И |
| Дугаар | 210/МА2025/01231 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01231
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03720 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
12,918,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, ******* тоот хаягт байршилтай орон сууцны барилгыг захиалан бариулсан бөгөөд барилгыг бариулах явцдаа уг байрны 12 давхрын, *******тоот, 44.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан, хариуцагчид 142,101,300 төгрөгөөр худалдан боруулахаар тохирсон боловч ******* нь гэрээ байгуулсан өдөр уг байрны үнэ болох 142,101,300 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татвар болох 12,918,300 төгрөгийг өөрөө татварын албанд очиж өөрийн нэр дээр төлөх хүсэлтэй байгаа тул 129,183,000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээг байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсний үндсэн дээр 129,183,000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Ингээд ******* нь 129,183,000 төгрөгийг төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Гэвч хариуцагч өөрийн хүсэлтэд дурдсан нэмэгдсэн өртгийн албан татвар болох 12,183,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд Баянзүрх дүүргийн татварын албанд гомдол гаргаснаар миний бие 12,918,300 төгрөгийг төлж, и баримт хэвлэн өгсөн. Иймд, *******аас орон сууцны үлдэгдэл төлбөр 12,918,300 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцоод, дараа нь төлнө гэсэн хэлцэл хийгээгүй. Би, нийт 129,183,000 төгрөгөөр байрыг худалдан авахаар тохиролцож, тухайн үед 30 хувь болох 38,754,900 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 90,428,100 төгрөгийг Хаан банкны зээлээр төлж орон сууцны үнийг бүрэн барагдуулсан. Нэмэгдсэн өртөгтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Би, тийм хүсэлт гаргаагүй, НӨАТ төлөх үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь байгаа. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243..1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 12,918,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн агуулга нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд шийдвэрийн ундэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заадаг. Энэ тухай дурьдсан шалгаан нь шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг дутуу дүгнэж, талуудын хооронд үүссэн гол маргаан нь юу болох талаар шийдвэртээ огт дүгнээгүй. Тодруулбал, талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээнд заасан байрны үнэ 142,101,300 төгрөгөөс НӨАТ болох 12,918,300 төгрөгийг захиалагч буюу хариуцагч ******* нь өөрөө бүрэн хариуцахаа баталсан боловч энэ тохиролцоо зөрчигдсөнтэй холбоотой маргаан юм.
Анхан шатны шүүхийн мэтгэлцээн, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хариуцагч ******* нь НӨАТ-ыг татварын байгууллага болон нэхэмжлэгч байгууллагад төлөөгүй болох нь, тухайн гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч байгууллага нь татварын байгууллагад НӨАТ нэмж төлөх үүрэг хүлээсэн болох нь, түүнчлэн нэхэмжпэгч нь хариуцагчид гэрээнд заасан орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хүлээлгэн өгсөн болох нь, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 болон 3.2 дахь хэсгүүдэд заасан 129,183,000 төгрөг нь НӨАТ ороогүй дүн болох нь бүрэн тогтоогддог ба энэ талаар зохигчид маргаагүй.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т ...Зохигчдийн хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-д 12 давхрын *******тоот 44.1 мкв, 2 өрөө орон сууцны нийт үнэ 129,183,000 төгрөг болно 1 м.кв талбайг 2,890,000 төгрөгөөр тооцож байгаа болно гэж заасан байна. Энэхүү заалт дахь үгийн шууд утгаас үзэхэд талууд орон сууцны нийт үнийг 129,183,000 төгрөг байхаар тохиролцсон болох нь нотлогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна" гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэл бүхий биш байх бөгөөд шүүхээс талуудын байгуулсан гэрээний дүнг гэрээний зөвхөн нэг заалтаар буюу хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарласанд гомдолтой байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 болон 198.2 дахь хэсэг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 болон 41.2 дахь хэсгүүдэд гэрээг зөвхөн нэг заалтаар тайлбарлах талаар бус, харин агуулгаар нь, бүхэлд нь тайлбарлах замаар талуудын хоорондох иргэний эрх зүйн бодит тохиролцоог тодорхойлж чадсангүй.
4.2. Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрээ уншиж сонсгохдоо НӨАТ-ын асуудлыг энд дүгнээгүй хэмээн тайлбарласан хэрнээ шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т ...Гэрээний 3.2. дахь заалт нь НӨАТ-ын болон и-баримт олгогдохгүй. Хэрэв и-баримт авахыг хүсвэл гэрээний үнэ дээр 10 хувийг нэмж төлвөл НӨАТ-ын баримт болон и-баримтыг гаргаж өгч болно гэсэн агуулга бүхий НӨАТ-ын баримт олгохтой холбоотой гэрээгээр тохиролцсон тохиролцоо гэж үзэхээр байх бөгөөд энэ заалтаар орон сууцны үнийг тоодорхойлох үндэслэлгүй байна гэж заасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Учир нь татварын асуудлаас үүдэлтэй үүссэн маргааитай асуудлаар талууд мэтгэлцэж, шүүхээс ч нотлох баримт гаргуулах ажиллагааг явуулсан хэрнээ гэрээний дүн, талуудын тохиролцоо, үүссэн маргааныг шийдвэрлэхэд татварын асуудал хамааралгүй мэтээр дүгнэсэн нь, түүнчлэн татварын асуудлыг дүгнээгүй гэж шийдвэрээ тайлбарласан нь анхан шатны шүүх маргааныг нэг мөр, эцэслэн шийдвэрлэхээс зайлсхийсэн, ойлгомжгүй байдал бий болгосон гэж үзэж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаар Шүүхийн шийдвэрийн тухай тогтоолийн 1 дүгээр зүйлийн 3.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир түүний тогтоох хэсэгт ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5...-д зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан дүгнэлтийн үр дагаварыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцлийг заасан байвал зохино. гэж заасан тул НӨАТ-ын татварыг өөрөө хариуцан төлөхөөр тохиролцсон этгээд энэ үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь эрхээ хамгаалуулахаар шаардсан асуудлыг шүүхээс талуудын мэтгэлцээний хүрээнд эцэслэн шийдвэрлээгүйг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү.
Нэхэмжлэгч нь захиалагч нартайгаа гэрээ байгуулахдаа, орон сууцныхаа үнийг тогтоохдоо татвар хураамж, цалин хөлс, үйл ажиллагааны зардал зэргээ тооцож, цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцлөө бүрдүүлдэг ба хэрэв НӨАТ-ын асуудлыг гэрээгээр тухайлан тохиролцоогүй байсан бол бидний зүгээс гэрээний үнийн дүнг багасгаж гэрээ байгуулах, эд хөрөнгөө шилжүүлэхгүй байсан. Тодруулбал, иргэн *******ын тухайд НӨАТ-ын асуудлыг өөрөө хариуцахаа баталсан учраас НӨАТ-ын дүнг гэрээнд тооцоогүй, оруулаагүй болох нь, мөн хариуцагч нь НӨАТ-аа хариуцан төлөөгүй, улмаар нэхэмжлэгч нь НӨАТ-ын баримт шивсэн болох нь тус тус тогтоогдсон.
Тиймээс хэргийн бодит байдалтай зөрчилдсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэж маргаан буюу талуудын хооронд байгуулсан гэрээг бүхэлд нь нэг мөр, эцэслэн дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд бидний зүгээс гомдолтой байна.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03720 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Би, орон сууцыг нийтэд зарласан үнээр нь худалдан авсан, хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгчийн өгсөн хуудсыг банкинд өгч үлдэгдэл төлбөрийг төлсөн. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст бичиг баримтаа бүрдүүлж өгөх үед татварын байцаагчаас хувь хүн орон сууц худалдан авсан тохиолдолд хөнгөлөлт авдаг болон и-баримт байх ёстой талаарх мэдээллийг авсан. Надад и-баримт олгоогүй талаар хэлэхэд татварын байцаагч компанийн утас руу залгаж и-баримтыг шивэх ёстой гэж хэлэхэд миний төлсөн үнийн дүнгийн хэмжээгээр и-баримтыг шивсэн. Тухайн компанитай холбоотойгоор татварын байгууллагад би гомдол гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 12,918,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, СОТ -3-4 гудамж, 4А тоот хаягт байрлах 14 давхар барилгын 12 давхрын *******тоот 44.7 м.кв 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулан хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч ******* нь үнийг төлж хүлээн авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-10/
4. Хариуцагч ******* нь гэрээний үүрэгт 129,183,000 төгрөг төлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан талаар зохигч хэн аль нь тайлбарласан. /хх-ийн 1, 20-21/
5. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч *******д Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, СОТ -3-4 гудамж, 4А тоот хаягт байрлах 14 давхар барилгын 12 давхрын *******тоот орон сууцыг 142,101,300 төгрөгөөр худалдахаар анх тохиролцсон, хариуцагчийн хүсэлтийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын 12,918,300 төгрөгийг нийт үнээс хасаж гэрээнд тусгах, харин хариуцагч нь татварын 12,918,300 төгрөгийг хариуцан төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 12,918,300 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзахдаа тухайн орон сууцыг гэрээнд заасан 129,183,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож үнийг бүрэн төлсөн, би нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх талаар хүсэлт гаргаагүй, албан татварыг худалдагч тал төлөх үүрэгтэй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Талуудын тайлбараас үзэхэд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан хэдий ч гэрээний үнийг хэдэн төгрөгөөр тохиролцсон болох, нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан дүнгээр гэрээ байгуулсан эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр болох талаар зөв дүгнэсэн. Харин хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 3.2-ыг нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгохтой холбоотой тохиролцоо гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
6.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үздэг.
Худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийн үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох ба энэ төрлийн гэрээний үнийг гэрээний талууд шууд тодорхой тохиролцож тогтоох эсхүл үнэ тодорхойлох арга, хэрэгслийн талаар хэлэлцэн тогтоох буюу эдгээр хоёр замаар үнэ тодорхойлогдох учиртай.
6.2. Талуудын байгуулсан гэрээний 3.1-д орон сууцны нийт үнийг 129,183,000 төгрөг гэж, 3.2-т уг гэрээний 129,183,000 төгрөгийн үнэ нь захиалагчийн *******тоот хүсэлтийн дагуу НӨАТ ороогүй үнэ бөгөөд захиалагчийн *******тоот хүсэлтийн дагуу гүйцэтгэгч талаас НӨАТ-ын баримт болон е-баримт олгогдохгүй. Хэрэв захиалагч тал НӨАТ-ын баримт болон е-баримт авахыг хүсвэл өмнөх гаргасан *******тоот хүсэлтээ цуцалж буйгаа цуцалсан бичиг өгч гэрээний үнэн дээр 10 хувийн төлбөр дахин нэмж төлбөл гүйцэтгэгч тал НӨАТ-ын баримт болон е-баримт гаргаж өгч болно гэж, 3.3-т ... захиалагчийн 3.2-т заасантай холбоотой хүсэлтийг гэрээний хавсралт 1-д оруулсан болно гэж тус тус тохиролцсон байна.
Гэрээний хавсралт 1-д /хариуцагч *******ын хүсэлт/ 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******ын гаргасан №*******дугаар бүхий хүсэлт байх ба уг хүсэлтээр хариуцагч байрны үнэ 142,101,300 төгрөгийн НӨАТ болох 12,918,300 төгрөгийг өөрийн нэр дээр төлөх хүсэлтэй байх тул 12,918,300 төгрөгийг хасаж тооцон 129,183,000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээ байгуулж өгнө үү, татвартай холбоотой бүх төлбөрийг өөрөө хариуцахыг баталж байгаа бөгөөд е-баримт болон НӨАТ-ын баримт авахгүй гэжээ.
Дээрх тохиролцоноос үзэхэд талууд гэрээний үнийг 129,183,000 төгрөгөөр шууд тодорхой тохиролцсон гэж үзэхээргүй байна.
6.3. Хариуцагч ******* нь гэрээ болон хүсэлтэд дурдсанаар нэмэгдсэн өртгийн албан татварын 12,918,300 төгрөгийг төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь 129,183,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц борлуулсны албан татвар суутган төлж, уг төлбөрийн баримтыг үндэслэн хариуцагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдэлсэн болох нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн хариу албан бичиг, ******* нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүтгэгдсэн тухай Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хариу албан бичиг, 129,183,000 төгрөгийн төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 13, 63, 85/
Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний 3.2-т заасан нэхэмжлэгч нь эд хөрөнгө борлуулсны албан татвар төлөхгүй, хариуцагч нь төлбөрийн баримт авахгүй байх тохиролцоо хэрэгжээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үнийг 142,101,300 төгрөг гэж тооцон хариуцагчийн төлөөгүй 12,918,300 төгрөгийг нэмж төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
/142,101,300:1.1=129,183,000 /үндсэн үнэ + 12,918,300 НӨАТ/
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч *******аас 12,918,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03720 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 12,918,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
2 дахь заалтад ... үлдээсүэй. гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 221,643 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221,643 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ