Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 110

 

                   

 

 

 

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

            Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Бын Нд холбогдох эрүүгийн 1935002590127 тоот хэргийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 10-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй  Б овогт Бын Н /РД:................................../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн нутагт хохирогч П.Дтэй хадлангийн талбайн услах уснаас болж маргалдаж улмаар нүүрэн тус газар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч Б.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч  Б.Н нь согтуугаар 2019 оны 06 сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн нутагт хохирогч П.Дг зодсон болох нь хохирогч П.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын 2-р багт оршин суудаг юм. Би Улаангом сумын 2-р багийн нутаг Арсай гэх газарт өөрийн хадлангийн 4 га газрыг услахаар дараалал аваад 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр усаа аваад хадлангийнхаа талбайг услаад нэг хоноод 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед би хадлангийнхаа талбайг О.Чын хамт услаж байтал Н гэдэг залуу архи уучихсан байдалтай хажуудаа мотоциклио Г гэх залуугаар бариулчихсан ирсэн. Би усны түвшин багадаад байна гэж Нд хэлэхэд: “Яалаа гэж усны түвшин хэвийн байна” гэж надад хэлсэн. Тэгээд Н бид хоёр жаахан маргалдчихаад би дээшээ явж усны боолтыг очиж үзэхэд усанд нэг том чулуу хийгээд урсгалыг нь өөрчлөөд боолт хийгээд ус багасгачихсан байсан юм. Тэгээд би буцаж Н дээр ирээд “Ус боолттой байна. Чи боосон байна” гэж би хэлэхэд Н намайг “Чи усанд хүрдэг хэн юм бэ?” гээд газраас нэг чулуу аваад намайг цохих гэж дайраад чулуугаа хаячихаад намайг гараараа миний толгой, хамар луу хэд хэдэн удаа цохьсон юм. Тэгээд би биеэ хамгаалаад Нийг нэг удаа шанаа орчим газар нь гараараа цохиод, нэг удаа хавирч унагаасан. Тэгээд бид нар өөр өөрийнхөө талбай руу явсан юм. Тэнд өөр ямар нэг зодоон цохион болоогүй юм. Нтэй маргалдаж зодолдохоос өмнө миний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй Нөөр зодуулсанаас болж миний хамар хугарч, толгой доргисон юм. Н намайг гараараа зодсон бөгөөд өөр ямар нэгэн зүйлээр зодсон асуудал байхгүй. Тухайн үед Н архи уучихсан согтуу байх шиг байсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Н бид хоёр учир зүйгээ ололцож, Н надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн тул надад Нөөс нэхэмжлэх зүйл байхгүй, надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9-р тал/,

Гэрч Г.Г /Г/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Арсаад байх хадлангийн талбайгаа услахаар Н гэх хүнтэй хамт гараад Н ахын хадлангийн талбайг услаж байтал талбай услаж байсан ус нь багадаад татарчихсан юм. Тэгээд бид хоёр өдрийн голоор ус ингээд багадчихдаг юм гээд талбай дээрээ сууж байтал доороос Д гэх хүн хажуудаа Ш гэх /шинэ нэрийг нь мэдэхгүй байна/ залуутай хамт ирээд ус багадчихлаа чи миний уснаас аваад байна гээд Н ахтай хэрүүл хийчихээд дээшээ усаа боож байсан газар луугаа яваад өгсөн. Удалгүй 18 цаг өнгөрч байхад Д Ш хоёр ирээд Д Нийг “чи миний уснаас авчихаж” гээд уснаас болоод хоёулаа хэрэлдэж маргалдаж байгаад барьцалдаад аваад Н, Д нар ноцолдож, зодолдож байхдаа Н Дгийн хамар луу гараараа 3-4 удаа, харин Д Нийн хамар, зүүн шанаа хэсэг рүү 3-4 удаа харилцан зодолдоод Дгийн хамарнаас нь цус гарахаар нь бид нар тэр хоёрыг салгаад хоёр тийш болгосон юм. Тэгээд би Н ахыг мотоцикльд суулгаж аваад гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан юм. Д Нтэй зодолдохоос өмнө нь биед нь ямар нэгэн гэмтэл байгаагүй юм. Д гэх хүн зодоон болох үед эрүүл байсан харин Н ах халамцуу архи уучихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч Н.Б /Н/-гийн  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаангом сумын 2-р багийн Арсайд байдаг хадлангийн талбайгаа услахаар очоод Д, Ш хоёртой дээшээ хадлангийн талбай руу ус тавихаар яваад усаа тавьчихаад эргээд Н гэх залуугийн талбай дээр ирсэн. Тэгтэл Д, Н лүү “Чи миний тавьсан уснаас арай их ус өөрийнхөө талбай руу авчихсан байна” гээд маргалдаад эхэлсэн, миний ойлгосноор урд нь энэ хоёр ус хувааж авчихаад Дг дээш яваад ирэх хооронд Н тухайн усан дээр нь чулуу тавиад өөрийнхөө талбай руу арай их ус оруулчихсан учраас маргалдаад эхэлсэн.  Тэр хоёрыг маргалдаж байхад би тэр хоёроос зайтайхан газар сууж байсан ба тэр хоёр хэрэлдэж маргалдаж байгаад нэг нэгэнтэйгээ барьцалдаад зодолдоод эхэлсэн ба Н, Д нар нэг нэгнийхээ нүүр лүү гараараа зодсон бөгөөд Дгийн хамраас цус гарч харин Нийн шанаа орчимоос цус гарч байсан. Тэр зодооныг Г гэх залуу салгасан. Д Нтэй зодолдохоос өмнө нь би Дтэй уулзахад биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй юм. Миний жинхэнэ нэрийг Б гэдэг юм харин ах дүү, найз нөхөд, нутгийн хүмүүс намайг Н гэдэг гэрийн нэрээр дууддаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Гэрч Ж.Аын  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хадлангийн талбайгаа услахаар ганцаараа Арсай гэх газар луу гараад талбайгаа услах гээд байж байтал манай хажуугийн талбай дээр хүмүүс хоорондоо уулзаад ярилцаж байхаар нь би яваад очиход Н, Д хоёр хоорондоо ус их, бага авлаа гээд маргалдаж байсан. Тэр хоёр гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн ба Н, Д нар нэг нэгнийхээ нүүр лүү гараараа зодсон бөгөөд тухайн үед Дгийн хамраас цус гараад, Нийн шанаанаас цус гарахад Н, Г нар салгаж байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Г гэдэг таньдаг залуугийн хамт Улаангом сумын 2-р багийн Арсай гэх газарт өөрийн хадлангийн талбайгаа услах гэж гарсан. Талбайгаа услаж байтал миний хажуугаар дээшээ мотоцикльтэй 2 хүн яваад өгсөн. Тэгээд миний газар услаж байсан ус багассан юм. Тэгэхээр нь би дээшээ ус боосон газартаа хүрээд очиход миний ус боосон газраас Д салаалаад ус авчихсан байсан. Би боолтон дээр байтал Д ус багадлаа гэж надад хэлчихээд дээш яваад өгсөн би боолтон дээрээс хадлангийнхаа талбай дээр ирээд сууж байтал Д над руу ирээд надтай хамт юм яриад сууж байгаад “Та яахаараа миний усыг боож ус авдаг юм бэ?” гээд надтай маргалдаад эхэлсэн. Би Дд “Би чиний талбай руу орох усыг чинь боосонгүй харин хувааж усаа явуулж байна” гэхэд Д “Та өөрийнхөө талбай руу ихэнхи усыг нь явуулчихаад миний талбай руу бага усыг нь явууллаа” гэж хэлээд түүнээс болоод маргалдаад эхэлсэн. Тэгээд бид хоёр босоод барицалдаж байгаад би Дгийн нүүрэн тус газар нь гараараа 2-3 даа цохисон. Харин Д миний нүүр лүү мөн 2-3 удаа цохиж миний шанаанаас цус гаргасан юм. Тэгж байтал тэнд байсан Н, А, Г нар бид хоёрыг салгасан юм. Би зодоон болоод дууссаны дараа Дгээс уучлалт гуйж тамхи нэрээд эвлэрээд салсан юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 472 дугаартай шинжээчийн “П.Дгийн биед хамар ясны цуурсан хугарал, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн цус хуралт няцралт гэмтэл учирсан байна.  Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/-ээр хохирогч П.Дгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, нүүр орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч П.Дгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар нотлогдсон. 

Хохирогч П.Д нь хохирол нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Б.Нийн хувийн байдлын талаар Гэрч А.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Улаангом сумын 2-р багйин нутаг Далангийн хорооллын 10-34 тоот хашаанд ганц гэрээрээ байдаг ба би нөхөр Н 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай нөхөр Н нь 1982 онд Увс аймагт төрсөн бөгөөд эхээс есүүлээ бөгөөд дээрээ 5 эгч 2 ахтай доороо нэг дүүтэй юм. Манай нөхөр бага насандаа аав ээжийн гад дээр хүмүүжээд сургуульд орж суралцаж байгаад 2-р ангиаасаа мал дээр гарч одоог хүртэл мал маллаж байгаа. Би нөхөртэйгээ 2004 онд гэр бүл болсон бөгөөд том хүү Ч 2006 онд төрсөн одоо 7-р ангийн сурагч дунд охин Г 2007 онд төрсөн 6-р ангид сурдаг. 2016 онд дунд хүү Х төрсөн бөгөөд одоо гэртээ байгаа, бага хүү Гантогтох 2017 онд терсөн одоо гэртээ байгаа. Манай нөхөр Н нь үг дуу цөөнтэй, гэр орныгоо аваад явчих амьдарлын ухаантай сайн хүн гэж боддог найз нөхөд хүмүүстэй харилцах харьцаа сайн, хүнтэй маргалдаж зодолдоод байдаггүй, архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг гэхдээ уусан үедээ гэр орондоо болон хүмүүстэй хэрүүл маргаан зодоон үүсгээд байдаггүй мал маллаж амьдардаг тул малын бэлчээр, хадлан тариалангаа услахын тулд хавраас намар хүртэл талбайгаа услах гээд яваад өгдөг” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б.Нийн төрсөн эгч нь юм. Манай дүү Н нь 1982 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн бид нар эхээс 9-лээ манай дүү айлын 8 дахь хүүхэд бөгөөд доороо 1 дүү, дээрээ 4 эгч 3 ахтай юм. Манай дүү Н нь бага насандаа аав, ээжийн гар дээр хүмүүжээд 2 анги төгсөөд мал дээр мал маллахаар гарсан юм, 2004 онд О гэх эмэгтэйтээ танилцаад гэр бүл болж энэ хоёрын дундаас 4 хүүхэд гарсан одоо 2-16 насны 4 хүүхэдтэй ам бүл 6 -лаа Упаангом сумын 2-р багт далангийн хороололд хашаанд монгол гэрт амьдардаг юм. Манай дүү Н нь даруу төлөв зантай, хүн юу гэж хэлэн тэр үгээр нь хийдэг, зөөлөн чихтэй, бусдтай хэрэлдэж маргалдаад байдаггүй, архи соггууруулах ундаа хааяа хэргэлдэгч гэсэн гэр орон, ах дүү нар найз нөхөдтэйгээ маргаж зодолдсон удаа байхгүй унтаад өгдөг амьдралын төлөө гэсэн эхнэр хүүхдээ тэжээх гэж явж байгаа залуу юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/ гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон торгох ялын хүрээнд  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Нд  550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ