Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01232

 

 

  

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04425 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд *******ийн бие даасан шаардлагатай,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдөлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2899 дүгээр шүүгчийн захирамжаар *******гээс 156,833,991 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгож шийдвэрлэсэний дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* байрны ****** тоот, 122 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ******** ХХК-иар үнэлүүлэхэд 626,100,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланд манай байрны болон ашиглалтын талаарх мэдээллийг тусгаагүйгээс 30,000,000 төгрөгөөр бага үнэлэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т нийцээгүй байна. Мөн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүний журам аргачлалын талаар болон хөрөнгийн үнэлгээний тухай хууль шинэчилэн баталсантай холбоотой мэдээлэл тусгагдаагүй байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тиймээс үнэлгээ нь таамгийн шинжтэй, учир дутагдалтай гэж үзэж маргаж байх тул ******** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь *******гийн төлбөрт хураагдсан миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* дугаар байрны ****** тоот үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа өмчлөгч надад мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасантай нийцэхгүй байна. Иймд, үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол болон 626,100,000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2899 дүгээр шүүгчийн захирамжаар *******гээс 156,833,991 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ****** тоот орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор хурааж, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талууд болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нараас 671,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан. Иймд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 8/299 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчийг томилсон. ******* ХХК-ийн шинжээч *******ээр үнэлүүлэхэд 626,100,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбарын агуулга: Хариуцагч байгууллага өөрийн эрхийн хүрээнд шинжээч томилж, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг хийлгэсэн. Энэ нь хууль ёсны үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 30,000,000 гаруй төгрөгийн засвар хийлгэсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх тодорхой баримтаа гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч өөрсдөө санаачлагаараа үнэлгээ хийлгэж, ямар байдлаар зөрүүтэй байгаа эсэхийг нотлох боломжтой байсан. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэх *******ээс ********д олгосон итгэмжлэл нь бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээдээс олгосон итгэмжлэл гэж харагдахгүй байна. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Нийслэл хүрээ өргөн гудамж, ******* дугаар байрны ****** тоотод байрлах, Эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, 122 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн ******** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар *******ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, *******т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, нөхөх олговорын үнэлгээний журам, аргачлалыг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хөрөнгийн үнэлгээний журам аргачлалыг батална гэж хуульчилсан бол маргаан бүхий үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан ямар стандарт, журам аргачлалын дагуу үнэлгээ хийсэн талаарх мэдээлэл тусгагдаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.10, 8.3.12 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын томилсон ******** ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан үнэлгээний арга, аргачлал, журмыг зөрчиж таамгийн шинжтэй үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй, миний эрх ашигт нийцэхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон *******ийн хувьд түүний нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авч ажиллагаа явуулан шинжээч томилж хэргийг түдгэлзүүлж байсан боловч итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04425 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: *******ийн гаргасан итгэмжлэл нь бие даасан шаардлага гаргах эрхгүй итгэмжлэл байсан. Шүүгч үүнийг анзаараагүйгээс үүдэн тухайн хэрэгт шинжээч томилсон. Мөн *******ийг шүүх хуралдаанд оролцуулахыг шүүгч удаа дараа даалгасан боловч ирээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор нотлох баримтыг гаргаж өгдөггүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээний компани эд хөрөнгийг үнэлэхдээ засварын зардлыг оруулан тооцоогүй, ямар стандарт, журам, аргачлалын дагуу үнэлгээ хийсэн талаар тайландаа тусгаагүй, хөрөнгийн үэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасанд нийцээгүй гэсэн үндэслэлээр тодорхойлсныг хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн ********д 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэлд шаардлага гаргах эрх олгоогүй гэж дүгнээд түүний шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02899 дугаартай захирамжаар *******гээс 156,312,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* байр, ****** тоот, 122 м.к талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 50-51/

 

4.2. Төлбөр төлөгч ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул төлбөр авагч ******* ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 183/ГХ2022/02012 дугаар гүйцэтгэх хуудас бичсэн байна. /хх-ийн 49/

 

4.3. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* байр, ****** тоот хаягт байрлах 122 м.к талбайтай *******ийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 56-59/

 

4.4. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч нь 671,000,000 төгрөгөөр үнэлсэн ба талууд үнийн талаар тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 60-66/

 

4.5. Хөрөнгийн үнэлгээний ******** ХХК нь хураагдсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* байр, ****** тоот хаягт байрлах 122 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нийт 626,100,000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 142-р тал/.

 

4.6. ******** ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, шинжээч үнэлгээг тогтоохдоо өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашигласан байх бөгөөд үүнээс зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээг 100 хувийн ач холбогдолтойд тооцон орон сууцыг 626,100,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Үнэлгээний тайланд үнэлгээг Үнэлгээний Олон Улсын стандартад нийцүүлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн талаар мэдэгдэж, үнэлж буй хөрөнгийн өмчлөгч, байршил, талбайн хэмжээ, насжилт, барилгын хийц бүтээц, нэмэлт тоноглол, инженерийн байгууламж, дотоод засал, чанар байдлын талаар тусгасан байна. Хөрөнгийн шинж байдлыг үзэж танилцах явцдаа үнэлүүлж буй хөрөнгийн ашиглалтын байдал, өнөөгийн болон ирээдүйн төлөвийг сонирхож, үнэлгээнд зайлшгүй шаардагдах мэдээллийг олж авсан талаар мөн тэмдэглэжээ. Түүнчлэн, тайлангийн анхаарах зүйлсэд тус үнэлгээ нь Олон Улсын үнэлгээний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний хуулийн дагуу хийгдсэн бөгөөд үнэлгээ хийх явцад Олон Улсын үнэлгээний стандартаас гажих нөхцөл гараагүй талаар дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.7, 8.3.10-т заасанд тус тус нийцсэн байхаас гадна нэхэмжлэгч талаас дээрх хөрөнгийн үнэлгээний тайланг няцаасан баримтыг гаргаагүй байна. Иймд, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5. Гуравдагч этгээд ******* төлбөрт хураагдсан миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* дугаар байрны ****** тоот үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа өмчлөгч надад мэдэгдээгүй нь хуульд нийцээгүй гэж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол болон 626,100,000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* дугаар байрны ****** тоот үл хөдөлөх эд хөрөнгийг хурааж, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-179/14654 дугаар мэдэгдлээр хөрөнгийн өмчлөгч *******т үнийн саналаа ирүүлэх талаар мэдэгдэж, үүний дагуу гуравдагч этгээд ******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үнийн саналаа хариуцагч байгууллагад хүргүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх-ийн 61/ Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээд *******ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд хураагдсан хөрөнгийн өмчлөгч болох *******ээс ********д 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн, шүүх *******ийн бие даасан шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, талууд түүний шаардлагын талаар мэтгэлцсэн байна.

 

Уг итгэмжлэлээр *******гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт гуравдагч этгээдийг төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдзвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх эдлэх үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч ********г бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.

 

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Нийслэл хүрээ өргөн гудамж, ******* дугаар байрны ****** тоотод байрлах, Эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, 122 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн ******** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******гийн нэхэмжлэл болон 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд *******ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг хасаж,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ