Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 489

 

                                                 Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 388 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 865 дугаар магадлалтай Т.Э-д холбогдох эрүүгийн 1909044690285 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 2000 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, Х................... коллеж сургуулийн үйлдвэрийн техникч мэргэжлийн 2А ангид сурдаг, урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 510 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдаж байсан Б овогт Тийн Э

Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 33 тоот гэртээ дахин архи уухаар гадагшаа гаргахгүй хориглолоо гэж хохирогч Е.Д-ыг цээжин тус газар нь хар өнгийн хуванцар 12 см иштэй, 26 см урттай хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 865 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Т.Э-ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг гаргасан гомдолдоо: ”Өмгөөлөгч би ахуйн хэрэглээний хутга, заазуурыг зэвсэг гэж үзэж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж ойлгодог. Энэ талаар Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд тайлбарласан байдаг. Гэтэл манай шүүгчид хүйтэн зэвсэгт ахуйн хэрэглээний хутга заазуурыг зэвсэг гэж ойлгоод байгаа юм. Хэрэв хутга, заазуурыг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан бол зэвсэг биш тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж боддог.

Ер нь зэвсгийн түүхэнд ахуйн хэрэглээний хутга, заазуур гэх мэт зүйлүүдийг зэвсэг гэж үзэж байгаагүй. Хэрэв ахуйн хэрэглээний хутга, заазуурыг зэвсэг гэж үзвэл зэвсгийн түүхэн хөгжлийг тэмдэглэж баяр, ёслол, жагсаал хийвэл манай шүүгчдийн ойлголтоор хутга, заазуур зэрэг ахуйн хэрэглээний зүйлс болон тэр байтугай хог хаягдал болох архи, пиво, ундааны шилэн, хуванцар сав, хатсан цемент зэргийг цэргүүд нь бариад офицерууд нь уухайлаад тэмдэглэх болж байгаа юм.

Иймд Т.Э-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж, Т.Э-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогчийн хацарт нь заазуураар зүсэж, цээжин тус газар нь хутгалсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч ахуйн хэрэглээний хутга, заазуурыг зэвсэг гэж үзэхгүй гэдэг нь Эрүүгийн хуульд хуульчилсан тайлбарыг буруу ойлгож хэрэглэж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг буюу хэзээ, хаана, яаж үйлдсэнийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад заавал нотолно.

Дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг тодорхойлоход чухал ач холбогдолтой нэмэгдэл шинжүүд бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, зүйлчлэл ялын төрөл, хэмжээнд нөлөөлдөг онцлогтой тул хууль тогтоогч тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нийтлэг нөхцөл болгон заахын зэрэгцээ тусгай ангид тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх ба онц хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилдаг билээ.

Эдгээр нөхцөл байдлаас гэмт хэргийг яаж үйлдсэн /орон байранд хууль бусаар нэвтэрч, зэвсэг хэрэгсэл ашиглаж г.м/-ийг нотолж тогтоох нь хэргийг зөв зүйлчлэх, гэмт этгээдийн гэм бурууд тохирсон ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Учир нь гэмт этгээд тухайн үйлдлийг хийхдээ зэвсэг, хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ямагт ихэсгэх замаар зүйлчлэлд онцгой нөлөөлдөг болно.

Тиймээс хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг тайлбарласан байх бөгөөд энэ нь мөн хуульд заасан бүх хэм хэмжээг хэрэглэхэд хамаарна.

Энэхүү тайлбараар эдгээр зүйл нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.

Уг тайлбарт дурдсан хүйтэн зэвсэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий эд зүйл, хэрэгсэл, түүн дотор хутга, заазуур, бусад мэс зэрэг хамаарах бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Т.Э нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хохирогч Е.Д-ын цээжинд хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг хоёр шатны шүүх хутга буюу хүйтэн зэвсэг хэрэглэсэн үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг уг гэмт хэргийн үндсэн шинж болгон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тодорхойлсон байх тул Т.Э-ын үйлдэл, түүний улмаас учирсан хор уршиг, тэдгээрийн шалтгаант холбооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн Т.Э-ын хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан тул анхан шатны шүүх уг зүйл, хэсгийг журамлан түүнд хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь гэм буруугийн болон хувийн байдалд нь тохирсон байх бөгөөд харин шүүх ийнхүү шийдвэрлэхдээ мөн зүйлийн буруу заалтыг баримталсныг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан өсвөр насны хүн гэдэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрээгүй байсан этгээд хамаардаг болно.

Тиймээс 2000 оны 07 дугаар сарын 08-нд төрсөн буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 4 сартай байсан Т.Э-ын хувьд Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, түүний ялыг хойшлуулах талаар гаргасан өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 388 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 865 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН