| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0326/З |
| Дугаар | 001/ХТ2025/0084 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2025/0084
Б.А****-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн
Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын
улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0385 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/0425 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/0377 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагч Б.А****, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э*** (№2606), Б.Б**** (№3720), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д**** нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага:
1.Б.А****-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын улсын байцаагчид холбогдуулан “... тус татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсаар “Б.А****-г сонгуулийн дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн аудитын байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалт, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.А****-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын улсын байцаагч О.П****-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/0377 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.1. ... Зөрчилд шийтгэл оногдуулах тухай маягт-1-ийг “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” маягт-2-р үйлдсэнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үгүйсгэх зөвтгөх үндэслэлгүй.
6.2.Гомдол гаргагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нэгэнт илэрхий, нотлогдсоор байхад хэргийг нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь үнэлэн шийтгэлийн хуудсыг зөрчлийн шинжгүй үйлдэл, эс үйлдэхүйд хууль бусаар шийтгэл оногдуулсан бол хүчингүй болгох, эсвэл шийтгэл оногдуулах үндэслэл бүхий шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулах боломжтой.
6.3.Сонгуулийн зардлын данс нээсэн боловч Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй эс үйлдэхүйгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Гомдол гаргагчийн өмгөөлөгч нараас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан эс зөвшөөрсөн агуулгаар тайлбарыг бичгээр гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
9.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн; Монгол Улсын Их Хурлын ээлжит 2024 оны сонгуульд М**** намаас Б.А***** нь нэр дэвшиж, сонгуулийн харилцах дансыг ХААН банкинд нээлгэж, зардлын дансанд хөндлөнгийн аудит хийлгэн дүгнэлт гаргуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн; аудитын газраас ... нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг хянаж, тус газрын 2024 оны 01/1923 дугаар албан бичгээр “... сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг ... төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн” талаарх мэдээллийг шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газарт шилжүүлсний дагуу тус газрын 2025 оны “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор дээрх зөрчлийн мэдээллийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст харьяалуулан шилжүүлснээр тус хэлтсийн татварын улсын байцаагч О.П*****-аас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ****** дүгээр тогтоолоор Б.А****-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж; улсын байцаагчаас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ****** дугаартай шийтгэлийн хуудас (маягт-2)-аар Б.А****-г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгосон үйл баримт тогтоогджээ.
10.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлээр зохицуулсан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 2.1-д “гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх”, 2.2-т “гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах”, 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус заасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, 6.7 дугаар зүйлээр зөрчлийн хэрэг нээж шалгах үндэслэл, журмыг ялгамжтай зохицуулжээ.
11.Дээрх зохицуулалт нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон ердийн буюу хэрэг бүртгэлтийн ажиллагааг хооронд нь зааглаж, тэдгээрийн үндэслэл, журмыг ялгаатайгаар зохицуулсан бөгөөд зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд хялбаршуулсан журмыг хэрэглэх үндэслэл үүсэхгүй, харин хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд хэрэг нээх үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй.
12.Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлийг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнд 1)зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй байх, 2)зөрчил үйлдсэн этгээд буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, 3)зөрчил үйлдэгдсэн нь хэмжилт-хяналтын баталгаажсан төхөөрөмжөөр нотлогдсон байх гэсэн нөхцөлүүдийг тогтоосон, энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт” -ыг ашиглан шийдвэр гаргахаар байна.
13.Хариуцагч улсын байцаагч Татварын ерөнхий газраас шилжүүлсэн “... нэр дэвшигч Б.А**** нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй” гэх зөрчлийн мэдээллийг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудасны” маягтаар шийдвэр гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.6, 6.7 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарахаар байна.
15.Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах үндэслэл буюу шударга ёсны зарчмыг заасан.
16.Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд холбогдох шийтгэлийг оногдуулах зохицуулалттай.
17.Нэгэнт гомдол гаргагч нь “... сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй” зөрчил үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тохиолдолд, хариуцагч татварын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар Б.А****-д холбогдуулан гаргасан зөрчилд нь шийтгэлийн төрөл болох торгох шийтгэл оногдуулах шийдвэр гаргахдаа хялбаршуулсан журмын маягтыг хэрэглэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн хэдий ч энэ нь зөрчлийг бүхэлд нь болон холбогдогчид арга хэмжээ оногдуулах үндэслэлийг үгүйсгэх, цаашилбал шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.
18.Нөгөө талаас, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, хяналтын гомдолд дурдагдсан “... шийтгэлийн хуудасны маягт байхгүй байсан, маягтыг андуурсан” гэх тайлбар зэргээс үзэхэд, энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш байх бөгөөд хариуцагч уг процедурын алдаагаа зөвтгөх боломжтой, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
19.Иймд хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг явуулж, дахин шинээр акт гаргуулахаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 1 (нэг) сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0385 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/0425 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.А****-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг 1 (нэг) сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ