Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01233

 

 

 

  

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04612 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК холбогдох,

 

Гэрээний үүрэгт 45,866,452 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ХО/05 дугаартай гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 24.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хөрөнгө оруулж, хариуцагч нь 10,000,000 төгрөгийг хүү 2,456,712 төгрөгийн хамт нийт 12,456,712 төгрөгийг буцааж өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс үндсэн зээл 10,000,000 төгрөгийг төлсөн. Харин 2,456,712 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХО/46 дугаартай гэрээ байгуулан хариуцагч ******* ХХК-д 36,15,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хариуцагч нь 7 сарын хугацаатай, 26.5 хувийн хүү тооцож буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 1,132,456 төгрөгийн торгууль тооцож, хөрөнгө оруулалтын 36,615,000 төгрөг, хүү 5,662,284 төгрөг, нийт 43,409,740 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна.

Иймд дээрх хоёр гэрээний үүрэгт нийт 45,866,452 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь ****** ХХК-д 10,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Тус компани нь төлбөрөө төлөх боломжгүй болоод өрийг шилжүүлэхээр ******* ХХК-д хандсанаар хариуцагч нь өрийг хүлээж авсан. Уг өрийг хүүгийн хамт 2024 оны 07 дугаар сар, 11 дүгээр сард гээд хоёр удаагийн гүйлгээгээр төлж дуусгасан.

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний хувьд нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа баримтууд 2022 онд шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтууд байгаа. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлэх 36 сая төгрөг *******ийн дансанд ороогүй. Тиймээс гэрээний дагуу талуудад үүрэг үүсээгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 45,866,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 387,283 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: *******ын нэхэмжпэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 191/ШШ2025/04612 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1. Эрх зуйн үндэслэлийг буруу тодорхойлсон тухайд:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №53 дугаар тогтоолын 6.1-д Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан "тооцоо нийлэх гэрээ" гэдэгт талуудын хоорондох ажил хэргийн харилцаанаас үүссэн үйл ажиллагааны үр дүнд гарах төлбөр тооцоог хэдийд харилцан тохиролцож дүгнэх, төлбөрийн үлдэгдэл гарвал үүрэг хүлээгч тал хэрхэн барагдуулах зэргээр талууд урьдчилан тохиролцсоноо бичгээр илэрхийлснийг ойлгоно гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний дагуу талууд ажил хэргийн харилцаанаас үүссэн олон тооны тооцоо, шаардлагыг нэгттэх, энэхүү тооцооллыг хийснийг хоёр тал хүлээн зөвшөөрч баталгаажуулсныг ойлгодог.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд тооцоо нийлсэн, уг тооцооллыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан баримт байхгүй, хэрэгт авагдаагүй байна. Харин талууд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг байгуулсан боловч тус гэрээ хэрэгжээгүй байдаг.

4.2. Хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ****** ХХК-ийг шилжүүлэн авсан. ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2022 онд шилжүүлэн авсан 30,000,000 төгрөгийг авсан талаар маргахгүй. Харин 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ХО/05 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/46 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжээгүй учраас гэрээний дагуу талуудад эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй. ... Иймд .... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн хувьд байхгүй, болоогүй зүйлийг нотлох баримтаар нотлох боломжгүй юм. Харин нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХО/46 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж ирүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь тус гэрээний үүргээ хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн боловч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу, тус гэрээний үүргээ биелүүлсэн дансны хуулгыг шүүхэд өгсөн байдаг. Дансны хуулгын огноо нь тус гэрээний огноотой ижил буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шилжүүлгийн баримт болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдана. Мөн шүүх хуралдааны үед энэ талаар талууд хэлэлцсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгээ хэлдэг бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эдгээр компани нэг эцсийн өмчлөгчтэй байсан тул Иргэний хуульд заасны дагуу өр шилжсэн гэж үзнэ гэж тайбарладаг. Тийм учраас ******* ХХК-аас дээрх мөнгийг нэхэмжлэх боломжтой гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан биелүүлэх боломжгүй. ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг нэг өмчлөгчтэй гэх үндэслэлээр ******* ХХК-аас нэхэмжлэх үндэслэлгүй юм. Эдгээр гэрээнүүд нь урьд үүссэн эрх зүйн харилцааг үргэлжлүүлсэн, эрх шилжүүлсэн, хоорондоо хамаарал бүхий гэрээнүүд биш юм. Иймд 30,000,000 төгрөгөө ******* ХХК-аас бус ******* ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй.

4.3. Гэрээгээр тохиролцоогүй анз тооцсон тухайд:

Нэхэмжпэлгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар тогууль тооцоход 1,132,456 төгрөгийн торгууль тооцохоор байна гэсэн ба энэхүү шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан аль ч гэрээнд торгууль төлөхөөр тохиролцоогүй төдийгүй заавал торгууль төлөх хуулийн зохицуулалт ч байхгүй юм. Мөн нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр торгууль тооцож байгаа, тооцооллыг хэрхэн хийсэн талаараа тайлбарлаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 191/ШШ2025/04612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүх Иргэний хуулийн 466 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Тооцоо нийлэх гэрээний харилцаа бус зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болгон өөрчлөх нь зүйтэй. Хариуцагч хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжээгүй гэж тайлбарладаг. ******* ХХК болон ******* нарын хороронд байгуулагдсан зээлийн гэрээ байсан. Уг гэрээг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн өрийг хариуцагч компани хүлээж авсан. 30,000,000 төгрөгийг ******* ХХК хүлээж авсан талаар хариуцагч маргаагүй. 30,000,000 төгрөгийн хүүг гэрээнд заасны дагуу тооцоход 36,000,000 төгрөг болсон. Дахин шинэчлэн байгуулж 5,600,000 төгрөгийг хүү тооцно гэж хариуцагч компанитай тохиролцсон. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн. Гэрээний талууд солигдсон учраас тухайн харилцаа үүссэн болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан гэрээний харилцаа хэрэгжээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу ******* ХХК-тай гэрээ байгуулсан боловч ******* ХХК нь мөнгийг хариуцагч компанийн дансанд шилжүүлсэн. ******* ХХК-тай гэрээ байгуулсан боловч мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч ямар үндэслэлээр гэрээ хэрэгжээгүй талаар тайлбарлаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад хариу тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Эхний хөрөнгө оруулалты гэрээний дагуу 2,456,712 төгрөгийн хүүг нэхэмжилсэн. 2 дахь хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үндсэн зээл 36,615,000 төгрөг, хүү 5,662,284 төгрөг, торгууль 1,132,456 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 45,866,452 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигч 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ХО/05 дугаар бүхий хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь 10,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлж, хариуцагч 12 сарын хугацаанд жилийн 24.5 хувийн хүү тооцож буцаан төлөхөөр, мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХО/46 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, 36,615,000 төгрөгийг хариуцагчид бэлэн бусаар шилжүүлж, хариуцагч нь жилийн 26.5 хувийн хүү тооцож, 7 сарын хугацаанд буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-9/

 

4. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний үүрэгт 2,456,712 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүрэгт 43,409,740 төгрөг, нийт 45,866,452 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрөхдөө эхний гэрээний хувьд төлбөрийг төлж барагдуулсан, харин хоёр дахь гэрээ хэрэгжээгүй буюу нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул үүрэг үүсэхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.

 

5. Анхан шатны шүүх шийдвэртээ хэргийн үйл баримтыг тогтоож дүгнээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, хэргийн оролцогчийн гаргасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.1. Талуудын хүсэлт зориг, гэрээний нөхцөл зэргээс үзэхэд 2023 оны 05 дугаар сарын 29, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний хэлцэл хийгдсэн гэж үэхээр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан.

 

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 3.1.4-т ... зээлдүүлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан ЗГ/021 тоот гэрээний дүнг зээлдэгчид шилжүүлсэнд тооцсоныг харилцан хүлээн зөшөөрсөн болно. гэж тусгасан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч ******* ХХК-ийн өрийг хариуцагч ******* ХХК өөртөө шилжүүлэн авсан гэж үзэх ба хариуцагч энэ талаар зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Мөн гэрээний 3.1.1, 3.1.2, 3.4-т-д хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч ******* нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагч ******* ХХК-аас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн хүүнд 2,456,712 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлж барагдуулсан гэж тайлбарласан боловч татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул ******* ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2,456,712 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

 

5.2. Хоёр дахь гэрээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний хувьд тус гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө хариуцагч компанийн дансанд шилжиж ороогүй тул зээлийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж хариуцагч татгалзсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн *******ын дансны хуулгаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагч Бизес кластер гурпп ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх боловч эдгээр мөнгөн хөрөнгийг талуудын байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, цаг хугацааны хувьд нэг жилийн өмнө шилжүүлсэн байхаас гадна нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг зээлдүүлэх, зээлийн гэрээний 3.1.5-д зээлийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулга, Хаан цогт шийдэл ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 45-50/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр компаниуд нь нэг өмчлөгчтэй бөгөөд Хаан цогт шийдэл ХХК-ийн зээлийг хариуцагч ******* ХХК төлөхөөр тооцоо нийлж гэрээ байгуулсан тул зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө хариуцагчид шилжээгүй учраас зээлийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүрэгт 43,409,740 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 2,456,712 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,409,740 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад ... хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 387,283 төгрөг гаргуулж ... гэснийг ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 54,257 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,283 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ