Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 739

 

    2019        08         06                                    2019/ШЦТ/739

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            Шүүгдэгч П.Б, А.П, тэдгээрийн өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.П нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 2001 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, Соёл Урлагийн Их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт  , ял шийтгэлгүй,  П.Б,

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 2000 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилга дээр туслах ажилтанаар ажилладаг гэх, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдрах,  , ял шийтгэлгүй, А.П,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч П.Б нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо 64-р байрны 55 тоотод байрлах өрөөнд цэнэглэж байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Шинэсард 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч А.П нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр П.Бын хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гар утас буюу хөрөнгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж бусдад зарсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.  

    

 Шүүгдэгч А.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.   

 

Эрүүгийн   хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

 Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

 Хохирогч А.Шинэсарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 16-ны 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 64-р байрны 55 тоотод түрээсэлдэг өрөөндөө байж байгаад хаалгаа онгорхой үлдээгээд бие засах өрөө ороод, эргээд өрөөндөө орсон чинь миний утас байхгүй байсан. Тухайн үед манай дүү өрөөнд унтаж байсан. Би гар утсаа 2019 оны 03 дугаар сард Сүхбаатар дүүргиин байрлах Юнителийн салбараас лизингээр урьдчилгаагүй сард 110.000 төгрөг төлөхөөр авсан. Нийт 1.490.000 төгрөгийн үнэтэй, ягаан өнгийн А-7 2018 оны загварын утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Анужингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хэзээ гэдгийг санахгүй байна. Өглөө унтаж байгаад сэрээд хартал манай өрөөнд гаднаас хажуу өрөө түрээсэлдэг эрэгтэй орж ирсэн. Тухайн үед нойрмог байсан учраас унтаад өгсөн. Сэртэл манай эгч гар утсаа алдчихсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

"Дамно" ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд "...самсунг /Samsung II маркийн гар утас 1.290.000 төгрөг" гэх үнэлгээ /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цагдаа байгууллагад ирж мэдүүлэг өгөөд буцаад гэртээ харьтал П.Б тэр утсыг надад гаргаж үзүүлсэн. Бид хоёр айгаад гар утсыг ажил дээрээ аваачиж нуусан. Тэрнээс хойш би хэсэг хугацааны дараа гар утсыг “Теди” дээр ченжид 400.000 төгрөгөөр зарсан. Би гар утас зарсныхаа дараа орой нь гэртээ хариад П.Б-од энэ талаараа хэлсэн. Бид хоёр мөнгийг нь хувааж аваад хувийн хэрэгцээндээ ашигласан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өрөөнд нь байж байхдаа цэнэглээд үлдээсэн байсан Самсунг А7 маркийн гар утсыг нь аваад өрөө рүүгээ ороод хулдаасан доогуур нуугаад унтаад өгсөн. Би цагдаад мэдүүлэг өгчихөөд орой гэртээ ирээд хулдаасан доогуур нуусан байсан гар утсаа А.Пөд үзүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа А.П надад нөгөө гар утсыг чинь 400.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Бид хоёр мөнгийг хувааж авч хэрэгцээндээ хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.Б-ын Соёл Урлагийн Их сургуулийн Хөгжмийн Урлагийн сургуульд сурдаг гэх тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, Төв аймгийн Алтанбулаг сумын Багийн засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.П-ийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар  хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч П.Б, А.П нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо 64-р байрны 55 тоотод байрлах өрөөнд цэнэглэж байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Шинэсард 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.П нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр П.Бын хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гар утас буюу хөрөнгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж бусдад зарсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Шинэсар, гэрч Н.Анужин нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл П.Б нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо 64-р байрны 55 тоотод байрлах өрөөнд цэнэглэж байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Шинэсард 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул П.Б-ын гэмт үйлдэл  нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч А.П нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр П.Бын хулгайлах гэмт хэргийн улмаас олсон гар утас буюу хөрөнгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж бусдад зарсан болох нь тогтоогдсон тул А.Пийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд П.Б, А.П нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул П.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд,

А.Пийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж бусдад зарсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар ангийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б, А.П нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч  А.Шинэсар хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй /хх-ийн 30 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч П.Б, А.П нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх П.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Пийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан П.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, А.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч П.Б-г бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

      Шүүгдэгч А.П-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж бусдад зарсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар П.Б-од хорих ял оногдуулахгүйгээр,

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.П-өд хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Б, А.П нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар шүүгдэгч П.Б, А.П нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Б, А.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ