| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0114/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2019-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Л,
Шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Дын Эд холбогдох 1935002530129 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 13-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн Засаг дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 4-р баг, 11-30Б тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй Б овогт Дын Э /РД:......................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Гашууны гол гэх газарт хохирогч Б.Нтай хадлангийн талбайн уснаас болж маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Д.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Гашууны гол гэх газарт хохирогч Б.Нтай хадлангийн талбайн уснаас болж маргалдаж зодсон болох нь хохирогч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах хадлангийн талбайгаа услахаар Б гэдэг залуутай хамт Тэрэм хад гэх газраас орой 20 цагийн үед ус тавиад Гашууны голын гүүрний доод талын боолт дээр 22 цагийн үед ирэхэд ус боочихсоэ байхаар нь Б ороод боолтыг нь авч байтал хуучин ШТС талаас 2 хүн гарч ирээд нэг нь Б бид хоёр луу хандаад “Яагаад ус боочихсон хаалт аваад байгаа юм бэ?” гэхээр нь би нэрээ хэлээд уулзахад Ө /Я.Ө/ гэдэг ах байсан. Ө ахтай уулзаад “Би энэ шөнө ус аваад, маргааш өглөө эрт та авчих” гэхэд зөвшөөрөөд бууж байтал Ө ах Энхээ гэх залуутай утсаар ярьсан. Удалгүй приус-10 загварын авто машин ирээд дотроос нь 4 залуу бууж ирээд нэг нь “Ус авдаг яадаг муу пизданууд бэ?” гэхэд нөгөө залуучууд нь манай авах гэж байсан усанд хаалт тавьж эхэлсэн юм. Тэдний нэг нь Улаангом сумын 8 дугаар багийн Засаг дарга Д.Э байсан бөгөөд намайг “Ус боодог хэн бэ?” гэхээр нь “ирээд хар” гэхэд Э ус гатлаж ирээд намайг харчихаад “Б ах байсан байна” гэж хэлчихээд “Чи муу пизда яахаараа ус боодог юм бэ?” гэхээр нь “Би өнөөдөр хадлангийн талбайгаа услах гээд Тэрэм хадаас хүмүүстэй уулзаад ус тавиад ирлээ. Энэ шөнө би авчихаад маргааш өглөө чи авчих” гэж Эаас “3аавал энэ шана авах ёстой” гэхээр нь Эыг “Чи багийн Засаг дарга хүн байж юмны учрыг ойлгох ёстой. Танай багийн иргэн надтай хамт явж байна” гэхэд Э “Чи манай багийн иргэн биш. Чи намайг багийн дарга болгочихоо юу” гэхээр нь “Чи багийн дарга хүн байж ухамсартай байж иргэдийг ойлгох ёстой” гэхэд “Чи намайг багийн дарга болсонд атаархаад байгаа юм уу?” гээд би Ө ахтай зэрэгцээд зүлгэн дээр сууж байтал миний урдаас ирээд намайг дээшээ харуулж дарж унагаад дээр суучихаад цамцны зах мушгиж хоолой боогоод, гараараа хамар, нүүр лүү 3 удаа цохиход Ө ах хажуудаа байсан залуутай Эыг татаж босгоод надаас холдуулаад Ө ах ирээд намайг татаад босгох хооронд Э “Чамайг ална” гээд над руу ирээд гараараа миний хамар руу нэг удаа цохиход миний хамар гэмтэж, цус гарахаар нь би цагдаад дуудлага өгсөн.Би гомдолтой байна. Хохирлыг баримтаа гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 20-ны орой 19.30 цагийн үед манай хадлангийн талбайн хажууд талбайтай Н гэх залуутай ус боохоор ярилцаж тохироод Гашууны голын гүүр дээр уулзаад дээшээ явж Тэрэм хадаас нааш 5-6 усны боолт сэтлэж аваад Гашууны голын гүүрийн доод талд хуучин нефтийн урд ирээд нэг нэг боолт сэтлэж байтал Ө гэдэг ах хажуудаа танихгүй залуутай хамт хүрээд бид нар талбай услаж байна гэхээр нь Н “Та нар маргааш өглөө авчих. Өнөө шөнө бид нар авчих” гээд ярилцаад сууж байтал Ө ах утсаараа нэг хүн рүү усны боолтын тухай яриад байсан. Хэсэг хугацааны дараа гол дагаад машин ирээд голын нөгөө талд зогсоод 8 дугаар багийн Засаг дарга Э бууж ирээд бид нар луу хандаж “Та нар яагаад боолт сэтлээд ус авчихдаг юм бэ?. Өчигдөр сэтлээд авчихсан байсныг 02 цаг хүртэл манаж хоносон гээд хамт явсан 2 залуугаараа усны боолтыг сэтлүүлсэн. Н усны боолт сэтэллээ гээд Этай маргалдаад Эыг гол гатлаад хүрээд ир гэхэд нь Э гол гатлаж ирээд Ныг таниад ус хэн авах талаар ярилцаад тохиролцож чадахгүй маргалдаад Н Эыг “чи багийн дарга байж хүн дарамталлаа” гэхэд нь Э “Багийн дарга гэхээр өөрийн талбайдаа ус авч болдоггүй юм уу?” гэж хэлээд маргалдаж байгаа Н зүлгэн дээр сууж байтал Э дээрээс нь дараад авахаар нь Ө ах, түүний хажууд байсан залуу бид гурав тэр хоёрыг салгаад босгох хооронд Н их юм яриад байсан ба Э Нын нүүрэн тэс газар нь гараараа нэг удаа цохьтол Нын хамраас цус гараад, хамар нь гэмтсэн. Тэгээд Н цагдаа дуудахад цагдаа ирээд Н, Э хоёрыг аваад явсан. Тухайн үед Н эрүүл, Э архи уучихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Гэрч Ч.Ө /Ө/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Стай хамт талбай дээрээ байж байгаад манай хажууд талбайтай Этай тааралдахад “Ус авс талбайгаа услах гэж байна” гэхээр би Стай хамт бас ус авахаар болоод Гашууны голын гүүрний доод талд ус боосон. 22.00 цагийн үед усны боолтоо эргэхээр Стай хамт очиход манай боосон усын Н, Б гэдэг хоёр залуу сэтлэж байхаар нь би “Наадах боолтоо битгий сэтлэ” гэхэд Н “Би ус авах гэж байна” гэхээр нь бид хоёр ярилцсан боловч Н “Өнөө орой авна” гээд зүтгээд /улайраад/ байхаар нь би Нт “Надтай хамт Э ус авч байгаа. Чи Этай уулзсан нь дээр байх” гэж хэлсэн. Э машинтай голын цаана ирж зогсоод “Ус хэн авсан юм бэ?” гэхэд Н “Би авлаа. Энд хүрээд ир” гэхэд нь Э гол гатлаж ирээд тэр хоёр бие биенээ таниад хэн нь эхлэж ус авах талаар ярилцаж байгаад маргалдаад эхэлсэн. Н Эыг “Чи багийн дарга хүн байж яагаад ард иргэдийнхээ төлөө явдаггүй юм бэ?. Танай багийн иргэн надтай хамт явна” гээд үг, хэлээх өдөөд дээрэнгүй харьцаад байсан. Э уурлаад “Би багийн байж болно. Хувь хүнийхээ хувьд арай гэж нэг удаа ус авч байхад та булаагаад авч байна” гээд Ныг зүлгэн дээр сууж байтал нь дээрээс нь дараад авахаар нь Б, С бид гурав тэр хоёрыг салгаад би Эыг, С, Б нар Ныг татаад авах хооронд Э Нын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход хамар нь гэмтэж, цус гараад цагдаа дуудсан. Этай хамт ирсэн 3 залуу бид нараас зайтай усны боолтон дээр байсан болохоор харсан эсэхийг мэдэхгүй байна. Э архи уучихсан согтуу, Н эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
Гэрч Ч.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “Э Н хоёр талбайн уснаас болж маргалдаж байгаад Н газар зүлгэн дээр сууж байтал нь Эд дээрээс нь дараад унахад Ө ах, Б бид нар салгах хооронд Э гараараа Нын нүүр хэсэгт нь нэг удаа цохиход хамраас нь цус гараад хамар нь гэмтчих шиг болсон. Этай хамт ирсэн 3 залуу бид нараас зайтай усны боолтон дээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
Гэрч Ф.Чгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр Б.Н 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хадлангийн талбайгаа услахаар гэрээс гараад орой 00 цагийн үед нүүр, нүд нь хавдчихсан “8 дугаар багийн даргад хадлангийн талбайн уснаас зодууллаа” гэж хэлээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай хадлангийн талбайг услахад тэр орчмын нэлээд олон хүнтэй уулзаж зөвшөөрөл авч, өдрөө тохирч байж ус авдаг юм. Би 2019 оны 6 дугаар сарын 19-өөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өглөө хүртэл услаад усаа буцааж өгөх ёстой байсан. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3 удаа усаа таслуулаад буцааж Д, Б хоёроор боолгочихоод гэртээ харьж цай уухаар яваад гэрийн гадна очиж байтал хамт ус авч байсан Ө ах “Чиний боосон усыг хүн авч байна” гэж утсаар ярихаар нь Б, Д, Намсрай нартай буцаад очиход миний боосон усыг задлаад авчихсан. Хоёр танихгүй хүн голын цаана байсан. Би “Яагаад хүний боосон усыг авдаг юм бэ? хэн бэ?” гэхэд “Голоор гарч ирээд хэн гэдгийг нь хар” гэхээр нь голоор гараад очиход Н гэдэг ах байсан. Н ахад “Та яахаараа хүний талбайгаа услаж байгаа усыг зөвшөөрөлгүй авдаг юм бэ?. Би хүмүүстэй ярилцаж тохироод одоо арай хийж ус авч байхад та ямар дээрэлхүү юм бэ?” гэхэд Н “Чи багийн дарга байж яахаараа багийхнаа иргэнд ус өгдөггүй юм бэ? Надтай хамт танай багийн иргэн явж байна” гээд Б луу заахаар нь “Би өөрөө багийн дарга ч гэсэн шөнө оройн цагаар хувийн ажлаа хийж, өөрийнхөө талбайд ус авч болно биз дээ?. Та энэ шөнө надад ус өгчихөөд маргааш ав” гэхэд “Заавал өнөөдөр авна. Гашууны гол минийх” гэх мэтээр намайг үг хэлээр доромжлоод байхаар нь би сууж байтал барьцалдаж авахад Б, Ө ах нар салгаж авах хооронд би гараараа Нын нүүр хэсэгт нэг удаа цохиход хамар нь гэмтэж, цус гарсан болохоор цагдаа дуудсан. Би архи уугаад согтсон үедээ өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Би Нт учирсан хохирлыг өнөөдрийн дотор төлж барагдуулна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 460 дугаартай шинжээчийн “Б.Нын биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд зүүн гарын бугалганд зөөлөн эдийн цус харвалт, няцралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндэд тодорхой хугацаанд нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 9-р тал/-ээр хохирогч Б.Нын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Э нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, ам орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Нын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар нотлогдсон.
Хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Л нар эм, эмчилгээний зардал, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал, өмгөөлөгчийн хөлсөнд гарсан нийтдээ 1.187.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д “...гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно, ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасны дагуу эм, эмчилгээний зардал, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал болох 687.500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Эаас гаргуулж хохирогч Увс аймгийн Улаангом сумын 9 дугаар багийн 2-25 тоотод оршин суух Т овогт Бийн Н /РД: .................../-т олгох үндэслэлтэй байна.
Хохирогч хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж өмгөөлөгч авч байгаа нь хохирогчийн өөрийн хүсэл зоригийн асуудал бөгөөд энэ зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардалд орохгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.
Иймд хохирогчийн нэхэмжлэлээс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Э-с 687.500 /зургаан зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Н /Увс аймгийн Улаангом сумын 9 дугаар багийн 2-25 тоотод оршин суух РД: .................../-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ