| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2024/04002/И |
| Дугаар | 210/МА2025/01235 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01235
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03871 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 429,474,330 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн төлбөрт 196,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үлдэгдэл хөлс 309,566,154 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: "*******" ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 24-ний хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Хариуцагч нь сард 85,000 тн, 6 сарын хугацаанд 500,000 тонноос багагүй хүдрийг бутлан хүлээлгэн өгч нуруулдан уусгах байгууламж руу тээвэрлэн хүргэх үүрэгтэй байсан боловч нийт 4 сарын хугацаанд 160,944.34 тонн хүдрийг буталж хүлээлгэн өгсөн буюу гэрээний үүргийн гүйцэтгэл хангалтгүй байсан.
Хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг нэмэлт гэрээний 2.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн манай уурхайн талбайд хүдэр бутлах ажлыг ахин гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул манай компанийн зүгээс гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж тус ажлыг гүйцэтгүүлэн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А-71- 23/302 дугаар албан бичгээр ******* ХХК-д гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн.
Мөн үүсээд буй асуудлыг шийдвэрлэх талаар дахин ажил гүйцэтгэх саналыг хариуцагчид удаа дараа мэдэгдэж, уулзалт хийсэн боловч хүлээн авахаас татгалзсан байдаг.
Хариуцагч нь ийнхүү үндсэн болон нэмэлт гэрээнд заасан ажлын үр дүнг зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, гэрээний гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас манай компанийн төлөвлөгөөг алдагдуулж, сард гарах урсгал зардлын хэмжээ нэмэгдэж, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн.
Үндсэн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүргээ зөрчсөн тал нь нөгөө талдаа хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1%-аар тооцон алданги төлнө гэж, мөн гэрээний 9.2 дахь хэсэгт гүйцэтгэгч нь тухайн сард нийлүүлэхээр тохиролцсон буталсан хүдрийг бүрэн нийлүүлж чадаагүй тохиолдолд дутуу буюу нийлүүлээгүй хүдрийн үнийн дүнгийн 40%-тай тэнцэх хэмжээний торгууль төлнө" гэж харилцсан тохиролцсоны дагуу 2 тал "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-г төлбөр тооцоог тулган, харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Мөн нэмэлт гэрээний 2.1.1 дэх хэсэгт 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үүссэн төлбөрийн үлдэгдэл, алданги, торгуулийн тооцоог хамруулан нийт 429,474,330 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч акт үйлдсэн байдаг.
Мөн хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хүлээсэн бөгөөд тус өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд гэрээний дагуу бутлах хүдрийн хэмжээ 35,000 тонн буюу 490,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгээгүйтэй холбоотой торгууль 196,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна.
Иймээс гэрээний дагуу гүйцэтгэх ёстой байсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учраас Иргэний хуулийн 343.1 дэх хэсэг, 232.5 дахь хэсгийг тус тус үндэслэн нийт 625,474,330 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ХХК нь ******* ХХК-ийн Говь-Алтай аймгийн Хан-Алтай төслийн талбайд хүдрийн ажлуудыг хийхээр харилцсан тохиролцсон. Ийм учраас алданги, торгуульд нийт 732,599,927 төгрөг оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд гэрээний дагуу бутлах үүргийн хэмжээнд 35,000 тн буюу 490,000,000 төгрөгөөс тооцоод торгуулийн хэмжээ нь 196,000,000 төгрөг гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажил хийсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 09 дүгээр сар буюу ажиллаагүй байхад торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Нуруулдан уусгах байгууламжийн ажлыг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төслийн талбайд ажиллаагүй. Үүнтэй холбоотойгоор манай зүгээс торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.
3. Сөрөг нэхэмжлэл, түүний үндэлэлийн агуулга: Талуудын байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгууль төлөхөөр тохиролцсон. Гэвч гэрээ байгуулах үеийн тохиролцооноос нөхцөл байдал нь өөрчлөгдөж, овор хэтэрсэн хүдэр нийт бутлах материалд эзлэх хувь нь 10 хувиас дээш, овор хэтэрсэн хүдрийг ангилан ялгаж, ачиж зайлуулах ажлын хугацаа нэмэгдэж, нэгж хүдэрт зарцуулах түлшний хэмжээ нэмэгдэн, бутлагдах хүдрийн хатуулаг нэмэгдсэн бөгөөд үүнтэй холбоотой удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл, 1000-1200 хатуулаг чанартай хүдрийг сийрэг зөөлхөн хүдэр гэж тайлбарлан гэрээг байгуулсан.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасны дагуу гэрээний гол нөхцөл болох хатуулгийн хэмжээ, ажлын гүйцэтгэлийн хэмжээ зэргийг төөрөгдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хатуулаг буюу 1000-1200 хатуулаг чанартай хүдрийг сийрэг зөөлхөн хүдэр гэж тайлбарлан гэрээг байгуулсан. Бодит байдал дээр сийрэг зөөлхөн байгаагүй, хатуу хүдэр байсан учраас ажлын бүтээмж нь буурсан байгаа. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээгээр хийгээгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага буюу анзыг тооцож байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл болно гэж үзэж байна. Иймд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр АГ-РО-2429 дугаар "Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ"-ний 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцсон "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-нд "*******" ХХК-ийг төлөөлөгч нягтлан бодогч ******* гарын үсэг зурсан байна. "******* ХХК-ийн нягтлан бодогчоор ******* ажилладаг бөгөөд ******* гэх хүн тус компанид нягтлан бодогч байгаагүй, компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхгүй этгээд юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцсон "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-г зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байх тул тооцооны үлдэгдлийн баталгааг хүчингүй болгож өгнө үү.
2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд талуудын байгуулсан нэмэлт гэрээний 2.1.1-д Гүйцэтгэгч тал нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 429,474,330 төгрөгийн торгуулийн төлбөртэй болохыг үүгээр хүлээн зөвшөөрч байна" гэжээ. Гэтэл тус гэрээний зүйлийг талууд харилцан тохиролцохдоо 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцсон "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-г үндэслэж гэрээг байгуулсан байх бөгөөд тус тооцоо нийлсэн актад "*******" ХХК-ийн эрх бүхий этгээд болох нягтлан бодогч, гүйцэтгэх захирал нь гарын үсэг зураагүй болно. Иргэний хуулийн 56.1.10-д заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1 дэх заалт нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна. Иймд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү.
"*******" ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар "Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нийт 160,944.34 тонн хүдэр буталсан. Дээрх ажлын хүрээнд нэхэмжлэгч компаниас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1,735,144,708 төгрөг шилжүүлсэн. Гэрээний 2.7.1-д 1 тн хүдэр бутлах үнэ 12,341,77 байна. Энэ үнэд НӨАТ орсон болно" гэж тохирсны дагуу 1,986,338,027 төгрөг, нүүлгэн шилжүүлэлтийн төлбөр 132,770,000 төгрөг, ковшийн түрээс 11,799,972 төгрөг буюу нийт 2,130,908,122 төгрөгийг "*******" ХХК нь "*******" ХХК-д төлөхөөр байна. Үүнээс 86,197,260 төгрөг, шатахууны төлбөр 1,735,144,708 төгрөгийг манай компанид шилжүүлсэн тул 309,566,154 төгрөгийг "*******" ХХК-аас гаргуулж өгнө үү.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.2 дахь заалт хүчин төгөлдөр тухайд
Талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэрээгээр тохиролцсон ажилд маргадаггүй. Хуульд торгуулийг зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоох, энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх үндсэн 2 шаардлагыг тавьсан бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр талууд харилцан тохиролцож хуулийн уг шаардлагад нийцүүлэн торгуулийн хувь хэмжээг 40 хувь байхаар, мөн түүнийг хэрхэн тооцож төлөх журмыг тодорхой, гэрээг бичгээр байгуулсан. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хангалттай, ойлгомжтой илэрхийлсэн, түүнийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байх тул хариуцагч ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.
2. Тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухайд
Хариуцагчийг төлөөлөн "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-нд гарын үсэг зурж, баталгаажуулсан нягтлан бодогч ******* нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан гэх нь үндэслэлгүй юм. Учир нь компани хоорондын өглөг, авлагыг нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлэхэд нягтлан бодогч ******* нь хариуцагч компанийг төлөөлөн холбогдох ажиллагаанд оролцсон бөгөөд "Тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагчийг төлөөлж гарын үсгээ зурж, хариуцагч компанийн тэмдгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй ойлголтыг өгч, үүний үндсэн дээр *******ыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон тооцоог нийлж, баталгаажуулсан байдаг. Түүнчлэн уг "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-ны дүнг талуудын удирдлагууд хүлээн зөвшөөрч, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний нэмэлт, өөрчлөлтийг байгуулахад хариуцагчийг төлөөлөн гүйцэтгэх захирал *******, төслийн дарга ******* гарын үсэг зурж, компанийн тэмдгээр баталгаажуулсан үйл баримт нь Иргэний хуулийн 68.1-т дэх хэсэгт заасны дагуу төлөөлөх бүрэн эрхийг хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Тийм учраас тооцооны баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага нь үндэслэлгүй байна.
3. Гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 2.1.1 дэх заалт хүчин төгөлдөр бус гэх нь үндэслэлгүй байна. Учир нь "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-г талуудын нягтлан бодогчид хамтран компани хоорондын өглөг, авлагыг нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тулган нягталсны үндсэн дээр хариуцагчийн төлөх төлбөрийн дүнг 429,474,329.60 төгрөг болохыг тогтоосон бөгөөд үүнийг мөн хариуцагч хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад тус тус заасны дагуу гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.
4. Хариуцагчаас Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үлдэгдэл хөлс 309,566,154.36 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шавардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 160,944.34 тн хүдэр буталсан буюу Гэрээний дагуу гүйцэтгэх байсан нийт хүдрийн хэмжээнээс 147,855.66 тн-оор бага хэмжээний ажлыг гүйцэтгэж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. *******" ХХК-ийн албан бичгүүдэд гэрээний дагуу сард гүйцэтгэх ажлын хэмжээг гүйцэтгээгүй байгаа нь Гэрээний 9.1, 9.2 дахь хэсэгт тус тус заасан алданги, торгууль тооцох үндэслэл болж буй талаар удаа дараа мэдэгдсэн байдаг. Харин хариуцагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай "Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" албан бичгээр уг нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээг байгуулагдсан өдрөөр үндсэн гэрээний 9.2 дахь хэсгийн хүрээнд тооцон тооцоо нийлсэн актыг баталгаажуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үндсэндээ 429,474,329.6 төгрөгийн өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Тооцооны үлдэгдлийн баталгааг харилцан баталгаажуулснаар 2 талын хооронд өглөг авлагын мэдээллийг эцэслэн баталгаажуулсан. Манай компанийн хувьд хариуцагчид төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байдаг. Иймд 309,566,154.36 төгрөгийн үнийн дүн бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 232 дугаар үйлийн 232.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 429,474,329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 196,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-иас 309,566,154 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2023 оны 3-р сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ-ний 9.2 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2023 оны 8-р сарын 8-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,447,271 төгрөг, хариуцагчийн төлсөн 4,141,503 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2,305,321 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 1,705,781 төгрөг гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрлэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:
Шүүхээс *******аас мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн боловч түүнийг асуугаагүй бөгөөд захирамжийн биелэлт хангагдаагүй юм. Хариуцагчийн зүгээс гэрчийг асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүгч гэрч асуулгах хүсэлтээсээ танайх татгалзсан гэж үзнэ гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Хариуцагчийн зүгээс Хан-Алтай төслийн талбай дахь хүдрийн хатуулгийн хэмжээ, шахалтын бат бэхийн хязгаар, чулуулгийн бат бэхийн зэрэг нь ямар байсан талаар тусгай мэдлэг бүхии этгээдийг томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжаар шинжээч томилж. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улмаар шинжилгээ хийлгэхээр Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ийг шинжээчээр томилсон боловч хүдрийн хатуулгийн шинж чанартай холбоотой дүгнэлт гаргах боломжгүй, өөр дүгнэлтийг ирүүлэх боломжтой талаар албан бичгийг ирүүлсэн байдаг.
Хариуцагчийн зүгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамын дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг шинжээчээр томилуулахх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс шинжээч томилох хүсэлтийг хангахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/Ш32025/03307 дугаар шүүгчийн захирамж хангагдаагүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5.2. Гэрээний 9.2-т Гүйцэтгэгч нь тухайн сард нийлүүлэхээр тохиролцсон буталсан хүдрийг бүрэн нийлүүлж чадаагүй тохиолдолд дутуу буюу нийлүүлээгүй хүдрийн үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль төлөхөөр заасан нь үндэслэлгүй байна. Учир нь гэрээ байгуулах үеийн тохиролцооноос нөхцөл байдал нь өөрчлөгдсөн. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасны дагуу гэрээний гол нөхцөл болох хатуулгийн хэмжээ, ажлын гүйцэтгэлийн хэмжээ зэргийг төөрөгдсөн гэж үзэхээр байна.Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээгээр хийгээгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага буюу анзыг тооцож байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл болно.
Нэхэмжлэлд хавсаргасан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцсон Тооцооны үлдэгдэлийн баталгаа-нд компанийг төлөөлөх эргүй этгээд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 56.1.8- заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцсон Тооцооны үлдэгдэлийн баталгаа-г зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.
2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээний нэмэлт өөрчлөлт-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 -д Гүйцэтгэгч man нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 429,474,329.60 төгрөгийн торгуулийн төлбөртэй болохыг үүгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ. Гэтэл тус гэрээний зүйлийг талууд харилцан тохиролцохдоо 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцсон Тооцооны үлдэгдэлийн баталгаа-г үндэслэж гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 429,474,329 төгрөгийн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Мөн гэрээний дагуу үүргийг шаардах эрхтэй талаар болон анз төлөх нөхцөл, анзийн хэмжээг гэрээгээр тохиролцсон болохыг тус тус тогтоож харилцан тооцоо нийлж анзын хэмжээг харилцан тогтоосон 429,474,329 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаан хуульд заасан журам, дэгийн дагуу явагдаж хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт цугларсан. Нотлох баримтыг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг шалгаж хэргийн оролцогчдоос шүүхэд гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад оролцогчид хүсэлтгүй болохоо илэрхийлэн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хэлэлцэх боломжтой талаар илэрхийлсэн учраас анхан шатны шүүх хуралдаан явагдсан. Шинжээчийн дүгнэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл баримтыг тодорхойлох боломжгүй. Уурхайн ахилт газрын гадаргаас гүн рүү чиглэх байдлаар явагддаг. Дээд хэсэг болон хүдрийн шинж чанарууд нь ялгаатай байдаг. Маргааны үйл баримт нь 2023 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд буюу өмнөх 2 жилд үүссэн. Тухайн хугацаанаас хойш уурхайн хүдэр гүнрүүгээ орсон бөгөөд одоо байгаа хүдрийн үзүүлэлтээс шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах нь буруу. Шүүхээс шинжээчээр томилсон Геологи судлагаа шинжилгээний төв ТӨҮГ нь дүгнэлт гаргах боломжгүй болохоо илэрхийлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А195 дугаартай тушаалаар баталсан бөгөөд уг дүрмийн 13 дугаар бүлэгт заасны дагуу зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбоотойгоор мэргэшсэн шинжээчийг томилох зохицуулалт байдаг боловч шинжээч нь тухайн ордны геологи судалгааны ажил болон орд ашиглах, баяжуулах боловсруулах тэзу, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд шүүмж буюу дүгнэлт гаргаж, баримт бичигт тулгуурлан ажиллах ёстой. Хүдрийн биетийн шинж чанар, хатуулгийн талаар дүгнэлт гаргах боломжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хууль хэрэглээний алдааны гаргасан гэж гомдолдоо дурдсан. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.1, 9.2-т анз тооцох талаар талууд тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт торгууль нь үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд мөнгөн төлбөр төлөхөөр заасан. Хуульд зааснаар торгуулийг зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн дүнгийн тодорхой хувиар тогтоох, энэ нь гүйцэтгээгүй нийт үүргийн үнийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд харилцан тохиролцож хуулийн шаардлагад нийцүүлэн торгуулийн хувь хэмжээг 40 хувь байхаар, хэрхэн тооцож төлөх журмыг гэрээний 9.1, 9.2-т заасан. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг ойлгомжтой байдлаар илэрхийлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасны дагуу ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй. Мөн хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргатай холбоотойгоор ноцтой төөрөгдөх боломжгүй гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Компанийн хоорондын өглөг, авлагын бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлийн бичилтээр нягтлан бодогч н.******* нь хариуцагч компанийг төлөөлөн холбогдох ажиллагаанд тухай бүр оролцсон бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагчийг төлөөлж гарын үсэг зурсан. Хариуцагч компанийн тэмдэгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу н.******* нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэх ойлголтыг төрүүлсний улмаас н.******* нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон тооцоо нийлж баталгаажуулсан. Тооцооны үлдэгдлийн баталгааны дүнг компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж хариуцагчийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал н.Бадамсүрэн, төслийн дарга н.Пүрэвжаргал нар гарын үсэг зурж, компанийн тэмдэгийг дарж баталгаажуулсан үйл баримт нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу төлөөлөх бүрэн эрхийг хожим хүлээн зөвшөөрсөн гэх агуулгаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь хууль нь зүйн үндэслэлтэй. Тооцооны үлдэгдлийн баталгаа болон өглөг, авлагын хураангуйг компанийн нягтлан бодогчид нэг бүрчлэн тооцож нягталсан. Тооцооны үлдэгдлийн баталгаагаар талууд харилцан тохиролцож үндсэн гэрээний дагуу өр, авлагын үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 429,474,330 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн төлбөрт 196,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Зохигч 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 6 сарын хугацаанд 500,000 тонн /сар бүр 85,000 тн-оос багагүй/ хүдрийг нуруулдан уусгахад тохиромжтой /30 мм/ хэмжээнд бутлах, нэг тонн хүдэр бутлах үнэ 12,341.77 төгрөг байхаар тохиролцсон байна. /1хх-ийн 9-19/
Талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 429,474,329.60 төгрөгийн торгуулийн төлбөртэй болох, захиалагч талд 349,055.66 тн хүдэр буталж нуруулдан уусгах байгууламжид хүргэх үүрэгтэй болохыг баталж, 349,055.66 тн хүдэр бутлах ажлыг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс гүйцэтгэхээр, мөн нэг тонн хүдэр буталж, овоолгод хүргэх үнийг 14,000 төгрөг байх, ашиглах түлшийг 1 тн хүдэрт 1 литр байх, сард бутлах хүдрийн хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 50,000 тн-оос багагүй байхаар харилцан тохиролцжээ. /1хх-ийн 5-6/
5. Нэхэмжлэгч шаардлагаа талуудын байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ болон уг гэрээний нэмэлт өөрчлөлтөөр харилцан тохиролцсон хэмжээний хүдэр бутлах үүргээ биелүүлээгүй тул гэрээний нэмэлт өөрчлөлтөөр харилцан баталгаажуулсан 429,474,329.60 төгрөг, үндсэн гэрээний 9.2-т заасны дагуу торгууль 196,000,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
Хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж, улмаар уг баримтыг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хүчин төгөлдөр бус байх тул 429,474,329.60 төгрөгийг шаардах эрхгүй, түүнчлэн манай компани 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төслийн талбайд ажиллаагүй тул 2023 оны 09 дүгээр сард хамаарах торгуулийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж татгалзжээ.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй болох талаар зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
6.1. Талуудын байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 2.2-т гүйцэтгэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 85,000 тн-оос багагүй хэмжээний хүдрийг буталж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч ******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сард 25,636.44 тн, 05 дугаар сард 37,989.97 тн, 06 дугаар сард 55,035.14 тн, 07 дугаар сард 42,282.79 тн буюу 4 сарын хугацаанд нийт 160,944.34 тн хүдэр буталж хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д гэрээний дагуу нийт 1,735,144,659 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /1хх-ийн 47-60, 218-219/
Мөн гэрээний 9.2-т гүйцэтгэгч тухайн сард нийлүүлэхээр тохиролцсон хүдрийг бүрэн нийлүүлж чадаагүй тохиолдолд дутуу буюу нийлүүлээгүй хүдрийн үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг тохиролцооны дагуу торгуулийн хэмжээг тооцоолоход 2023 оны 04 дүгээр сард 139,035,271.96 төгрөг, 05 дугаар сард 232,074,791.18 төгрөг, 06 дугаар сард 147,927,764.08 төгрөг, 07 дугаар сард 210,882,392.34 төгрөг, нийт 729,920,219.57 төгрөгийн торгууль үүсчээ.
Зохигч 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас 429,474,329.60 төгрөгийн авлагатай гарсныг нэхэмжлэгч талаас нягтлан бодогч Д.Амирдийбазар, хариуцагч талаас нягтлан бодогч ******* нар гарын үсэг зурж харилцан баталгаажуулсан байна. /1хх-ийн 8/
Дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцож, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан ба уг гэрээний 2.1.1-д гүйцэтгэгч тал нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 429,474,329.60 төгрөгийн торгуулийн төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч талаас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж байгуулсан нэмэлт гэрээний 2.1.1 дэх заалт мөн хүчин төгөлдөр бус байх тул 429,474,329.60 төгрөгийн торгуулийг төлөхгүй гэж татгалзсан.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд хариуцагч нь тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан нягтлан бодогч *******ыг төлөөлөх эрхгүй этгээд байсан гэж татгалзах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа болон 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний 2.1.1 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан үндэслэлгүй байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэхгүйгээс гадна хариуцагч компанийн төлөөлөх эрх бүхий этгээд хожим хүлээн зөвшөөрч гэрээний нэмэлт өөрчлөлтөд торгуулийн дээрх төлбөрийг оруулан тусгасан байх тул хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь уг төлбөрийг шаардах эрхтэй.
Иймд, хариуцагчаас 429,474,329.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын 196,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул уг шаардлагад холбогдуулан давж заалдах шатны шүүхээс тусгайлан дүнэлт хийх шаардагагүй гэж үзсэн болно.
6.3. Хариуцагч ******* ХХК нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул талуудын байгуулсан гэрээний 9.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа болон уг хэлцлийг үндэслэн байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлийн 2.1.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 309,566,154.36 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Талууд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан АГ-РО-2429 дугаартай хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.2 дах заалтаар анзын хэмжээ, анз тооцох нөхцөлийн талаар тохиролцсон байна.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ажил гүйцэтгэх явцад гэрээгээр тохиролцсон нөхцөл байдал өөрлөгдөж, овор ихтэй хүдрийн эзлэх хувь 10 хувиас дээш байснаас хугацаа шаардаж, нэгж хүдэрт зарцуулах түшний хэмжээ нэмэгдсэн, 1000-1200 хатуулаг чанартай хүдрийг сийрэг зөөлөн гэж тайлбарлан гэрээг байгуулсан, гэрээний гол нөхцөл болох хатуулгийн хэмжээ, ажлын гүйцэтгэлийн хэмжээ зэргийг төөрөгдсөн гэж үзнэ гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болохоор заасан бөгөөд хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн эсвэл хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр мөн хуулийн 58.2 дахь хэсэгт заасан. Ноцтой төөрөгдсөн гэдэгт гэрээний зүйл болох эд зүйлийн шинж байдал, хэлцлийн үнэ, гэрээ байгуулах сэдэлт зэрэг нөхцөл байдлын талаар төөрөгдсөн байхыг ойлгох ба талуудын хүсэл зоригоос эрс зөрүүтэй нөхцөл байдлын талаар хэлцэл хийх үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан зэрэг нь ач холбогдолтой. Гэрээний дагуу бутлах хүдрийн хатуулаг чанар их байгаа нь талуудын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.2 дахь заалтыг ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, дээр дүгнэсэнчлэн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа болон уг хэлцлийг үндэслэн байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй.
Харин гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, захиалагч буюу нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн төлбөрийн зөрүүг тооцон нэхэмжлэгчээс ажлын хөлс 309,566,154 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх *******ыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч гэрчийг асуулгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж, мөн шинжээч томилуулах хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсанаар захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэжээ.
Шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн *******ын гэрчээр оролцуулахаар шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар шийдвэрлэсэн. Гэрч ******* шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүхээс ирцтэй холбогдуулан талуудад санал байгаа эсэхийг асуухад зохигч тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас гадна тухайн гэрчийг оролцуулах нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцохгүй. /1 хх-ийн 241, 2 хх-ийн 7-8-р тал/
******* ХХК-ийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт хэрэгжүүлж буй төслийн талбай дахь хүдрийн хатуулгийн хэмжээг тодорхойлуулахаар шинжээч томилуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжаар хангаж, Геологийн судалга-шинжилгээний төв-ийг шинжээчээр томилсон. Шинжээчээс захирамжид заасан дүгнэлтийг гаргах боломжгүй талаар хариу ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна. /2хх-13, 28, 29/
2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас хүдрийн хатуулгийн мэдээллийг баримтаар гаргуулах, нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй төслийн талбай дахь хүдрийн хатуулгийн хэмжээ, шахалтын бат бэхийн хязгаар зэргийг тодорхойлуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/03871 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2,305,322 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ