Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00911/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Б.А***/РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дүгээр баг, *** тоотод оршин суух, Ш.Б*** /***/-д холбогдох

 

"Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Хүний хөгжил сангаас хүүхдэд олгодог тэтгэмжийн мөнгө гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А***, хариуцагч Ш.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ш.Б***тэй 2010 онд танилцан, хамтран амьдарсан. 2011 онд охин Б.Б***ийг төрүүлсэн. 2013 оноос Ш.Б*** нь гадуур хонох, архи уух зэргээр зан нь хувирч эхэлсэн. Үүний улмаас 2015 оны 03 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Охин маань миний асрамжинд байгаа. Ш.Б*** нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Иймээс хуулийн дагуу эцэг Ш.Б***ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Охиндоо ирээдүйн саятан хадгаламж нээлгэн хүний хөгжил сангаас олгодог мөнгийг холбуулаад хадгаламжийн дэвтэрт нь бичилт хийлгэх гэтэл Ш.Б***ий дансруу ордог байсан нь мэдэгдсэн. Иймээс миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2014 оны 5 дугаар сараас хойшхи хүүхдийн мөнгийг нэхэмжилсэн боловч тусдаа амьдарсан үеэс буюу 2015 оны 03 дугаар сараас хойшхи 320,000 төгрөгийг гаргуулахаар тохирч эвлэрсэн" гэв. 

 

Хариуцагч Ш.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2010 оноос гэр бүлийн харилцаатай болж, 2011 оны 05 сарын 08-нд охин Б.Б*** төрсөн. Бид 2015 оны 03 сараас хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Мөн хүүхдийн мөнгөний хувьд миний цалингийн дансруу ордог байсныг сүүлд мэдсэн. Иймээс 2015 оны 03 дугаар сараас хойшхи нийт 320,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна“ гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А*** нь хариуцагч Ш.Б***ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүний хөгжил сангаас хүүхдэд олгодог мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

     Зохигчид 2010 оноос гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч, улмаар 2011 оны  05 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Б*** төрсөн болох нь зохигчдын тайлбар, Г-** дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

      Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр Ш.Б*** гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар охин Б.Б***ийн эцэг Ш.Б*** болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-т: “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д: “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэл, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ”гэж тус тус заасны дагуу охин Б.Б***т эцэг Ш.Б***ээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах  үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А*** нь хүний хөгжил сангаас хүүхдэд сар бүр олгодог мөнгийг 2014 оны 5 дугаар сараас тооцож, нийт 500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч, 500,000 төгрөгөө багасгаж, 320,000 төгрөг болгож, энэхүү мөнгийг хариуцагч Ш.Б*** нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Б***ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.Б***ээс тэтгэлэг гаргуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш.Б*** нь хүний хөгжил сангаас хүүхдэд олгодог мөнгө болох 320,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.А***т төлөхөөр тохирсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн         57.1, -т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 54,550 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч Ш.Б***ээс улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.А***т олгож, хариуцагч Ш.Б***ээс улсын тэмдэгтийн хураамжид 23,248 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ