| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 191/2025/00323/И |
| Дугаар | 210/МА2025/01243 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01243
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04217 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ********, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,823,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нар 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаатай зээлдэж авсан. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах хашаа, байшингаа барьцаа болгон өгсөн. ******** нь мөнгийг авснаасаас хойш утас нь холбогдохгүй, cap бүр төлөх ёстой мөнгийг огт төлөөгүй. Эгч ******* нь ямар ч бололцоогүй байна, удахгүй мөнгийг чинь бүх хүү, алдангитай нь өгөөд энэ асуудлаа дуусгана гэж гуйсаар баталгаа болгож бичиг бичиж өгөөд явж байсан. Хугацаа дууссан учир гэрээгээ сунгасан. Иймд бидний байгуулсан гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх нийт 33 сарын хүү болох 13,200,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, ********тай уулзахын тулд Замын-Үүд рүү явсан галт тэрэгний тасалбарт төлсөн 123,000 төгрөгийг нийт 20,823,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Барьцааны газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 5,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсноос хойш 4 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд анх удаагаа 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд 13,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээний хугацаа сунгах талаар огт тохиролцоогүй. Сунгалт гэж өөрийнхөө гараар бичсэн зүйлийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй, мөнгө өг гэж дарамталж байгаад харанхуйд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тиймээс зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй. Нийт 4 сарын хугацаанд л хүү тооцох боломжтой байна. Үүнийг тооцож үзвэл зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,600,000 төгрөг тооцогдож байна. Зээлийн хүүгийн хэмжээ 8 хувь байгаа нь хэт өндөр байна. Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын 1 сарын зээлийн хүүгийн хэмжээ хамгийн ихдээ 3,5 хувь байгаа. Тиймээс шүүхээс зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, зах зээлийн ханшаар буюу 1 сарын 3,5 хувиар тооцуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********, ******* нараас 9,100,000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 11,723,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч ********, ******* нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох ********, ******* нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, Бэлхийн ******* дугаар гудамж, ****** тоот хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй, 49,1 мкв талбайтай хувийн сууц, мөн ******* дугаарт бүртгэлтэй, 30 мкв талбайтай хувийн сууц, УБД: ******* дугаартай, нэгж талбарын 1461800330 дугаартай, 402 мкв талбайтай газар зэргийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тухайлбал:
4.1.Анхан шатны шүүх шийдвэртээ: ...нэхэмжлэгч ******* нь 2020 оны 07 сард хариуцагч нарын хүсэлтээр зээлийн гэрээний сунгалтыг хийж, 29 сараар сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч ******** нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийг cap бүрийн хүү алдангийн хамт 1 сарын дотор бүрэн төлж барагдуулах болно гэж баталгаа гаргасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Зээлдэгч ******** бидний хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгч зээлийн гэрээний 2.5-д заасан үүргийн дагуу cap бүрийн 20-ны өдөр зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй.
Зээлдэгч нар нь гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгах санал гаргасан учир зээлийн гэрээний хугацааг 29 сараар сунгаж, энэхүү сунгалтыг бичгээр хийж талууд гарын үсэг зурснаас гадна хурууны хээгээ дарсан.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу сунгалтыг бичгээр хийсэн.
Шүүх зээлдэгч гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхгүй байгаад огт дүгнэлт хийгээгүй.
4.2. Анхан шатны шүүх зээлийн гэрээний сунгалтыг талууд тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн харилцан тохиролцож хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Хэрэв гэрээний хугацааг сунгая чамд хашаа байшингаа барьцаалсан юм чинь чамд алдах зүйлгүй гэж зээлдэгчээс хугацаа сунгах санал гаргаж, дээрх сунгалтыг хийгээгүй бол зээлдүүлэгч миний бие гэрээний хугацаа дуусмагц шүүхэд нэхэмжлэл гаргаж, бага хохирол амсах байсан.
4.3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад хуралдаан даргалагчаас хариуцагчид хандаж, гэрээний сунгалт хийж, гарын үсэг зурж, хурууны хээ дарсан гэх баримт хэрэгт авагдсан байна шүү. Ямар учраас үндэслэлгүй гэж үзэж байна вэ гэхэд хариуцагч Нэхэмжлэгч ажил дээр ирж дарамт үзүүлсэн учраас ингэж хийсэн гэж, Нэхэмжлэгч ажил дээр очиж дарамт үзүүлсэн гэх тайлбар гаргаж байна. Энэ асуудлаар шүүхэд хандсан зүйл байгаа юм уу? гэхэд хариуцагч Байхгүй гэж хариулсан нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ямар нэгэн дарамт үзүүлж байгаагүйг нотолж, байна. Хэрэв өөрт нь илт хохиролтой байвал тухайн хэлцэлд гарын үсэг зурахгүй байх эрх нь хариуцагчид байсан. Тэрээр гэрээний хугацааг сунгахыг өөрөө хүсэж хийсэн.
Шүүгч хариуцагчийн дээрх тайлбар болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бол гэрээний сунгалтыг тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, харилцан тохиролцож хийгээгүй байна гэж дүгнэхгүй байсан.
4.4. Зээлдэгч зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөхгүй алга болсонтой холбоотойгоор зээлдэгч ********ын ажиллаж амьдарч байгаа Замын-Үүдэд очих ирэхдээ галт тэрэгний тийзийн төлбөрт төлсөн 123,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх зээлдэгч нарын зээлийн төлбөр төлөх үүргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоогүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Утсаар төлбөрөө төлөхийг шаардана, өгнөө би бас хүнээс мөнгө авах гээд цагдаагаар явж байгаа гэнэ, эсхүл уурхайд ажиллаад төлнө гэсэн хариу өгнө. Ихэнхдээ утас нь холбогдохгүй.
Иймд би зээлдүүлсэн мөнгөө олж авахаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатараас тэргээр явж 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдэд очиж, зээлдэгч ********таа уулзан зээлийн гэрээний дагуу авах төлбөрөө нэхсэн.Тэр төлбөр төлөөгүй харин хавтас хэргийн 9-р талд авагдсан ******** миний бие *******гаас авсан зээлийн төлбөрийг cap бүрийн хүү алдангийн хамт төлж барагдуулна гэсэн баталгааг 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бичиж өгсөн.
Замын-Үүдэд очсон тийзний он cap өдөр, зээлдэгчийн гаргаж өгсөн баталгааны он cap өдөр бүгд таарч, зээлийн төлбөртэй холбоотой асуудлаар зээлдүүлэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчээс зардал гарч хохирсон байхад шүүх зээлийн төлбөрийн зөрчилтэй шалтгаант холбоогүй байна гэж маш бүдүүлэг, шударга бус, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасныг хариуцагч зөрчсөнд шүүх дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т:-Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. ... гэж заасан байхад энэ хуулийг анхан шатны шүүх хэрэглээгүй нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14-р зүйлийн 1-д: Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. гэснийг зөрчсөн.
4.5. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгч талуудад үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй сануулсан. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад хариуцагч ******** нь шүүхэд тайлбар гаргахдаа худал мэдүүлсэн. Зээлдэгч ******** нь надтай хамт ажилладаг Билгээтэй ирж, Билгээ надаас миний сайн найзад мөнгөний хэрэгцээ гараад түүнд 5 сая төгрөг зээлдүүлээч гэж гуйсан тул нотариат дээр очиж, зээлийн гэрээ байгуулан 5 сая төгрөгийг зээлж, барьцаанд нь хашаа байшингаа барьцаалсан.
Гэтэл хариуцагч ******** нь шүүхэд тайлбар гаргахдаа фэйсбүүкт тавигдсан мөнгө зээлдүүлэх зарын дагуу *******гаас мөнгө зээлсэн гэж худал мэдүүлсэн.
Хариуцагчийн энэхүү худал мэдүүлэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч надаас та бусдад мөнгө зээлдүүлэх зар нийтлэл тавьдаг уу. Та зээлийн харилцааг нилээдгүй сайн мэдэх үү гэх мэт асуулт асууж, нотлох баримтаар нотлогдсон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй... гэснийг зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Би 2 хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн. Гэрээнд 3-4 өөр өнгийн балаар тэмдэглэсэн байсан. Нэхэмжлэгч өөрөө гэрээнд бичиж тэмдэглэсэн. Би өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан зүйл байхгүй. 4 сарын хүү, алдангийг төлнө гэж ойлгоод сүүлийн 2 хүсэлтийг би өөрөө бичсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 20,823,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигч 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь 5,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай хариуцагч ********, ******* нарт зээлдүүлэхээр харилцан тохиролцсон ба хариуцагч нар дээрх гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй талаар зохигч хэн аль нь тайлбарласан байна. /1-р хх-ийн 1-6, 146,/
Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Бэлхийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн газар, хариуцагч ********ын өмчлөлийн мөн хаягт байрлах улсын бүртгэлийн *******, ****** дугаар бүхий орон сууцуудыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ. /1-р хх-ийн 1-4, 7-8/
4. Нэхэмжлэгч ******* нь дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, хүү 13,200,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, мөн зээлийн үүрэг шаардахаар явсан замын зардал 123,000 төгрөг, нийт 20,823,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрөхдөө зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусавар болсон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний хугацаа дууссанаас хойш дахин бичгээр гэрээ байгуулаагүй тул нэмж хүү тооцох үндэслэлгүй, сарын хүүгийн хэмжээ хэт өндөр байх тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын дундаж хүү болох 3,5 хувиар зээлийн хүү тооцуулах хүсэлттэй байна гэсэн үндэслэлээр татгалзсан.
5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудыг харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан.
Талуудын байгуулсан гэрээний 2.3, 2.5-д зээлийн хүүгийн хэмжээ, төлөх нөхцлийн талаар тусгаснаас гадна мөн гэрээний 2.6-д зээлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн, гэрээний тохиролцоо хүчин төгөлдөр байна.
Гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон боловч талууд харилцан тохиролцож, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу 29 сараар сунгасан байна. Хариуцагч хэдийгээр уг сунгалтыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгээгүй, нэхэмжлэгчийн дарамт шахалтын улмаас гарын үсэг зурсан, юун дээр зурж байгаагаа мэдээгүй зэргээр тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. /хх-н 8-н ар тал/
Түүнчлэн, гэрээний үүрэгтэй холбогдолтой нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзсан. Хариуцагч ******** 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар баталгаа гаргасан нь хэргийн 9 дэх талд авагдсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд, нэхэмжлэгч ******* нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 33 сараар тооцож 13,200,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 20,700,000 төгрөгийг хариуцагч нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар шаардсан байна.
5.2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байх тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын дундаж хүүгээр тооцож хүүгийн хэмжээг бууруулахыг хүсчээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заасан.
Давж заалдах шатны шүүхээс үндсэн зээл болон зээлийн хүүгийн хэмжээ, хариуцагчийн тайлбар, хүсэлт зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, 3,5 хувиар тооцох нь зүйтэй гэж үзэж, хариуцагч нараас үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 5,775,000 төгрөг /5,000,000х3,5%=175,000; 175,000х33 сар=5,775,000/, алданги 2,500,000 төгрөг, нийт 13,275,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч ******* нь Зам-Үүдрүү зорчиж 123,000 төгрөгийн зардал гаргасан нь гэрээний үүргийн зөрчилтэй шууд хамааралтай гэж үзэхээргүй байх тул энэ талаар дүгнэж хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04217 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********, ******* нараас 13,275,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,548,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтад ... 230,750 ... гэснийг 294,525 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,518 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ