Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, өсвөр насны шүүгдэгч А.З, түүний хууль ёсны төлөөлөгч П.А, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, өсвөр насны шүүгдэгч П.Б, түүний хууль ёсны төлөөлөгч П.А, түүний өмгөөлөгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Аийн З, И овогт Пын Б нарт холбогдох 1835002750095 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Увс аймгийн Цогцолбор 1 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 6-23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Аийн З /РД:ОЮ02272911/

2. Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, Увс аймгийн Цогцолбор 3 дугаар сургуулийн 9б ангийн сурагч, ам бүл 4, эгч 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 710 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, И овогт Пын Б /РД:ОМ03303118/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч А.З, П.Б нар нь бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор сүхийг зэвсэг болгон ашиглаж 2018 оны 7 дугаар сард Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 25 айлын орон сууцны нийтийн гражнаас хохирогч М.Мгийн эзэмшлийн “навигатор стелс” загварын унадаг дугуй хулгайлж 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Өсвөр насны шүүгдэгч А.З, П.Б нар нь учрах саадыг арилгах зорилгоор сүхийг зэвсэг болгон ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч М.Мгийн “...Би 2017 оны 11 дүгээр сард цас орсон байхад Улаанбаатар хотод ажилтай явж өөртөө “навигатор стелс” загварын хар хөх өнгийн унадаг дугуйг 1.300.000 төгрөгөөр худалдаж авч ирсэн юм. Тухайн дугуйг 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байрныхаа нийтийн гражд өөрийнхөө машин тавьдаг хэсгийн хана дагасан халаалтын паарны трубанаас дугуйны тороосон цоожоор цоожлоод урд дугуйг тайлж аваад үлдээсэн ба 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу явж байхад миний дугуй нөгөө газраа цоожтой байсан. ...Улаанбаатар хотоос ирээд 07 дугаар сарын 23-ны өдөр ... дугуйгаа харахад гражд байхгүй хулгай аваад явсан байдалтай байсан. ...танихгүй хүүхдэд байгаа унадаг дугуй миний хулгайд алдсан “навигатор стелс” загварын унадаг дугуйтай рамын хувьд хэв загвараараа адилхан юм байна. ...би ямар ямар шинжээр таньж байна вэ гэвэл рам болон арын дугуйны бакрушикны хээ, дөрөө, жолооны үрүүл зэргээр таньж байна. Харин энэ дугуйны будаг нь миний алдсан дугуйнаас өөр өнгийн будагтай юм байна. Тэгэхдээ энэ будгийг гараар будсан байдалтай байна. ...Би ягаад арын дугуйны хээгээр таньж байна вэ гэвэл алдагдсан дугуй арын дугуйтайгаа хулгайд алдагдсан юм. Урд талын дугуй одоо манай гэрт байгаа тэр дугуйны хээ яг энэ унадаг дугуйны арын дугуйны хээтэй адилхан юм...

...Би унадаг дугуйг хохиролдоо авахгүй, тухайн унадаг дугуйны рамыг будчихсан байсан мөн дугуйны рамын зарим хэсэг унадаг дугуйны өнгө арилчихсан учраас би авахгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-82 дугаар хуудас/,

2. Гэрч Б.Оын “...Улаангом сумын 12 дугаар багт байрлах зах доторх дугуйны сэлбэгийн газарт А.З гэгчтэй таарсан. ...А.З нь цайвар цэнхэр өнгийн будчихсан дугуйтай явж байсан бөгөөд тухайн дугуйны тоормосны гар солиулсан, мөн бариул солиулж байх шиг харагдсан. Би А.Заас чи дугуйгаа хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ? гэж асуухад 500.000 төгрөгөөр гэж хэлсэн. Харин хаанаас авсан талаар надад юм хэлээгүй....А.З гэгч хүүхэд бид хоёр Улаан уул явж рашаан ...уучхаад Өгөөмөрийн Хаан банкны тэнд явахад Бтай уулзсан. ...Би Баас 15.000 төгрөгийн чихэвч худалдаж авна гэхэд А.З би авна гэж хэлээд Өгөөмөрийн хаан банкны АТМ -ээс 15.000 төгрөг аваад Бт өгсөн. Тэгээд А.З Бт мөнгө өгчхөөд чихэвчээ аваагүй. Би ягаад чихэвчээ авахгүй байгаа талаар асуухад энэ надад урьд өмнө өртэй байсан гэж Б надад хэлсэн. ...Би А.Заас яагаад нэлэнхүйд нь цайвар цэнхэр өнгөөр будсан талаар асуухад манай аав Улаан даваагаас Улаангом сум руу явж байхдаа миний дугуйг автомашин дээр аччихсан явж байхад дугуй унаад хар зам дээр чирэгдсэн. Тэгээд өнгө нь муухай болчихоор би нэлэнхүүд нь цайвар цэнхэр өнгөөр будчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 105-106 дугаар хуудас/,

3. Гэрч П.Нн “...2018 оны намар байх цаг хугацааг тодорхой мэдэхгүй байна, нэг хар цоохор өнгийн, дугуй нь байхгүй унадаг дугуйны рам жижиг эд ангиудтай байсан. Би А.Зт хандаж чи наадахаа хаанаас авч ирсэн юм бэ гэхэд хүүхдээс худалдаж авсан гэж хэлсэн. Хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар асуугаагүй, надад хэлээгүй. Тухайн унадаг дугуйг байрны полкон дээр гаргаж хая гээд А манайд ирчихсэн байхдаа хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 дугаар хуудас/,

4. Насанд хүрээгүй гэрч Х.Тын “...2018 оны 7 дугаар сард байх сар өдрийг тодорхой санахгүй байна, аав, ээж, төрсөн ах Нямдалай нар байхгүй байхад би гэртээ ганцаараа байхад А.З гэгч нь манай гэрт орж ирээд надаас “сүхээ өгчих” гэж асуухаар нь би ... төмөр материалаар хийсэн шаантаг тайбариултай сүхийг А.Зт өгсөн. А.З надаас сүх авч гарсны дараагаар би араас нь гарахад Б нь хашааны гадна талд хүлээж байсан. ...Тэгээд орой манай төрсөн ах Нямдалай гэрт ирчихсэн ... байхад манай сүхийг А.З, Б нар авч ирж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/,

5.Насанд хүрээгүй гэрч Х.Нн “...2018 оны 7 сард байх цаг хугацааг нь тодорхой санахгүй байна, П.Б гэгч нийтийн гражид манай ахын урд талын дугуйгүй шингэн тоормостой унадаг дугуй паарнаас цоожтой байсан гэж хэлсэн. Тэгээд би тэр чинь надад ямар хамаатай юм гэж хэлээд тоогоогүй, түүний дараагаар цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Би гэртээ байж байгаад гараад явчихсан байхад миний дүү Таас А.З, П.Б нар нь сүх авсан байсан. Намайг гэртээ ирчихсэн ... байхад А.З, П.Б нар манай гэрээс авсан төмөр трубагаар хийсэн бариултай, төмөр материалаар хийсэн шаантагтай сүхийг авч ирж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110 дугаар хуудас/,

6. Насанд хүрээгүй гэрч П.Аы “...2019 оны хавар манай гэрт А.З гэх хүүхэд ирээд ... ах П.Б чинь байна уу? гэхээр нь ...би байхгүй яасан юм гэхэд чамд хэлэхгүй, хэлчихвэл чи хүнд хэлчихнэ гэж хэлсэн. Би хүнд хэлэхгүй гэхэд П.Быг цагдаа хайж байгаа, надад 29-тэй дугуй байсан ш дээ тэрний талаар юм ярих гэсэн юм гэж хэлсэн. Би яасан юм бэ? гэхэд тэр дугуй хулгайн дугуй, ...Ус сувгийн захирал хүний дугуй юм байна лээ гэж хэлсэн. Тэгээд П.Быг цагдаа асуувал мэдэхгүй ... гэж хэлээд байгаарай, хар өнгийн энгийн хувцастай, пит загварын машинтай хүн ирнэ ... мэдэхгүй гэж хэлээд байгаарай гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113 дугаар хуудас/,

7. Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн унадаг дугуйны арын дугуй нь хохирогчид хадгалагдаж байсан гэх унадаг дугуйны дугуйтай хээн зураглал болон бичиглэл нь ижил төстэй байна. Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн гаргаж өгсөн фото зураг дээрх дугуй нь хураагдсан гэх дугуйтай загвар дүрсээр ижил төстэй байна. Хураагдсан гэх унадаг дугуйг шинээр будсан байна. Уг будгийг хэсэгчлэн арилгахад цаанаас нь хар болон ногоон өнгийн будаг гарч ирсэн...” гэх №19/54 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 137-139 дүгээр хуудас/

8. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “навигатор стелс” загварын уулын дугуйны /хуучин/ зах зээлийн дундаж үнэ цэнэ 2018 оны 7 сарын байдлаар 960.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх эд хөрөнгийн зах зээлийн үнийн УВ/01/463 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 129 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хулгайлагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн №УВ/01/463 дугаартай тодорхойлолт, криминалистикийн шинжээчийн 19/54 дугаартай дүгнэлтүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Өсвөр насны шүүгдэгч П.Б нь хулгайлах гэмт хэргийн үйлдэл болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Харин өсвөр насны шүүгдэгч А.З болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж, тухайн хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй, тухайн дугуйг П.Баас худалдаж авсан гэж маргаж байгаа боловч хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч А.З нь тухайн дугуйг хулгайн дугуй гэдгийг мэдэж байсан болох нь насанд хүрээгүй гэрч П.Аы мэдүүлгээр, мөн насанд хүрээгүй шүүгдэгч А.З нь тухайн дугуйг бэхэлсэн тороосон цоожийг сүхээр тасалж авсан үйл баримт тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч А.З, П.Б нар нь 2018 оны 7 дугаар сард Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 25 айлын орон сууцны нийтийн гражнаас хохирогч М.Мгийн өмчлөлийн “навигатор стелс” загварын унадаг дугуйг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өсвөр насны шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор сүхийг зэвсэг болгон ашигласан болох нь насанд хүрээгүй гэрч Х.Т, Х.Н нарын мэдүүлэг, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 69х/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 70-73х/, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Мд 960.000 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогч М.М нь эд мөрийн баримтаар хураагдсан “Навигатор стелс” загварын унадаг дугуй авахгүй, харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүнгээр хохирлоо нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу адил нэр, төрлийн эд хөрөнгө өгөх үүрэгтэй бөгөөд тухайн эд хөрөнгө нь гэмтсэн бол засах, өмнө байсан байдалд нь сэргээхэд шаардлагатай зардлыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Навигатор стелс” загварын дугуйг хохирогч М.Мд буцаан олгож, хохирогчид өсвөр насны шүүгдэгч А.Заас 480.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч П.Баас 450.000 төгрөг төлснийг тус тус дурдаж, тухайн дугуйг өмнө байсан байдалд нь сэргээх зардлын тооцоо гаргах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийг иргэний иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхих нь зүйтэй байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Өсвөр насны шүүгдэгч А.З, П.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч А.З, П.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.З, П.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус бүрд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б, А.З нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохимжтой байна.

Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч И овогт Пын Б, өсвөр насны шүүгдэгч Ш овогт Аийн З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б, А.З нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус бүрд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч А.Зт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б, А.З нарт оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б, А.З нарт шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б, А.З нарт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсугай.

7. Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Навигатор стелс” загварын унадаг дугуй 1 ширхэгийг хохирогч М.Мд буцаан олгож, төмөр сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА