Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, өсвөр насны шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ц-ын Ж-д холбогдох 1935002300124 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын цогцолбор 1 дүгээр сургуулийн 11 д ангид сурагч, ам бүл-6, аав ээж 3 дүүгийн хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, цогцолбор 1 дүгээр сургуулийн дотуур байранд амьдардаг Б овогт Цын Ж, регистрийн дугаар: ОЖ02230816

Урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, улсаас авсан гавъяа шагнал байхгүй,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн 2 давхарт хохирогч Б.Бийн куртикний халааснаас Самсунг Жи-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 344.000 /гурван зуун дөчин дөрвөн мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч Б.Бийн “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 давхарт байх арьс, харшлын эмчид үзүүлэх гээд очирлож зогсож байгаад куртикний халааснаас Самсунг Жи-2 загварын шаргал өнгийн гар утсаа хулгайд алдсан юм. ...Миний самсунг жи-2 загварын гар утас хулгайлж авсан Ж гэх хүүхэд болон түүний эгч гээд эмэгтэй 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр надтай уулзсан” гэх мэдүүлэг,/хх-ийн 06-08 дугаар хуудас/,

2. Гэрч Ү.Н-ын “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр аймгийн мобикомын салбараас охин Б.Бийн төрсөн өдөрт зориулж Самсунг жи-2 гар утас бэлэглэсэн юм. Тухайн гар утсыг би лизингээр 1 жилийн хугацаатай авсан сард 40.000 төгрөг төлдөг юм. ...Самсунг жи-2 загварын утас бол 2 сим уншдаг, шаргал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/

3. Гэрч Э.Нын “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Тэс сумын төв дээр гэрт фейсбүүк орж байтал Ц Ж гэх хаягаас Увс аймгийн Нэгдсэн групп дээр Самсунг Жи-2 гар утас зарна гэсэн зар байхаар нь тэр хүний хаяг руу нь чат бичсэн чинь утасныхаа дугаар явуулсан ба ... тэр дугаар нь 99452308 гэсэн дугаар байсан. Тэр Ц Ж гэх хүүхэд надад тухайн гар утсыг 100.000 төгрөгөөр зарахаар болсон. Би хөдөө Тэс суманд байсан тул Улаангом сумын 12 дугаар баг Шинэ Улаангом захын 2 давхарт суух хадам ээжийн дүү Оюун гэх хүний хаяг, байршлыг зааж өгөөд тэр хүнд гар утсаа хүргээд өгчих гэж Ц Ж гэх хаягтай хүнд утсаар ярьж хэлсэн. Ц Ж гэх хүүхэд тэр өдөр 15 цагийн үед Оюун эгчид Самсунг жи-2 загварын гар утсыг хүргэж өгөөд 100.000 төгрөг аваад явсан байлаа. ...Би Ц гэх хүүхэдтэй фейсбүүкээр танилцаж гар утас худалдаж авсан ба одоо харвал сайн танина. ...Тухайн хүүхэд надад Самсунг Жи-2 загварын гар утсаа зарахдаа манай эгчийн гар утас гэж хэлсэн.

....Утасны эзэн гэх Б.Б гэх эмэгтэйд Ж 359.000 төгрөг төлж хохирол барагдуулсан, миний хохиролд надаас хураан авсан самсунг жи-2 загварын гар утас өгөхөөр болж бид маргаангүй болсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

4. Гэрч Э.Үүлэнсолонгын “... Ц.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгээс хүний халааснаас Самсунг галакси жи-2 загварын гар утсыг хулгайлж зарсан байсан ба өөрөө тухайн гар утсыг хулгайлсан талаараа үнэнээ хэлж байгаа юм. Жгийн энэ үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон байдаг ба Ж нь утас хулгайлсан талаараа хэлж хохирогч Бт учирсан хохирол болох 359.000 төгрөгийг ар гэрээсээ авсан бөгөөд уг мөнгийг би Жгийн хамт хохирогч Бтэй уулзаж, түүнд хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

5. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн “...самсунг жи-2 загварын 2018 онд үйлдвэрлэгдсэн гар утас 344.000 /гурван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 231 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

6. Өсвөр насны шүүгдэгч Ц.Жгийн “...Би хохирогч Бийн гар утсыг хулгайлахдаа ганцаараа нэгдсэн эмнэлэг дээр явж байгаад ...хулгайлсан бөгөөд эмчид үзүүлэх гээд зогсож байтал урд талд байсан хохирогч Бийн гар утас халаасанд нь ил харагдаад байхаар нь хулгайлчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 47- 49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үнэлэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн 2 давхарт хохирогч Б.Бийн куртикний халааснаас Самсунг Жи-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан болох нь өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тухайн мэдүүлэг нь хохирогч Б.Б, гэрч Э.Н, Э.Ү нарын мэдүүлэг, шинжээчийн 231 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт 344.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 231 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч уг учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “...утасны хохирол гэж надад 359.000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба өчигдөр орой 19 цаг өнгөрч байхад миний 5819289892 дугаартай Хаан банкны данс руу 349.000 төгрөг хийсэн ба үлдэгдэл 10.000 төгрөгийг өнөөдөр надад өгсөн одоо надад ямар нэгэн хохирол байхгүй. Ж гэх хүүхдээс нэхэмжлэх өөр зүйл алга байна” /хх-ийн 8 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 1.2 дах хэсгийг журамлан 200 /хоёр зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид ...танилцуулж гарын үсэг зуруулна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж тус тус тодорхойлжээ. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Прокурорын санал”-д “...Өсвөр насны яллагдагч Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн /нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг/ шүүхэд гаргаж байгаа болохыг танилцуулсугай” гэжээ. Тодруулбал улсын яллагч нь албадлагын арга хэмжээний талаар санал өсвөр насны шүүгдэгчид танилцуулаагүй байх тул улсын яллагчийн “Өсвөр насны шүүгдэгч Ц.Жгийн энэ гэмт хэргийг үйлдэж 100,000 төгрөгийн ашиг олсон бөгөөд олсон ашгийг Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгуулах санал”-ыг хүлээж авах үндэслэлгүй юм.

Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Цын Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 1.2 дах хэсгийг журамлан 200 /хоёр зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Жд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА