| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2024/06750/И |
| Дугаар | 210/МА2025/01252 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01252
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/02045 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
90,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* нь 2022 оны 02 дугаар сараас эхлэн хуучин 22 товчоонд 2 давхар авто үзэсгэлэнгийн танхим, үйлчилгээний төв бариулахаар ярилцаж, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу нийт 170,000,000 төгрөгөөр 2 давхар авто үзэсгэлэнгийн танхим, үйлчилгээний төвийн барилгыг барьж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээний тусгай нөхцөлийн 13А-д зааснаар гэрээ байгуулснаас хойш нийт ажлын 30 хувь /суурийн ажил/ дуусах хүртэл хугацаанд урьдчилгаа 51,000,000 төгрөг төлнө. Дараа нь ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг хийхээр тохиролцсон.
“*******” ХХК нь барилгын ажлыг эхлүүлэн суурийн ажлыг гүйцэтгээд явж байсан боловч хариуцагч нь урьдчилгаа төлбөрөө төлөөгүй. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 22/56 албан бичгийг явуулж, төлбөрт тооцохоор тохиролцсон автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх талаар мэдэгдсэн боловч биелүүлээгүй учраас ажлаа зогсооход хүрсэн.
Нийт гүйцэтгэсэн ажлын төсөв нь 65,000,000 төгрөг болсон. Гэрээний тусгай нөхцөлийн 11а-д заасан урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан үеэс төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 25,500,000 төгрөгийн алданги нэхэмжилж шаардлага нэмэгдлүүлсэн.
Иймд хариуцагч *******эс гэрээний дагуу хийсэн ажлын хөлс 65,000,000 төгрөг, алданги 25,500,000 төгрөг, нийт 90,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: “*******” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14х30 харьцаатай 2 давхар авто үзэсгэлэнгийн танхим, үйлчилгээний төвийн барилгын ажлыг гүйцэтгэгчийн зардлаар 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор нийт 170,000,000 төгрөгөөр барихаар харилцан тохирч гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрөө төлөөгүй учраас гэрээ цуцалсан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, ********ийн зүгээс урьдчилгаа 51,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн захирал *******т “Тоёота кроун” маркийн машиныг 45,000,000 төгрөгөөр тооцож өгөх, мөн *******ийн өөрийнх нь Богинын аманд явуулж байгаа барилгын үйл ажиллагаанд зориулж 3,600,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Гэрээгээр материалын зардлыг гүйцэтгэгч гаргахаар харилцан тохиролцсон ч 20,000,000 төгрөгийн бетон зуурмагийг ажил гүйцэтгэх талбайд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бетон зуурмагийг гүйцэтгэгч хариуцна гэсэн боловч захиалагч өөрөө гаргасан. Ийм учраас гэрээний тусгай нөхцөлд заасан 51,000,000 төгрөгийг төлөх үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлаа хийгээгүй, хийсэн ажил нь шаардлага хангаагүй гэж үзсэн учраас хариуцагчийн зүгээс татгалзаж, тухайн ажлыг өөр хүмүүсээр хийлгүүлсэн.
Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд алданги тооцох талаар гэрээнд ямар нэгэн зохицуулалт байхгүй, мөн гэрээний үүргийн зөрчил байхгүй. Тиймээс алданги 25,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Тухайн барилга нь авто угаалгатай боловч зориулалтаар нь хийгээгүйн улмаас шалыг нэмж зутгах, нэмж ажил хийх шаардлага гарсан. Мөн цэвэр бохирын хэмжээг буруу хийснээс болж тухайн ажлыг шинээр давтан хийсэн. Ийм учраас ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн гэж байгаа гүйцэтгэсэн ажлыг бүхэлд нь хүлээн авахгүй. Ажлуудыг шинээр хийлгэсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
3. Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаандаа ажлыг гүйцэтгэхгүй орхиж явсан учраас бидний зүгээс цаг хугацаа алдсан. Мөн гүйцэтгэсэн гэх ажлуудыг нэмж хийхийн тулд нэмэлтээр зардал гарсан. Үүнд 6,000,000 төгрөгийн ажлын хөлс, 14,000,000 төгрөгийн материалын зардал, нийт 20,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үед “*******” ХХК нь ор сураггүй алга болчихсон учраас бидний зүгээс ажлаа үргэлжлүүлэхийн тулд өөр этгээдүүдээр ажлаа үргэлжлүүлэн гэрээ байгуулж ажиллуулсан. Иймд “*******” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан. Хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан гэрч *******ын мэдүүлэгт ямарваа нэгэн байдлаар суурийн ажил дээр чанарын шаардлага хангахгүй байна, доголдолтой байна гэх асуудлууд яригдаагүй гэдгийг мэдүүлсэн. Нөгөө талаас нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс болон материалын зардал нь баримтаар нотлогдоогүй. Анх 2 давхар авто үзэсгэлэнгийн танхим, үйлчилгээний барилгын тухай яригдаж байхад хариу тайлбар дээр авто угаалгын газар бариулахаар тохиролцсон гэдэг. Тэгэхээр авто үзэсгэлэнгийн суурийг тавиулчхаад дараа нь угаалгын газар болгосон. Тиймээс ч нэмэлтээр Төрмөнх гэдэг хүнээр ажил гүйцэтгэсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр харагдаж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******** /РД:*******/-ээс 20 658 900 /хорин сая зургаан зуун тавин найман мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК /РД:6252893/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69 841 100 /жаран есөн сая найман зуун дөчин нэгэн мянга нэг зуун/ төгрөгийг болон ******* ХХК /РД:6252893/-иас 20,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******** /РД:*******/-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 768 400 /482 950+285 450/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 261,244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК /РД:6252893/-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20,658,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ нэхэмжлэгч компаниас хариуцагчид өгч байсан үнийн санал болон “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийн Хаан банкны дансны хуулгыг тус тус үндэслэл болгосон байдаг. Тодруулбал, үнийн саналын дагуу улаан шугам тавих ажил 300,000 төгрөг, газар шорооны ажлын хөлс 2,711,500 төгрөг, суурийн ажлын хөлс 10,500,000 төгрөг, цэвэр ус ажлын хөлс, материалын зардал 1,750,000 төгрөг, бохир усны ажлын хөлс 2,250,000 төгрөг, нийт 17,511,500 төгрөгийн ажлыг хийсэн учраас тохиролцсон үнийн саналын дагуу төлөх ёстой гэж үзэн хангаж шийдвэрлэсэн. Мөн *******ийн Хаан банкны дансны хуулгаас 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “арматур зардал” гэх утгатай 1,397,400 төгрөгийн зарлага, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “хэв хашмал” гэх утгатай 1,200,000 төгрөгийн зарлага, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “цемент хавтан” гэх утгатай 550,000 төгрөгийн зарлага, нийт 3,147,400 төгрөгийг тус тус маргаан бүхий ажилд хамааралтай байна гэж үзэн хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн зүгээс *******ийн хаан банкны дансны хуулга дахь дээрх 3 гүйлгээг маргаан бүхий ажилд хамааралтай гаргасан зардал гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байгаа тул хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дансны хуулга дахь нийт 3,147,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. *******ийн хаан банкны дансны хуулга дахь дээрх 3 гүйлгээг маргаан бүхий ажилд хамааралгүй болохыг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Тодруулбал:
1. Гэрч *******ыг гэрчээр асуусан тэмдэглэлд ******* нь "*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той тохиролцсоны дагуу авто угаалгын барилгын ажлыг эхлүүлж, газар шороо, бетон бэлтгэл, арматур зангидах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн, эдгээр ажлыг нийтдээ 10,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон бөгөөд үүнээс 7,000,000 төгрөг нь ажлын хөлс, 3,000,000 материалын зардал байсан. Материалын зардлыг тэр дундаа хэв хашмал, арматур гэх зэрэг зардлуудыг ******* өөрөөсөө гаргасан гэх агуулга бүхий мэдүүлэг өгдөг. Үүнээс үзвэл маргаан бүхий ажилд зориулж ******* нь материалын зардлыг тусад нь гаргаагүй, *******д өгсөн болох нь харагдана.
2. ******* нь маргаан бүхий ажлаас өөр газруудад барилгын ажил хийдэг байсан гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Иймд тухайн дансны гүйлгээнүүдийг өөр барилгын ажилд зориулж хийсэн байх боломжтой бөгөөд яг маргаан бүхий ажилд зориулж гаргасан зардал гэдэг нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна.
Иймд, 3,147,400 төгрөгийг *******эс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хангагдсан 20,658,000 төгрөгийн үнийн дүнгээс 3,147,400 төгрөгийг хасаж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал ******* нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөгийг *******ын дансанд ажлын хөлс гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Материалын зардлын мөнгийг шилжүүлээгүй. Хариуцагч эс зөвшөөрсөн арматур, хэв хашмал, цемент хавтангийн зардлыг нэхэмжлэгч компани өөрөө гаргасан. Арматур, хэв хашмал, цемент хавтанг хэрэглэхгүйгээр суурийн ажлыг хийх боломжгүй. ******* нь материалыг гаргасан гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 90,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “захиалагч буюу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний урьдчилгаа төлбөрийг төлөөгүй тул гэрээг цуцалж, гүйцэтгэсэн ажлын хөлс 65,000,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 25,500,000 төгрөгийн хамт нийт 90,500,000 төгрөгийг шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “гүйцэтгэгч өөрийн зардлаар ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч захиалагчийн зүгээс зуурмаг нийлүүлсэн, мөн урьдчилгаа төлбөрт автомашин шилжүүлэн өгөхөөр тохиролцсон тул гэрээний үүргээ зөрчөөгүй, нэхэмжлэгч компани нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж дуусгаагүй, хийсэн ажил нь шаардлага хангаагүй тул дахин өөр гүйцэтгэгчээр хийлгэж зардал гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзсан байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******тэй 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 14x30 хэмжээтэй 2 давхар авто үзэсгэлэнгийн танхим, үйлчилгээтэй барилга угсралтын ажлыг 170,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, хариуцагч нь үнийг төлж, хүлээн авахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-14/
4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу барилгын зураг төсөл, газар шорооны ажил, суурийн бэлтгэл ажил, суурийн цутгалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэж, нийт 65,000,000 төгрөгийн зардал гаргасан боловч хариуцагч талаас урьдчилгаа төлбөрийг төлөөгүй учраас гэрээг цуцалсан талаар тайлбарласан.
Гэрээний тусгай нөхцлийн 13а-д урьдчилгаа буюу суурийн ажил дуусах хүртэл 51,000,000 төгрөгийг захиалагч тал төлөхөөр заасан байна. Хариуцагч урьдчилгаанд тооцож, “Toyota crown” маркийн ******УБН улсын дугаартай автомашиныг өгөхөөр тохиролцож, шилжүүлсэн талаар тайлбарласан боловч уг тээврийн хэрэгслийг бодитоор хүлээлгэн өгсөн гэх баримтгүй, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 60-62/
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй, гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.
Гэрээ цуцлагдсан талаар зохигч хэн аль нь тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ цуцлах хүртэл хийсэн ажлын хөлс 65,000,000 төгрөг нэхэмжилж, шаардлагаа нотлохоор барилгын ажлын гүйцэтгэлийн тайланг хэрэгт хавсаргасан байх боловч харилцан баталгаажуулаагүй, нэг талын баримт байх тул нэхэмлэлийн шаардлагыг нотлох баримт гэж үзэх боломжгүй.
Харин шүүгчийн захирамжийн дагуу үзлэг хийж бэхжүүлсэн, нэхэмжлэгчээс хариуцагчид 2022 оны 05 дугаар 17-ны өдөр цахимаар илгээсэн 170,000,000 төгрөгийн үнийн саналыг үндэслэн, улаан шугам тавих 300,000 төгрөг, газар шорооны ажлын хөлс 2,711,500 төгрөг, суурийн ажлын хөлс 10,500,000 төгрөг, цэвэр ус ажлын хөлс материалын зардал 1,750,000 төгрөг, бохир ус ажлын хөлс материалын зардал 2,250,000 төгрөг, мөн Хаан банк дахь *******ийн эзэмшлийн 5077034751 дугаарын данснаас гүйлгээ хийсэн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “арматур зардал” гэх утгатай 1,397,400 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “хэв хашмал” гэх утгатай 1,200,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “цемент хавтан” гэх утгатай 550,000 төгрөгийн зардлыг маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээтэй хамааралтай гарсан зардал гэж дүгнээд нийт ажлын хөлс болон материалын зардалд 20,658,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Тодруулбал, талууд гэрээгээр барилга угсралтын ажлыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон ба гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, хариуцагч *******д хандаж гаргасан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч компанийн мэдэгдэл, барилгын ажлын фото зургууд зэргээр тогтоогдсон. Хаан банк дахь *******ийн эзэмшлийн 5077034751 дугаар данснаас хийсэн 1,397,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 550,000 төгрөгийн зарлагын гүйлгээний огноо нь ажил гүйцэтгэсэн үеийнхтэй тохирч байгаа, мөн гүйлгээний утгад бичигдсэн арматур, хэв хашмал, цемент хавтан зэрэг нь барилгын суурь цутгалтын ажилд зайлшгүй шаардлагатай, тухайн ажилд хамааралтай зардал гэж үзэхээр байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай тохиролцож, барилгын суурийн буюу газар шорооны ажил, бетон цутгалт зэргийг хийж гүйцэтгэсэн, эдгээр ажлыг нийтдээ 10,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон бөгөөд үүнээс 7,000,000 төгрөг нь ажлын хөлс, 3,000,000 төгрөг нь материалын зардал байсан гэх агуулгаар мэдүүлсэн боловч уг мэдүүлэг нь бичгийн баримтаар давхар нотлогдоогүй байна.
Иймд, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “арматур зардал” гэх утгатай 1,397,400 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “хэв хашмал” гэх утгатай 1,200,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “цемент хавтан” гэх утгатай 550,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд хамааралгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
4.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор 20,000,000 төгрөгийн зардал гаргаж хохирсон гэж тайлбарлан нэхэмжлэгчээс уг зардлаа гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ суурийг авто угаалгын газрын зориулалттай, ус урсах боломжтой налуу байрлалаар цутгаагүйн улмаас дахин засварлуулах хэрэгцээ гарсан гэж тайлбарласан. Гэвч талуудын байгуулсан гэрээнд авто үзэсгэлэнгийн танхимын зориулалттай барилга барихаар тохиролцсон байх тул авто угаалгын газрын зориулалтаар шалыг налуу цутгаагүй нь ажил гүйцэтгэх гэрээний доголдол гэж үзэхгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасантай нийцсэн ба шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч гомдол гаргаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/02045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 65,309 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ