Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01253

 

 

 

 

ХБНГУ-ын иргэн *******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/03292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

 

Орон сууц болон авто зогсоолыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн ******* 2010 оны 02 сарын 08-ны өдөр ******* ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, ****** байрны ******* тоот хаягт байрлах 165.4 м.кв бүхий 6 өрөө орон сууц, мөн зоорийн давхарт байрлах 18 м.кв авто зогсоолыг худалдан авсан.Тухайн орон сууцыг авто зогсоолын хамт ийнхүү худалдан авахдаа нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр худалдан авсан бөгөөд эдгээр үл хөдөлөх хөрөнгүүд нь 2012 оны 01 сарын 03-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн *******-ын өмчлөлд бүртгэгдсэнээр тэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.

Ажил хэргийн шаардлагаар Монгол Улсад тодорхой хугацаагаар оршин суухгүй болсон тул хариуцагч нарыг орон сууцандаа түр амьдруулан, авто зогсоолыг ашиглуулсан цагаас хойш арав гаруй жил өнгөрсөн. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч санхүүгийн хувьд тогтмол орлогогүй болсон зэрэг шалтгаанаар хууль ёсны өмч хөрөнгөө өөрөө захиран зарцуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй түүнчлэн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг шаардсан мэдэгдлүүдийг хариуцагч нарт 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл орон сууцыг суллаж өгөөгүй, үндэслэлгүйгээр татгалзсан байдалтай байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 32 байрны 31 тоот хаягт байрлах, 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 35 тоот авто зогсоолыг тус тус шүүхийн журмаар тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн *******-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүйгээс гадна нэхэмжлэлийг яагаад одоо гаргаж байгаа, нэхэмжлэлд дурдагдаад байгаа орон сууц, эд хөрөнгийг *******, ******* нар яаж хууль бусаар эзэмшилдээ авчхаад байгаа нь тодорхой бус байна.

*******, ******* нар нь түүний өөрийн зөвшөөрлөөр тэдний гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууц, эд хөрөнгийг хадгалж байсныхаа төлөө яагаад хариуцагч болчихоод байгаа нь ойлгомжгүй байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн ******* нь бүрэн эрхт Монгол Улсын иргэн *******тай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн ч түүний болон хүүхдүүдийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж, гэрлэлт цуцлуулах асуудлыг Монголд биш ХБНГУ-ын шүүхэээр шийдүүлэхээр их гүрний дээрэнгүй бодлогыг баримталж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж үүний үр дүнд ******* болон хүүхдүүд болох ******, *******нарыг ямар ч эд хөрөнгөгүй болгож хүний газарт хэцүү байдалд оруулахаар улайрсан, зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.

Нэхэмжлэлийн зүйл болоод байгаа эд хөрөнгө нь нэхэмжлэгч ******* болон *******, тэдний хүүхдүүдийн дундын эд хөрөнгө бөгөөд тухайн улсын шүүх ******* болон ******* нарын гэрлэлтийг цуцалсан ба хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоо гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх гэж байгаа.

Иймд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн *******-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот авто зогсоолыг тус тус албадан чөлөөлөхөөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,540,730 төгрөгийн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,400,330 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч *******, ******* нараас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн *******-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ХБНГУ-ын иргэн *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй бөгөөд нэхэмжпэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй буюу үндэслэлээ шаардлагатайгаа хэрхэн холбогдохыг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон хангалттай баримт гаргаж өгөөгүй юм. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийг ИХШХШТХ-ийн 65.1.11-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Гэтэл *******, ******* нар нь ХБНГУ-ын иргэн *******ын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй буюу Иргэний хуулийн 93 дугаар зүйлд зааснаар эзэмшиж байгаа билээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дагуу хариуцагч нарыг шударга бус эзэмшигч гэж үзэж, эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзсэн бол үүнийг УДШ-ийн албан ёсны тайлбар болон хуулийн дагуу үндэслэлтэй тайлбарлах ёстой байсан.Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжпэлийн зүйл болоод байгаа эд хөрөнгө нь ХБНГУ-ын иргэн ******* болон *******, тэдний хүүхдүүд болох У.******, У.*******нарын гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө учраас тэдний гэр бүлийн гишүүдийн хувьд *******, ******* нарын зүгээс маргаан бүхий орон сууц эд хөрөнгийг чөлөөлөх үүрэг хүлээсэн хүмүүс биш гэж үзэж байгаа. Уг орон сууцанд эцэг эхийгээ суух зөвшөөрлийг тэдний төрсөн охин ******* өгсөн бөгөөд үүнийг нь ******* хүлээн зөвшөөрсөн байгаа нь тогтоогдсон. Үүнээс харахад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүн болно.

Нэг Хуулийн фирмээс маргаан бүхий эд хөрөнгүүдийг чөлөөлөх мэдэгдлийг *******, ******* нарт 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор чөлөөлөх талаар яригдсан бөгөөд тэр мэдэгдлийг ХБНГУ-ын иргэн ******* нь хариуцагч нарт өгсөн мэтээр тайлбарласан. Гэтэл уг мэдэгдлийг ******* өөрөө өгсөн талаар нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн ******** хуулийн фирмээс иргэдэд өгсөн мэдэгдэл нь хууль ёсны эсэх, ХБНГУ-ын иргэн ******* нь энэхүү хуулийн фирмд итгэмжлэл олгосон эсэх талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй юм. Үүнд анхан шатны шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Чухам энэ мэдэгдлийг өгсөн огноогоор тоолж, шүүх хэргийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаандаа байна гэж хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон нь маш харамсалтай хэрэг боллоо.

Бидний үзэж байгаагаар бол нэхэмжпэгч нь 2010 оноос хойш буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жилийн хугацааны дотор нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан. Учир нь ******* нь Монгол улсын иргэн *******тай 2009 онд гэр бүл болж, Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн ч түүний болон хүүхдүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөж, гэрлэлт цуцлуулах асуудлыг Монголд биш харин ХБНГУ-ын шүүхээр шийдүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гадаадад явагдаж байгаа нь баримтаар нотлогдож байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 14.8-д зааснаар ******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашиглах нь тодорхой, тийм учраас шүүхэд нэхэмжпэл гаргаж, эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан тул энэ асуудалд анхан шатны шүүх бодит дүгнэлт хийх ёстой байсан. Шүүх *******гийн төрсөн эцэг, эхийг буюу *******ын хадам эцэг, эхийг тэдэнд огт хамааралгүй мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №1 дугаартай зөвлөмжинд ...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодил1 бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно... гэж зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт мөн эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн зүгээс өгсөн зарим баримт тайлбарыг огт үнэлээгүй байдлаас харагдана. Мөн Улсын Дээд Шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №2 дугаартай зөвлөмжинд: ...Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно... гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн суурь юм... гэж зөвлөсөн тайлбаруудыг шүүх огт анхааралгүйгээр хуулийн зүйл заалтуудын өрсөлдөх хэм хэмжээний агуулгыг анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм. Энэ мэтчилэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдол нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хүлээж авсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо дурдсан. Уг хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа шийдвэрлэгдэж, давж заалдах шатны шүүхээр 2 удаа хянагдсан. Мэргэжлийн шүүгч нар хэргийг хүлээж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж хэрэг үүсгэсэн. Өмчлөгч нь Монгол улсын Үндсэн хуулинд заасны дагуу өмчлөлийн зүйлийг олж авах эрхтэй. Иргэний хуулийн 110 дугаар зүйл, Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүснэ. Нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн *******ын нэр дээр бүртгэлтэй байгаа. Гэр бүлийн гишүүний зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа, Иргэний хуулийн 93 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой гэх агуулгаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг. Мөн Юнайтад партнерс хуулийн фирмийн мэдэгдлийг хүлээн авсанд тооцохгүй, тухайн мэдэгдэл нь *******ын гаргасан мэдэгдэл биш гэж маргадаг. Тухайн хуулийн фирмийн 1 партнер нь би, манай нөхөрлөлөөс мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийг хариуцагч нар хүлээн аваад гарын үсэг зурсан талаар маргаагүй. Өмчлөгч нь орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа шаардсан боловч хариуцагч нар нь суллаж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус эзэмшил болно. Орон сууцыг чөлөөлж өгөөгүй учир Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103, 106 дугаар зүйлд заасны дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн. Орон сууцыг хариуцагч нар эзэмших ёстой болсон шалтгаан нөхцлийг тогтоогоогүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон иргэний шүүхийн онцлог бол талууд тэгш эрхийн хүрээнд мэтгэлцдэг, нотлох баримт болон татгалзал, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох ёстой. Маргаан бүхий орон сууцанд хариуцагч нар амьдрах ёстой болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. *******гийн зөвшөөрлөөр хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд амьдарч байгаа эсэх талаарх баримтыг гаргуулах шаардлагатай гэх агуулгаар дүгнэж давж заалдах шатны шүүхээс буцаасан. ******* нь өөрийнхөө зөвшөөрлөөр эцэг, эхээ маргаан бүхий орон сууцанд амьдруулж байгаа гэх баримтыг гаргаж өгөөгүй. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эссен хотын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг, орчуулгын хамт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн шийдвэрийг няцаасан, үгүйсгэсэн баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх үеэс эхлэн шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрлэлтийн маргаан нь Холбооны Бүгд найрамдах Герман улсын шүүхээр шийдвэрлэгдэж гэрлэлтийг цуцалсан. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлээсээ хариуцагч нарыг гаргахад хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон гэрлэлт цуцлуулах маргаан нь шийдвэрлэгдсэн, одоо эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэнэ гэх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан нь үндэслэлгүй. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөмжийг хариуцагч тал гомдолдоо тусгасан. Гэр бүлийн маргааныг үндэслэн уг хэргийг шийдвэрлэнэ гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байр, ****** тоот 165.4 м.кв талбайтай 6 өрөө орон сууц болон мөн хаягт байрлах ****** тоот 18 м.кв талбайтай авто зогсоолыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан орон сууцны байр захиалах гэрээний дагуу худалдан авч, орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, авто зогсоолын өмчлөгчөөр 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авчээ. /хх-ийн 6-9/

 

4. Нэхэмжлэгч ******* нь *******тай гэр бүл болж, 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын бүргтгэлд бүртгүүлсэн байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо, нэхэмжлэлийн зүйл болох эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө, ******* нь эцэг, эхдээ орон сууцанд оршин суух зөвшөөрлийг өгсөн, ******* үүнийг зөвшөөрсөн гэжээ.

 

5. ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасныг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. /хх-ийн 221, 227, 231-233/

 

Тодруулбал, иргэн ******* нь ******* бид гэр бүл болсноосоо хойш хамтдаа ярилцан шийдвэрлэж 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-тай гэрээ байгуулан уг орон сууцанд хамтран гэр бүлээрээ амьдрах болсон. ... ажлын шаардлага гарсан тул бид гэр бүлээрээ ХБНГУ-руу явахар болж орон сууцандаа өөрийн төрсөн эцэг, эх болох *******, ******* нарыг амьдруулахаар болж, эд хөрөнгөө хариуцуулан үлдээсэн. Хэрэг хянан шийдвэрлэхэд миний гэр бүлийн дундын эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдаж байна гэх агуулгаар хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан байх бөгөөд *******гийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

6. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/03292 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ын урьдчилан төлсөн 1,550,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ