Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 106

 

                              

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Шн Год холбогдох 1935001430085 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт оршин суух, И овогт Шн Г/ РД: РД:ОВ72060413/

Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 3 дугаар сард Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг, Гаст гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 1195 ширхэг, 5.94 метр куб нойтон бургас мод бэлтгэн тээвэрлэж, бусдад худалдаж, экологи эдийн засагт 499.590 /дөрвөн зуун ерэн есөн мянга таван зуун ер/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Г нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гын “...Манай сумын Торхилог багийн нутаг дэвсгэр Торхилог голын сав газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг дархан цаазат газар юм. Манай сум 2019 онд сумын Засаг даргын захирамжаар нийт 13 иргэнд хэрэглээний модны эрхийн бичиг өгсөн юм. Тэгтэл хэрэглээний модны эрхийн бичиггүй тус сумын Торхилог багийн иргэн Ш овогтой Г гэгч нь зохих зөвшөөрөлгүй нойтон бургас мод бэлтгэсэн байна. Үүний улмаас байгаль экологид 499.590 төгрөгийн хохирол учирсан юм. Иргэн Ш овогтой Г нь 2019 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн Ш.Г нь тус сумын Торхилог багийн Гаст гэх газраас 1195 ширхэг нойтон бургас мод бэлтгэсэн байна.

...Гаст гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Тухайн газар мод бэлтгэх эрх 2019 онд олгож байгаагүй. ...Ш.Г нь манай байгууллагаас нойтон бургас мод, өөр төрлийн мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй, мод бэлтгэх зөвшөөрөл авахаар баримт бичиг бүрдүүлж өгч байгаагүй. Ш.Г 3 метр гаруй урттай, хэрэглээний нойтон бургас мод бэлдсэн байсан. ...Учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

  1. Гэрч Б. С-ын “...Би Увс аймгийн Давст сумын Торхилог хэсгийн Байгаль хамгаалагч ажилтай бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн хариуцсан хэсгээр хяналт шалгалт хийж явтал Торхилог багийн нутаг Гаст гэх нэртэй газар Хино загварын 34-94 УВА улсын дугаартай ачааны автомашин явж байхаар нь зогсож шалгахад уг тээврийн хэрэгсэл нь нойтон чийгтэй бургас мод их хэмжээгээр ачсан байсан. Тэгээд би машиных нь бичиг баримтыг асуухад байхгүй гэсэн мөн уг нойтон бургас модны эрхийн бичгийг асуухад эрхийн бичиг байхгүй сумын байгаль хамгаалагч С.Батсүх мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Ш.Год энэ мод бэлтгэсэн газар дархан цаазат газар учир эндээс мод бэлдэж болохгүй гэтэл ах нь харин аав өвчтэй мөнгө хэрэг болоод бэлдчихлээ ганц удаа өнгөрчихөөч гэсэн. Тэгээд сумын цагдаа руу ярьж мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 дугаар хуудас/,
  2. Гэрч С.Б-ийн “...2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ унтаж байтал Ш.Г ирээд мод бэлдээд ачиж байгаад баригдлаа гэж хэлээд 2018 оны мод бэлтгэх эрхийн бичигт сунгалт хийлгэмээр байна сунгаад өг гэхээр нь би 2018 оны модны эрхийн бичиг 2018 ондоо хүчинтэй учир болохгүй гэж хэлсэн. ...Ш.Г 2019 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...Ш.Гын мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хязгаарлалтын бүс юм. ...Давст сумын иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг би олгодог. Би мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо бэлтгэх модны төлбөр дансанд тушаалгаад түүний дараагаар мод бэлтгэх эрхийн бичгээ хийж өгдөг. ...2019 онд Ш.Г мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...Би нойтон бургас мод бэлтгэсэн талаар асуухад Ш.Г Давст сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Гаст гэх нэртэй газраас бэлтгэсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
  3. Гэрч Г.Г-ын “...Ш.Г ... уг модыг энэ хавар бэлдсэн юм. Уг нойтон бургас модыг Торхилог багийн нутаг Гаст гэх газраас бэлдсэн. Уг нойтон бургас модыг ганцаараа сүхээр цавчиж бэлдсэн бөгөөд гараараа гэрийнхээ урд зөөж авч ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
  4. Гэрч Г.О-ийн “Манай нөхөр Ш.Г 2019 оны 3 дугаар сард манай гэрийн урд талд байрлах “Гаст” гэх газраас ганцаараа нойтон бургас мод бэлтгэсэн юм. ...2019 онд мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг аваагүй юм. ...манай нөхөр бэлдсэн модоо 2019 оны 4 дүгээр сарын эхээр Улаангомд байдаг Бямбаа гэж хүнд худалдсан. Уг модын бүгдийг нь 200000 /хоёр зуун мянга/-н төгрөгөөр худалдсан юм. Уг мод худалдсан мөнгийг Бямбаа гэх жолооч ирж мод авахдаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 04-ний орой бэлнээр авч ирж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 дугаар хуудас/,
  5. Гэрч О.Бгийн “Би 2019 оны 3 дугаар сард Давст сумын иргэн Ш.Гтой аймагт уулзаж би хүүхдэдээ гэр бүрэх гэсэн юм нэг гэрийн мод олж өг би мөнгөөр нь худалдаж авсан гэтэл Ш.Г за гэж хэлээд надаас 50.000 төгрөг  авсан. Тэгээд би 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал над руу утсаар залгаад гэрийн мод бэлэн болсон ирж ав гэхээр нь би 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ...Давст сумын Торхилог багийн нутагт байх Ш.Гын гэрт 16 цагийн үед ирээд Ш.Гын гэрийн урд зүгт 400 метр зайд модон дотроос гэрийн мод ачсан. Тэгээд орой 20 цагийн үед гэрийн модоо ачиж дуусаад явж байтал нэг машинтай залуу ирээд энэ таны ачсан модны бичиг баримт байгаа юу гэхээр нь энэ мод бэлдсэн Ш.Год байгаа гэж хэлсэн. ...Би Ш.Гоос 5 гэрийн мод авч 250.000 төгрөг өгсөн. ...Ш.Гоос энэ модны бичиг баримт байгаа юу модны хууль аюултай шүү гэтэл Ш.Г эрхийн бичиг байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,
  6. Гэрч Л.Д-ын “2019 онд би цаг хугацааг тодорхой санахгүй байна манай нөхөр О.Б нь Ш овогт Г гэгч нь мөнгө зээлээч гэхээр нь гэрийн мод бэлдээд өг, надад гэрийн мод хэрэгтэй байна тэгвэл чамд мөнгө өгнө гэж хэлэхэд Ш.Г ...бүх баримт бичгийг бүрдүүлээд ямар ч асуудалгүйгээр чамд гэрийн мод бэлдээд өгнө. Би сумаас очоод байгаль хамгаалагчаас мод бэлдэх зөвшөөрөл аваад бэлдчихээд чамайг дуудна чи ирээд модоо авчих гэж хэлсэн байсан. ...Ш.Г гэх хүн манай нөхөр О.Бгийн гар утасны дугаар луу залгаад мод бэлдчихлээ ирж ав гэж хэлсэн. Би нөхөр О.Бд бичиг баримт бүрдүүлсэн үү, баримт бичиг нь бүрэн юм уу, гоожин гарал үүслийн баримт байгаа эсэхийг асуу гэж хэлэхэд ...О.Б надад хандаж баримт бичиг бүрэн байгаа гэнэ, гоожин гарал үүслийн бичиг авчихсан гэж байна. ...Бид хоёр Давст сумын нутагт Ш.Г гэгчийн гадна талд очиход нойтон мод, бургас тайраад бэлдээд тавьчихсан байсан бөгөөд очоод баримт бичиг байгаа юу гэж хэлэхэд байгаа гэж Ш.Г гэгч нь хэлсэн. ...Бид нар мод ачиж дуусчхаад баримт бичгийг Ш.Гын гэрээс очиж авна гэж бодож байсан. Тэгээд автомашины тэвш дээр тухайн нойтон бургас модыг ачаад дуусаж байх үед байгаль хамгаалагч залуу ирсэн. Тэр залуу ирээд зөвшөөрлөө үзүүл гэхэд Ш.Г халааснаасаа цаас гаргаад үзүүлж байсан. ...Тэгтэл тухайн баримт цаас нь хүчингүй юм шиг байсан. ...Манай нөхөр О.Б бид хоёр мод ачиж дуусаж байх үед байгаль хамгаалагч гэсэн залуу ирээд уулзсаны дараагаар зөвшөөрөлгүй мод, Ш.Г зөвшөөрөл аваагүй талаар мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
  7. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн “...Уг мод бэлтгэсэн газар нь N 500 390 33.0, Е 0920 350 57.7 Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдаж байна. Дээрх газар нь улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд орж байна. Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж болно. 2019 онд дээрх Гаст гэх газар ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажлыг хийгээгүй болно. Мод нийтдээ 5.94 метр куб болж байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Бургас мод байна. Дээрх мод нь хэрэглээний бургас мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 499.590 төгрөг болж байна. Ойн тухай хуулийн 47.2 дахь заалтыг зөрчсөн байна” гэх 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,
  8. Шүүгдэгч Ш.Гын “...Би гэрийн эргэн тойрон байрлах Гаст гэх газрын ойгоос би модоо бэлдсэн. Түүний дараагаар би өөрийн төрсөн хүүхэд Мөнхзулыг эмнэлэгт үзүүлэхээр ...Улаангом сум руу 2019 оны 3 дугаар сарын сүүлээр орж ирсэн, ... тус аймгийн нэгдсэн эмнэлэг дээр О.Б гэгчтэй таарсан. Тухайн үед би О.Бгаас надад мөнгө хэрэгтэй болохоор нь би мөнгө байвал зээлдээч 50.000 төгрөг өгөөч гэж хэлсэн. О.Бд би хоёр гэрийн мод зармаар байна, хүүхдийн би муудаад байна Улаанбаатар хот руу явж магадгүй юм шиг байна гэхэд О.Б хүнээс сураглана гэж хэлээд надад 50.000 төгрөг зээлдсэн. Би О.Бд хэлэхдээ гарал үүслийн бичигтэй, мод бэлтгэх эрхийн бичигтэй мод зарна гэж хэлсэн. ...Би О.Бд хэлэхдээ би мод ачиж дууссаны дараагаар гэрээс очоод мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн баримтыг өгнө гэж хэлсэн. ...Тухайн модыг бэлтгэхдээ модон бариултай, төмөр материалаар хийсэн шаантагтай сүхнээс өөр багаж хэрэглэсэн зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 125-129, 195-196 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38 дугаар захирамжийн хавсралт /хх-ийн 35-36 дугаар хуудас/-аар тус онд хэрэглээний бургас мод бэлтгэх эрхийг нэр бүхий 13 иргэнд олгосон байна. Тус нэрсийн жагсаалтад шүүгдэгч Ш.Гын нэр ороогүй буюу мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй байна.

Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 3 дугаар сард Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг, Гаст гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 1195 ширхэг буюу 5.94 метр куб нойтон бургас мод бэлтгэн иргэн О.Бд худалдаж байгаль орчинд 499.590 /дөрвөн зуун ерэн есөн мянга таван зуун ер/ төгрөгийн хохирол учруулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, гэрч Б., С.Б, Г.Г, Г.О, О.Б, Л.Д нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 02 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 499.590 /дөрвөн зуун ерэн есөн мянга таван зуун ер/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Учирсан хохирлыг шүүгдэгч Ш.Г 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Давст сумын Байгаль хамгаалах сангийн 100150355402 тоот дансанд 499.590 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны “мөнгөн шилжүүлэг”-ийн баримтаар тогтоогдож байна. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан. Иймд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 999.180 төгрөгийг гаргуулан Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газарт буюу тус сумын Байгаль хамгаалах санд олгох нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 499.590 төгрөг төлсөн, хор уршигт 999.180 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Год хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд Увс аймгийн давст сумын Торхилог багийн нутаг Гаст гэх газар 1195 ширхэг бургас тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой байна.

Хэрэгт битүүмжилсэн Хино загварын 34-94 УВА улсын дугаартай автомашиныг иргэн О.Бд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай төмөр сүх 1 ширхгийг, битүүмжлэгдсэн 1195 ширхэг буюу 5.94 метр куб бургас модыг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Шн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, бусдад худалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Год хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд Увс аймгийн давст сумын Торхилог багийн нутаг Гаст гэх газар 1195 ширхэг бургас тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ш.Год хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Гоос 999.180 төгрөгийг гаргуулан Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалах санд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Хино загварын 34-94 УВА улсын дугаартай автомашиныг О.Бд буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай төмөр сүх 1 ширхгийг, битүүмжлэгдсэн 1195 ширхэг буюу 5.94 метр куб бургас модыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Год өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА