Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 131

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00870/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ****** дүгээр хороо, ****** тоотод байрлах, “Үүэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****** аймгийн ******сум, ****** дугаар баг, ****** тоотод байрлах, “*******” ХХК /РД: *******/-д холбогдох,

 

"51,460,500 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Үүэт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Бараа бүтээгдэхүүн борлуулалтын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр стандартын шаардлага хангасан гахай, тахианы махыг нийлүүлэх үүргийг 2016 оны 08 сарын 24-ний өдрийг хүртэл манай компани хүлээсэн. ҮҮЭТ ХХК нь гэрээнд заасны дагуу махаа нийлүүлсэн боловч хариуцагч ******* ХХК-иас төлбөрөө төлөөгүй. Гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэхэд 34,241,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хариуцагч ******* ХХК нь тус төлбөрийг 2016 оны 01 сарын дотор төлөхөөр харилцан тохирсон. Талууд 2016 оны 05 дугаар сард тооцоо нийлэхэд 9,736,000 төгрөгийн төлөлтийг хийсэн байсан. Одоо 24,505,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энэхүү төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байна. Иймд ******* ХХК 24,505,000 төгрөгийг төлөөгүйн улмаас гэрээний 3.4-т заасны дагуу 1 хувиар алданги тооцож 110 хоногийн алдангий 26,955,500 төгрөгийн алданги болж байна.

“*******” ХХК-иас гэрээний дагуу 24,505,000 төгрөг, алданги 26,955,500 төгрөг, нийт 51,460,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Үүэт” ХХК-ийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гэрээний дагуу 24,505,000 төгрөг, алданги 26,955,500 төгрөг, нийт 51,460,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг миний бие алдангийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрийг сар бүр 1 сая төгрөгөөр цувуулан төлж барагдуулах саналтай байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч “Үүэт” ХХК нь хариуцагч “*******” ХХК-иас нийт 21,460,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            “Үүэт” ХХК болон “*******” ХХК-иуд нь гахай, тахианы мах нийлүүлэх гэрээг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 08 сарын 24-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатайгаар байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч “Үүэт” ХХК нь махны нийлүүлэлт хийсэн болох нь хэрэгт авагдсан Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын гэрээ, талуудын хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаанууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Талуудын тохиролцоо, гэрээний агуулгыг дүгнэн үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

            Гэрээний хүчин төгөлдөр байдал, нийлүүлсэн барааны хэмжээ зэргийн талаар талууд маргаагүй болно.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний 3.1-т төлбөрийг барааг ачуулснаас хойш 7 хоногийн дотор бэлнээр болон дансаар хийхээр тохирчээ.

            Нэхэмжлэгч “Үүэт” ХХК-ийн нийлүүлсэн махны үнийн үлдэгдэл 24,505,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК нь тохирсон хугацаандаа төлөөгүй, дээрх хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан 2015 оны 07 сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 сарын 06-ны, 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 2016 оны 5 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн талаарх талуудын бичгээр хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “... 24,505,000 төгрөг, алданги 26,955,500 төгрөг, нийт 51,460,500 төгрөгийн алдангийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрийг сар бүр 1 сая төгрөгөөр цувуулан төлж барагдуулах саналтай байна” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байгаа энэ талаар талууд маргаагүй байна.

            Харин хариуцагч “*******” ХХК нь алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

            Талуудын хооронд байгуулсан “Бараа бүтээгдэхүүний борлуулалтын гэрээ”-ний 3.4-т: “Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 10 дахь хоногоос эхлэн өдөрт 1 хувиар алданги тооцно” гэж заажээ.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд гэрээнд 0,1 хувиар алданги тооцохоор тохирсон нь энэхүү хуульд заасантай нийцэж байна.

 

            Харин хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 24,505,000 төгрөг байхад алданги 26,955,500 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т: “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

 

            Иймд Үүэт ХХК-ийн нэхэмжилсэн алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн хасч, үндсэн төлбөр 24,505,000 төгрөг, алдангид 12,252,500 төгрөг, нийт 36,757,500 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,703,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч *******д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд  хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 36,757,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үүэт” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 14,703,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Үүэт”       ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,300 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 341,738 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үүэт” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ