Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан, шүүгч Б.Мөнхзаяа, Баян-Өлгий аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, иргэдийн төлөөлөгч Д.Амарсайхан, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Гт холбогдох 1935001890078 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, баруун ард аюушийн 7-119 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн 35-19 тоотод оршин суух, Б овогт Б Г /РД:ТИ74092713/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг, Сэжүүрийн түнгэ гэх газарт 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч, хохирогч Д.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  1. “Хэрэг учрал болсон гэх газар нь Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс урд зүгт 9.4 км-т байрлах Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт тал хээр газарт болсон байв. ...Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Сэжүүрийн түнгэ гэх газарт Энхээ гэх айлын эзэнгүй өвөлжөөн дээр ирж үл хөдлөх цэгээр өвөлжөөг авав. ...Тус өвөлжөөнөөс баруун зүгт 35 метрт элсэнд машин суусан бололтой газрын хөрс ухагдсан машины мөр үүсэж ухагдсан хэсэгт цементээр эвээс хийсэн мөн түүний дэргэд хар хөх дээл байв. Машин суусан гэх газрыг В цэгээр тэмдэглэж цааш нь явахад В цэгээс 28 метрт хөл нүцгэн хүний хөлийн улны 28 см урт мөр үүссэн байсныг 1, 2, 3 гэсэн цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. ...1, 2, 3 дугаар цэгээс 407 метрт ...тод мөр үүсгэж газар унасан мөр үүссэнийг 4 гэж тэмдэглэв. 4-р цэгээс хойд зүг рүү 3 м 80 см-т унаж газар самардсан бололтой гарын хурууны 4 ширхэг мөр үүссэнийг 5 гэж тэмдэглэв. 5-р цэгээс баруун зүгт 3 м 50 см-т унаж мөлхсөн мөр үүссэнийг 6 гэж тэмдэглэв. 6-р цэгээс хойд зүгт 7 м 80 см-т мөлхсөн мөрийг 7 гэж тэмдэглэв. 7-р цэгээс 4 м 90 см-т мөлхсөн, 8-р цэгээс 4 м 60 см-т мөлхсөнийг 9 гэж, 9-р цэгээс хойд зүгт 4 м 30 см-т мөлхсөнийг 10 гэж, 10-р цэгээс цогцос хойд зүгт 2 м 40 см-т байсныг А цэгээр тэмдэглэв. А цэгээс үл хөдлөх цэг хүртэл 460 метр зайтай байв. ...Талийгаачийн цогцос хөл нүцгэн, газар самардсан 1,60х3,25 метр хэмжээний тойрог хэлбэрийн мөр үүссэн байв. ...Цээж нүцгэн доогуураа цоохор өнгийн даавуун өмдтэй нүүр нь хавдаж хөхөрсөн, ам хамраас нь цусархаг шингэн гарч хатсан...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 03-14 дүгээр хуудас/,
  2. Шүүх химийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай “Иргэн Д.Н-н гэх цусанд спирт илрээгүй, ходоодны агууламжид 1.1 промили спиртийн агууламж илрэв. Д.Н нь нас барах үедээ эрүүл байсан байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 119 дүгээр хуудас/,
  3. Шүүх   биологийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай “Иргэн Д.Н нь Моноклон урвалжаар А (ΙΙ) бүлгийн цустай байна. Иргэн Д.Нээс авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 121 дүгээр хуудас/,
  4. Биологийн      шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3087 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх ретузэн дээр цус илрээгүй. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр А /ΙΙ/ харьяалалтай хүний цус байна. Хохирогчийн гэх бүх хувцаснууд дээр үрийн шингэн илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 137 дугаар хуудас/,
  5. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай “Талийгаач Д.Нийн биед гэмтэл учирсан байна. Талийгаач Д.Нийн биед цээжний хавсарсан гэмтэл цээжний хоёр талын олон хавирганы хугарал, баруун 3-9-р хавирга эгмийн дунд /өвчүүний хажуу/ шугамаар, зүүн талын 2-9 дүгээр хавирга эгмийн дунд /өвчүүний хажуу/ шугамаар хугарсан, өвчүү ясны хөндлөн хугарал, өвчүүний гадна дотно цус харвалт, үнгэлцгэн хальсны дээрх цус харвалт. Толгой нүүр 2 гарын бугалга, мөр, цээж, хэвлий, ташааны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт зэрэг гэмтлүүд үүссэн байна. Талийгаачид үүссэн дээрх гэмтлүүд нь гаднын мохоо хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Д.Н-н биед үүссэн цээжний хоёр талын олон хавирганы хугарал, өвчүүний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач Д.Н нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг тогтоох зорилгоор шүүх-химийн шинжилгээ хийхэд цусанд спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 1,1 промили спиртийн агууламж илэрсэн. Талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч нас барах үедээ эрүүл байсан байна. Талийгаачийн үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Д.Н нь дээрх гэмтэл авсны дараа тодорхой хугацааны дараа нас барсан байх боломжтой. Талийгаач Д.Н нь нас барахын өмнө хурьцал үйлдсэн эсэхийг тогтоох зорилгоор үтрээнээс наацын шинжилгээ авч шинжлэхэд эр бэлгийн эс илрээгүй. Талийгаачийн үтрээ, бэлэг эрхтний орчим үрийн шингэний үлдэц гэхээр зүйл байгаагүй. Талийгаач Д.Н-н үхлийн шалтгаан нь: Дээрх хавсарсан гэмтэл: /цээжний хоёр талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хөндлөн хугарлын/ улмаас амьсгал-зүрх судасны хурц дутлаар нас барсан байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 113-116 дугаар хуудас/,
  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х-гийн “Талийгаач Д.Н нь миний хоёр дахь охин юм. Эхээс 9-үүлээ доороо 5 эрэгтэй. 2 эмэгтэй дүүтэй, бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн ... Д.Н нь 1986 онд Цагаанцоож гэдэг хүнтэй гэр бүл болж хүү Б, охин Б нарыг төрүүлсэн, Н, Ц нар нь 2002 оноос салсан боловч албан ёсоор салаагүй явчихсан тэгээд 2002 оноос Гтой хамтран амьдарч 2004 онд охин Бг төрүүлж 2009 он хүртэл хамт амьдарч байсан. Н нь зан байдлын хувьд зориг тэвчээртэй, дайчин ажилсаг хөдөлмөрч, шаргуу бусадтай зөв боловсон харьцаатай, зөөлөн дөлгөөн, хүнд уриалагхан, өрөвч нинжин уян зөөлөн хүн байсан. Д.Н Г нар 2002 оноос хойш цуг амьдарч эхэлснээс нь мэднэ. ...2016 оноос хойш цуг нэг хашаанд цуг айл буусан. Б.Г нь Нийг ер нь зоддог байсан. Миний санаж байгаагаар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилийн өдөр архи уучихсан ирээд хоорондоо маргалдаж гарыг нь хугалж байсан. Түүнээс хойш 2016 онд хөнжлөөр толгойг нь ороочхоод зодож гэмтэл учруулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн цагдаад шалгагдаж тэнсэн ялаар шийтгүүлж байсан. Мөн согтуугаар агсам тавьж зодож байсан тохиолдол маш олон байгаа түүнийг Баянзүрх дүүргийн цагдаад бүртгэлтэй байгаа. ...Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
  7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бийн “...Миний ээж талийгаач Д.Н нь 2002 онд миний ааваас салж Г гэгч хүнтэй хамтран амьдрах болсон бөгөөд 2004 онд дундаасаа Биндэрьяаг төрүүлж гурвуулаа цуг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 35-19 тоотод оршин сууж байсан. ...В.Г нь миний ээжийг байнга зоддог байсан. Ээж өөрөө юу ч хэлэхгүй хааяа гэрт нь очиход Б.Г байнга л согтуу байдаг байсан. Миний санаж байгаагаар 2012 оны шинэ жилээр зодуулж байсан. Мөн 2016 онд гар хөлийг нь хугалсан байхад эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Мөн согтуугаар агсан тавьж байсан тохиолдол зөндөө байгаа, тэр болгоныг нь санахгүй байна.... амь насыг нь хохироосонд гомдолтой байна ...

...Хамтран амьдрагч Б.Гийн хувьд хатуу, ширүүн догшин, архи их уудаг, архи уусан үедээ ээжид маань хатуу ханддаг, бүр зодож дарамталдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-48 дугаар хуудас/,

  1. Насанд хүрээгүй гэрч Н.Б-гийн “...миний ээж бол намуун дөлгөөхөн зантай, аав маань догшин ширүүн зантай. Миний ээжийг аав маань зоддог байсан. Би оныг санахгүй байна, шинэ жилийн орой аав архи уучихсан байж байгаад агсамнаж тавилгаа эвдээд ээжийн гарыг цохиж хугалсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа аав хөдөө явж мөнгө олж ирээд ээж авчихсан байсан ... мөнгө өг архи авч ууна гээд ээж мөнгө өгөхгүй гэхэд хөнжлөөр толгойг нь ороогоод цусгүй ална гээд боосон тэгээд толгойг нь гараараа цохиод би айж эмээг дуудах гэхэд над руу аяга шидээд би гарч гүйхэд миний араас гарч ирээд намайг барьж зодно гэсэн тэгээд би цагдаад мэдэгдсэн. 2017 оны зун Ховд аймаг руу явах гээд бид 3 Өндөрхангай сум руу явж аав ээж хоёр хонины ноос авахаар болсон тэгж байтал тэр наймаа нь бүтэлгүй болоход чамаас болсон гэж ээж рүү дайрч ээжийг газар унагаж зодсон, тэгээд би дундуур нь орж салгасан. Тэр үед бүр хонхор газар луу оруулж байгаад зодсон. Ээж зодуулсны дараа хөл, гар нь хөхөрсөн. Мөн Увс аймгийн Өндөрхангай суманд ирэхийн өмнө гэртээ бид 3 байж байхад бас согтуу ирж хаалга эвдээд /татаж/ орж ирээд ээжийг буланд шахаж байгаад цохиод архи авна гээд мөнгийг нь аваад явсан. ...Манай аав Б.Г нь маш догшин ширүүн, архи их уудаг хоёр өнжөөд эсхүл нэг өнжөөд архи уудаг, архи уух болгондоо ээжээс мөнгө нэхэж ээжийг зоддог. Цагдаад мэдэгдээгүй маш олон үйлдэл байгаа. Баянзүрхийн цагдаа ер нь мэддэг байсан. Намайг ээжийг зодуулахгүй гэж дундуур нь ороход бас цохидог байсан. ...Ер нь мөнгөнөөс болж их маргаж цохидог байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-52 дугаар хуудас/,
  2. Гэрч Т.Нын “... Б.Г, Д.Н нарыг танихгүй. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед миний урьд нь танилцаж байсан Хуяг гэдэг хүн ирсэн тэр хүн манайд ирэхэд замын хүнд цай хоол хийж өгье гээд цай чанаад хоол хийх гэж байтал Хуяг гэдэг хүн би хоёр хүнтэй цуг яваа юм тэр хоёрыг бас дуудчихъя гээд дуудсан тэгтэл манайд ачааны машинтай эрэгтэй эмэгтэй хоёр буюу Б.Г, Д.Н нар ирж тэд нар манайд цай хоол идэж уучхаад Хуяг гэдэг хүний жижиг суудлын машинаар манай гэрээс 12 км-т байрлах сумын төв рүү орж 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи, 1 ширхэг 2,5 литрийн пиво авч ирээд тэд нар түүнийгээ задалж манай гэрт уусан. Архиа ууж дууссаны дараа Б.Г би сумын төв орно гээд эхнэр Д.Нээсээ түлхүүр аваад ир би сумын төв рүү архинд явна гэсэн тэгтэл Д.Н нь согтуу хүнд түлхүүр өгөхгүй гээд манайхаас гарч би энэ хүнээс нуугдахгүй бол намайг зоддог юм гээд манай үхрийн амбаар луу орж нуугдсан тэгтэл Б.Г манай эргэн тойронд хайж байгаад үхрийн бин буюу амбаараас олоход эхнэр нь зугтаад гарч ирээд манай гэрээс зүүн тийш гүйгээд өндөр дэрсний дэргэд очиж суугаад нуугдаж байтал Б.Г үснээс нь чирээд манай гадна авч ирээд чи муу яагаад энэ залуутай унтаж байгаа юм гээд над руу заагаад чи энэ залуутай амбаарт унтсан гээд эхнэрийнхээ үснээс татаад нүүр лүү нь өшиглөхөд эхнэр нь газар унасан тэгээд босоод ирэхэд нь машин руугаа чирч оруулаад яваад өгсөн. Манай гэрийн гаднаас Наранбулаг сумын чиглэлд явсан. ...Д.Н гэрээс гарч үхрийн амбаар луу ороход манай гэрт Н, Хуяг ах болон манай хүүхэд бид нар байсан. Г гараад явчихсан байж байгаад орж ирээд эхнэрээ асуугаад буцаж гарч хайсан. Г нь анх архи ууж байгаад архи нь дуусаж дахин архи авна Наранбулаг сум орно машины түлхүүр, мөнгө өг гэсэн тэгэхэд эхнэр нь болох Д.Н түлхүүр өгөхгүй гэснээс болж маргалдахад Хуяг ах та нар айлын гэрт больцгоо л доо гэхэд Г гэрээс гараад явсан. ...Д.Нийг Б.Г дэрсний араас авч ирэхдээ үснээс нь татаж, шилэн хүзүүн дээр нь дарчихсан авч ирээд машин гэр хоёрын дунд манай гэрийн үүдэнд толгойг нь доош дараад нүүр, цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Ер нь нэлэнхийдээ нүүр цээж аль аль нь цохигдсон байх, яагаад гэвэл тонгойлгож байгаад баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд машин руугаа аваад машины цаад талын хаалгаар суулгах гээд мөн үснээс нь чирээд явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-58 дугаар хуудас/,
  3. Гэрч С.Нын “...Б.Г манайд байхдаа Нийг түнгэ дундаас авч ирээд чи муу энэ Нтай унтсан гэж хэлээд хөл рүү өшиглөж, нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн тэгээд одоо явъя гээд аваад явсан. ...Г нь машины түлхүүр өг, архинд явна гэхэд Д.Н өгөхгүй гэсэн тэгээд Г уурласан, мөн дэрсний араас авч ирээд чи муу авгай энэ айлын залуутай унтсан гэж уурлаад цохиод машин руугаа суулгаад аваад явсан. Г нь эхнэр Нээ дэрсний цаанаас авч ирээд үснээс нь доош дарж тонгойход нь нүүр цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, яг хаана нь өшиглөснийг хараагүй, ерөнхийдөө нүүр цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Машиныхаа цаад талд очоод цохисон эсэхийг мэдэхгүй, манай үүдэнд нэг өшиглөөд машины цаад тал руу авч яваад суулгасан. Машины цаад талд очоод цохисон эсэхийг анзаарч хараагүй. ... Д.Н тусламж хүсэж орилоогүй, харин өшиглөсний дараа ёо ёо гэсэн тэгээд машинд суугаад явж байхдаа ёо ёо гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-62 дугаар хуудас/
  4. Гэрч Б.Хгийн “... Г гарч бие засчхаад орж ирээд Нийг машины түлхүүр  өгчих Наранбулаг сум руу ороод дахин 1 шил архи аваад ирье гэсэн тэгтэл Н нь болохгүй ээ Ганаа наана чинь аймагт тарваган тахал  гарсан гээд аймагт онц байдал зарласан байна гэсэн сумын төвийн цагдаа нар ч гарчихсан байгаа байх гэж хэлсэн тэгтэл мөнгө нэхэж, машины түлхүүр авах гээд эхнэр лүүгээ очоод гараас нь татаад футболкныхан сугыг ураад маргалдахад би та нар айлын гэрт болохгүй гэхэд Г гэрээс гараад машин руугаа явах шиг болсон тэр хооронд Н ... би энэ хүнээс нуугдахгүй бол машин авч явж асуудалд орно би нуугдмаар байна гэж хэлсэн тэгтэл үхрийн амбаар луу орчих гэж Н хэлэхэд Н гарч үхрийн амбаар луу орсон. ... нуугдсанаас хойш 5 орчим минутын дараа Г орж ирээд манай эхнэр яав гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгтэл гэрээс гарч хайгаад миний машин онгойлгож хаалгыг нь хүчтэй хааж гадна орилоод Нараа чи хаана байна гээд орилоод хайгаад байсан. Тэгээд 15 орчим минут хайсан тэгж байтал гэрээс Н эхнэртэйгээ цуг гарахад хүүхэд нь уйлахад Нын эхнэр Н орж ирж хүүхдээ хөхүүлсэн. Тэгээд буцаад гарахад би араас нь гэрийн гадна гарахад Г нь Нын зүүн талаас эхнэрийнхээ шилэн хүзүүн дээр дараад үснээс нь татаад гэрийн гадна авч ирсэн. ...Н-ын гэрийн үүдэнд авч ирээд цээжний өвчүү хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед нүүр лүү нь бас цохигдох боломжтой яагаад гэвэл тэр эмэгтэйг шилэн хүзүүн дээр нь үснээс татаж дараад доош нь тонгойсон байхад нь урдаас нь өшиглөсөн тэгэхээр хөлийн өлмий хэсэг өвчүү рүү нь, хөлийнхөө шилбэ хэсгээр нүүр лүү нь өшиглөгдөх боломжтой. ... би энэ янхан авгайг  авч Улаанбаатар хот руу явна гээд аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-67 дугаар хуудас/,
  5. Гэрч Б.М-ийн “...Б.Г, Хүрэлбаатар бид гурав Бор хавцлаас явж байхад би эхнэртэйгээ Цагаанхайрхан сумын Оройн өтөг гэх газарт алт гарч байна гэхээр нь тэнд байж байгаад буцаад Бор хавцал руу явж байгаад замдаа нэг айлд орж хоол идээд архи уусан тэгтэл тэр айлын залуутай манай эхнэр бэлгийн харьцаанд орсон байхаар нь би уурлаж зодоод машиндаа суулгаад буцаад Улаанбаатар хот руу чиглээд явж байгаад замдаа харанхуй болохоор нь хоносон тэгээд шөнө ороо засаад хэвтэж байтал эхнэр бие засна гээд машины тэвшнээс буугаад явсан тэгээд олдохгүй байна гэж хэлсэн. Нүүр лүү нь гараараа цохисон, машин барьж яваад мөн цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/,
  6. Гэрч Б.Ч-ийн “...2019 оны 5 сарын 07-ний өдөр 11 цагийн үед Б.Г ганцаараа манайд орж ирээд манай эхнэр танайхаар ирсэн үү гэж хэлж орж ирсэн. Танай эхнэр манайд ирсэнгүй гэхэд манайхаас гараад явсан түүний маргааш нь 5 дугаар сарын 08-ны өглөө үүрээр 05 цагт орж ирээд манай эхнэр орж ирсэн үү гэхэд ирээгүй гэсэн. Тэгээд би эхнэр тань яасан юм бэ гэхэд манай эхнэр бид хоёр архи уугаад эхнэр маань гүйгээд алга болчихлоо, хамгийн гол нь ах нь архи уучхаад эхнэрээ жаахан цохисон юмаа надад гомдоод машинд суугаад Улаанбаатар явчихсан юм болов уу гэж  бодож байна гэж хэлсэн тэгээд гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/,
  7. Гэрч Б.Ц-ын “... 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Б.Г манайд архи уучихсан халамцуу орж ирээд манай эхнэр танай гэрээр ирсэн үү гэж сураглаад гарсан. ...Би Гоос эхнэр тань яасан юм бэ гэхэд мэдэхгүй алга болчихлоо, би Наранбулагаас урагш яваад хогийн хөтлийн цаана цохисон, тэгээд цуг байж байгаад гүйгээд алга болчихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 дугаар хуудас/,
  8. Гэрч Б.Н-гийн “...Би Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Адгийн хуурай гэх газарт мал малладаг бөгөөд Сэжүүрийн түнгэ гэх газар нь манайхаас зүүн урд зүгт байдаг. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өглөө би 07 цагт малаа гаргах гээд гэрийн гаднаас дуран тавьж байхад сумын төвийн урд талын хогийн хөтлийн урдаас Сэжүүрийн түнгээс сумын төв рүү чиглээд нэг цэнхэр өнгийн жижиг портер загварын автомашин сумын төв рүү орж харагдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76 дугаар хуудас/
  9. Гэрч Б.М-ийн “...2018 оны 12 дугаар сарын 20-ны үед манай аав ээж хоёр Улаанбаатар хот руу яваад 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед ирсэн тэр хугацаанд Н эгч, Г ах нар манай гэрт байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үед Г ах Н эгч хоёр хөдөө мал авахаар яваад буцаад манай гэрт ирсэн. Тэр үедээ Г ах согтуу ирсэн бөгөөд орой унтахаар болж ор засахад Г ах гарна гэхэд Н эгч машины түлхүүрийг нь аваад надад өгсөн тэгэхэд Г ах Н эгчийг хоолойноос нь багалзуурдаад цохих гэхэд нь би очиж салгах гээд дундуур нь ороход миний хацар луу алгадсан тэгээд Г гараад явчихсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,
  10. Гэрч Д.Нын “....2019 оны 01 дүгээр сард Д.Н, Б.Г хоёр хөдөө мах авахаар явж байгаад ирэхдээ Н эгч ирээд хэвтээд босохгүй байсан тэгээд би юу болов гэхэд хөдөө хээр гаргаж намайг цохилоо гэж хэлж байсан. Чухам юунаас болж цохисныг нь ч  би асуугаагүй. Биед нь яг ил харагдах бэртэл гэмтэл байхгүй байсан. Хамаг бие өвдөөд байна гэж л байсан. Б.Г нь архи уусан үедээ бол орилж хашхираад, ширүүн догшин болчихдог” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
  11. Гэрч С.Б-ын “... Б.Г гэдэг залуу ... 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр цагаан өнгийн аксент загварын автомашинтай 3 жижиг, 2 том дугуй авч ирээд машиныхаа дугуй хийлгэж аваад явсан. Тэгээд түүнээс хойш 1, 2 хоногийн дараа би сумын төвд оройхон мотоциклтой явж байтал намайг дэлгүүрийн үүдэнд дуудаж та дэлгүүр ороод нэг шил архи аваад өгөөч гэж хэлэхэд би орж 0,5 литрийн Ерөөл нэртэй архи авч өгөөд явуулсан. Надаар архи авхуулах үед эхнэр нь суудал дээрээ налсан сууж байсан. Архи уусан эсэхийг нь мэдэхгүй, зодуулсан эсэхийг нь анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 дүгээр хуудас/,
  12. Гэрч Б.Ц-ний “...Г надад хэлэхдээ манай эхнэр нэг хүнтэй унтаж байсныг нь би бариад цохиод хөөгөөд явуулчихсан. Надаас зугтаад явчихлаа гэж хэлсэн. Бараг хувцас хунаргүй явсан ухааны юм хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
  13. Шинжээч О.П-ийн “...гэмтлүүдийг талийгаач амьд байх үедээ авсан шинэ гэмтлүүд байсан. ...Цогцост үүссэн хөшилт тавигдсан, уруул ам омголтож хатсан, их бие мөчдийн хөшилт тавигдсан зэргээс харахад анх үзлэг хийхээс 3-4 хоногийн өмнө нас барсан байх боломжтой юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүх-химийн шинжилгээний 47 дугаартай дүгнэлт, Шүүх биологийн 35 дугаартай дүгнэлт, Биологийн шинжилгээний 3087 дугаартай дүгнэлт, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 31 дугаартай дүгнэлт болон Шүүх сэтгэц эмгэг судлал 18 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,  5.1.6 дах хэсэгт “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээд” гэж тус тус тодорхойлжээ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт хамтран амьдрагч нарыг тус хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Г, амь хохирогч Д.Н нар нь 2002 оноос хойш хамтран амьдарч байгаа болох нь шүүгдэгч Б.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х, Ц.Б, гэрч Ц.Б, насанд хүрээгүй гэрч Н.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь амь хохирогч Д.Нтэй хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн хүчирхийллийг байнгын давтамжтай үйлддэг байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х-гийн “Б.Г нь Нийг ер нь зоддог байсан. Миний санаж байгаагаар 2012 оны 12 сарын 31-ний өдөр шинэ жилийн өдөр архи уучихсан ирээд хоорондоо маргалдаж гарыг нь хугалж байсан. Түүнээс хойш 2016 онд хөнжлөөр толгойг нь ороочхоод зодож гэмтэл учруулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн цагдаад шалгагдаж тэнсэн ялаар шийтгүүлж байсан” /1-р хх-ийн 39-41х/ гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бийн “Б.Г байнга л согтуу байдаг байсан. Миний санаж байгаагаар 2012 оны шинэ жилээр зодуулж байсан. Мөн 2016 онд гар хөлийг нь хугалсан байхад эмнэлэгт хүргэж үзүүлсэн” /1-р хх-ийн 45-48х/ гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Н.Биндэръяагийн “2017 оны зун Ховд аймаг руу явах гээд бид 3 Өндөрхангай сум руу явж аав ээж хоёр хонины ноос авахаар болсон тэгж байтал тэр наймаа нь бүтэлгүй болоход чамаас болсон гэж ээж рүү дайрч ээжийг газар унагаж зодсон” /1-р хх-ийн 49-52х/ гэх мэдүүлэг, гэрч Б.М-ийн “2019 оны 1 дүгээр сарын 10-ны үед Г ах Н эгч хоёр хөдөө мал авахаар яваад буцаад манай гэрт ирсэн. Тэр үедээ Г ах согтуу ирсэн бөгөөд орой унтахаар болж ор засахад Г ах гарна гэхэд Н эгч машины түлхүүрийг нь аваад надад өгсөн тэгэхэд Г ах Н эгчийг хоолойноос нь багалзуурдаад цохих гэхэд нь би очиж салгах гээд дундуур нь ороход миний хацар луу алгадсан” /1-р хх-ийн 84-85х/ гэх мэдүүлэг, гэрч Д.Нын “2019 оны 1 дүгээр сард Д.Н, Б.Г хоёр хөдөө мах авахаар явж байгаад ирэхдээ Н эгч ирээд хэвтээд босохгүй байсан тэгээд би юу болов гэхэд хөдөө хээр гаргаж намайг цохилоо гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь автомашины түлхүүр өгөөгүй гэх шалтгаанаар амь хохирогч Д.Нийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Т.Нтай бэлгийн харьцаанд орсон гэж шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон болох нь гэрч Т.Н, С.Н, Б.Х, Б.Ч, Б.Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Амь хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас баруун 3-9-р хавирга эгмийн дунд /өвчүүний хажуу/ шугамаар, зүүн талын 2-9 дүгээр хавирга эгмийн дунд /өвчүүний хажуу/ шугамаар хугарсан, өвчүү ясны хөндлөн хугарал, өвчүүний гадна дотно цус харвалт, үнгэлцгэн хальсны дээрх цус харвалт, толгой нүүр 2 гарын бугалга, мөр, цээж, хэвлий, ташааны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт зэрэг гэмтлүүд  авч, цээжний хоёр талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хөндлөн хугарлын улмаас амьсгал-зүрх судасны хурц дутлаар нас барсан байна.

Иймд шүүгдэгч Б.Г 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр амь хохирогч Д.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож алсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дэх хэсэг заасан хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримт бүрдүүлж, нэхэмжлэл гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүгдэгч Б.Г нь хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруутайд тооцогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 сарын 24-ний өдрийн 18 дугаартай “Б.Г нь сэтгэцийн хувьд эрүүл. Б.Г нь болсон үйл явдлыг үнэн зөв тусгаж, мэдүүлэг өгч чадна. Б.Г нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 142-143 дугаар хуудас/-ээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дах хэсэгт зааснаар 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,5 литрийн Ерөөл нэртэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хорих ялаар шийтгүүлсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр тогтов

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дах хэсэгт заасан хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 16 /арван зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 16 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт энэ хэрэгт цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

           

 

ШҮҮГЧ                                                   Б.ГАНСҮХ

                                                              П.ДОРЖБАЛ

                                                              Б.МӨНХЗАЯА