| “Талын жин” ХХК-ийн хүсэлттэй иргэний хэргийн талаар Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч “Талын жин” ХХК-ийг төлөөлж,*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Хүдэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэртэй, “2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн 1211003125 дугаартай,*******, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг, ******* тоот хаягтай, бичиг хэргийн худалдаа, компьютерын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй “Талын жин” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: 1.Хүсэлт гаргагч “Талын жин” ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийн агуулга: 1.а.Хүсэлт: “Талын жин” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулахыг хүссэн. 1.б.Хүсэлтийн үндэслэл: “Талын жин" ХХК нь Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтсийн хамтарч боловсруулсан хаяг, шошго, сав баглаа, боодлын үйлдвэрийн төслийг “Сүхбаатар хөгжил, үйлдвэр технологийн парк” ОНӨААТҮГ-тай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17/1 дугаартай жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлсэн. Манай компани улсын бүртгэлийн 1211003125 дугаартай,*******,оёдлын үйлдвэрийн бүтээгдэхүүний хаяг, шошгыг хэвлэх, "Сүхбаатар сүү" ХХК-ийн бүтээгдэхүүний сав баглаа боодлыг хийх, хамтарч ажиллах зорилгоор төсөлд оролцсон. Манай компани үйлдвэрийн тоног төхөөрөмжөө худалдан авч суурилуулан ажиллаж эхэлсэн ч гол захиалагч “Проимпекс” ХХК-ийн оёдлын үйлдвэр огт захиалга өгөөгүй, татан буугдсан. “Сүхбаатар сүү” ХХК-тай 2019 оныг хүртэл хамтран ажилласан боловч үйл ажиллагаа нь доголдож татан буугдсан. “Ковид-19” цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл үүссэн тул 2020 оны 4 дүгээр сараас манай компанийн үйл ажиллагаа доголдон, ажилчдаа цомхотгож, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 жил 8 сар сул зогсолт хийсэн. "Талын жин" ХХК 2020, 2021, 2022, 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тул татварын албанд "Х тайлан гаргаж өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д "гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн улмаас аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулна" гэж заасан. Гэтэл Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай шийдвэрээр "Талын жин" ХХК нь 199,125,000 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү шийдвэрт зээлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хуримтлагдсан хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар оруулж тусгасан нь компанийн санхүү, төлбөрийн чадварт хүнд байдал үүсгэсэн. “Ковид-19” цар тахал өвчний улмаас Засгийн газрын тогтоолоор хөл хорио тогтоож, хил хааснаас давагдашгүй хүчин зүйл үүсэж, үйлдвэрлэл явуулах боломжгүй болж, "Талын жин" ХХК 2020, 2021 онд сул зогсолт хийсэн тул зээлийн хүү, алдангийг шүүх хурлын үед хасаж тооцуулах хүссэн боловч шүүх хүлээж аваагүй, гаргуулж шийдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компани өөрийн хөрөнгө болох үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 55,873,745 төгрөгөөр үнэлж, нэрийн дэлгүүрийг 17,000,000 төгрөгт бодож, нэхэмжлэгч талд шилжүүлж өгсөн. Би 2014 онд нэг гишүүнтэй "Талын жин" ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Тус компани "Хас банк", "Төрийн банк", "Голомт банк" болон бусад банканд зээл, хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөр байхгүй. Мөн бусад хуулийн этгээд, хувь хүнээс авсан зээл, өр төлбөр, авлага байхгүй болно. "Талын жин" ХХК нь үйлдвэрлэл явуулах ажлын байр, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөгүй болсон тул Дампуурлын тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг дампуурсанд тооцон, татан буулгаж өгнө үү гэв. 2.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан төлбөрийн чадваргүйд тооцон, татан буулгах тухай хүсэлт гаргагч “Талын жин” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 3.Хүсэлт гаргагч Г.Гүндсамбуу давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талын жин” ХХК нь “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтсийн хамтарч “хаяг, шошго, сав баглаа, боодлын үйлдвэрийн төслийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж эхэлсэн. “Талын жин” ХХК нь 2020-2023 онуудад үйл ажиллагаа явуулаагүй тул татварын албанд “Х” тайлан гаргаж өгч байсан. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай шийдвэрээр “Талын жин” ХХК нь “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-т 199,125,000 төгрөг төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэрт зээлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хуримтлагдсан хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар оруулж тусгасан нь компанийн санхүү, төлбөрийн чадварт хүнд байдал үүсгэх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компани өөрийн хөрөнгө болох үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 55,873,745 төгрөгөөр үнэлж, нэрийн дэлгүүрийг 17,000,000 төгрөгт бодож, “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-т шилжүүлж өгсөн. Тус компани нь арилжааны банкнуудад болон банк бус санхүүгийн байгууллагад ямар нэгэн зээл, хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөр байхгүй. Мөн бусад хуулийн этгээд, хувь хүнээс авсан зээл, өр, төлбөр, авлага байхгүй. Мөн хэрэг гүйцэтгэгч Б.ын тайлбарт манай компанийн өр төлбөрийн талаар тодорхой дурдсан байгаа. Монгол улсын Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд: “Талын жин” ХХК нь өөрийн хөрөнгийн 1269.7 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. “Талын жин” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэж хэрэг гүйцэтгэгч Б. дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх “Талын жин” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, гэрээний үүрэг болон хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан гэжээ. 4.Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Талын жин” компани нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Сүхбаатар Хөгжил Үйлдвэр Технологийн парк” ОНӨААТҮГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтарч, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлээр санхүүжүүлж, хаяг, шошго, сав баглаа, боодлын үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үндсэн ажил олгогч болох “Про импекс”, “Сүхбаатар сүү” компанийн үйл ажиллагаа доголдож, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ больсон учраас дагалдах үйл ажиллагааг явуулдаг “Талын жин” компанийн хувьд энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үүнээс гадна 2019 оноос корона вирус гарч 2020-2023 онд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд X тайлантай явсан талаарх хангалттай нотлох баримтыг хэрэг гүйцэтгэгч бүрдүүлсэн. Г.Гүндсамбуугийн хувьд үндсэн зээлтэй холбогдсон 199.125.000 төгрөгийн төлбөрийг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Компанийн хөрөнгө болох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 55,873,745 төгрөг, нэрийн дэлгүүрийг 17,000,000 төгрөгөөр бодож, зээл авсан байгууллага руу шилжүүлсэн. Үүнтэй уялдуулаад хэрэг гүйцэтгэгч гэдэг хүн томилогдсон. ын хувьд тухайн иргэний хэрэгт дампуурлын хэргийг тодорхойлсон тодорхойлолтыг шүүхэд гаргасан байгаа. Дампуурлын тухай хуулийн 4.4.1 дэх хэсэгт “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасныг баримталж, “Талын жин” компани татан буугдах нөхцөл байдал үүссэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Талын жин” компанийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв. ХЯНАВАЛ: 5.Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч “Талын жин” ХХК-ийн гүйцэтгэх*******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хяналаа. 6.“Талын жин” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтээ 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргажээ. 7.Хүсэлт гаргагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Сав, баглаа, боодлын үйлдвэрийн төсөл, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээ, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 190 дугаартай шийдвэр, 2020-2023 онуудын санхүүгийн тайлан, компанийн хөрөнгийн жагсаалт, тоног төхөөрөмж, хүлээн авсан тодорхойлолт, Хас, Голомт, Төрийн банкнуудын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлсэн гэрээ, Бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн жагсаалт зэрэг баримтууд болон “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон гэж дампуурсанд тооцож татан буулгах тухай” саналыг тус тус тусгаж, Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нотлох баримтуудыг хүсэлтдээ хавсарган ирүүлсэн байна. (Хэргийн 5-82 дугаар хуудас) 8.Шүүх дампуурлын хэрэг үүсгэн, 2024.04.03-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжаар “Талын жин” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд хийхээр тогтоож, нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг сануулсан ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд тус компанитай холбоотой нэхэмжлэл шүүхэд ирээгүй байна. (Хэргийн 83-90 дугаар хуудас) 9.Дампуурлын тухай хуулийн 11-13 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх дампуурлын хэрэг гүйцэтгэгчийг томилж, түүний хүсэлтийн дагуу “Талын жин” ХХК-ийн нэр дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгө, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанууд, тээврийн хэрэгслийн бүртгэл, шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх тодорхойлолт, арилжааны банкнуудад данс, өр, авлагатай эсэх, гааль, татварын өр, төлбөртэй эсэх лавлагаа, санхүүгийн тайлангууд зэрэг баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргуулжээ. (Хэргийн 102-177 дугаар хуудас) 10.Хэрэг гүйцэтгэгч Б. дүгнэлтдээ: ““Талын жин” ХХК компани нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нийт 145,877,500 төгрөгийн өр төлбөртэй, өөрийн хөрөнгө үлдээгүй, өр төлбөрийн хэмжээ нь өөрийн хөрөнгөний хэмжээнээс -1269.7 хувиар хэтэрсэн, 2020 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон байх тул тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгах саналтай байна.” гэжээ. (Хэргийн 117-126 дугаар хуудас) 11.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангаж, "Талын жин" ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж дүгнэв. Тодруулбал: 11.1.Хэрэг гүйцэтгэгч Б. нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж, “Талын жин” компанитай холбоотой энэ хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай баримтуудыг холбогдох байгууллагуудаас шаардан гаргуулж, санхүү, эдийн засгийн тооцоо, хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог, удирдлагын үйл ажиллагааны талаар бүрэн дүгнэж, компанийн төлбөрийн чадвар, үйл ажиллагааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 11.2. “Талын жин” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан, 2015.05.26-ны өдөр хувь нийлүүлэгчдээс нэг нь хасагдаж, нэг үүсгэн байгуулагчтай болсон, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-аас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийн 136,600,000 төгрөгийн зээл авч, мөн адил төслийн санхүүжилттэй “Про Импекс” болон “Сүхбаатар сүү” ХХК-иудын үйлдвэрийн бүтээгдэхүүний хаяг, шошго, сав баглаа, боодлыг үйлдвэрлэж, нийлүүлэх гэрээтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 11.3.Хүсэлт гаргагч “Талын жин” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-аас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 136,600,000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авснаа хугацаанд нь төлөөгүйгээс маргаан үүсэж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай шийдвэрээр уг зээлээс төлөөгүй үлдсэн 127,600,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөг, байр ашиглалтын болон түрээсийн зардалд 1,465,800 төгрөг, нийт 200,590,800 төгрөгийг “Талын жин” ХХК-иас гаргуулж, “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэжээ. (Хэргийн 12-14, 69-72 дугаар хуудас) Уг шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Талын жин” ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 55,873,745 төгрөгөөр, нэрийн дэлгүүрийг 17,000,000 төгрөгөөр үнэлж, нийт 72,873,742 төгрөгийн хөрөнгийг “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-т шилжүүлж, шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн 36,3 орчим хувийг төлж барагдуулсан байна. Хүсэлт гаргагч компанийн******* нь “Ковид-19” цар тахал өвчний улмаас Засгийн газрын тогтоолоор хөл хорио тогтоон хил хааснаас давагдашгүй хүчин зүйл үүсэж, үйлдвэрлэл явуулах боломжгүй болж, "Талын жин" ХХК 2020, 2021 онуудад сул зогсолт хийсэн тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хуримтлагдсан хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтэй байснаа хүсэлтдээ дурджээ. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд "Талын жин" ХХК-ийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрөө төлөхөөс зориудаар зайлсхийж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар санаатайгаар төлбөрийн чадваргүй болж, дампуурсан гэж үзэж болохгүй юм. 11.4. “Ковид-19” цар тахлын улмаас хүсэлт гаргагч компанийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг буюу сав баглаа, боодлуудыг худалдан авч, хэрэглэдэг гол харилцагч, захиалагч “Проимпекс” ХХК-ийн оёдлын үйлдвэр, “Сүхбаатар сүү” зэрэг компаниудын үйл ажиллагаа бүрэн зогсож, татан буугдсаны улмаас 2020-2023 онуудад хүсэлт гаргагч үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, татварын албанд санхүүгийн Х тайлан гаргасан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 145,877,500 төгрөгийн өр төлбөртэй, өөрийн хөрөнгө үлдээгүй, өр төлбөрийн хэмжээ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс -1269.7 хувиар хэтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Ийм учраас Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч компани өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тул төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлтэй юм. 11.5.Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээдүүдээс "Талын жин" ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул мөн энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан үндэслэлээр уг компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах нэг нөхцөл хангагдсан болно. 11.6.Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “Тус компани 2017-2019 онуудад төлбөрийн чадваргүй болоогүй, ашигтай ажилласан. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрөө төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, бусдаас болон компанийн үйл ажиллагаатай холбоогүй...” гэх дүгнэлтүүд дор дурдсан үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Үүнд: -“Талын жин” ХХК-ийн 2017-2019 онуудын санхүүгийн тайлангуудыг үндэслэн дүгнэлт хийхэд 2017 онд эргэлтийн хөрөнгө 1,066,100 төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 1,800,000 төгрөг, өр төлбөрийн эздийн өмч 2,866,100 төгрөг, өр төлбөр болон өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 100%, 2018 онд эргэлтийн хөрөнгө 1,066,100 төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 1,800,000 төгрөг, өр төлбөрийн эздийн өмч 2,866,100 төгрөг, өр төлбөр болон өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 100%, 2019-2023 онуудад эргэлтийн хөрөнгө 4,934,600 төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 134,231,500 төгрөг, өр төлбөрийн эздийн өмч 139,166,100 төгрөг, өр төлбөр болон өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 100% байгаагаас тус компанийг 2017-2019 онуудын ашигтай ажилласан гэж үзэхэд учир дутагдалтай байна. -“Талын жин” ХХК-ийн удирдлага нь томоохон захиалагчгүй болж, цар тахлын хөл хорионд орсон ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, үйлдвэрлэсэн цаасан хайрцаг, бараа бүтээгдэхүүнээ иргэд, бусад компаниудад сурталчлах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээл авч, уг хөрөнгөөр аймгийн Биеийн тамир, спортын газрын эзэмшлийн газар дээр үл хөдлөх хөрөнгө барьж ашиглалтад оруулсан боловч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-т шилжүүлснээр дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөт ажил зогссон талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дурджээ. (Хэргийн 124 дүгээр хуудас) Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн “хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, хүсэлт гаргагч компанийг дампуурсанд тооцож, татан буулгах боломжгүй” гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. 12.Иймд анхан шатны шүүх дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан боловч хүсэлт гаргагч, хэрэг гүйцэтгэгчийн гаргасан, хэрэгт цуглуулж бүрдүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй, дампуурлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: Нэг.Хүсэлт гаргагч “Талын жин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, гүйцэтгэх*******гийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэрт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай: 1.1.Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан “Талын жин” ХХК-ийг төлбөрийн чадваргүйн улмаас дампуурсанд тооцож, татан буулгасугай.” гэж өөрчилсүгэй. 1.2.Тогтоох хэсэгт “Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Талын жин” ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч Б.ад шилжүүлсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй. 1.3.Тогтоох хэсэгт “Дампуурлын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу “Талын жин” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх, тоолох, хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Б.ад даалгасугай” гэсэн заалт нэмсүгэй. 1.4.Тогтоох хэсэгт “Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Талын жин” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Б.ад даалгасугай.” гэсэн заалт нэмсүгэй. 1.5.Тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй. 1.6.Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Талын жин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гүндсамбуугийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ ШҮҮГЧИД Г.УРТНАСАН С.ГАНЧИМЭГ | |