| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00961/и |
| Дугаар | 1038 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00961/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, Хүйтний голд оршин суух Ө.Ө*** /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, Хүйтний голд оршин суух Т.Ө*** /РД: ****/-т холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ө***, хариуцагч Т.Ө***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ө*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Ө***тэй нэг нутгийн хүүхдүүд байхаасаа нэг нэгнээ танидаг байсан. Ингээд бид 2003 онд гэр бүл болон хамтран амьдраад 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү Ө.Б***, 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Ө.И***нар төрсөн. Т.Ө*** нь Дарханд хүүхдээ эмчлүүлж байсан, намайг хот руу явж байхад Хонгор сумын цаана машин эвдрээд буцаад ирэхэд өвчтэй хүүхдийг минь гэрт нь цоожлоод гараад явчихсан байсан. Тухайн үед Т.Ө***ийг хүнтэй явалдаад байгаа сураг дуулдаад байдаг байсан. Одоо том хүүхэд минь 12 настай, бага охин минь 8 настай. Өвчтэй хүүхдийг минь гэртээ цоожлоод гараад явсан хойгуур нь гадаа сууж байгаад найзындаа очиж хоноод өглөө нь ирэхэд гэртээ ирчихсэн байсан. Ингээд би хүүхдээ аваад явчихсан юм. 2014 оны 05 дугаар сараас хойш Т.Ө*** нь гэрээсээ гарч яваад буцаж ирээгүй. Одоо хүртэл тусдаа амьдарч байна. Би эвлэрүүлэн зуучлалаар ороод 2 хүүхдээ бодоод буцаад нийлнэ гэхэд Т.Ө*** нийлэхгүй гэсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. Тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч Т.Ө*** шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид хамтын амьдралаа 2003 оноос хойш үргэлжлүүлэн 2 хүүхэдтэй болсон. Хөлгүй хүүхдээ эмчлүүлээд явж байхад Сонота 5 маркийн машинаа зарна гэхэд нь би хөлгүй хүүхдээ ийш тийш нь зөөнө битгий зар гэж хэлсэнээс болж хэрүүл маргаан болсон. Ер нь гэрийн эд хөрөнгө, малыг Ө.Ө*** л зарж үрэн таран хийдэг. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар би архи дарс уугаад өөр хүмүүстэй нэр холбогдоод явдаггүй. Ингээд дээрх байдлуудаас болж маргалдан би 2014 оны 05 дугаар сард гэрээсээ гарсан. Би буцаад хамт амьдрах уу? гэхэд “Чамтай ярих зүйл байхгүй” гэдэг байсан. Ө.Ө*** нь олон хоногоор бид гурвыг хаяад л явдаг байсан. Одоо гэрлэлтээ цуцлуулна. 2 хүүхдээ эхийн хувьд өөрийн асрамжид авна. 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно” гэв.
Хариуцагч Т.Ө*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хоёр хүүхдээ цаашид хангалттай сайн анхаарал халамж тавиад яваад, надтай уулзуулж, холбоотой байлгана гэж Ө.Ө*** шүүхийн өмнө хэлж байгаа учир хүүхдүүдээ түүний асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Одоогоор би ажилгүй байгаа, мөн том хүү маань өвөөгийндөө дассан, над дээр ирэхээр хэцүү байх гэж бодож байна. Хамгийн гол нь намайг хүүхдүүдтэй минь чөлөөтэй уулзуулж, утсаар яриулж байх хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ө*** нь хариуцагч Т.Ө***ээс гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Ө.Ө***, Т.Ө*** нар нь 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү Ө.Б***, 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Ө.И***нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан №**, Г-** дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Г-548, дугаартай хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Ө.Ө***, Т.Ө*** нар нь 2014 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа талуудын тайлбар болон 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Ө*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа насанд хүрээгүй хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэсэн боловч шүүх хуралдааны явцад гэрлэгчдийн хэн аль нь хүү Ө.Б***, охин Ө.И***нарыг эцэг Ө.Ө***ийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Ө.Б***, охин Ө.И***нарыг эцэг Ө.Ө***ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ө.Ө*** /РД: ***/, Т.Ө*** /РД:****/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Ө.Б***, 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Ө.И***нарыг эцэг Ө.Ө***ийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Ө***ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ө***өд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ