| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0236/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/259 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 10.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.О холбогдох эрүүгийн 1938000000156 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.О нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Б.Эмаргалдан, хохирогч Б.Эын зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хохирогчийн хоолойг нь боож алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.О нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Б.Эмаргалдан, хохирогч Б.Эын зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хохирогчийн хоолойг нь боож алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938000000156 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Унтаж байтал миний нүүрлүү тасхийтэл өшиглөх шиг болохоор нь сэрээд хартал миний зүүн хөмсөгнөөс цус гарчихсан, Б.Э ах намайг орон дээр хэвтсэн чигээр нь заамдаж дараа цээж, элэг, дэлүү рүү дэвсээд байхаар нь би өөрийгөө хамгаалах үүднээс баруун гараараа Б.Э ахыг заамдаж барьж аваад босч ирээд заамдсан чигээрээ өөрөөсөө холдуулаад хоёр гарыг нь хумхиад тэврээд авсан...Миний элэгрүү цохихоор нь өндийгөөд ирэхэд нүүрлүү цохиод унагаачихсан. Тэгээд би ухаан балартсан байсан ...Тэгээд нүүр гараа угаачихаад талийгаачийг хартал эвгүй болсон байсан. Тэгээд би эмнэлэг рүү 3 удаа дуудлага өгсөн... Хохирогчийн ар гэрээс уучлал гуйж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
З.Оийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-24 дүгээр хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29-32 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ахыгаа нас барсан өдөр нь ах дүү нараасаа мэдсэн. Яг яагаад нас барсан талаар нь мэдэхгүй байна сүүлд сонсохнээ нэг хүн хамт байж байгаад нас барсан юм гэсэн... манай ах дүү нар болоод бид нарын зүгээс бол шүүх эмчийнхээ дүгнэлтээр хуулиндаа юу гэж заасан байдаг тэр зүйл ангиараа л шийдэгдэх байх гэж бодож байна. Бид нарын зүгээс бол харамсалтай байгаа ч энэ хүүхдэд гомдоод, тийм ийм гээд хэл ам хийгээд гомдох зүйл бол алга байна. Энэ асуудлыг хууль нь шийдэх байх гэж бодож байна. Энэ залуу хүүхэдэд ч гэсэн харамсалтай л байна. Уг нь ийм хэрэг хийчихээр ч хүүхэд биш шиг л харагдсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 41-47-р хуудас/,
Гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З.О болон Амараа гэх залуу бид дөрөв бөөнөөрөө Мөрөн сумын 1-р хороонд Б.Э ахын гэрт нь очсон бөгөөд Б.Э ах ганцаараа байсан. Тэгээд бид нар Б.Э ахын гэрт нь Зүүнбаян дэлгүүрээс авсан 0,5 литрийн шилтэй Хараа нэртэй архиа хувааж ууж дуусгасан. Тэгсэн Нэргүй ах дахиад нэг 0,75 литрийн Хараа нэртэй архи авсан. Миний хувьд тэр архинаас уугаагүй, гэртээ харилаа гээд гарсан. Намайг Б.Э ахын гэрээс гарахад талийгаач Б.Э, З.О, Нэргүй ах, Амараа нар үлдсэн... Тэгээд намайг гэртээ хариад байж байтал 16 цагийн орчим З.О надруу залгаад Б.Э ах өнгөрчихлөө, эмнэлэг дуудчихлаа, цагдаа дуудчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,
Гэрч Л.А-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Мийгаагийн гэрт нь яваад ортол Мийгаа болон Б.Э мөн З.О нар байж байсан. Тэр үед Мийгаа болон Б.Э нар хар Чингис нэртэй 0,5 литрийн архи ширээн дээр тавьчихсан уугаад сууж байсан. Харин З.О Мийгаагийн гэрт байсан орон дээр нь цаашаа харчихсан унтчихсан байсан…Б.Э надад ер нь хэдүүлээ манай гэрт очъё би хоол хийж өгье, тэгээд сайхан тухтай сууя гээд байхаар нь бид нар бүгдээрээ гараад дэлгүүрээс би Б.Эод 0,75 литрийн Хараа нэртэй архи худалдаж аваад Б.Эын гэр рүү орсон. Бид нар Б.Эын гэрт орсны дараа Мийгаагийн гэрээс авч ирсэн 0.75 литрийн савалгаатай архиа хувааж ууж дуусгачихаад миний сүүлд дэлгүүрээс авч ирсэн архийг задалсан... Би машинаа засварын газарт өгөх байсан учраас Б.Эын гэрээс ганцаараа түрүүлээд гараад явчихсан юм...Намайг явахад Чинбат, З.О, Мийгаа дөрөв үлдсэн. З.О намайг Б.Эын гэрээс гарах үед ямар ч ил харагдах гэмтэл шархгүй нүүр ам нь зүгээр байсан. Намайг Б.Эын гэрт байхад бид нар хоорондоо огт хэрэлдэж маргалдсан, зодолдсон асуудал гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг гэхэд гэрээсээ гарч ажилдаа явахад манай нөхөр Б.Э гэртээ ганцаараа унтаад үлдсэн. Тэгэхэд бие нь зүгээр байсан. Ямар нэгэн архи дарс уугаагүй байсан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад манай хүү Пүрэвсүрэн нь надруу утсаар яриад цагдаагаас надруу ярьсан. Та гэртээ тайван очоорой гэсэн. Би тэгэхээр нь нөхрийнхөө биеийг муудсан юмуу гэж бодоод гэртээ очсон чинь манай нөхөр нас барсан байдалтай байсан. Манай нөхөр гэрийнхээ орны урд талд суусан байдалтай. Цамц нь цус болсон байсан. Манай гэрт нөхөртэй маань хамт архи уусан гээд нэрийг нь мэдэхгүй Сод-Эрдэм сургуулийн нийгмийн ажилтан гээд залуу байсан. Манай нөхөр хүнд зодуулж нас барсан гэж би бодож байна...Гэр орондоо их цэвэр цэмцгэр байдаг, гэр орноо маш сайхан цэвэрлэдэг хүн байсан. Гутал хувцастайгаа орон дээр гарч хэвтэх, орон дээр гутал хувцастайгаа гарахыг ерөөсөө үздэггүй, ингэхэд их дургүй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-66 дугаар хуудас/,
Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Авч очсон тал шил архиа дуусгаад дахиад нэг шил архиа задлаад талдаа орж байтал Цагаан Үүрийн гээд байсан залуу унтлаа гээд зүүн талын хана дагасан орон дээр хэвтээд унтаад өгсөн. Б.Э бид хоёр ээжийнхээ талаар нутаг усныхаа талаар яриад уйлж дуулаад хэсэг сууж байгаад 13 цаг өнгөрөөгөөд 14 цаг болохын алдад бид нар явья гээд байж байтал нөгөө машинтай явсан залуу танихгүй залуугийн хамт гараад яваад өгсөн. Машинтай хоёр хүнийг явсны дараа би ширээн дээрхи эд зүйлийг эмхэлж цэгцлээд гэрийг нь жаахан цэвэрлэж байгаад нөгөө залуугийн хамт гэрээс гарсан. Бид хоёрыг гэрээс гарахад Б.Э сандал дээрээ суугаад үлдсэн, Цагаан Үүрийн залуу орон дээр унтаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70-р хуудас/,
Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З.О гэдэг хүн залгаад ... тоотод Б.Э гэдэг 55 настай эрэгтэй хүн ухаангүй, ам хамарнаас нь цус гарсан, хүнд зодуулсан юм шиг байна гэсэн дуудлагыг өгсөн. Нилээд сандарсан байдалтай хурдлаарай гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,
Гэрч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би жолоочийн хамт засмал зам дээр зогсож байтал ... тоот хашаанаас нэг залуу гарч ирээд даллахаар нь очсон. Тэгээд гэрт яваад ороход хаалганы хажууд байх орыг түшээд унасан бололтой, хөлөө нугалсан эрэгтэй хүн байсан. Тэр хүнийг үзэхэд нас бараад удсан бололтой, ямар ч амин үзүүлэлт байхгүй, хүүхэн хараа нь өргөссөн байхаар нь би өөрийнхөө утаснаас 7038102-руу ... тоотод хүн нас барсан байна гэж хэлсэн...Тэр залуу энэ ах намайг босгож ирээд цохисон. Миний орон дээр яагаад унтаж байгаа бэ гээд цохисон гэсэн юм ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. 2. Б.Эын биед баруун зүүн жолоо булчин, залгиурын арын хана болон зөөлөн эдэд цус хуралт, уушиг цээжний хөндийг дүүргээгүй, агааржилтгүй, уушиг зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, нойр булчирхайн гадаргуу болон эд дэх цус харвалт, ходоодны салстын улайлт, дээд уруулын зүүн хэсэг, доод уруулын зүүн хэсгийн салст, зүүн цавь, зүүн шилбэний гадна доод хэсэг, дотор доод хэсэг, зүүн тавхайн гадна дээд хэсэгт цус хуралт, баруун хэсгийн буйланд шарх, баруун шагайн гадна хэсэгт хуучин зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүссэн тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Б.Э нь элэг өөхлөлт, зүрхний архаг цус хомсрох өвчинтэй байсан ба эдгээр өвчин нь үхэлд хүргээгүй байна.
6. Б.Э нь механик амьсгал бүтэлт болон спиртийн цочмон хордлогын улмаас дотор эрхтний цус эргэлтийн цочмог хямралд орж тухайн цаг хугацаандаа нас барсан байна. Дээрх үхлийн шалгаан нь баруун зүүн жолоо булчин, залгиурын арын хана болон зөөлөн эдэд цус хуралт, уушиг цээжний хөндийг дүүргээгүй, агааржилтгүй, уушиг зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, нойр булчирхайн гадаргуу болон эд дэхь цус харвалт, ходоодны салстын улайлт, цусан дахь спиртийн агууламж 2,7% промилли илэрсэн зэргээр батлагдаж байна гэх дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. З.Оийн биед зүүн дээд зовхинд зулгаралтын нөсөөтэй бүхий гэмтэл тогтоогдлоо.
2 . Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
3. З.Оийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарнилахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 106 дугаар хуудас/,
Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Б.Э нь зүрхний архаг цус хомсрох өвчтэй байсан ба цуснаас 2,7 проммил хэмжээтэй спирт илэрсэн. Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж спиртийн цочмог хордлогонд орж өөрийгөө удирдах чадваргүй эрүүл хүн шиг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байх үед нь механикаар амьсгалын замыг хаасны улмаас богино хугацаанд нас барсан. Хэрвээ амьсгалын замыг хаагаагүй байсан бол Б.Э нь спиртийн цочмог хордлогын улмаас нас барах боломжтой байсан...Амь хохирогчийн биеийн онцлог болон тухайн үеийн байдлаас /спиртийн цочмог хордлого бүхий үе/ шалтгаалаад боолтонд богино хугацаанд орсон байх боломжтой. Богино хугацаа гэдэг нь 5-15 секунтын дотор байхыг хэлнэ. Энэ хугацааны дотор клиник үхлийн байдалд шилжинэ. Клиник үхэл гэдэг нь амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсоод дор хаяж 10 секунт болж биологийн үхэлд шилжих хугацааг хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 102, 182-183-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 177-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын хуулбар, ажил байдлын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144-151, 154 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938000000156 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.О нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод иргэн Б.Эмаргалдан, хохирогч Б.Эын зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хохирогчийн хоолойг нь боож алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч З.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
З.Оийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-24 дүгээр хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29-32 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х/хх-ийн 41-47-р хуудас/, гэрч Х.М-н /хх-ийн 48-50 дугаар хуудас/, гэрч Л.А-ны /хх-ийн 58-59-р хуудас/, гэрч Б.С-йн /хх-ийн 62-66 дугаар хуудас/, гэрч Д.Ч-ын /хх-ийн 68-70-р хуудас/, гэрч Ж.С-ын /хх-ийн 80-р хуудас/, гэрч Г.Х-н /хх-ийн 83-84-р хуудас/, шинжээч Б.Цолмонгийн /хх-ийн 102, 182-183-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 106 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 177-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон үедээ шүүгдэгч З.О нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч З.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч З.О нь хохирогч Б.Эын амь насыг хохироосон бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хт таван сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 2, ... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938000000156 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Эын өмсөж байсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, сорочкон цамц 1 ширхэг, шүүгдэгч З.Оийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх саарал өнгийн пальто 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах зүйтэй байна.
Эрүүгийн 1938000000156 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 20 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч З.Оийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.От оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч З.От хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938000000156 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Эын өмсөж байсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, сорочкон цамц 1 ширхэг, шүүгдэгч З.Оийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх саарал өнгийн пальто 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн 1938000000156 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 20 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.От урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР