| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0108/э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Ций Гад холбогдох 1935002600126 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо "Нью эрхэм" ХХК-д үйлдвэрийн мастер, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Содон хороолол 103 дугаар байр 06 тоотод оршин суудаг, урьд 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагнал үгүй, А овогт Ций Г, регистрийн дугаар: ОЭ74082532.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Г нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “НЬЮ ЭРХЭМ” ХХК-ний хашаанд байрлах гэрт хохирогч Л.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогч Л.Бын “Би 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Улаангом сумын 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нью эрхэм” ХХК-ний бетоны үйлдвэрт би өөрийн хувийн “Норд бенз” загварын автомашинаар Улаанбаатар хотоос 40 тонн цемент ачиж ирсэн юм. ...Уг компанийн хашаан дотор байсан гал тогооны гэрт Ц.Г нэг шил 0,75 литрийн “Хараа” гэдэг архи талдаа ортол уучихсан сууж байсан юм. Тэгээд намайг дуудаад нааш суу гээд хамт уг архийг уусан юм. ...Тэгээд би тэдний гал тогооны гэрт хойморт нь Ц.Г суугаад доод талд нь би сандал дээр суусан байсан. Тухайн үед тэдний гэрт хоол хийж байсан тогооч эмэгтэй байсан. Тэгж байтал Ц.Г намайг санаандгүй байтал ямар нэгэн маргаангүйгээр намайг шууд гараараа миний нүд рүү шууд эхлээд 2 удаа гараараа цохисон. Тэгээд намайг үргэлжлүүлээд би газарт унахад намайг өшиглөөд хэд хэд гараараа миний цээж, миний нүдэн дээр дахиж цохисон юм. Би тухайн үед архи уусан ...согтуу байсан учраас урдаас нь эсэргүүцэж Ц.Гыг би зодоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
2. Гэрч Ц.Цгийн “Би 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гадуур ажилтай явж байтал миний нөхөр Лхамсүрэнгийн Баянжаргалыг Улаангом 10 дугаар багийн нутагт Эрчмийн хашаан дотор үйл ажиллагаа явуулдаг бетон шонгийн үйлдвэр дээр хотоос авч ирсэн ачаагаа буулгах гэж очсон байхад нь Ц овогтой Г гэгч зодож, хоёр нүд хавдсан, толгой нь өвдсөн, гар хөлийг нь шалбалж зодсон байсныг би очиж нөхөр Л.Бын биеийг үзээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Сайнхүүгийн “...Ц.Г, Л.Б хоёр согтуу хоорондоо маргалдсан юм. Ц.Г та нар миний дургүй их хүргэж байгаа, та нар ажилаа хийхгүй байна гэж хэлж байсан юм. Тэгж байгаад ...Ц.Г очоод Л.Бын нүүр лүү гараараа цохиод унагачихсан тэгээд дахиад Ц.Г нь Л.Быг хоёр гурван удаа цохихоор нь би гарч Ц.Гын ах Ц.Гийг дуудаж ирүүлж ...салгасан юм. Тэр үед Л.Б нь урдаас нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй. ...Ц.Г нь Л.Быг газарт унасан байхад дээрээс нь хэд хэдэн удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
4. Гэрч Ц.Гийн “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бетон шонгийн үйлдвэр дээр ажиллаа хийж байтал ...гэнэт гал тогооны гэрээс Ц.Г, Ц.Баяржаргал нар барьцалдчихсан гараад ирсэн ба тухайн үед Л.Бын хамраас цус гарчихсан 2 нүд нь хавдаад улайчихсан байсан ...ямар ч байсан гэрээс Л.Б Ц.Гад зодуулчихсан гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
5. Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “...Иргэн Л.Б-н биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн цус хуралт, няцралт, баруун өвдөг, тохойны орчим зулгаралт, баруун бугалганд зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 473 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Ц.Гын “...Л.Б бид хоёр архи ууж байгаад урьд өмнө нь Л.Б манай компанид хайрга буулгаж өгсөн ба тэр хайрга нь чанар муутай байсныг нь хэлээд түүнээс болоод Л.Б бид хоёрын хооронд маргаан үүсээд ...би Л.Бын нүүр, нүд, ам хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 473 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Г, хохирогч Л.Б нар нь архидан согтуурсаны улмаас хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч Ц.Г нь хохирогч Л.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Л.Б нь “...Би Ц.Гаас нэхэмжлэх зүйл байхгүй, Ц.Гад ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-ийн 4-5 дугаар хуудас/ гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус хэргийг Увс аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанарыг харгалзан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Л.Бын 8 хуудас бүхий “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, “Л.Б Толгой СТ” гэх 1 ширхэг дискийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ций Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргасан хохирогч Л.Бын 8 хуудас бүхий “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, “Л.Б Толгой СТ” гэх 1 ширхэг дискийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА