| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2018/00386/И |
| Дугаар | 210/МА2021/01735 |
| Огноо | 2021-12-03 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2021/01735
*******-ийн хүсэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/02889 дүгээр шийдвэртэй, *******-ийн хүсэлттэй, ******* хэлтсийн нэхэмжлэлтэй дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компани анх 2011 онд ******* нэртэй байгуулагдсан ба гүйцэтгэх захирал ******* нь 2016 онд тендерийн ажил авахаар төлөвлөж *******-ийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Компанийг шилжүүлэн авч байх үед харьяа *******т өр төлбөртэй гэдгийг мэдэгдэж байсан ч тендерийн ажилд материал бүрдүүлж өгөх хугацаа тулчихсан байсан тул өр төлбөр дээр анхаарал хандуулаагүй. Гэвч тендерийн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй байдал үүссэн. Ийнхүү эхлүүлэхээр зорьж байсан ажил талаар болж тус компанийн үйл ажиллагааг явуулах хөрөнгө байхгүйн зэрэгцээ өртэй компани шилжүүлэн авсан байна.
Тус компани нь өнөөдрийн байдлаар *******ын хэлтэст 69 439 465 төгрөгийн татварын өртэй байгаа ба 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй ба санхүүгийн Х тайлан гаргаж байгаа. Одоогоор компанийн нэр дээрх дансанд хөрөнгө байхгүй, төлбөрийн чадваргүй болсон. Компанийн санхүүгийн тайлангаар тайлагнасан эргэлтийн 196 366 906 төгрөгийн хөрөнгө, эргэлтийн бус 157 938 төгрөг гэж заасан нь ойлгомжгүй, бодит байдалд нийцэхгүй хийсвэр тоон дүн байна. Энэ тоон дүн бүхий хөрөнгө компанийн дансанд байхгүй, мөн компанийн нэр дээр бүртгэлтэй болон үндсэн хөрөнгө байхгүй. ХХК-ийн төгрөгийн дансанд 93 400 төгрөгийн үлдэгдэлтэй, өөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй болно.
Манай компанийг нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэж заасан. Эдгээр нөхцөл бүрдсэн тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******ын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын хэлтэстэй харилцагч ******* нь 2015 оны нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн өр 55 424 800.1 төгрөг, 2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 14 014 665.2 нийт 69 439 465.3 төгрөгийг барагдуулаагүй. *******-ийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн сонинд дампуурсанд тооцох тухай зарласныг үндэслэн хариуцагч байгууллагаас татварын өр 69 439 465.3 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тус компанийг тендерт оролцохын тулд худалдаж авсан гэж байгаа ч тендерт оролцох гол шалгуур нь татварын өргүй байхыг шаарддаг. Гэтэл татварын өртэй гэдгийг мэдсээр байж санаатайгаар худалдаж авсан гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын санхүүгийн тайланд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт хөрөнгийн дүнг 196 524 844 төгрөг гэж тусгасан байна. Санхүүгийн тайлан болон бусад бүх тайланд хэрэг гүйцэтгэгч болон аудит дүгнэлт хийсний үндсэн дээр тус компанийг дээр дурдсан хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй гэх дүгнэлтийг гаргасан. Санхүүгийн болон татварын тайлангаа татвар төлөгч буюу тус компани нь үнэн зөв тайлагнах үүрэгтэй. 2015 он хүртэл тус компани 355 904 000 төгрөгийн орлого, зарлага гаргаж байсан мөртлөө санаатайгаар татвараа төлөөгүй гэж үзэх үндэслэл болж байна. Татварын өрөө төлөхийг шаардахад төлнө гэдэг байсан ба татварын албанаас компанийн данс хаах, хөрөнгийн лавлагаа авах зэрэг ажиллагаа хийсэн байдаг. Эдгээр баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Татварын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа энэ хэрэгт хамааралгүй юм. Хэдийгээр анхан шатны санхүүгийн баримт байхгүй гэх боловч санхүүгийн тайлан балансад эргэлтийн нийт хөрөнгө тусгагдсан байгаа учраас уг хөрөнгөнөөс татварын өрийг барагдуулах боломжтой. Иймд тус компанийг эргэлтийн хөрөнгөтэй байхад дампуурч татан буугдсанд тооцох боломжгүй гэжээ.
Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Хэрэг гүйцэтгэгч би Дампуурлын тухай хуулийн дагуу дүгнэлтээ гаргахад хариуцагчийн санхүүгийн анхан шатны баримт байхгүй байгаа нь дүгнэлт гаргахад хүндрэлтэй байсан тул санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүгчийн 7431 дугаар захирамжаар хангаж, шинжээчээр *******-ийг томилсон. *******-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, харилцагч банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтыг үндэслэн гаргасан. ******* нь 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд цайны газар, аялал жуулчлал, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл үйл ажиллагаа явуулах чиглэлээр бүртгүүлсэн. 2013, 2014 онд үйл ажиллагаа явуулаад 2015 оноос хойш үйл ажиллагаа нь бүрэн зогссон. ******* нь 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн. Салбарын болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан тухай мэдээлэлгүй.
Санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадвар: Хариуцагчийн сүүлийн 2012, 2013, 2014 жилүүдийн санхүүгийн тайлан тэнцэл, *******-ийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, харилцагч банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримт, шүүхээр холбогдох байгууллагуудаас хүлээн авсан баримтын хүрээнд дүгнэлт гаргасан.
Дансны талаар: Тус компани ХХК-д харилцах данстай ба бусад банкуудад данс эзэмшдэггүй байна. Голомт банк ХХК-ийн тоот харилцах дансаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 335 904 000 төгрөгийн орлого, мөн хугацаанд 335 922 000 төгрөгийн зарлага гарч, 94 300 төгрөгийн үлдэгдэлтэй.
Монгол Улсын хилээр оруулж, гаргаж байсан бараа, таваарын талаар: газрыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03-2/1911 дугаартай албан бичгээр хариуцагч ******* нь 2013 онд Монгол Улсын хилээр 85 759 524.98 төгрөгийн кабель утас оруулж ирсэн боловч энэ талаархи ажил үйлчилгээ болон орлого зарлагыг тайлагнаагүй бөгөөд хариуцагч нь импортлон оруулж ирсэн кабелаар ажил, үйлчилгээ явуулсан гэх санхүүгийн баримтгүй.
Санхүүгийн тайланг 2012 оноос 2015 оны харьцуулсан байдлаар: Мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө 2012 он 1 002 200 төгрөг, 2013 он 123 505.67 төгрөг, 2014, 2015 он 196 366 906 төгрөг, эргэлтийн хөрөнгө 2012 он 1 002 200 төгрөг, 2013 он 139 584 316.49 төгрөг, 2014, 2015 он 196 366 906 төгрөг, нийт хөрөнгийн дүн 2012 он 1 002 200 төгрөг, 2013 он 139 742 253.55 төгрөг, 2014, 2015 он 196 524 844 төгрөг, татварын өглөг 2012 он 48 909.09 төгрөг, 2013 он 118 896.31 төгрөг, 2014, 2015 он 69 439 566 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн дүн 2012 он 48 909.09 төгрөг, 2013 он 137 718 896.31 төгрөг, 2014, 2015 он 69 439 566 төгрөг, эзэмшигчдийн өмчийн дүн 2012 он 963 290.91 төгрөг, 2013 он 2 023 357.68 төгрөг, 2014, 2015 он 127 085 278 төгрөг, дансны авлага 2013 онд 11 455 099.41 төгрөг, урьдчилж төлсөн зардал 2013 онд 128 005 711 .41 төгрөг, үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн дүн 2013, 2014, 2016 онуудад 157 397.50 төгрөг, дансны өглөг 2013 онд 137 600 000 төгрөг, өр төлбөрийн нийт дүн 2013 он 137 718 896.31 төгрөг, 2014, 2015 он 69 439 566 төгрөг гэж тус тус тодорхойлсон.
Санхүүгийн орлого үр дүнгийн тайланг 2012 оноос 2015 он хүртэл харьцуулсан байдлаар: 2012 он 34 118.20 төгрөг, 2013 он 346 363 636 төгрөг, 2014 он 306 636 363.91 төгрөг, борлуулалтын өртөг 2012 он 33 529.10 төгрөг, 2013 он 339 041 855 төгрөг, нийт ашиг /алдагдал/ 2012 он 589.10 төгрөг, 2013 он 7 321 782 төгрөг, 2014 он 306 636 363.91 төгрөг, түрээсийн зардал 2012 он 350 000 төгрөг, шатахууны зардал 120 000 төгрөг, ерөнхий ба удирдлагын зардал 6 132 819 төгрөг, 2014 он 167 625 675.14 төгрөг гэж тодорхойлсон. Тус компани нь татварын хэлтэст тайлан балансаа гаргаж байсан боловч 2014 оны хагас жилээс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй болох нь хариуцагчийн тайлагнасан санхүүгийн баримтаас харагдаж байна. Хариуцагч ******* нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, Компанийн тухай хуулинд заасан хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргана гэсэн зарчмыг баримталдаггүй байсан байна.
Хариуцагчийн санхүүгийн балансад тусгагдсан: Эргэлтийн хөрөнгийн дүн 2012 он 1 002 200 төгрөг, 2013 он 139 584 316.49 төгрөг, 2014, 2015, 2016 онуудад 196 524 844 төгрөг, эргэлтийн бус хөрөнгийн дүн 2013 оноос 2016 он хүртэл 157 937.50 төгрөг, өр төлбөрийн дүн 2012 он 48 909.09 төгрөг, 2013 он 137 718 896.31 төгрөг, 2014 оноос 2016 он хүртэл 69 439 566 төгрөг гэж тодорхойлсон. Хариуцагчийн 2014 оны санхүүгийн тайлангаас хойш хөрөнгийн болон өр төлбөрийн дүнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд Х тайлан гаргаж байсан байна. *******-ийн тайлант үеийн 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө 196 524 844 төгрөг гэж тайлагнасан боловч хариуцагчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн банкны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бичиг, Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг зэргээс өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө байхгүй байна. Харин ны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14/XX/03_877 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн *******-ийн тоот дансны хуулгаар дансны үлдэгдэл 94 300 төгрөг байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу *******-д өөрийн хөрөнгө байхгүй, бусдад төлөх 69 439 566 төгрөгийн өр төлбөртэй байгаа нь тул компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй, дампуурсан байна гэж дүгнэлээ.
Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь: Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон дотоод хүчин зүйл бол үүсгэн байгуулагч нар болон хувьцаа эзэмшигч нар нь компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд тендерт оролцохийн тул компанийг бүртгэлийг ашиглаж байсан. Мөн санхүүгийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч нар бодитой хөрөнгө оруулалт хийгээгүй тул компани нь үүсгэн байгуулагдсан үеэсээ л эдийн засгийн доголдолтой байсан. Тус компани санхүүгийн тогтвор суурьшилтай нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажлуулдаггүй, зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр санхүүгийн бүртгэлийг явуулж байсан нь санхүүгийн сахилга бат хариуцлагагүй, санхүүгийн бүртгэлийн буруу хөтөлдөг байснаас үүдэн орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан нь дампуурах бас нэгэн хүчин зүйл болсон. Хариуцагч нь санхүүгийн тайлан балансын өөрчлөлтийг бүртгэдэггүй, санхүүгийн тайланг үнэн зөв гаргадаггүй, санхүүгийн тайланг тендерийн шалгаруулалтад зориулан хөрөнгийг өсгөж бүртгэсэн нь санхүүгийн тайлан болон дампуурлын хэрэгт санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нь зүйтэй.
Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт: 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцааг овогтой шилжүүлэн авсан байна. *******оос тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг урьд байсан удирдлагаас шалтгаалсан гэж тайлбарладаг ч эрх зүйн хувьд компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ компанийн эрхийг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр байгаа тул өр төлбөрийн үүргийг 100 хувийн хувьцаа эзэмшигч бусдын өмнө хариуцах үүрэгтэй.
Дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн талаар: Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу ******* хэлтэс хуулиар заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгчдийн анхны хурлаар Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу ******* хэлтэс дан ганц нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн саналын 100 хувийн эрхтэй нэхэмжлэгч юм. *******ын хэлтэс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд 69 439 465.3 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэлийн талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй.
Дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал: ******* нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр нь нийт 69 439 465.3 төгрөг бөгөөд өөрийн хөрөнгөгүй байна. Тайлан балансад тусгагдсан 196 366 906 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нь санхүүгийн бусад баримт болох дансны хуулга, мөнгөн хөрөнгийн тайлангаар тогтоогддоггүй бөгөөд энэ талаар *******-ийн дүгнэлтэд тусгагдсан. Түүнчлэн уг компани нь 2016 онд санхүүгийн тайландаа тусгагдсан хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй байсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна ийм хэмжээний хөрөнгө бүхий компанийг ******* худалдан авсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Аудитын дүгнэлт, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт агуулгын хувьд эдийн засгийн хувьд төлбөрийн чадваргүй болохыг дүгнэсэн бөгөөд аудит өр төлбөрийн зохист чадваргүй байдлыг дүгнэсэн. Иймээс шүүхээс тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзэж байна.
******* нь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: *******-ийн 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн байдлын тайланд илэрхийлсэн мөнгө ба мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл 196 366 906 төгрөг гэж тайлагнасан байна. Энэ нь бидний гүйцэтгэсэн аудитын горимоор ******* түүний эзэмшдэг дахь төгрөгийн харилцах дансанд 94 300 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь харилцах дансны хуулгаар нотлогдож байна. Иймд эдгээр санхүүгийн тайлангуудын мөнгө ба мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө дансны үлдэгдэл материаллаг дүнгээр буруу илэрхийлэгдсэн байгаа нь санхүүгийн тайлангийн үнэн зөв, бодитой байх гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна. Тус компанийн нэмэгдсэн өртөгийн албан татварт 55 424 800 төгрөг, аж ахуйн нэмэгдсэн орлогын албан татварт 14 014 665.20 төгрөг, нийт 69 439 565.30 төгрөгийн татварын өр төлбөр байгаа нь компанийн хөрөнгө, өр төлбөрийн харьцаа зохист түвшинг давсан байна гэжээ.
Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-т заасныг баримтлан ******* /РД:/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 18, 34, 35, 36 дах хэсэгт тус тус заасныг баримтлан *******-ийг татан буулгах /эд хөрөнгийг захиран зарцуулах, хуваарилах, худалдан борлуулах/ ажиллагааг дуусгавар болгон холбогдох байгууллагад мэдэгдэх, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч д даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч *******-аас 93 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* хэлтэс-т олгож, хариуцагч *******-ийн нэхэмжлэлийн хангагдаагүй 69 346 065.3 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, ******* хэлтсийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч ******* хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.
Нэхэмжлэгч ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: Хэрэг гүйцэтгэгч болон *******-ийн дүгнэлтээр *******-ийн санхүүгийн байдлын тайланд мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдэл 2014, 2015, 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 196 366 906 төгрөг гэж тайлагнасан. Энэхүү хөрөнгийн үлдэгдлэлээс улсад төлөх ёстой татварын 69 439 465 төгрөгийн өрийг төлүүлэх бүрэн хүрэлцээтэй байсан. Мөн хариуцагч байгууллагын дахь төгрөгийн харилцах дансанд 2014 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 335 904 000 төгрөгний орлого орж 335 922 000 төгрөгний зарлага гарсан байдаг энэ талаар шүүх хуралд нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарласан хэдий ч анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иймээс Дампуурлын тухай хуулийн 3.1.2, 5 дугаар зүйпийн 5 1.2, 5.4-д заасны дагуу ******* нь үүргээ биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдохгүй байхад дампуурсанд тооцож татан буулгаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 16 хуудсанд хэрэгт хамааралгүй *******-ийн тухай дурдсан байна гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хүсэлт гаргагч ******* нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгүүлэн дампуурсанд тооцуулах, татан буулгуулах хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэн, тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэж, уг мэдээлэлд төлбөрийн авлагатай нэхэмжлэгчид нэхэмжлэлээ нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор тус компанийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хүсэлт гаргагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож, татан буулгах саналаа тусгаж ирүүлэх, нэхэмжлэлийг дээрх хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг заах зэрэг ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна. /1хх-83, 91-99/
Нэхэмжлэгч *******ын хэлтэс нь *******-ийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлснээс хойш шүүхэд хандан, татварын өр 69 439 465.3 төгрөгийг тус компаниас гаргуулахаар нэхэмжилжээ. /1хх-100-101/
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргуулахаар хэрэг гүйцэтгэгчээр ыг томилсон байна. /1хх-122-123/
Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу зохих ажиллагааг явуулж, тэрээр хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн ... хариуцагч ******* өөрийн хөрөнгө байхгүй, бусдад төлөх 69 439 566 төгрөгийн өр төлбөртэй тул компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй, дампуурсан байна ..., ... хувьцаа эзэмшигч нар компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй, тендерт оролцохын тулд компанийн бүртгэлийг ашиглаж байсан ... санхүүгийн сахилга бат хариуцлагагүй, санхүүгийн бүртгэлийг буруу хөтөлдөг байснаас үүдэн орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан..., ... санхүүгийн тайлан балансын өөрчлөлтийг бүртгэдэггүй, санхүүгийн тайланг үнэн зөв гаргадаггүй, тендерт зориулан хөрөнгийг өсгөж бүртгэсэн гэх хүчин зүйлээс шалтгаалан төлбөрийн чадваргүй болсон гэсэн дүгнэлт гаргажээ. /1хх-183-199, 194-195/
Анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлт, мөн нэхэмжлэгч, нарын зүгээс *******-ийг дахин хөрөнгөжүүлэх санал, төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй байдал зэргийг үндэслэн хариуцагч компанийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийн заасантай нийцэхгүй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй. Иймд 1 дэх хавтаст хэргийн 77-78 дах талд авагдсан хариуцагч компанийн 2014-2016 оны санхүүгийн тайланг үнэн зөв гэж үзнэ.
Уг нотлох баримтуудаас үзвэл, 2014, 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн байдлын тайланд хариуцагч компанийн эргэлтийн хөрөнгийн дүн 196 366 906 төгрөг, өр төлбөр ба эздийн өмчийн дүн 196 524 844 төгрөг, мөнгө түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл / касс дахь мөнгө/ 196 366 906 төгрөг, хуримтлагдсан ашиг 127 085 278 төгрөгийн хөрөнгийг тусган тайлагнасан атлаа татварын өр төлбөрөө барагдуулаагүй байна.
Татвар төлөгч татвараа төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн өөрийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, бусдаас шалтгаалаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татвараа төлөх үүрэгтэй тул хүсэлт гаргагчийн 196 366 906 төгрөгийн хөрөнгө нь бодит байдалд нийцэхгүй, хийсвэр тоон дүн гэх тайлбарыг үндэслэн *******-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/02889 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай *******-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ч.ЦЭНД